
2017 оны хоёрдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02.30 цагийн үед Шар хадны эцэст байрлах 12 айлын орон сууцанд гал гарч тус байрны оршин суугч М.Чулуунбаатар нь хамгийн түрүүнд мэдэн бүх хүнийг сэрээн 39 хүний халуун амийг аварчээ.
Хэдийгээр өөрийн бүх эд хөрөнгөө хамгаалан галаас аюулгүй гаргах боломж байсан ч бүх хүнийг цаг алдалгүй сэрээн хүний амь хохироолгүй аварч чадсан юм.
М.Чулуунбаатар нь Дорнод аймгийн уугуул. Нутгаасаа гараад 20 гаруй жилийг үдэж, одоо нэгэн төрийн бус байгууллагад гэрээт ажилтангаар ажилладаг гэнэ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсан юм.
-Та хоёрдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө болсон үйл явдлыг дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Гал гарсан өдрийн өглөө хөдөө ажлаар явж байгаад 23-ны өдөр хот руу орох төлөвлөгөөтэй байсан юм. Гэхдээ тэр өдөр яагаад ч юм хот руу ормоор санагдаад, нэг л зүйл болохгүй байгаа юм шиг мэдрэмж төрөөд өмнөх өдөр нь ажлаа бүтээчихсэн байсан болохоор дараа өдрийг хүлээлгүй шууд хотын зүг давхисан. Гэтэл гэртээ ирсний дараа ч тэр мэдрэмж надаас салаагүй. Орой болсон ч нойр хүрэхгүй сэрвэлзээд, хөрвөөгөөд байсан юм. Тэгээд 22-ны шөнийн нэг цагийн үед босч ус уугаад, хэсэг телевизор үзэж хэвтсэн. Дараа нь 02.00 цагийн үед орондоо ороод бага зэрэг дуг хийх гэтэл цочиж сэрээд нэг л таагүй сэтгэгдэл төрөөд болохгүй байлаа. Маргааш өглөө нь эрт ажилтай байсан учраас өөрийгөө хүчээр унтуулах гэж үзээд ашгүй нэг зүүрмэглэж эхэлтэл эхнэр маань гэв гэнэт намайг сэрээсэн. Сэрээд хартал гэр битүү манан, утаатай болчихсон байсан. Бид 2 чинь сандарч босоод гал тогооныхоо өрөө рүү ортол хүн байхын эцэсгүй утаатай, амьсгал боогдож байсан.
Орон дээрээ хэвтэж байсан хүн чинь хувцсаа ч өмсөхийн завдалгүй том өрөөнийхөө цонхыг онгойлгож нэг амьсгаа авчихаад хүүхдийнхээ дээр хөнжил нөмрүүлж тавьчихаад шууд дотуур хувцастайгаа гараад гүйчихсэн.
Юун түрүүнд дээд давхарт амьдардаг байсан найзыгаа сэрээгээд доошоо бууж нэг давхрынхныгаа сэрээж эхэлсэн. Галын учир шалтгааныг мэдэхгүй, унтраах арга ч байхгүй байсан болохоор хамгийн түрүүнд хүмүүсийг гаргах ёстой гэдэг бодол л толгойд эргэлдэж байсан юмдаг. Тэрнээс биш өөрсдөдөө хэрэгтэй гэсэн зүйлээ авах ёстой гэсэн бодол орж ирээгүй, энд хэдэн хүн амьдардаг билээ л гэж бодогдож байсан юм.
Тэр үед надад ганцхан бодол л төрж байсан. Нэг ч хүнийг эрсдэлгүй гаргачих юмсан гэсэн бодол юм. Эд хөрөнгөөс илүү хүний амь чухал шүү дээ.
Үүнээс гадна манайх яг шатны өөдөөс харсан айл. Гэрээсээ гарч иртэл гарах гарцгүй болж, галанд боогдох аюул тун ойрхон байсан. Тэнд 12 айлын 0-6 сартайгаас эхлээд 50-60 настай хүмүүс ч амьдардаг байсан. Тэр үед надад ганцхан бодол л төрж байсан. Нэг ч хүнийг эрсдэлгүй гаргачих юмсан гэсэн бодол юм. Эд хөрөнгөөс илүү хүний амь чухал шүү дээ. Тухайн үед гаражид байсан машинаа ч гаргаж чадаагүй.
-12 айлд нийт 39 хүн амьдарч байсан гэсэн?
-Тийм ээ. Яг тухайн нөхцөлд хүн бүрийг тоолох аргагүй байсан. Тэр айлын тэдэн ам бүл гэж барагцаалж тоолж байснаас биш тоолох аргагүй. Харин сүүлд ОБЕГ ирээд хүн бүрийг бүртгэсний дараа 39 хүн гэж мэдэгдсэн. Дараа нь 39 хүн аюулгүй, бүрэн байна гэдгийг сонсох хамгийн сайхан санагдаж, сандарч тэвдэж байсан хүн чинь итгэхийн аргагүй тайвширдаг юм билээ. Эд хөрөнгө олдож л байдаг, алдаж ч байна. Гэхдээ шударгаар хөдөлмөрлөж чадвал эд хөрөнгийг бий болгох амархан. Харин хүний амь нас эргээд олдохгүй шүү дээ. Тийм болохоор бүх хүнийг гаргаж чадсандаа одоог хүртэл баярлаж явдаг. Нэг ч гэсэн бичиг баримтаа авч гарч чадаагүйдээ харамсаж байгаагүй.

-Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ангийнхан хэр удаж ирсэн бэ?
-Гал командын машин дуудлага өгснөөс хойш удалгүй ирсэн. Ойролцоогоор 02.30 минутын үед гал гарч байгааг мэдээд хөршүүдээ сэрээж байх явцдаа 02.40 цагийн орчимд галын дуудлага өгсөн. Үүнээс 15-20 минутын дараа гэхэд гал командын хоёр машин ирсэн.
Манайх Шар хадны эцэст байрладаг ч хүмүүс уурын зуухны наагуур эргэж орохоо мэдэхгүй, андуурч эцсээрээ тойрч орчих гээд байдаг юм. Галын машинуудыг ч бас тэгэж цаг алдахвий гээд өөрөө машинаа гаражаас гаргаад зам тосож зогсож байгаад аваарын гэрлээр дохио өгөөд дагуулж явсан.
-Галын шалтгааныг тогтоосон уу?
-Гал юунаас бол гарсныг одоо болтол хэлж мэдэхгүй байна. Галын дүгнэлт ч гараагүй. Гал гарсан шөнө цагаан сарын баяраас хэдхэн хоногийн өмнө болсон учраас баяруудтай давхцаад бага зэрэг хугацаа алдаж, хүлээгдээд байгаа байх гэж бодож байна.
Галын дүгнэлт гараагүй үед хохирлын хэмжээг тогтоолгох боломжгүй юм билээ. Шатаж алга болсон гэхэд хэн ч үнэмшихгүй. Зүгээр хаясан гээсэн л гэж бодно.
-Тэгэхээр хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа юм байна. Тийм үү?
-Тийм ээ. Гэхдээ бид чинь бараг ихэнх зүйлээ алдсан. Тавилгаас эхлээд чухал бичиг баримтуудаа ч авч гаргаж чадаагүй. Галын дүгнэлт гараагүй үед хохирлын хэмжээг тогтоолгох боломжгүй юм билээ. Шатаж алга болсон гэхэд хэн ч үнэмшихгүй. Зүгээр хаясан гээсэн л гэж бодно.
-Та иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн хүн. Тэгвэл таны бодлоор Монгол Улсын иргэн хүний үүргийг хэрхэн тодорхойлох вэ?
-Ямар ч тохиолдолд өөрөө өөрийгөө мартаж болохгүй. Үүнд л иргэн хүний үүрэг оршдог гэж боддог. Би өөрөө “хүн” учраас өөр нэгнийг бас хүн хэмээн хүндэтгэж харьцах ёстой. Өөрөө бусдыг хүндэлж, хамгаалж байж өрөөлөөс хүндлэлийг хүлээх ёстой.