
Хэвлэлийн хүрээлэнгийн VI чуулган өнөөдөр болно. Тус хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандахтай ярилцлаа.
-Хэвлэлийн хүрээлэнгийн VI чуулганы зорилго, ач холбогдлын талаар уншигчдад тайлбарлаж өгөөч?
-Хэвлэлийн хүрээлэнг олон хүн төрийн байгууллага гэж андуурдаг. Үйл ажиллагааны далайц өргөн учир тэгж боддог юм болов уу. Бид нийгэмд, хэвлэл мэдээллийн салбарт үйлчилдэг ашгийн бус, төрийн бус байгууллага. Манай Удирдах зөвлөлийг хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчдөөс нээлттэй, ил тод сонгуулиар сонгодог.
Өөрөөр хэлбэл, Хэвлэлийн хүрээлэнгийн VI чуулган гэдэг нь хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчдийн зургаа дахь чуулган юм. Энэ үеэр хүрээлэнгийн үйл ажиллагааг үнэлж, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилгоо ярилцаж, дараагийн дөрвөн жилд удирдан чиглүүлэх үүрэг бүхий Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох юм.
-Хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийг ямар хүмүүс бүрдүүлдэг вэ?
-Манай Удирдах зөвлөл дүрмийн дагуу хэвлэл мэдээллийн салбарыг төлөөлөх эрх бүхий 13 төлөөлөгчөөс бүрддэг. Үүнд сонин сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн агентлаг, сайтууд, мэргэжлийн холбоодын салбар хуралдаанаас тус бүр хоёр төлөөлөгч сонгохоос гадна Хэвлэлийн хүрээлэнгийн ажилтнуудыг төлөөлөх хоёр төлөөлөгч Удирдах зөвлөлд багтдаг.
Хөндлөнгийн этгээд, тухайлбал улстөрчид, бизнесийн бусад салбарын хөрөнгө оруулагчид Хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлд орох боломжгүй. Манай байгууллагын хувьд хараат бус байдал хамгаас эрхэм.
Бид зөвхөн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зорилготой. Хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний халаасанд багтахаас зайлсхийдэг учир дүрмээ хатуу чанд баримтлан хэрэгжүүлдэг.
-Хараат бус байгууллага байж үнэхээр чадаж байна уу. Монголд төрийн бус байгууллага өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломж тааруухан биш үү?
-Хэвлэлийн хүрээлэн бол мэргэжлийн үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлдэг, төрийн бус байгууллага хэрхэн ажиллах ёстойн үлгэр жишээг харуулж байгаа цөөхөн байгууллагын нэг гэж боддог. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бид хийх ажил, хэлэх үгээ зөвхөн хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн салбарын хэрэгцээ шаардлагад л нийцүүлж ирсэн.
Мэргэжлийн орон тооны баг ажиллуулж, өдөр тутам сургалт, судалгаа, мэдээллийн ажил эрхэлж, өөрөө өөрийгөө бүрэн санхүүжүүлж яваа ийм хэмжээний төрийн бус байгууллага Монголд цөөн болов уу. Энэ нь мэдээж бүх зардлаа өөрсдөө гаргана гэсэн үг биш л дээ. Хараат бус, тогтвортой байдлаа эрсдэлд оруулахгүй байх хэмжээний олон янзын эх сурвалжаас санхүүжилт босгодог.
Үүнд дотоодын зах зээлээс гадна юуны түрүүнд олон улсын хамтын ажиллагааны маш олон байгууллага багтаж байна. Гол нь Засгийн газар, улстөрчид, бизнесийн өрөөсгөл ашиг сонирхолд үйлчлэх зорилгоор тэдний мөнгийг хэзээ ч авч байгаагүйг баттай хэлье.
-Танайх Монголд чөлөөт, ардчилсан хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Энэ зорилгодоо хүрч чадаж байна уу?
-Хэвлэлийн хүрээлэн хэвлэл мэдээллийн салбарт маш олон зүйл цоо шинээр нэвтрүүлсэн. Хувийн сонин борооны дараах мөөг шиг олширч байх үед чөлөөт хэвлэл хариуцлагатай байх ёстойг сурталчилж, Барууны сэтгүүл зүйн хэм хэмжээг анх удаа зааж эхэлсэн. Сэтгүүл зүйн сургалтын арга барилд дадлага давамгайлсан, хийнгээ суралцах зарчмыг нэвтрүүлсэн.
Зах зээлийн орчин дахь хэвлэл мэдээллийн салбарын суурь статистик судалгаа, хэрэглэгчийн судалгааг тогтмол давтамжтай, хараат бусаар хэрэгжүүлж байна. 1990-ээд оны ховордсон хэвлэлийг цахим хэлбэрт шилжүүлж, архивлах төслийг санаачилж хэрэгжүүллээ. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдлыг олон улсын хэмжээнд судалсан гэх мэтээр үргэлжүүлж болно.
Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн салбарыг ардчиллын зүгт хөгжүүлэхэд манай байгууллага түүчээлж ирсэн. 1990-ээд оны сүүлч үеийн сэтгүүл зүйн салбарыг одоогийнхтой харьцуулбал эерэг, сөрөг өөрчлөлтүүд аль аль нь бий.