
БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Д.Гардитай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жил Унгарт 200 хүүхэд явуулна гэсэн байх аа?
-Хөтөлбөр зарласан орон хамруулах хүүхдийн тоо өгдөг. Энэ дагуу хүүхдүүдийг бүртгэнэ. Бүртгүүлсэн бүх хүүхэд өөрийгөө тэтгэлэгт хамрагдана гээд бодчихдог.
Хэрэв шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтад тэнцэхгүй бол явах боломжгүй. Тэгэхээр яг 200 хүүхэд явах, эсэх нь тодорхойгүй.
-Тэтгэлэгт хамрагдах хүүхдүүд ямар шалгуур хангах ёстой вэ?
-Ихэнх тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуур төстэй. Анкет, голч дүн нь 3.0 ба түүнээс дээш бол хамрагдана. Түүнчлэн тухайн улсын хэлийг сайн эзэмшсэн байх нь нэг чухал шалгуур юм.
Унгар улсад суралцуулах тэтгэлгийн хувьд англи хэлний мэдлэгтэй байхад болно.
-Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхдүүд юунд илүү их анхаарах хэрэгтэй байдаг вэ?
-Хүүхдүүд хэл сайн мэддэг гэсэн хэрнээ шалгалтдаа уначихдаг. Тиймээс бүртгүүлсэн л бол бэлтгэлээ сайн базаах нь чухал. Мөн материалаа дутуу бүрдүүлэх, бөглөхдөө зөрүүтэй мэдээлэл оруулах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөө гаргаж чаддаггүй. Ийм тохиолдолд бид шаардлагатай мэдээлэл өгч, зөвлөдөг.
Уг нь хүүхдүүд тэтгэлэгт хөтөлбөрийн талаар маш сайн судалдаг, манай мэргэжилтнүүдээс ч асуудаг. Жилээс жилд тийм хүүхдийн тоо нэмэгдэж байгаа. Гэвч зарим тохиолдолд тухайн орноо судлаагүйгээс сургуулиа голж, орхих нь бий. Үнэндээ тэтгэлэг зарласан сургуулийн ихэнх нь тухайн улс, тивдээ дээгүүрт жагсдаг юм.
Тиймээс явах гэж буй орноо судлах хэрэгтэй. Гадаадад, гэрээсээ хол, ганцаараа явна гэдэг амаргүй.
-Төлбөрийг ямар байдлаар төлдөг юм бэ?
-Улс орон бүрийн тэтгэлэг олгох хэв маяг өөр. Тухайлбал, Хятад улсаас зарласан тэтгэлгүүд сургалтын төлбөр, байраа бүрэн даадаг. Харин Оросынх зарим нь зөвхөн сургалтын төлбөр хариуцах жишээтэй. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрөөсөө шалтгаалж зардал нь янз бүр болдог.
-Танил талаа ашиглан хүүхдээ тэтгэлэгт хамруулдаг гэж ярих хүн цөөнгүй бий. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Ямар ч эцэг, эх хүүхдээ хамгийн мундаг нь гэж боддог. Гэтэл ачир дээрээ тийм байдаггүй. Шалгалт авахаар сайн гэсэн хүүхдүүд унах нь бий. Учир нь бүх шалгалт хяналт сайтай, найдвартай орчинд явагддаг. Тэгэхээр танил талаа ашиглан тэнцэнэ гэж байхгүй.
Хэчнээн мундаг хүүхэд байлаа ч очоод сурч чадахгүй тохиолдол гардаг. Түүнчлэн ганцхан хэлэндээ ч юм уу, математикийн хичээлдээ сайн байлаа гээд болчихгүй. Нэмэлт шалгалт авдаг улс ч байна.
-Шалгалтыг тэтгэлэг зарласан улс өөрсдийн орны сургалтын хөтөлбөрт тохируулж авдаг уу?
-Тийм биш. Манай улсын сургалтын хөтөлбөр, хүүхдүүдийн мэдлэгийн түвшинд тохируулж шалгалтын асуултыг боловсруулдаг.
-Нийт хэдэн хүүхэд тэтгэлэгт хамрагдаж байна вэ?
-Өнгөрсөн жил 1000 гаруй хүүхэд 18 хөтөлбөрт хамрагдсан. Энэ жилийн тоо хараахан гараагүй байна.