
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр болж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, шүүхийн захиргааны ажилтан, эрдэмтэн судлаачид оролцлоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь нар оролцож, хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, асуултад хариулав. Өнгөрсөн хугацаанд иргэдийн саналыг өргөн хүрээтэй авч, тэдгээрийг ангилан судалж, асуудалд нэлээд ул суурьтай хандсан гэдгээ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан энэ үеэр илэрхийлээд “Зөвлөлдөх санал, асуулга явуулсны үндсэн дээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээг тогтоосон” хэмээн хэлж байв.
Хэлэлцүүлгээс харахад оролцогчдын олонх нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ерөнхийд нь дэмжиж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ төсөл дэх шүүх эрхмэдлийн тухай бүлэг ерөнхий байна гэж үзэв. Тиймээс шүүх, шүүх эрх мэдлийн хүрээний олон нарийн асуудлыг тусгах хэрэгтэйг онцолж, хуулийн төсөл дэх бусад асуудлаар байр сууриа хэллээ. Тухайлбал, хууль тогтоох эрх мэдлийг хянах тогтолцоо байх нь зүйтэй. Гэхдээ хуулийн төсөл дэх парламентын хяналтын асуудлыг тодорхой болгох шаардлагатай гэж байв. Парламентыг хянах хороо байгууллаа гэхэд чиг үүрэг, үйл ажиллагаа, хамрах хүрээ зэргийг тодорхой зааж, түр хороо, эсвэл Парламентыг хянах хороо нэртэй тусгай байгууллага байх, эсэхийг хөндлөө. Хэрэв тусгай байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхэлбэл энэ нь Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дамжуулан гүйцэтгэх засаглалын эрх мэдэлд халддаг шиг нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлол байна. Тиймээс ийм зүйлд хүргэхгүйн тулд цаад агуулгад нь бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатайг хэлсэн юм. Харин Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тухайд оролцогчдын санал, бодол зөрүүтэй байна. Тиймээс уг заалтын тухайд “Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог. Тиймээс хууль санаачлах эрх нь хадгалагдах ёстой. Харин санаачлах хуулийн хүрээг хязгаарлах нь зүйтэй” гэсэн дундаж хувилбар ч яригдсан.

Мөн Үндсэн хуулийн 51.2т заасан “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэснийг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор УИХ-д танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шүүгчдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар сонгоно. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна” гэж тусгасан. Уг асуудалд шүүхийн захиргааны ажилчид, судлаачид нааштай хандахгүй байна. Учир нь шүүхийн байгууллага аль ч тохиолдолд хараат бус ажиллах ёстой. Гэтэл УИХ-аар дэмждэг байх нь үүнд харшилна. Шүүхийн байгууллага УИХ-ын гарыг хардаг байж таарахгүй. Шүүх эрх мэдэлд улс төрийн нөлөө орж эхэлнэ зэрэг олон талын байр суурийг илэрхийлж байлаа. Энэ үеэр М.Батсуурь “Дээрх хуулийн төсөлд шүүхийн төсвийн асуудлыг орхигдуулсан байна. 2012 онд батлагдсан Шүүхийн тухай хуульд шүүхийн төсөвтэй холбогдох хэд хэдэн заалт байсныг хүчингүй болгосон. Түүнээс хойш жил бүр төсөв нь багасаж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл УИХ-ын гишүүдийн өмнө бөхөлздөг болсон” гэлээ. Тэрбээр энэ байдлыг өөрчлөх нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм.
Н.ЛҮНДЭНДОРЖ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭХ ЗҮЙЛ ОЛОН БАЙНА
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт бидний анхаарч, төвлөрч үзэх хэсэг нь шүүх эрх мэдэлтэй холбогдох асуудал юм. Одоо хэлэлцэгдэж буй төсөлд шүүх эрх мэдэлтэй холбоотой үндсэн дөрвөн зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Нэгдүгээрт, төсөлд Дархан-Уул, Орхон зэрэг аймгийг хот болгохоор заасан. Шүүхийн зохион байгуулалтыг засаг захиргааны нэгжээр нэрлэсэн учраас дээрх аймгууд хот болонгуут хорооны шүүх гэдэг нэр томьёо орж ирнэ. Энэ нь Үндсэн хуулийг бичсэн арга барил буруу байсныг харуулж байна. Хоёрдугаарт, шүүгчийн томилгооны асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгч томилох, батламжлах эсэх нь чухал биш. Гуравдугаарт, шүүгчээр томилогдох насны доод хязгаарыг нэмэгдүүлэх тухай асуудал. Үндсэн хуулийн 53.3-т насны доод хязгаар 25 байх заалттай. Шүүгч хүн элээсэн оймсныхоо хэмжээгээр амьдралын туршлага сууж байж хүний хувь заяаг шийддэг. Тиймээс уг заалтыг шүүхийн ажилтнууд дэмжиж байгаа. Дөрөвдүгээрт, Улсын дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулдаг байсныг УИХ-аар дэмждэг болгох заалт бий. Үүнийг шүүгчид дэмжихгүй байгаа. Шүүх эрх мэдэлтэй холбоотой нэмэх зүйл олон байна. Тухайлбал, шүүх эрх мэдлийн хүнд асуудлын нэг бол эдийн засгийн бие даасан, хараат бус байдал. Энэ нь хангагдаагүй. Үүнийг хангах тодорхой заалт ч хуулийн төсөлд байхгүй байна.