
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хэвлэлийнхэнд хандаж, С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдуулж Ц.Амгаланбаатар нарт ял шийтгэсэн нь 1937-1938 оны үеийн хэлмэгдүүлэлт давтагдаж болзошгүй нөхцөл үүсээд буй талаар ярьсан. Прокурор, мөрдөн байцаах байгууллагад ажиллаж байсан, ахмад хуульч, доктор, профессор Ж.Бямбаагаас энэ талаар тодрууллаа.
-УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон гурван хүний гэм буруутайг тогтоосон баримтыг прокурорууд дэлгэлээ. Одоо захиалагчийг нь хайж байна гэж мэдээлээд байгаа шүү дээ.
Эрх зүйн хувьд ингэж болдог юм уу?
-Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоос өөр ямар нэгэн байгууллагаас Монгол Улсын нэрийн өмнөөс гардаг баримт бичиг манайд хаана ч байхгүй. Түүгээрээ энэ эрх зүйн акт төрийн хуультай эн зэрэгцдэг юм шүү дээ.
Энэ тогтоол нь зөвхөн шүүхийн хэлэлцүүлгээр шүүн тунгаагдсан, шүүх бүрэлдэхүүн хүлээн зөвшөөрсөн нотлох баримтуудад тулгуурлана. Тиймээс “дараа нь нөхөх”, “нэмж тогтоох” баримтуудын тухай асуудал ерөөсөө байж таарахгүй. Захиалагчийг нь удахгүй тогтооно, учир нь тэр нас барсан байж болзошгүй гэдэг ч юм уу, аль эсвэл өөр олон ноцтой, бие даасан хэрэг өдүүлсэн учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу тусгаарлан шалгаж байна гэдэг яриа огт үндэслэлгүй.
Ингэвэл хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой шийдвэрлэх тухай энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан зарчмыг хөсөрдүүлсэнд тооцогдоно.
Тиймээс ч Ц.Нямдорж гишүүний Ц.Амгаланбаатар гэгчийн “зохиол”-оор үргэлжилж болзошгүй хэлмэгдлээс болгоомжилж байгааг хууль зүйн үүднээс үгүйсгэх аргагүй юм.
-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 1937-1938 оны үеийн хэлмэгдүүлэлт давтагдах гээд байгаа юм биш биз гэж болгоомжлон яриад байгаа. Түүний ийнхүү ярьж байгаа нь сонгууль угтсан шоу гэх мэтээр үзэх хүн байна л даа.
Та үүнд ямар бодолтой яваа бол?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа янз бүрийн шатны прокуроруудын ярилцлагаас үзэхэд С.Зоригийн амийг бүрэлгэсэн ноцтой хэрэгт захиалагч байгаа нь эргэлзээгүй ойлгогдож байна. Тиймээс ч ядаж Эрүүгийн хуулийн хүн амины ноцтой хэрэг өдүүлэгдсэнээр зүйлчлэгдсэн байх.
Гэтэл “захиалгат аллага” мэт хэнд ч ойлгогдохоор прокурорууд ярилцлага өгсөн нь улстөрч Ц.Нямдорж битгий хэл, жирийн хуульч бидэнд хүртэл гайхашрал төрүүллээ. Ер нь захиалагчийн асуудал л яригдвал энэ хэрэг ямар нэг цаг хугацаа, үйл явдалд хөтлөгдөн, хам хум дэглэгдсэн жүжиг болох нь ойлгомжтой байна.
Захиалагчийг нь тодруулан тогтоолоо гэхэд уг хэрэг дор хаяж “шинэ нөхцөл байдал илэрснээс” дахин шалгагдаж, шинээр шийдвэрлэгдэх учиртай. Чухам ийм “холион бантан” болохоос Ц.Нямдорж гишүүн түгшин болгоомжилсон байх.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа ярилцлага, сурвалжилгуудаас ажиглахад энэ хэрэг сайд асан Х.Тэмүүжин, түүний алдартай “команд”-ынхны яс махнаасаа дургүй “байцаалтыг” хэт шүтэж, түүнд “зүүж чимэглэсэн мөрдөлтийн” гэх үнэмшил багатай баримтуудад тулгуурласан мэт.
Сураг төдий дүр, “яландаа ханасан” Ц.Амгаланбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан байдал, мөрдөн байцаалтын явцад “хэн ч биш” болох нь тогтоогдсон золгүй Д.Булган гэх мэтийн үйл, баримтуудаас ургуулан бодоход энэ хэргийг шалган шийдвэрлэсэн ажиллагаа эргэлзээ төрүүлэхээс өөр аргагүй юм.
-Хуульчид маань энэ хэргийг шийдэхдээ жаахан гоомой хандав уу гэж харагдаад байгаа.
-Ер нь Ц.Нямдорж гишүүн хэзээний яхир, хатуу хүн. Гэхдээ бараг 40 шахам жилийн турш харуулж буй ясны шударга, тууштай зан чанарыг нь хүндэтгэхээс өөр аргагүй. Хуулийн салбарт бараг 50 жил ажиллаж буй миний амьдралд ийм хүмүүс тийм ч олон тохиолдоогүй юм шүү.
Ховдын Б.Галдаа, Хэнтийн Б.Хатанбаатар, Сүхбаатарын Ц.Жалбасүрэн, Хөвсгөлийн н.Бадрах гээд ахмад үеийн, Увсын н.Алтан, Баян-Өлгийн Е.Сагсай, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт гээд хэзээ ч худалдагдашгүй, хугаршгүй ноён нуруутнууд хууль зүйн салбарт маань олшроосой билээ.
Манай хуульчдын эгнээ, ялангуяа “онолын дээд түвшинд” цаг үеийн сөрөг нөлөөнд автах, даган гуйвах, алдар нэрийн хойноос улайран хөөцөлдөж, мэргэжлээсээ урван улстөрждөгийг зогсоох боломж ер нь байдаг болов уу даа.