
“Үндэсний шуудан” сонины албаны дарга Б.Энхмарттай ярилцлаа. Амьтныг хүнчилж, өвс ургамлыг амьдчилж, тэдэнтэй үг сольсон мэт ойлголцдог мэдрэмжтэй, юухныг ч энэрч, хайрлаж явдаг өр нимгэн найз минь ес дэх удаагийн БАЛДОРЖ шагналын Гран приг “Нулимстай бөхөн” цуврал сурвалжилгаараа хүртсэн юм.
-БАЛДОРЖ шагналын эзэн болсонд баяр хүргэе. Шагналаа гардахаар гарахдаа нэлээд сандрах шиг болсон?
-Баярлалаа. Энэ нэр хүндтэй шагналыг авсандаа үнэхээр баяртай байгаа. БАЛДОРЖ бол тухайн сэтгүүлчийн бүтээлд нь өгдөг шагнал. Тэгэхээр би ямар ч байсан уншигчид болон сэтгүүл зүйн хүрээний мундагчууддаа тоогдохоор зүйл хийж, үнэлүүлж чадсан л гэсэн үг. Шагнал гардах үеэр Ерөнхийлөгч бид хоёр хоёулаа их сандарсан. Ерөнхийлөгч өөрөө сандраад байгаа мөртлөө намайг “Зоригтой бай, зоригтой бай. Шагналынхаа мөнгөөр юу авахаа хэл” гээд л. Тэгэхээр нь би улам сандраад л. Гэхдээ тэр оройн тэр цаг мөч дахиад хэзээ ч ирэхгүй хамгийн гэгээн, хамгийн том дурсгал, бахархал минь болж үлдэх болно. БАЛДОРЖ шагналын шалгаруулалт бидэнд маш том урам, сайн нийтлэл бичих хүсэл тэмүүлэл өгдөг. Бүх цаг зав, зүрх сэтгэлээ ажилдаа зориулдаг, хүний төлөө л ярьж бичээд байхаас өөрийнхөө төлөө дуугарч чаддаггүй эгэл жирийн сэтгүүлчдэд сэтгэлийн маш том урам хайрлаж, биднийг мөрөөдөж, зорьж, хөдөлмөрлөх оргилтой байлгаж, заавал хүрч очихын төлөө зүтгэдэг туг хатгасан “Балдорж” сангийнхандаа баярлалаа.
-2015 оны БАЛДОРЖ шагналт Э.Хүрэлбаатар танай гэр бүлийн хүн. БАЛДОРЖ шагналтан гэр бүл гэж дуудуулах хос одоогоор та хоёроос өөр байхгүй. Гоё уу?
Хоёулаа баярлаад л, гоё байна. 2014 онд бид “Хоёулаа БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолын индэрт хамт зогсож байх юм сан. Тэгвэл гоё оо” гэж ярьж байв. Тэгэхэд хэддүгээр байрт орох нь биш, тэнд хамт байх нь л чухал санагдаж байлаа. Энэ бидний мөрөөдөл байсан. Дараа жил нь Хүрлээ БАЛДОРЖ шагнал хүртэж, өнгөрсөн жил би шилдэг 10-т багтсан. Энэ жил Хүрлээ шилдэг 10-т орж, би Гран при хүртлээ. БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолд хамтдаа очиж, шагналын индэрт гарах мөрөөдлөө биелүүллээ. Бал эрхлэгчийн дүр бүхий алтан тэмдгээ хослуулаад бурхныхаа өмнө тавьчихсан хэрнээ л итгэж өгөхгүй, зүүд шиг санагдаад сууж байна. Дандаа л инээгээд баймаар, хүнтэй ярихдаа ч инээд алдаад явж байна. Гоё сурвалжилга, сэтгэлдээ хүрсэн зүйл биччихээд баярлаад алхдаг шигээ, их мундаг юм биччихсэн юм шиг л санагдаад байна. Бөхөнгийн сурвалжилгаа ахиад нэг уншиж үзмээр ч юм шиг. Манай гэрийнхэн бүгд л ийм байдалтай байгаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагааг телевизээр шууд дамжуулсан шүү дээ. Тэгэхэд хүү, охин хоёр минь миний нэрийг дуудахыг сонсоод бүх дэрээ шидэлж, гэрээ буулгах шахан баярласнаа хэлж байсан. Ээж баярласандаа оройжин уйлсан байна билээ. Аав өнгөрсөн жил намайг шилдэг 10-т шалгарахад өөрөө мөрөөдөлдөө хүрсэн мэт баярлаж, “Хүүхдүүдийг нь зөөж, ар гэрийнх нь ажилд дэм болсны хүчинд охиноо БАЛДОРЖ шагнал авахуулчихлаа” гэж ярьж суусан. Тэгэхээр энэ жил БАЛДОРЖ шагналын Гран при авахад хэчнээн баярласан нь тодорхой. Аав, ээж хоёр минь байсхийгээд ёслолын ажиллагааны бичлэгийг ухрааж үздэг бололтой, тэгэх тоолондоо над руу “Охиндоо хайртай шүү” гээд л мессеж бичээд байгаа.
-Ангийнхан нь бүгд эмч болох гэж байхад ганцаараа багш болно гэж зөрсөн, багш нь улсын сургуульд оруулаад өгье гэхэд хувийн сургууль руу зүтгэсэн охины түүхийг уншигчидтай маань хуваалцаж болох уу?
-Би ЭМШУИС-ийн лицейн анхны төгсөгчдийн нэг. Ангийнхан маань бүгд эмч болно гэж байхад би монгол хэлний олимпиадад гайгүй оролцчихдогтоо ч юм уу, монгол хэл, уран зохиолын багш болно гээд шийдчихсэн. Хатуучулуун багш маань “Ангиас ганц ч болов хүүхэд мэргэжлийг минь өвлөх нь” гэж баярлаад л. Ингээд МУИС-д элсэлтийн шалгалт өгөх гэж байтал би өмнөх орой нь шагайгаа булгалаад явах аргагүй болов. Шалгалтаас хоцорчихоод байтал ангийн багш “МУБИС-д ирээд шалгалт өгөөдөх” гэж дуудахад нь би бас очиж чадаагүй. Тэгэхэд шагай хавдаж, халуурснаар шалтагласнаас биш сургалтын төлбөрөө төлж чадахгүй, Төрийн сангийн зээлд хамрагдахаас аргагүй байсан нь нөлөөлж, би өөрөө очъё гэж хүчлээгүй юм. “Улсын сургуульд олон хүүхэд ордог, ар өврийн хаалга ихтэй болохоор Төрийн сангийн зээлд хамрагдахад хэцүү. “Их Монгол” дээд сургууль элсэлтийн шалгалтын оноогоор эхний хоёрт орсон хүүхдийг Төрийн сангийн зээлд шууд хамруулдаг” гээд сонсчихсон байсан хэрэг. Ингээд “Их Монгол” дээд сургуульд шалгалт өгч, оноогоороо нэгт жагсаад Төрийн сангийн зээлд хамрагдаж байлаа. Төрийн сангийн зээл сургалтын төлбөрт бүрэн хүрэлцэхгүй, 100 гаруй мянган төгрөгийн зөрүү гардаг, түүнийгээ олохын тулд ээжийн ажил дээр шөнө сууж, оюутнуудын бие даалтыг хийж байлаа. Манай сургууль шилдэг оюутандаа сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх тэтгэлэг өгдөг байсан юм. Гуравдугаар курсэд байхдаа шилдэг оюутан болж, тэтгэлгээсээ Төрийн сангийн зээлийнхээ зөрүүг төлөөд, үлдсэн мөнгийг нь буцааж авдаг, сургуулиасаа цалин авдаг оюутан болсон.
“Их Монгол” дээд сургуульд орсондоо дандаа баярлаж явдаг өөр нэг зүйл бол Төрийн шагналт Д.Батбаяр багш. Тэнд багшийн “Бишүби” урлан хичээллэдэг байлаа. Д.Батбаяр багшийн урлангаас оюун санааны хамгийн том төлөвшил, харж буй зүйлээсээ сайн сайхныг олж харах мэдрэмж, өөрийгөө дарах, хүн байх ухааныг хэр хэмжээгээрээ олж авсан болов уу гэж боддог юм. Юм бүхнээс сайныг нь олж харахыг, юмыг тал талаас нь бодож, наадах цаадахыг нь ойлгохыг хичээдэг зан чанар минь яах аргагүй Д.Батбаяр багштай холбоотой.
Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ багш маань бидэнтэй учирсан сайхан хүмүүсийн нэг. Багш маань “Амь амьдрал, нэр төр, хамаг бүхнээ халаасан дахь үзэгтэйгээ хамт авч яваа гэдгээ үргэлж санаарай. Сэтгүүлч эхлээд хүн болох ёстой. Тэгээд хүнийг бодож, хүнлэг сэтгэлээр бичихгүй бол өөрийнхөө замыг бичиж буй зүйлээрээ хаана шүү” гэж хэлдэг байлаа. Ажлын талбарт гарсан хойно ч тааруухан юм хийвэл “Чи юу бичээд байгаа юм бэ” хэмээн зэмлэж, заримдаа “Чиний тэр чинь овоо болжээ” гэж урам хайрладаг зөвлөгч минь хэвээрээ байгаа.
-Яс амар сууж тогтмол цалин авахыг бус, өдөр тутмын сонины завгүй амьдралд буцалж, бичсэн зүйлээсээ сэтгэл ханамж авч явахыг илүүд үздэгийг чинь мэднэ. Сонины амьдралд дурлуулсан анхны редакц чинь “Өнөөдөр” сонин байх аа?
-Оюутан байхдаа сэтгүүлч гэдэг чинь их хэл амтай, яриа хөөрөө сайтай, бэлэн цэцэн үг урсгасан хүн байдаг, би тийм байж чадахгүй юм чинь багш болъё гэж боддог байлаа. Төгсөх жилээ энэ бодлоо ангийн багшдаа хэлтэл “Чи сэтгүүлч болох ёстой” гээд “Өнөөдөр” сонинд дагуулж аваачсан. “Өнөөдөр” сонинд хоёр жил ажиллаж, эндээс сэтгүүлч байхын, тэр тусмаа өдөр тутмын сонины сэтгүүлч байхын жаргал, зовлонг мэдэрсэн.
-Эрэн сурвалжлахаас байгаль орчны салбар руу урвасан шалтгаан нь юу вэ?
-Сүүлийн жилүүдэд ихэвчлэн байгаль орчны сэдвээр бичиж байна. Байгаль дэлхий, амьтан, ургамал үг хэлэхгүй, би мөхөж сүйрлээ, ухуулж сэглүүллээ гэж зовлон тоочихгүй, өөрийгөө өмгөөлж хамгаалж чадахгүй болохоор хүмүүс дэндүү харгис хандаж байна. Үүнийг нь олж харан, анзаарч, өмгөөлж хамгаалах үүрэг сэтгүүлчдэд л бий. Бид л болохгүй байгааг нь гарган тавьж, олон нийтийн анхааралд хүргэх, засаж залруулах, зогсоох ёстойг нь зогсоох ёстой. Энэ үүргээ биелүүлэх гэж л байгаль орчны сэдвээр бичиж байгаа. Түүнээс энэ сэдэв надад амжилт авчирна гэж ч юм уу, бичихэд амархан юм гэж бодож байсангүй. Эрэн сурвалжлах чиглэлээ ч орхиогүй.
-БАЛДОРЖ шагнал авчирсан “Нулимстай бөхөн” цуврал сурвалжилга монгол бөхөнд нүүрлэсэн аюулыг нийгэмд хүргэх үүргээ хангалттай биелүүлсэн. Бөхөн аюулаас аврагдсан уу?
-Хавар мялзан төст өвчин гарсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсанаас хэд хоногийн дараа Байгаль орчны яаманд бүх мэргэжлийн агентлаг, газруудын төлөөллийг оролцуулсан өргөтгөсөн хурал болсон юм. Тэнд очиход мялзан өвчин хаана гараад байгааг ч мэдэхгүй хүмүүс Ховд, Говь-Алтай аймаг тэр чигтээ мялзантчихсан гэсэн ташаа мэдээлэл өгч, яаралтай арга хэмжээ авах төсөв мөнгө хэрэгтэй гээд том том тоо ярьцгааж байв. Тэгэхэд энэ хүмүүс мөнгө л яриад суухаас тэнд яг юу болж байгааг мэдэх ч үгүй байгаа юм байна, одоо шийдэгдээгүй мөнгө хэзээ ч шийдэгдэж, тэнд ажил болох билээ, газар дээр нь очиж юу болж байгааг нүдээр үзэж, сурвалжилъя гэж бодсон. Гэтэл тэр оройдоо “300 гаруй сая төгрөг төсөвлөсөн, маргаашнаас хэрэгтэй газар руу нь шилжүүлж, шаардлагатай арга хэмжээ авна” гэсэн мэдээлэл өгч, энэ асуудалд анхаарал хандуулж, сэтгэл зовниж байсан хүмүүсийн санааг амраасан. Үүнээс долоо хоногийн дараа би Говь-Алтайд очсон. Гэтэл ямар ч мөнгө төгрөг хуваарилаагүй, аймгийн Байгаль орчны газрын ажилтнууд, нутгийн иргэд малдаа халдаахгүйн тулд өвчтэй бөхөнг үргээж, мөнгө орж ирнэ гэсэн урьдчилсан амлалтаар бүх зүйл өрнөж байсан. Түүнээс хоёр сарын дараа нийт зарцуулах ёстой төсвийнх нь 30 хувийг шилжүүлсэн гэсэн. Ийм маягаар явсаар дэлхийд ганцхан төрөл монгол бөхөнгийн 6000 орчим нь гоц халдварт өвчнөөр үрэгдэж дуусахтай зэрэгцэж санхүүжилт нь орж дууссан байх. Манай шийдвэр гаргагчид мөнгө шийдвэрлэсэн гэсэн мэдээллээр иймэрхүү асуудлыг дарж, нийгмийн анхаарлаас гаргадгийн нэг жишээ энэ.
Бөхөн аюулаас бүрэн аврагдаагүй. Хавар төллөх байсан шаргачин бараг бүгд үхсэн. Одоо эр голдуу бөхөн үлдсэн болохоор сүргийн бүтэц алдагдсан. Дэлхийд хоёр төрөл зүйл бөхөн байдгийн нэг нь зөвхөн Монголд байдаг учраас монгол бөхөн гэдэг. Одоо 4000-хан толгой монгол бөхөн үлдсэн. Бог малын мялзан дахин дэгдвэл тэдэнд дахиад л аюул тулгарч мэднэ. Гэхдээ дөнгөж өчигдөр нэг уншигч маань миний бөхөнгийн сурвалжилгыг орчуулж, гадаадын хэвлэлд нийтлүүлэх санаачилга гаргасан байсан. Ингэвэл олон улсын байгаль хамгаалагчдын сонорт хүрэх болов уу гэж найдаж байна.
-Өнгөрсөн жил БАЛДОРЖ шагналын шилдэг 10-т шалгарсан “Улс дамнасан гэмт хэрэг буюу дэрэвгэр жиргэрүүгийн эмгэнэл” цуврал чинь бодитой үр дүнд хүрч, дэрэвгэр жир- гэрүүг түүхийг хориглох шийдвэр гаргуулсан байх аа?
-Би редакцын томилолтоор, ямар ч төсөөлөлгүй сурвалжилганд явсан. Газар дээр нь очиход үнэхээр эмзэглэмээр байлаа. Хөрсийг нэг метр шахам хавж ургадаг дэрэвгэр жиргэрүүгийн үндсийг авах гэж хүмүүс газраа сэндийчиж, ховор ургамлыг хайр найргүй түүж байв. Дэрэвгэр жиргэрүү хөрсийг цөлжилт, элэгдлээс хамгаалдаг, газрын хөрсний чийгийг барьж, бусад ургамал ургах орчныг бүрдүүлдэг, ганд тэсвэртэй, эко системд чухал үүрэгтэй ургамал. Ургамлын нөөц, тархац сүүлийн жилүүдэд эрс багассан тул 2004 онд ховор ургамлын ангилалд хамааруулсан юм билээ.
Энэ ховор ургамлын хувь заяа ямар эмгэнэлтэй байгааг нүдээр үзээд ирэхдээ би сурвалжилгаа яаж хийх вэ, яавал чамбайхан юм болох бол гэж их бодсон. Сэтгүүлч бид чинь урмаар л урагшилдаг өрөвдөлтэй хүмүүс шүү дээ. Өглөөний хурал дээр хэдэн аятайхан үг сонсвол түүнээсээ дараагийн сайн материалаа бичих урам авдаг. Энэ урмыг авахын төлөө л тэгж их бодсон хэрэг. Томилолтоос буцах замдаа би үзсэн харснаараа ганц сурвалжилга хийгээд орхиж болохгүй юм байна, албаны эх сурвалжууд, судалгааны хүрээлэнгийнхэнтэй уулзаж, цувралаар гаргая гэж бодсон. Гэртээ ирсэн шөнөө хийх юмаа бодоод нойр хүрэхгүй байсан тул төлөвлөгөө гаргаж, “Улс дамнасан гэмт хэрэг буюу дэрэвгэр жиргэрүүгийн эмгэнэл” гэдэг гарчигаа олсон. Материалаа бичиж байхдаа ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачидтай уулзахад “Бид холбогдох яам, агентлаг руу зөндөө албан бичиг явуулсан. Ямар ч үр дүн гардаггүй юм. Энэ сэдвээр хэвлэлүүд бичдэг ч бидэнтэй уулзах гэж ирж байгаагүй” гээд маш баяртай хүлээж авч, дэрвэгэр жиргэрүүгийн талаар олон хэрэгтэй мэдээлэл өгсөн. Ингээд намайг томилж явуулсан редакцынхаа итгэлийг хөсөрдүүлэхгүй гэж хичээсэн сурвалжилга минь уншигчдад хүрч, нийгэмд үнэлэгдсэн. Салбарын яам, шийдвэр гаргагчид ч анхаарлаа хандуулж, дэрвэгэр жиргэрүүг таван жилийн хугацаанд худалдаа, бизнесийн зорилгоор түүхийг хориглох шийдвэр гаргаж байсан. Харамсалтай нь дараагийн сайд энэ тогтоолыг хүчингүй болгоод дахин экспортолж эхэлсэн.
-Сэтгүүлч амжилт гаргахад, сайн бүтээл төрөхөд редакц хамгийн чухал. “Үндэсний шуудан” сонин энэ тал дээр бусдад үлгэр жишээ болохоор байдаг гэж ойлгож болох уу?
-Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын Гран приг манай сониноос гурав дахь удаагаа хүртэж байгаа нь энэ. Хамгийн анхны БАЛДОРЖ шагналыг уншигч, мэргэжил нэгтнүүддээ ярилцлагын нэрээрээ алдаршсан Б.Ганчимэг эгч хүртсэн бол улс төрийн галтай нийтлэлүүдийн эзэн Г.Отгонбаяр ах дөрөв дэх Гран пригийн эзэн болсон. Үүнээс гадна шилдэг 10-т Б.Ерэнтэй ах, С.Гандөл гээд цөөнгүй сэтгүүлч байнга шалгарч ирснээс харахад Эрүүл сэтгүүл зүйн төлөө гэх уриатай “Үндэсний шуудан” сонин бол яах аргагүй уран бүтээлч, эрэл хайгуулч, сэтгүүлчид сэтгэх эрх чөлөө олгодог газар мөн. Боломжийг ашиглаад хамт олондоо 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Зарим уншигч “Залуу сэтгүүлчид даацтай, далайцтай нийтлэл, материал бэлтгэхгүй байна” гэсэн шүүмжлэл хэлдэг. Ийм шүүмжлэл сонсоход ямар санагддаг вэ?
-Юм үе үеэрээ л байдаг хойно. Бидний түрүү үед авьяастай, чадвартай, тухайн үедээ уншигчдад хүлээн зөвшөөрөгдсөн олон сайхан сэтгүүлч байсан. Тэд тухай, тухайн цаг үедээ үүргээ нэр төртэй гүйцэтгээд, одоо бүгд ямар нэг редакц удирдаж, өөрсдийн карьераа хөөгөөд амжилттай яваа. Арваадхан жилийн өмнө биднийг сэтгүүл зүйн гал тогоонд орж ирэхэд ид бичиж байсан мундагчуудаас ч цөөхөн нь сэтгүүл зүйдээ үлдсэн байна шүү дээ. Одоо хүссэн хүсээгүй залуусын, 30-аад насныхны үе ирж байна. Бид сэтгүүл зүйг уруудуулж муутгаагүй, өөрсдийнхөө хэмжээндээ үүргээ гүйцэтгэж, өөрсдийнхөө үеийг дааж яваа гэж бодож байна. Миний анзаарснаар бидний үеийнхэн утга зохиол, уянгын нийтлэл гэхээсээ илүү сурвалжилга, баримтыг илүү тодотгодог. Магадгүй уянгын, уйлуулж, догдлуулсан нийтлэл, тэмдэглэлийг биднээс хүсдэг байхыг үгүйсгэхгүй. БАЛДОРЖ шагналын шалгаруулалтыг харахад улирлаас улиралд оролцогчдын нас залуужиж байгаа. Энэ шалгаруулалтын хамгийн сайхан нь, уншигчдын таашаалд нийцсэн сайхан бүтээл бичиж, түүнээсээ өөрөө ханамж авахыг хүссэн, үүнийхээ төлөө хөдөлмөрлөж байгаа залуусыг гарган ирж, нэгтгэн, тэдний хүрээллийг бий болгож чадаж байгаа. БАЛДОРЖ шалгаруулал- тын эхний 20-д орсон залуус нэгнийхээ бүтээлийг харж, уншдаг болчихдог.
-БАЛДОРЖ шагналыг дагаж хүндлэл, хүлээлт, асар том үүрэг хариуцлага ирдэг. Үүнийг дааж явах тухайд?
-Ц.Балдорж гэдэг хүн бол сэтгүүл зүйн акул, орчин үеийн Монголын сэтгүүл зүйн загалмайлсан эцэг. БАЛДОРЖ шагналд шалгарч гарч ирсэн хүмүүс Бал эрхлэгчийн үйл хэргийг үргэлжлүүлэх, эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлэх ачаанаас үүрэлцэх үүрэг хүлээдэг гэж боддог. Энэ нэр хүндтэй шагналыг авсан хүмүүс ямар ч байсан сэтгүүлчийнхээ хувьд худалдагдах, ямар нэг буруу алхам хийх эрхгүй.
БАЛДОРЖ шагналын нэр хүндийг өргөж явах хариуцлага ирж байгаа. Үүнийг дааж явахыг хичээнэ. Гэхдээ Энхмарт ганц хувь. Энэ шагналыг даахын төлөө өөр хүн, өөр сэтгүүлч болж чадахгүй шүү дээ. Өмнө нь юу хийдэг байсан, түүнийгээ л хийнэ. Илүү чанаржуулж, илүү үнэ цэнтэй зүйл хийхийн төлөө явна. Өөрийнхөө хэмжээнд хийж чадах бүхнээ хийнэ гэж бодож байна. Бас эмээж байгаагаа хэлэх хэрэгтэй байх.
-Одоо ийм л юм хийх сэн гэж бодож яваа сэдэв байгаа л биз дээ?
-Байгаль орчны сэдвээс гадна эгэл хүмүүсийн амьдралыг бичиж, хэн бүхний мэддэггүй шинэ ертөнцийг нээхсэн гэж боддог. Эгэл борог амьдрал дунд хэн бүхний мэддэггүй хэрнээ нандин, эрхэмсэг, хүчирхэг хүн олон бий. Тэдний хэрхэн унаж, босож, тэмцэж явааг үзгээрээ зураглаж, уншигчдад хүргэх хүсэл байдаг.