
Улсын дээд шүүхийн шүүгч асан, хууль зүйн ухааны доктор, профессор, “ФОМ партнерс” өмгөөллийн товчооны зөвлөх Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт боллоо.
Өмгөөлөгч нар, хохирогчийн ар гэрийнхэн энэ хурлыг нээлттэй хийх хүсэлт тавьсан ч “Гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан нотлох баримтыг ярих учраас” гээд хүсэлтийг хүлээн аваагүй. Ер нь гүйцэтгэх ажил гэдэг онолын хувьд юу гэж байдаг юм бол?
-Гүйцэтгэх ажил гэж хуучин бол онолын ойлголт байсан. 1997 оноос эхлэн хууль зүйн ойлголт болсон юм. Гүйцэтгэх ажлын тухай хууль 1997 онд батлагдсан. Энэ хуулиар гүйцэтгэх ажлын тухай тодорхой зааж өгсөн. Өмнө нь нууц байдаг байлаа.
Тус хуульд “Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ” гэж заасан. Ингээд өмнө нь нууц байсан бүх ажиллагааг ил болгосон.
Тухайлбал, гүйцэтгэх ажлын явцад утсан ба шуудан харилцааг хянах, орон байр, барилга, байгууламж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд нууц үзлэг хийх, тусгай техник хэрэгсэл ашиглан нууц үзлэг хийж болохыг хуульчилсан.
-Авсан нууц баримтыг юунд ашиглах вэ?
-Хэрэг илрүүлэх, гэмт этгээдийг олж тогтооход ашиглана. Энэ талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79.3-т “Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ба ингэхдээ нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцална” гэж заасан.
Олж авсан баримт сэлт бол хавтаст хэрэгт байх ёстой.
...С.Зоригийг хөнөөсөн гэх хэргээр гурван хүн ял шийтгүүллээ. Гүйцэтгэх ажлын мэдээ энэ гурван хүнийг яллахад хамааралтай байна уу, шал дэмий мэдээ авчихаад түүнийгээ нууц гээд далдлаад байж болохгүй шүү дээ...
-Шүүх гүйцэтгэх ажлын мэдээнд тулгуурлан, нотлох баримтын хэмжээнд үнэлж ял оноож болдог юм уу?
С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн гурван хүнийг буруутгахдаа гүйцэтгэх ажлын мэдээнд тулгуурлачихав уу гэж хараад байгаа юм л даа.
-Хэрэгт авагдсан гүйцэтгэх ажлын мэдээ, баримт буюу нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эсэхийг шүүх үнэлэх ёстой. Гүйцэтгэх ажлын мэдээ хавтаст хэрэгт байна. Энэ нь хэрэгт ач холбогдолтой, эсэхийг үнэлэх учиртай. С.Зоригийг хөнөөсөн гэх хэргээр гурван хүн ял шийтгүүллээ. Гүйцэтгэх ажлын мэдээ энэ гурван хүнийг яллахад хамааралтай байна уу, шал дэмий мэдээ авчихаад түүнийгээ нууц гээд далдлаад байж болохгүй шүү дээ.
Тухайлбал, энэ баримт, мэдээлэл тухайн яллагдагч уг гэмт хэргийг үйлдсэнийг нотолж байгаа, эсэх, түүнд хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэхэд ач холбогдолтой, эсэхийг үнэлэх ёстой. Олон түмний хардлага бий.
Ял шийтгүүлээд байгаа гурван хүнийг ямар нотлох баримт, гүйцэтгэх ажлын ямар мэдээнд тулгуурлан ялласан бэ гэдэг нь хардлага төрүүлээд байна.
-Тухайлбал, Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр л нөгөө хоёр хүнийг нь ялласан гэж ар гэрийнхэн нь үзээд байгаа шүү дээ.
-Ерөөсөө гүйцэтгэх ажлын мэдээ энэ хэрэгт байхгүй, эсвэл дан ганц гүйцэтгэх ажлын мэдээгээр л бүрдүүлсэн байж болох юм. Хэрэг үйлдэхэд энэ хүн хамааралтай юу гэдгийг нотолж чадах шаардлагыг гүйцэтгэх ажлын мэдээ хангаж байх ёстой. Хэрэв тэгж байвал хэрэгт ач холбогдолтой гэж үзэж болно.
Хамаагүй, шал өөр, мөнгөний, улс орны эдийн засагтай холбоотой, эсвэл маргааш дампуурах гэж байгаа банкны, хэзээ мөдгүй огцрох гэж байгаа сайдын тухай ч юм уу мэдээ байдаг. Тэр нь нууцад хамаарна гээд хэргийг нууцлаад байж ч болох тал бий.
Тэгэхээр гүйцэтгэх ажлын мэдээ байгаа юм байна. С.Зоригийг хөнөөхөд шүүгдэгч гурван хүн оролцсон уу, үгүй юү гэдгийг нь гүйцэтгэх ажлын мэдээ нотолж байх шаардлагатай. Нотлох баримтаа хэрэгт хамааралтай гэдгийг шүүх үнэлэх ёстой л доо.
-Дан ганц гүйцэтгэх ажлын мэдээ, баримтаар хүнд ял оноогоод байгаа юм биш үү. Тийм явдал байдаг уу?
-Тийм зүйл ерөөсөө байж болохгүй. Тэгвэл 1930-1940-өөд оны хэлмэгдүүлэлт дахин давтагдана. Шүүхээр шийдсэн нэг хэргээр жишээ авъя л даа. Нэг залуу өвөөг нь ЗХУ-д аваачиж цаазалсанд их дургүй байдаг байж. “Сахал” Сталин Монголын сэхээтнүүдийг устгасан гэж ярьдаг байсан гэнэ. 1940-өөд оны үед хэдэн хүн ялалтын баяр тэмдэглэн архи уугаад тэр залуу гарч яваад согтоод унаж. Хэнтэй юу ярьснаа ч мэдэхгүй байжээ.
Тэгтэл До яамныхан мэдээ авч, “Сталиныг алчуурчин” гэж ярьж, дайрсан байна. Зөвлөлт төрийн удирдлагыг заналхийлсэн гэж буруутган шалгаж шүүхэд өгчээ. Согтуу гарч явсан тэр эрийг Сталинтай холбоотой зүйл ярьсныг хэн ч хэлээгүй байдаг юм. Харин нэг хүн л До яамныханд “энэ хүн “Сталиныг ална” гээд хашхираад байсан” хэмээн мэдээлжээ.
Шүүх түүнд таван жилийн хорих ял ногдуулсан юм. Хэргийн байдлыг харахад Сталин тэдний гэрт ирж, хамт архи ууж, бие биедээ хатуу үг хэлсэн, буруутгагдсан эр түүнийг доромжилсон юм шиг харагдаад байдаг. Үнэн хэрэгтээ заналхийлсэн байдал нотлогдоогүй, гүйцэтгэх ажлын мэдээнд тулгуурлаж таван жил хорих ял оноосон байсан. Тавь гаруй жилийн дараа өнөөх залууг цагаатгасан.
Дан ганц гүйцэтгэх ажлын мэдээнд тулгуурлан бусдыг яллаж, ял оноож болохгүй. Гүйцэтгэх ажлын мэдээнд тулгуурлаж ял оноох нь асар их хор уршигтайг энэ жишээ харуулж байгаа юм. Үүнийг би сурах бичигтээ оруулж, сануулж бичсэн л дээ.
-Гүйцэтгэх ажлын мэдээнд тулгуурлаж ял оноож болохгүй гэлээ. Тэгвэл хууль зүйн өөр ямар гаргалгаа байж болох вэ?
-Нотолгооны онолын хүрээнд бол давхар нотлогдох зарчим гэж бий. Манай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгалаа олчихсон байдаг. Энэ хуулийн 82.2-т энэ тухай маш тодорхой заасан. “Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэж заасан. Шүүгдэгч “Би энэ хэргийг хийсэн юм” гэж мэдүүлснийг заавал өөр нотлох баримтаар л нотлох ёстой.
Үүний нэгэн адил бусдын гэм бурууг нотолсон гүйцэтгэх ажлын мэдээ баримт нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдох ёстой гэсэн санааг би өөрийн ном, сурах бичиг, бүтээлдээ тусгадаг. Их, дээд сургуульд багшлахдаа ч үүнийгээ номлодог. МУИС, Цагдаагийн академи гээд хуулийн сургуулиудад 30 гаруй жил багшилж байна. Мөн 10 гаруй жил Улсын дээд шүүхийн шүүгчээр ажилласан.
Тэнд ажиллаж байхдаа ч энэ байр сууриа баримталж ирсэн. Энэ зарчим нь бусдыг хэлмэгдүүлэхгүй байх баталгаа болсон гэж боддог. Тэгэхээр гүйцэтгэх ажлын мэдээгээр энэ хүмүүс хэрэг үйлдсэн юм гэж мэдээлээд байгаад үндэслэж ял оноож болохгүй, өөр ил баримтаар нотлогдож байж гэм буруутай, эсэхийг нь шийднэ.
-Д.Булганыг оролцуулсангүй, ирүүлсэнгүй гэсэн асуудлыг ар гэрийнхэн нь ярьдаг. Ер нь Д.Булган гэдэг хүнийг шүүх хуралд заавал оролцуулах ёстой юу?
-Шүүх хуралд заавал оролцуулах ёстой гэрч гэсэн ойлголт хуульд байхгүй л дээ. Харин гэрчээр байцааж болохгүй хүмүүс гэж бий. Хэргийн талаар ач холбогдол бүхий нотлох баримтыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ гэж хуульчилсан. Хэрэв Д.Булган холбогдолгүй л юм бол байцаах боломжтой. Холбогдолтой бол байцаахгүй байж болно.
Ямар хүмүүсийг гэрчээр байцааж болохгүй вэ гэхээр, нэгдүгээрт тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүгч, өмгөөлөх үүргээ гүйцэтгэж байх үед тухайн хэргийн байдлыг мэдэх болсон өмгөөлөгч, өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, мэдүүлэх чадваргүй болсон хүмүүс хамаарна. Гадаадын орнуудад лам хуврагуудаас гэрчийн мэдүүлэг авдаггүй юм билээ.
-Нотлох баримт олж авахын тулд жорлонг маань хүртэл ухаж хутга хайсан хэмээн Б.Содномдаржаагийн ээж нь ярьсан гэдэг.
-Хэрэгт холбогдолтой, шаардлагатай нотлох баримт сэлтийг олж авахын тулд ямар ч объектод үзлэг нэгжлэг хийж болно. Гагцхүү хуулийн хүрээнд явуулах хэрэгтэй. Хөндлөнгийн гэрч байлгах ёстой. “Бид жорлонд үзлэг хийсэн юм аа, хөндлөнгийн ийм хүн гэрчээр оролцлоо, тэднээс тодруулж болно” гэдэг асуудал байх ёстой. Хөндлөнгийн гэрч оролцуулаагүй бол янз янзын яриа үүсэх нь зүйн хэрэг шүү дээ.
Бид хавтаст хэргийн материалыг сайн мэдэхгүй учраас хөндлөнгийн гэрч оролцуулсан, оролцуулаагүй гэдгийг мэдэхгүй. Хуулийн шаардлагаар бол тодорхой объектод үзлэг хийхийн тулд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрч оролцуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.
-О.Алтангэрэл өмгөөлөгч саяхан “Энэ хэрэгтэй холбоотой асуудлыг хаалттай хэлэлцэх зүй ёсны шаардлага байсан” гэсэн ярилцлага өгсөн байна лээ. Та ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд хэргийн талаар бодитой мэдээлэл аваагүй учраас хаалттай, нээлттэй явах ёстой гэж дүгнэлт хийх боломжгүй. Хавтаст хэрэгт С.Зоригийн аллагатай холбоотой гүйцэтгэх ажлын мэдээ мэдээлэл байгаа, шүүгдэгч гурван хүнд хамааралтай нотолгоонууд байгаа бол нууцлалаа хадгалж, хаалттай хэлэлцэх нь зөв.
Улс орны аюулгүй байдалтай холбоотой мэдээ баримт цугларсан, тэр мэдээ баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бол хаалттай хийж болно. Хэрэв эсрэгээрээ, тийм баримт үгүй бол нууж хаах шаардлага байхгүй л дээ.
-Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад саяхан гавьяаныхаа амралтыг авлаа. Одоо ямар ажил эрхэлж байна вэ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ажлын хэсэгт байгаа гэж шавь нараас чинь дуулсан. Танаас Гүйцэтгэх ажилтай холбоотой ганц нэг зүйл тодруулах гэж сураг тавьсан юм л даа.
-Тэтгэвэртээ гараад зүгээр суусангүй. Судалгааны ажлаа хийсээр л байна. Үүнийхээ зэрэгцээ охиныхоо байгуулсан “ФОМ партнерс” гэж өмгөөллийн товчоонд зөвлөхөөр ажиллаж байгаа. Энэ товчоо маань гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагад хууль зүйн зөвлөгөө, эрүүгийн, иргэний, захиргааны хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулах, залуу хуульчдад зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хууль боловсруулах ажлын хэсэгт байнга л орж байна даа. 1994, 2000, 2007 онд болон одоо оруулах гэж буй том өөрчлөлтөд бас л ажлын хэсэгт нь багтан ажиллаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны талаар судалгаа хийдэг учраас ажлын хэсэгт оруулдаг байх.