Төв Азийн бүсэд амьдарч байсан нүүдэлчдийн, тэр дундаа нүүдэлчин монголчуудын олон зууны тэртээгээс өвлүүлэн өнөөд хүргэсэн хөгжмийн зэмсэг бол морин хуур. Морин хуургүйгээр монгол хүнийг, нүүдэлчний ахуй соёлыг төсөөлөхийн аргагүй. Тийм ч учраас ЮНЕСКО-гийн соёлын үнэт өвөөр бүртгэн авсан.
Морин хуур хэрхэн үүссэн тухай олон домог байдаг. “Хайртай морио үхэхэд маш ихээр харамссан хөхөө Намжил мориныхоо дэл сүүлнээс авч хөгжим урласан нь морин хуурын эхлэл байсан” хэмээн ам дамжин ярьсаар өнөө хүрчээ. Эртний түүх сударт Хүннүгийн үеийн “хун хуур” гэж бичсэн байдаг.
Улмаар шанаган хуур, матар хуур, арслан хуур, луу хуур, морин хуур гэх мэтчилэн хувирч өөрчлөгдсөөр өнөөдрийг хүрчээ. Эхлээд морин хуурыг айргийн хутгууртай төстэйгээр сийлэн хийдэг байжээ.
Морин хуурын чавхдасыг зөвхөн адууны дэл, сүүлний сор болсон урт хялгасаар татаж хийдэг бөгөөд үүнд л уг хөгжмийн зэмсгийн дууны өвөрмөц өнгө аяс оршдог. XIX-XX зууны үед Богдын Шар хуурч гэж алдаршсан төрийн их хуурч Дамдин-Очир болон Д.Түдэв, С.Түвдэн, Б.Алтангэрэл нарын хуурч байсан бол XX зууны хамгийн алдартай хуурч нь Гомбодоржийн Жамъян гуай юм.
Түүнчлэн өдгөө манайд Морин хуурын чуулга болон Үндэсний хөгжмийн их найрал үйл ажиллагаагаа явуулж, олон улсад үндэсний урлагаа сурталчилж байгаа.