
Орчин үеийн технологи нойрноос хумсалдаг хэмээн болгоомжилдог хэдий ч өдгөө бид урьдынхаас илүү их унтдаг гэнэ. Нойрны талаарх түгээмэл төөрөгдлүүдийн тухай судлаач Жейсон Голдман ийн өгүүлжээ.
Заан юу ч мартдаггүй гэдэг. Бас чухал дурсамжийг санаж байхын тулд унтах хэрэгтэй хэмээн ярих нь бий. Үүнээс үзвэл заан их унтдаг байх нь. Тэгвэл дэлхийн хөхтөн амьтдаас хамгийн том тархитай, зузаан арьстай, аварга том биетэй нь болох заан хоногт ердөө хоёр цаг л унтдаг гэнэ.
Энэ бол бараг нэг шөнийг ч нойргүй өнгөрүүлж чаддаггүй бидний хувьд оньсого юм. Үнэн хэрэгтээ дээр татсан жишээ шиг нойрны тухай түгээмэл үзэл бодол олон байдаг ч бодит байдалтай нийцдэггүй аж. Ухаалаг утасны дэлгэцийн бүүдгэр гэрлийг харж байгаад унтсаны улмаас бид өвөг дээдсээсээ цөөн цаг унтдаг болсон тухай яриа сонссон л байх.

Ухаалаг утас хүний нойронд нөлөөлдөг үү?
“Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээс энэ тухай байнга уншиж, сонссоор бид үүнд итгэдэг болжээ. Ямар ч үндэслэлгүй тийм нотолгоо олон нийтийн анхаарлыг их татдаг. Гэрэлтүүлэгт цахилгаан ашигладаг болсноос хамаагүй хожуу нойр хэмжих багаж зохион бүтээсэн” гэж АНУ-ын Лос-Анжелес хот дахь Калифорнийн их сургуулийн Нойр судлалын төвийн захирал Жерри Сигел өгүүлэв.
Бидний эцэг өвгөд хэр удаан унтдаг байсныг мэдэх арга байхгүй ч Ж.Сигел байж болох бүх боломжийг сонгожээ. Орчин үеийн анчдын омгийнхны аж байдлыг судлахын тулд тэрбээр Танзан, Намиб, Болив улсад зорчсон аж. Энэ хүмүүс бидний өвөг дээдсийн аж төрж байсантай төстэй орчинд амьдардаг. Нойрны дайсан хэмээдэг орчин үеийн төхөөрөмж тэдэнд байсангүй.
Африкийн хоёр омог хоорондоо хэдэн мянган км зайтай, гурав дахь нь Африкаас Ази руу, тэндээсээ Берингийн хоолойгоор Хойд Америкт очоод, цааш Өмнөд Америк руу цагаачилсан хүмүүс. Ийм асар их ялгаатай хэдий ч энэ гурван омгийн төлөөлөгчид шөнө бүр ижилхэн, дунджаар 6.30 цаг унтдаг.
Ж.Сигелийн үзэж буйгаар, бидний эцэг өвгөд их унтдаг байсан гэх шалтгаан байхгүй.
Өнөөгийн нийгэмд аж төрж, шинэ технологи, цахилгаан хэрэгсэл ашиглаж буй хүмүүс хоногт дунджаар 6-8 цаг унтдаг. Тиймээс бидний өвөг дээдэс их биш, бидний заримаас арай цөөн цаг унтдаг байж.
Үүний сацуу бид агааржуулагч, зөөлөн гудас, дэр гээд тав тухтай нөхцөлд унтдаг. Хамгийн гол нь хэн хэдэн цагт хөнжилдөө орох, нохойтойгоо цуг унтах, эсэхэд бид санаа тавьж байна.

Гэрийн тэжээмэл амьтад хоногийн дийлэнхийг унтаж өнгөрүүлдэг
Тэгвэл бидний эцэг өвгөд чулуу, шороо, бүр модон дээр унтаж байв. Өглөө нар мандсан ч унтах боломж олгох хөшиг, цаг агаарын таагүй үзэгдэл, хорхой шавьжнаас халхлах боломж тэдэнд байгаагүй. Шөнийн цагаар араатан, эсвэл өөр омгийнхон халдах аюулд тэд санаа зовдог байж. Ийм нөхцөлд тэд шөнө зургаа орчим цаг унтдаг байсанд гайхах зүйл үгүй.
Тэд шөнийн турш тайван унтдаггүй, үе үе сэрдэг байсан тухай домог ч байдаг. Дээрх судлаачийн үзэж буйгаар энэ ч худлаа. Ийм төөрөгдөл үүсэхэд гэрийн тэжээмэл амьтдыг тэрбээр буруушаажээ. “Хүмүүс муур, нохойтой хамт амьдардаг болсонтой холбоотойгоор ийм санаа төрсөн гэж надад санагддаг. Тэд л үе үе сэрдэг. Эртний хүмүүс тийм байгаагүй” гэж тэрбээр ярьсан байна.
Одоогийн хүмүүс шөнө нам унтдаг олон амьтны нэг. Сармагчин өдрийн цагаар унтдаггүй, эсвэл тэд шөнө дундын үед сэрдэг гэх боломжгүй. Ингэдэг бол бидэнтэй төстэй амьд биетийн хувьд хэвийн үзэгдэл биш болно.
Шимпанзе хүн шиг хоногт нэг л удаа унтдаг
Ж.Сигелийн үндэстэн хоорондын судалгаанаас үзвэл орчин үеийн анчдын омгийн төлөөлөгчид өвлийн цагт өдөр цурам хийдэггүй, харин зун үд дундын халууныг хөнгөн давахын тулд дугхийж байжээ. Тэгэхдээ дунджаар таван өдрийн нэгэнд л өдөр унтаж байсан гэнэ.
Энэ домогт ямартай ч үнэний өчүүхэн ч болов хувь байж болох юм. Учир нь Ж.Сигелийн судалсан омгууд Экваторын бүсэд дэндүү ойр амьдардаг.
Дэлхийн бөмбөрцгийн илүү өндөр өргөрөгт өвлийн шөнө 16 цаг хүртэл үргэлжлэх нь бий. Ийм нөхцөлд Европын хойд хэсэгт аж төрж байсан эртний хүмүүс шөнийн нойроо хэд хэд хугасалдаг байсан байж болох юм.
Харин өдгөө бидний нойр жилийн улирлын өөрчлөлтөөс хамаарал багатай, бүр Европын хойд хэсгийн орчин үеийн хүмүүсийн олонх нь шөнийн турш унтаж, бие засах гэж л хааяа босож байна.
Идэх зүйл хомс үед баавгай энергиэ дэмий үрэхгүйн тулд унтдаг
Нойрны тухай хамгийн түгээмэл хоёр домгийг судлангаа Ж.Сигел нойрны орчны талаарх илүү ул суурьтай асуудлуудыг барьж авчээ. Нойр ер нь ямар хэрэгтэй юм бэ?
Хэрэв нойр дурсамж хадгалагдахад ямар нэг үүрэг гүйцэтгэдэг, эсвэл тархины бусад үйлдлийг хэрэгжүүлэхэд тус болдог бол том сарьсан багваахай хоногийн 20 цаг унтдаг байхгүй биз. Харин том биетэй, танин мэдэх чадвар нь илүү хөгжсөн заан хоёрхон цаг унтдаг.
Нойр бол биологийн шаардлага бус, хувьслын үед бий болсон нөхөн үржихүйн шаардлагатай холбоотой байж болох уу гэсэн асуултыг тэрбээр тавьжээ.
“Nature Reviews Neuroscience” сэтгүүлийн 2009 оны дугаарт гарсан нийтлэлдээ тэрбээр зүүдийг зан үйлийн эерэг талыг ихэсгэдэг. Тэгэхдээ ашиггүй бол цаг тухайд нь зохицуулалт хийж, зарцуулах энергийг бууруулдаг байж болох юм гэж бичсэн байна. Энэ нь амьтанд ч, ургамалд ч хамаатай аж. Намар модод навчаа гөвж, гэрлийн энергийг химийнх болгодог үйлдлээ зогсоодог нь ургамлын ертөнц дэх унтах үйл явцтай холбоотой байж болох юм.
Өвөл идэх зүйл хомс үед баавгай энергиэ дэмий үрэхгүйн тулд унтдаг. Илбэнх зэрэг хөхтөн ичдэг нь хүнд үеийг давахын тулд бодисын солилцоо нь эрс удааширдагтай холбоотой байж болох аж.
Магадгүй нойр нь өдрийн цагт бидэнд сэргэлэн цовоо, үр бүтээлтэй ажиллах, шөнө араатантай нүүр тулахаас зайлсхийх боломж олгох нэг хувилбар байх. Учир нь бид шаардлагатай үедээ түвэггүй сэрдэг. Өөрөөр хэлбэл, нойр нь залхуурлын өөрчлөгдсөн хэлбэр байхыг үгүйсгэх аргагүй.