Тоглолт эхэлснийг тунхагласан хонх гурвантаа дуугарч, үзэгчид байраа эзэллээ. Дуурь бүжгийн эрдмийн театрт бямба, ням гариг бүрийн 17.00 цагт яг л ийм үйл явдал болдог. Цагаасаа нэг ч минут хоцролгүй эхэлдэг сонгодог урлагийн тоглолтыг үзэхээр зочид ирэхдээ ч баяртай байдаг юм билээ. Энэ театрын байнгын үзэгчид цагаасаа ядаж л таван минутын өмнө ирэхийг хичээдэг. Учир нь тоглолтын өмнө театрын ханыг гоёсон уран зургуудыг шимтэн үзэж, амтат дарс шимэх гэж тэр шүү дээ. Өнгөрсөн ням гаригийн үдэш театрын тайзнаа Э.Чойдогийн “Чойжид дагина” бүжгэн жү жиг тоглосон юм. Танхимын гадна та лаар балетчин бүсгүйчүүдийн хөрөг болон энэ бүжгэн жүжгийн үйл явдлын хэсгийг харуулсан зургуудыг байрлуулжээ.
ТАМ, ДИВААЖИНГААР ХИЙСЭН АЯЛАЛ
Урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдогийн хөгжим, ардын жүжигчин Б.Жамъяндагвын цомнол “Чойжид дагина” бүжгэн жүжгийг Г.Цолмон гоцлов. Хоёр бүлэг, гурван үзэгдэл бүхий энэ бүжгэн жүжиг Чойжид хэмээх нэгэн бүсгүй өвчиндөө шаналан бурхнаас аврал гуйж буйгаар эхэлдэг. Тэрбээр хэсэг зуур өвчнөө мартан баясан бүжиглэж байснаа гэнэт үхэтхийн унаж насан эцэслэв. Энэ үед түүний хоёр талд Эрлэг Номун хааны элч буюу гоцлооч Х.Мөнгөнхөлөг, цагаан хувцаст бурхны элч О.Ганцоож нар гарч ирэн, сүнсийг нь авч явахаар булаацалдана.
Энэ үед бурхны дүр тайзнаа тодорч Чойжид бүсгүйг дагина болгон хувиргаад тамын орон болон бурхны орноор аялуулахаар болно. Чойжид нүгэл үйлдсэн хүмүүс хэрхэн зовж шаналан байгааг харж, Эрлэг Номун хааны ордонтой танилцаад бурхны оронд ирдэг.
Тэрбээр бурхны оронд бурхад, ДарьЭх, дагинасууд мөргөлийн бүжиг хийж байхыг харах ба буян үйлдсэн хүмүүсийн жаргалант амьдралыг үзэж тэдэнтэй хамтран бүжиглэж жаргал цэнгэлийг мэдэрдэг. Энэ бүхний эцэст бурхад түүнд хүн төрөлхтөнд нүгэл буяны ялгааг ойлгуулан тайлбарлаж өгөх зарлигийг буулгаад эх дэлхийд нь буцаадаг.
ШИЛДЭГ ГОЦЛООЧДОДОО БАЯРЛАЛАА
Чойжид дагинын дүрд ДБЭТ-ын гоцлооч Г.Цолмон бүжиглэснийг дээр дурдсан. Энэ бүжгэн жүжгийн гол дүр болох Чойжидыг 36 настай хэмээн зохиолд бичсэн байгаа нь сонирхолтой санагдав.
Гоцлооч маань ыч энэ жил 36 нас хүрсэн. Нас чацуутныхаа дүрийг бүтээсэн Г.Цолмон балетийн урлагийн төгс төгөлдрийн бүрэн илэрхийлж байсан. Бие жижиг ч бэлчээр нь том гэсэн хэлц байдаг байх аа. Г.Цолмон нийтээр бүжиглэгч буюу кардебалет болон манлайлан бүжиглэгч корифей нартай харьцуулахад тун жижиг биетэй. Гэсэн ч гол дүрийг төгс илэрхийлсэн бүжиглэлт, жүжиглэлтээрээ яалт ч үгүй ялгардаг.
Түүнчлэн энэ удаагийн тоглолтод Эрлэг Номун хааны элчийн дүрд бүжиглэсэн Х.Мөнгөнхөлөгийг онцолмоор байлаа. Тэрбээр ихэвчлэн эсрэг дүр бүтээдэг юм билээ. Өнгөрсөн долоо хоногийн “Бахчисарайн оргилолт булаг” бүжгэн жүжигт ч гэсэн Гирей хааны дүрд бүжиглэж байсан юм.
Энэ удаа тэрбээр духан дундаа нүдтэй, улаан үстэй Эрлэгийн элчийн дүрийг гарамгай бүтээж байв. Тэрбээр Чойжид дагинын туужаас сэдэвлэсэн там, бурхны орны ялгааг харуулсан энэ бүжгэн жүжгийн Эрлэгийн элчийн дүрд гурав дахь жилдээ бүжиглэж буй аж.
“ЭХНИЙ ХЭСЭГТ ХОЁР Ч БҮЖИГЧИН ХӨЛӨӨ ХУГАЛАХ ШАХЛАА”
Хатуу дэгтэй балетийн бүжигчид ч эвгүй гэж хэлж болохоор алдаа гаргадгийг энэ тоглолтын үеэр анх удаа үзлээ. Тоглолтын эхний хэсэгт манлайлан бүжиглэгчдийн нэг нь эвгүй гишгээд бараг л унах шахсан. Тэрбээр тоглолтыг амжилттай үргэлжлүүлсэн хэдий ч бүжгэн жүжиг дууссаны дараа тайзны ард гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багш “Эхний хэсэгт хоёр ч бүжигчин хөлөө хугалах шахлаа” гэж хэлж байсныг сонсоод алдаа нэгээр дуусаагүйг мэдсэн юм.

ОНЦЛОГТОЙ ТАЙЗНЫ ЗӨВЛӨХ НЬ ЛАМ
Бурхан болон тамын орны тухай өгүүлэх энэ бүжгэн жүжгийн тайз засалд бурхны дүр зураг нэлээд бий.
Тайзны ерөнхий зураачаар Г.Ганбаатар ажиллаж, ардын зураач Ч.Гунгаасүх болон н.Түмэндэмбэрэл лам нар зөвлөхөөр оролцсон аж. Тамын орныг газар дор буйгаар дүрсэлж, тайзны дээрээс том жаднууд унжуулсан байсан бол бурхны орныг дүрсэлсэн тайз бүхэлдээ шар өнгөөр гэрэлтэж байгаа мэт харагдаж байсан юм. Мөн энэ балетийн хувцас их онцлогтой байв.
Тамын элч нар улаан, хар өнгөөр жигдэрсэн бол бурхны элч нарыг алтан шаргал өнгөөр хувцаслажээ. Түүнчлэн диваажинд гараа хавсран залбирдаг бол тамд гаруу зөрүүлэн ёсолдог байдлаар харуулсан байв.
ААВ НЬ ДАСГАЛЖУУЛАГЧ БАГШААР, ОХИН НЬ ГОЦЛООЧООР ОРОЛЦЖЭЭ
Энэ бүжгийн ерөнхий балетмейстер нь Төрийн шагналт ардын жүжигчин Б.Жамъяндагва. Харин дасгалжуулагч багшаар ардын жү- жигчин О.Ганбаатар, гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг нар ажилласан аж. О.Ганбаатар бол гоцлооч Г.Цолмоны аав гэдгийг сонгодог урлагт шимтдэг уншигчид мэдэх биз ээ.
Г.Цолмон нэгэн ярилцлагадаа “Аав маань намайг багш дээрээ л оч гэдэг юм. Сургууль төгсөж ирээд л Гэрэлээ багш дээрээ ирсэн” хэмээсэн байсан. Тэгэхээр тэрбээр энэ удаа аав болон багшийнхаа аль алиных нь зөвлөгөөг авч бүжиглэсэн бололтой. Дуурь бүжгийн эрдмийн театрын баялаг сан хөмрөгт Э.Чойдогийн “Чойжид дагина” 2005 оны аравдугаар сарын 29-нд бүл нэмсэн юм. Энэ бүжгэн жүжгийг удирдаач Б.Баярбаатар дохиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү зөвлөхөөр ажилласан аж.
Тоглолтын дараа өлгүүрийн хажууд хэдэн залуусын “Балет үзэх гоё юм байна шүү дээ. Дараа хэдүүлээ дуурь үзье тэгэх үү” хэмээн ярилцаж байв. Тоглолт бүр ийм гүн сэтгэгдэл төрүүлдэг болохоор нь сонгодог урлаг гэж онцолсон биз ээ. Балет үзчихээд гэртээ харихдаа цас дуугарган гишгэлэх хөл минь хүртэл хөнгөрсөн байхыг мэдэрсэн шүү. Ирэх долоо хоногт ямар балет тоглох бол оо?
С.Сэргэлэн