Номыг чангаар уншвал “уйтгартай” санагдахгүй
Дижитал эриний хүүхдүүдэд ном унших нь яагаад “уйтгартай, залхуутай” мэт санагддагийг Боловсролын ерөнхий газар, “Уншигч” төрийн бус байгууллагаас дараах байдлаар тодорхойлжээ. Эргэн тойронд нь уншдаг, үлгэр жишээ хүн байдаггүй бол ном сонирхолтой гэдгийг тэд мэддэггүй. Уншихыг хүчээр тулган албадах, сонголт хийх боломж өгөхгүй байх, нас, сонирхолд нь нийцээгүй сэдэв, агуулгатай, хэтэрхий “урт” буюу зузаан ном сонгох, дүн авахын төлөө унших ёстой гэсэн өрөөсгөл хандлага зэрэг нь хүүхдүүдийг эл ертөнцөөс холдуулах наад захын шалтгаан болж буй аж. Иймд унших чадварыг хөгжүүлэх стратеги аргачлалуудыг эцэг, эх, асран хамгаалагч, багш, номын санчдад санал болгосон байна.
2026-01-20
Төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг, хандлагыг “оношлох нь”
Төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлагыг тодорхойлох, чадамжийн хэрэгцээнд суурилсан сургалт, хөгжлийн бодлогыг сайжруулах, хүний нөөцийн төлөвлөлтөд ашиглах үндэслэл бүхий мэдээллийг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх зорилгоор “оношлох” судалгааг энэ сарын 23-нд улсын хэмжээнд зохион байгуулах гэж буйгаа Төрийн албаны зөвлөлөөс өчигдөр мэдээллээ.
2026-01-20
Дөрвөн төрлийн аюултай вирус эрсдэл үүсгэж болзошгүй
Олон улсад зорчих хөдөлгөөн ихэссэн, байгалийн халдварт өвчний эрсдэл өндөр хэвээр байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулах боллоо. Тодруулбал, энэ онд дөрвөн төрлийн аюултай вирус эрсдэл үүсгэж болзошгүйг тэд анхааруулсан юм. Сармагчны цэцэг, улаанууд, шувууны томуу, оропуче вирус (шумуул) эдгээр халдвар нь мутацид орж, дэлхийн өөр өөр бүс нутагт хурдан тархаж байгаа нь санаа зовоосон асуудал болсныг эрдэмтэд онцолжээ. Өөрөөр хэлбэл, болзошгүй энэ аюулыг “өвчин Х” гэж нэрлэж буй бөгөөд хэрэв үр дүнтэй эмчилгээ, вакцин цаг тухайд нь бий болгохгүй бол шинэ өвчин дахин дэгдэж, хатуу хязгаарлалт тогтоох эрсдэлтэйг сануулав.
2026-01-20
БНХАУ өнгөрсөн сард түүхэн дээд хэмжээний нүүрс импортолжээ
БНХАУ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 58.6 сая тонн нүүрс импортолсон нь бүх цаг үеийн дээд үзүүлэлт боллоо. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, тус улсын Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсанаар өвлийн улиралд халаалтын эрэлт нэмэгдэж, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор урьдчилан нөөц бүрдүүлэх шаардлага тулгарсан, дотоодын нүүрсний үнэ өссөн зэрэг нь импортын хэмжээ ийнхүү цойлоход нөлөөлсөн гэв. Индонез, Австрали, ОХУ зэрэг гол нийлүүлэгч орны хязгаарлалтаас шалтгаалан арваннэгдүгээр сард импортын хэмжээ буурсны дараах огцом сэргэлт энэ болсныг мөн тодотгосон байна.
2026-01-20
“Туулын хурдны зам”-ын талбайд геодезийн хэмжилт хийж дууслаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтуудын ажлын явц, хэрэгжилтийг хэлэлцлээ. Тухайлбал, Туулын хурдны замын түр барилга, байгууламжийн ажлын гүйцэтгэл 32.4 хувьтай, материалын хангамж, талбайн хайгуул судалгааны хүрээнд хийсэн геодезийн хэмжилт бүрэн дууссаныг холбогдох албаныхан тайлагнав. Инженер геологийн ажлын хүрээнд 40 цооног өрөмдөж, зураг төслийн хүрээнд шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг баталсан байна. Мөн авто зам, гүүрний хоолой, үерийн далангийн нарийвчилсан зураг төслийн ажил 92.9 хувьтай үргэлжилж буй гэв.
2026-01-20
Цусны хавдартай хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийв
Монгол Улсад цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийсэн талаараа эмч нар өчигдөр мэдээллээ. Эл эмчилгээг УНТЭ-ийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, ардын эмч Н.Оюундэлгэрийн санаачилгаар ЭХЭМҮТ, БНТУын “Medical Park” эмнэлэг, мөн ТИКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. 15 настай, М гэх охинд үүдэл эс шилжүүлэн суулгасан байна. Ингэхдээ өөрөөс нь үүдэл эсийг нь ялган авч боловсруулан, хөлдөөгөөд эргэн сэлбэжээ. Тэрбээр таван настайдаа цусны хавдраар оношлогдсон бөгөөд есөн жилийн турш эмчилгээ хийлгэсэн ч өвчин нь удаа дараа сэдэрсэн байна. Харин цусны үүдэл эс шилжүүлэн суулгасны дараа биеийн байдал нь сайжирчээ.
2026-01-20
Өвлийн олимп зохион байгуулах газруудын тоо эрс цөөрч буй гэв
ОУОХ-ны төлөөлөгч К.Штосс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор өвлийн спортын төрөл, тамирчид болон үзэгчдийн тоог цөөрүүлэх, уралдаан тэмцээний товыг наашлуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байгааг онцоллоо. Учир нь олимп дууссанаас хойш хоёр долоо хоногийн дараа эхэлдэг паралимпын наадмын үеэр агаарын хэм нэмэгдэж, дулаардаг тул тэмцээн явуулахад хүндрэл учруулдаг байна. Хэрэв тоглолтуудын хугацааг гурван долоо хоногоор наашлуулбал зохион байгуулах боломжтой газрын тоо хоёр дахин нэмэгдэх боломжтой гэж эрдэмтэд үзэж буй юм.
2026-01-20
Манай орны цэвдгийн хэмжээ хоёр дахин багасав
Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаанаас Монголыг дэлхийн хамгийн их цэвдэгтэй таван орны нэг болохыг онцлов. Гэвч уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр цэвдэгт газар нутгийн хэмжээ эрчимтэй хумигдаж байна. 1970-аад оны судалгаагаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 хувьд нь цэвдэг тархсан байсан бол өдгөө энэ үзүүлэлт 29 хувь болон буурчээ. Өөрөөр хэлбэл, ердөө хагас зуун жилийн дотор цэвдэгт газрын хэмжээ хоёр дахин багассан гэсэн үг.
2026-01-19
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар Дагийраазайн Нямдоржийг сонголоо
Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ийн XIX их хурал өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотноо боллоо. Их хурлаар эвлэлийн ирээдүйн зорилго чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцсэн бөгөөд удирдлагын бүрэлдэхүүнийг буюу Удирдах болон Хяналтын зөвлөлийн дарга, бага хурлын гишүүдийг шинээр томилсноороо онцлогтой. Чуулганд МЗЭ-ийн 360 гишүүн оролцсон бөгөөд тэднийг төлөөлөн ахмад гишүүн, МЗЭ-ийн шагналт Дамбын Цогт-Очир хурлыг нээж үг хэлэв.
2026-01-19
Прокурорын байгууллага 70 хүнийг нөөцдөө бүртгэжээ
Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журамд заасны дагуу прокурорын туслах ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдийн ээлжит сонгон шалгаруулалтыг Улсын ерөнхий прокурорын газраас энэ сарын 10-16-нд зохион байгууллаа. Уг сонгон шалгаруулалтад 421 иргэн бүртгүүлснээс эл журамд заасны дагуу 60 болон түүнээс дээш оноо авч тэнцсэн 70 иргэнийг прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгэхээр болжээ.
2026-01-19
“Улсын их дэлгүүр” нэгж хувьцаанд 21 төгрөгийн ашигтай ажиллажээ
"Улсын их дэлгүүр” (УИД) компани нь 2025 оны санхүүгийн урьдчилсан гүйцэтгэлээр 743.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд 21 төгрөгийн ашиг олсноо тайлагнажээ. Тус компанийн орлогын үндсэн эх үүсвэр нь үл хөдлөх хөрөнгийн түрээс бөгөөд үүнээс 9.4 тэрбумын орлого олж, 8.6 тэрбум төгрөгийг зарлагадсан байна.
2026-01-19
АХБ-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулна
Эдийн засаг, хөгжлийн яамныхан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Азийн газрын захирал Мухаммед Эсан Хан тэргүүтэй төлөөлөгчдийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улс болон АХБ хооронд 2025 онд шинэчилсэн түншлэлийн стратеги нь Засгийн газрын тэргүүлэх зорилтууд болон 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлтэй нийцэж байгааг онцоллоо.
2026-01-19
Г.Билгүүн: Автобусны буудлын бүх дулаан зогсоолыг ажиллуулах чиглэл өгсөн
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны 67 дулаан зогсоол байдаг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт автобусны 24 дулаан зогсоол байгаа бол үүний 19 нь хэвийн ажиллаж, таван зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Баянзүрх дүүргийн хэмжээнд 12 дулаан зогсоол байдаг бөгөөд долоон дулаан зогсоол нь хэвийн ажиллаж байна. Үлдсэн таван зогсоолын эд хогшил хулгайд алдагдсан, зорчигчид цонх, шилийг нь хагалсны улмаас түр хаажээ. Өнөөдөр өглөөнөөс дулаан зогсоолыг засаж, нээж эхэллээ.
2026-01-19