
Өдөр тутмын сонины анхдугаар форум энэ сарын 21-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Тус форум “Одоо ба ирээдүй”, Ирээдүй ба сорилт” гэсэн хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих тунхаг бичгийг батламжлах аж. Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Э.Долгионтой ярилцлаа.
-Та Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр томилогдоод жил хүрэхгүй хугацаанд их ажил амжуулжээ. Ямар ч байгууллагын тэргүүн солигдоход байгууллагын дүр төрх өөрчлөгддөг. Тэгвэл Монголын өдөр тутмын сонинуудын холбоонд ямар өөрчлөлт гарав. Холбооныхоо зорилгыг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Өдөр тутмын сонины салбарыг уналтад орж буй гэх буруу ойлголт нийгэмд түгсэн. Мэдээлэл, мэдлэг гэж хоёр янзын ойлголт бий. Мэдээллийг сайт, телевиз, цахим медиа түгээдэг бол үүнийг мэдлэгтэй нийгэм рүү “шахаж” байгаа нь сонин шүү дээ. 2000 оны эхэн үеэр эдийн засгийн хямрал болон цаг үеийн бусад явдлаас хамааран оюунлаг, иргэншилтэй нийгмийг тодорхойлогч хэвлэл мэдээллийн байгууллагууд түр орхигдсон болов уу гэж боддог. Харин одоо бол өөрчлөгдөж байна.
Холбооны хувьд өнгөрсөн хугацаанд багагүй ажил хийлээ. Гадаад харилцааны тал дээр Дэлхийн сонины холбоо, Дэлхийн эдиторуудын форум гэх байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож ажилласан. Энэ оны сүүлчээр, ирэх оны эхээр дэлхийн болон олон улсын шинж чанартай уулзалт, хэлэлцүүлэгт оролцохоор төлөвлөж байгаа. Үр дүнд нь Монгол Улс дэлхийн түвшинд ойртож очих юм. Одоо бол хол байна.
-Сонинг уйтгартай гэж их ярих болж. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Сонин бол уйтгартай биш. Өнгөн талаасаа уйтгартай харагдаж болох ч хамгийн загварлаг, шинэлэг байсаар ирсэн. Технологи, цахим сүлжээ эрчээ авахын хэрээр сонины эрин үе дуусч байгаа мэт хандлага байсаар байна. Харин ч үүнийг эергээр ашиглаж чадвал илүү хөгжих боломж бий.
-Сонин мэдлэг түгээдэг гэж ярилаа. Форумын үеэр өдөр тутмын сонины өгч буй мэдээлэл хэр түвшинд байна вэ гэсэн сэдвээр хэлэлцэх юм билээ. Тэгвэл өнөөдөр сонин мэдээлэл өгөх тал дээр хэрхэн сайжрах хэрэгтэй вэ. Ямар дутагдал байна вэ?
-Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг сайн түгээж байна. Үүнийгээ мэдлэг рүү түлхэх хэрэгтэй.
-Өдөр тутмын сонинуудын форумыг анх удаа зохион байгуулах гэж байна. Үүний зорилго, зорилтыг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Ерөнхийд нь авч үзвэл, энэхүү форумаар цаасан хэвлэлийн тухай ойлголтын зөрүүг арилгах зорилготой. Тухайлбал, “А” гэж бичлээ гэхэд өргөлттэй, бууралттай гэсэн олон ойлголт гарч ирнэ. Үүнийгээ тунхаг бичгээр баталгаажуулж, нэгдсэн хэлбэрт оруулж нэгтгэхээс нааш бидний ойлголтын зөрүү арилахгүй.
Мөн форум сонинуудын улирлын захиалгын үетэй давхцаж байгаа учир захиалга дээр хамгийн том пиар болж чадна гэж бодож байна. Харин нөгөө талаас сониныг хэн ч уншихаа больчихсон гэх ойлголтыг засах юм. Хүмүүс сониноос илүүтэйгээр цахим хэвлэл түргэн шуурхай мэдээллийг түгээдэг гэж ойлгодог. Гэтэл тэр нь угтаа бол “Өнөөдөр”, “Өдрийн сонин”-оос улбаатай агуулга буюу контент яваад байгаа юм шүү дээ. Учир нь сонины редакцийн сэтгүүлчид бүх мэдээллээ нэгтгэн шүүж, хамаг “хий”-г нь гаргаад, хэвлэж байгаа контентыг нь телевиз аваад, тэндээс сошиал руу халдварлаж байгаа гэдгийг ойлгохгүй байгаа юм. Үүнийг хүмүүст ойлгуулахгүйгээр цааш явах боломжгүй.
-Саяхан зохиогдсон телевизүүдийн чуулга уулзалт дээр медиа группгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл дангаар оршин тогтнох боломжгүй хэмээн тодорхойлсон. Тэгвэл өдөр тутмын сонин дангаар оршин тогтнох боломж бий юү?
-Шударгаар хэлэхэд, өдөр тутмын сонин дангаар оршин тогтнох боломж бага. Харин жижиг сонинууд хоорондоо нэгдэж, дундуурыг нь дүүргэж, бие биеэ дэмжиж явбал илүү түргэн хөгжих боломжтой юм.
-Монголын өдөр тутмын сонины зах зээл дэх өрсөлдөөнийг хэрхэн тодорхойлох вэ?
-Улс төрийн нөлөө сонины салбарт их, ил далд ямар нэг хэлбэрээр байсаар ирсэн. Хэрвээ төр тийм мундаг юм бол яагаад төрийн компаниуд өнөөдөр 11 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаад байгаа юм бэ гэдгийг тунгаах хэрэгтэй. Ер нь сонин төрийн нөлөөнөөс хол, 4 дэх засаглалынхаа үүргийг гүйцэтгээд явбал дэлхийн жишигт ойртох боломжтой.
-Өдөр тутмын сонинуудын өрсөлдөөний зарчмыг хэрхэн дүгнэдэг вэ. Тухайлбал, “Засгийн газрын мэдээ”, “Өнөөдөр” сонин хоёр өрсөлдөгчид үү?
-Нэг талаас өрсөлдөгчид мөн хэдий ч би өрсөлдөгчид гэж хардаггүй. “Засгийн газрын мэдээ” сонины хувьд компани, хувийн хэвшлийг дэмждэг, эдийн засгийн мэдээ голлодог. Харин “Өнөөдөр” сонины хувьд илүү өргөн хүрээг хамардаг, монголын хэвлэл мэдээллийн гол тулгуур багана шүү дээ. Өөр өөрсдийн гэсэн баримталдаг зарчим, сегменттэй гэсэн үг.
-Стандартчилал гэдэг ойлголт эрэн сурвалжлах сэтгүүл зүй дээр илүү их ажиглагддаг. Тэгвэл эрэн сурвалжлах сэтгүүл зүйд стандарт хэрэгтэй гэж үздэг үү?
- Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд стандарт хэрэгтэй үгүйг мэдэхгүй юм. Гэхдээ дэмжлэг хэрэгтэй. Миний санахын үе үеийн хамгийн дорвитой, даацтай материалууд сонины редакциас л гарч байсан. Гэтэл сүүлийн үед эрэн сурвалжлах гэхээр нэг тийм сайхан, хялбар аргаар нэр алдарт хүрч болох зам мэтээр ойлгож байгаа нь ажиглагдаж байна. Энэ бол буруу юм.
Стандарт тогтооно гэхээсээ өмнө сонинд ажиллаж буй боловсон хүчинд дэмжлэг хэрэгтэй. Тэднийг чаддаг зүйлээ хийхэд нь хамгийн сайн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн үг. Одоо болох сонины форумаар Хууль зүйт шударга нийгмийн төлөө өдөр тутмын сонинуудын тунхаг бичигт гарын үсэг зурна. Үүгээр бодлогын болоод санхүүгийн шинж чанартай дэмжлэг үзүүлэх шаардлагыг асуудал болгон тавья гэж бодож байна.
-Сонины ёс зүйн кодекс бусад хэвлэлийнхнээс ялгаатай юу?
- Ёс зүйн кодекс байсан, байгаагүй сонин хэзээд ёс зүйтэй байснаараа бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгарч чаддаг.
Өдөр тутмын сонинуудын хамгийн том бахархал бол редакци буюу боловсон хүчин юм. Тэд өөрсдийн гэсэн цензур, шалгуур, үнэт зүйлтэй. Тэгэхээр тунхагт гарын үсэг зурж байгаа нь өмнө нь байсан зүйлийг баталгаажуулж байгаа хэрэг. Хоёрдугаарт, монголын хэвлэл мэдээллийн салбарт тодорхой шалгуурыг тогтоож байгаа шүү гэдгийг зарлан тунхаглаж буй явдал юм.
Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд сонинууд өөрсдийгөө үнэлж сурах ёстой. 1996 онд талх, сонин хоёр яг адилхан үнэтэй байсан. Тэр үед оюуны үнэлгээ, энгийн хэрэглээ хоёр ижил үнэлэмжтэй байлаа. Гэтэл хэрэглээ нь өсөөд, оюуны үнэлэмж буурсан. Хэдийгээр цаг үе өөр болж байгаа ч сониныг талхнаас илүү үнэлэх ёстой.
-Та өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өдөр тутмын сонины эзэлж буй байр суурийг ярилаа. Харин одоо ирээдүйд ямар байгаасай гэж хүсэж байна вэ?
-УИХ-ын чуулганаар Зөрчлийн тухай хууль батлагдах үед Монголын хэвлэл мэдээллүүд эсэргүүцэж, сонинууд нэгдүгээр нүүрээ хараар гаргаж, телевизүүд эфирээ хааж, сайтууд тодорхой хугацаанд мэдээллээ зогсоосон. Өөрөөр хэлбэл, тэр хугацаанд Монгол Улс ямар ч мэдээлэлгүй болсон. Энэ үеэр сонирхолтой зүй тогтол ажиглагдсан.
Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын “гурвалжин” дэлхийн жишгийн дагуу, түүний ноён оргил нь сонин хэвээрээ байгаа юм байна гэдгийг батлан харуулсан.Телевизүүд өглөө бүрийн шуурхай хурал дээрээ сонин уншдаг. Үүний дараа мэдээгээ бэлтгэдэг. Өдөр нь телевиз үзсэн хүмүүс сошиалд мэдээлэл түгээдэг. Хэрэв сонин байхгүй бол энэхүү зүй тогтол алдагдана гэсэн үг.
-Сонин уншдаг хүн байхгүй гэж их ярих болж...
-Сонин уншихаа больсон гэж ярьдаг хүмүүст би нэг л зүйлийг хэлэхийг хүсдэг. Хэрэв сонин хэвлэгдэхээ боливол иргэдийн төлөө явах хүн байхгүй болно гэсэн үг. Сонинд ажилладаг сэтгүүлчид бол жирийн иргэд, өөрөөр хэлбэл эрүүл сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Жирийн иргэд байгаа цагт сонин хэзээ ч устаж алга болохгүй.
-Таныг Монголын өдөр тутмын сонинуудын холбоог тэргүүлнэ гэхэд багагүй шүүмжлэл гарч байсан. Энэхүү хандлага өөрчлөгдсөн үү?
-Сонины салбарынхан анхандаа намайг телевизийн хүн гэж хардаг байсан байх. Гэтэл Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ би гурван жил өдөр тутмын сонин удирдсан байсан. Үүнээс өмнө ч дотоодын болон гадны хэвлэлүүдийг уншигчийн нүдээр харж шимтэж, шүүмжилж байлаа. Салбар хоорондын ялгаа ч бүдгэрсэн байсан. Өөрийнөө таниулдаггүй, ажлаа рекламддаггүй байснаас ийм ярианд орсон байхыг үгүйсгэхгүй. Одоо бол бүгдээрээ харж байна шүү дээ.
Та яагаад өдөр тутмын сонинд ийм хайртай байдаг юм бэ?
-Хүн бүр өглөө болгон кофе уудагтай адил сонин уншдаг болоосой гэж хүсэж байна. Энэ бол миний эрхэм зорилго юм. Ер нь соёлт хүний өглөө сонин уншиж эхэлдэг шүү дээ. Сонин уншдаг, сэтгэдэг, мэдээлэлтэй, мэдлэгтэй хүмүүс илүү амжилттай амьдардаг шүү дээ. Монголчууд ч бүгд тийм байх ёстой.