
Хүн хүнтэй яриа өдөж, газар газарт үсэрч очоод, амаа мэдэхгүй чалчиж явдаг түүнийг би эхэндээ ямар хүмүүжилгүй охин бэ гэж бодсон. Ганц би ч биш, аялалд хамт явсан хүн бүр түүнтэй тээршаасан, залхсан маягтай харилцаж байлаа. Зарим нь бүр дургүйцлээ шууд илэрхийлж, хатуу үг хэлсэн. Тэгсэн гээд Хандаа гомдож, туньж, уйтгарлаж гуниглахгүй, бахь байдгаараа, нөгөө л зангаараа бусдын дургүйг хүргэсэн хэвээрээ.
Нэг үдэш оройн хоол болох дөхөж байтал тогооч “Илүү хоол байхгүй” хэмээн зандрах нь сонсогдов. Эрхгүй анхаарал татсан тэдний ярианд чих тавилаа. Ээж, ааваасаа нууцаар зугаалаад буцах төлөвлөгөөтэй ирсэн дөрвөн хүүхэд (18-19 настай хоёр охин, хоёр хүү) машинаа шаварт суулгаад, айл амьтангүй, утасны сүлжээгүй уулын мухарт идэх хоол, дулаан хувцасгүй зутарч байхтай Хандаа таарчээ. Үнэндээ биднээс холгүйхэн машинаа шавраас гаргахаар хагас өдөр ноцолдсон хүүхдүүдийг Хандаа л анзаарч, очиж яриа өдсөн хэрэг. Тэгээд тэдэнд хоол аваачиж өгнө хэмээн амласандаа хүрэх гэж тогоочийн уурыг хүргэжээ. Тэр үдэш Хандаа аягатай хоолоо тэр хүүхдүүдэд аваачиж өгсөн.
Орой түүдгийн дэргэд суухад Хандаа шиг аз жаргалтай хүн байсангүй. Тэнгэр рүү хараад “Мянга мянган одтой зочид буудал” гэж чин сэтгэлээсээ дуу алдаж, нойтон модны нүд хорсгосон гашуун утааг “Ийм сайхан үнэрийг ойрд үнэрлэсэнгүй” хэмээн гүнзгий амьсгална. Хүмүүс уван цуван явсаар Хандаатай нийлээд дөрвүүл үлдлээ. Цөөхүүл үлдсэн тул илүү дотно ярилцах боломж бүрдэв. Хандаа айлын том охин бөгөөд ээж нь багад нь нас барсан аж. Аав нь охиноо насанд хүртэл ганцаар яваад саяхнаас ханьтай болжээ. Аавыгаа гэртээ тааваараа байг гэсэндээ аль болох их хугацааг аялалд зарцуулдаг аж. Хорь дөнгөж гарч яваа тэр охин хоёр дээд сургууль төгссөн, ажлын талбарт хараахан гараагүй ч хаана, ямар албан тушаалд ажиллахаа сэтгэлдээ төсөөлчихсөн яваа тухайгаа хуучилсан.
Гар утсан дахь гэрэл зургийн цомгоос нь Хандааг Монголынхоо үзэсгэлэнт газруудын ихэнхэд очоод үзчихсэн туршлагатай аялагч болохыг мэдэв. Очсон газар бүртээ хуучивтар цэнхэр минчүү тэрлэгээр гоёсон зураг авахуулдгийг нь ажиглаад учрыг асуухад “Ээжийн минь тэрлэг. Олон газарт ээжийнхээ тэрлэгтэй очно” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Тэгэхэд хэчнээн харанхуй байсан ч би Хандаагаас шал өөр хүнийг олж харсан. Ухаантай дүр эсгэсэн хүмүүст тэнэгээрээ дуудуулахаа ч тоодоггүй цайлган Хандаа охин цэл залуугаараа бурхан болсон ээжийнхээ хүрээгүй газарт хүрч, биелүүлж амжаагүй мөрөөдлийг нь гүйцээх хүсэл тээж явдаг аж.
Өөрөө хоосон хоноод хүнд хоолоо өгөх өр нимгэн, тэртээх одноос тав тухыг, гашуун утаанаас ч сайхан үнэрийг мэдэрч чаддаг, талархах сэтгэлтэй, цэнхэр дээлтэй Хандаагаас их зүйл ойлголоо.