Дэлхийн бүслүүр 40 мянган км байдаг бол Амайгийн үүргэвчтэй аялал шулуунаар бодоход 55 мянган км болжээ. Аавынх нь өгсөн “Атлас мира” хэмээх дэлхийн газрын зурагтай ном түүнийг дэлхийгээр тойрон аялах их хүсэлд эргэж буцахгүйгээр хөтөлсөн гэдэг. 69 орноор аялахдаа дөрвөн жил, зургаан сар зарцуулсан тэрбээр өөрийгөө дэлхийг тойрсон гэж онгирч ярихыг хүссэнгүй.
Тэрбээр “Бадарчлах аялал үүгээр дуусаагүй. Очиж үзээгүй олон газар үлдсэн. Àÿëàë áîë ìèíèé ÿðèõ äóðòàé ñýäýâ. Амтыг нь мэдэрчихсэн болохоор цаашид үргэлжлүүлнэ гэж боддог. Би нэг нууц хэлье, Монгол орон хамгийн сайхан нь шүү” хэмээн ярьсан юм.
Түүний жинхэнэ нэрийг Ж.Золбаяр гэдэг. Айлын дунд хүү. Уран бүтээлийнхээ Амай хэмээх нэрээр олонд танил болсон. Биднийг зочлоход ширээн дээр нь түүний бичсэн “Монгол бадарчин гайхамшигт ертөнц” хэмээх ном хэвлэлтэд шилжихэд хэдийнэ бэлэн болсон байлаа.
Хотын залуу гэхэд дэндүү даруухан, эд хөрөнгөөс илүү эрдмийг эрхэм баянд тооцдог нээлттэй, нөхөрсөг зантай Амайгийн гэрт зочиллоо.
-Эх орондоо ирсэн тэр дуулианаас хойш Та нам жим амьдарч байх шив. Амай хаана, юу хийж амжуулж яваа бол гээд залуус битүүхэндээ чих тавьдаг юм билээ?
-Эх орондоо хөл тавиад дөрвөн сар болжээ. Эхний хоёр сарыг амьдарч буй орчиндоо дасан зохицож өнгөрүүллээ. Дөрвөн жилийн турш байнгын хөдөлгөөнтэй байсан болохоор тогтвортой нэг газар удаан суурьшихаар бие болоод сэтгэлзүйн хувьд тодорхой хэмжээний бэрхшээл гардаг юм байна.
Одоогоор “Монгол бадарчин гайхамшигт ертөнц” хэмээх номоо хэвлүүлэх ажилдаа анхаарч байгаа. Монголын түүхэнд сонирхолтой зүйл өгүүлсэн содон бүтээл болох байх аа. Зөвхөн өнөөдрийн хүмүүст зориулж бус хэдэн жилийн дараа, магадгүй хэдэн зууны дараа ч сонирхож уншихаар ном бичихээр зорилоо.
-Ном чинь содон нэртэй юм. Гайхамшигт ертөнцөд юун тухай өгүүлэв?
-Хүний нутагт бадарчилж аялсан дөрвөн жил бага хугацаа биш. Надтай өдөр бүр шинэ зүйл тохиолддог байлаа. Олон оронд хөл тавьж, онцлог байдалд нь тохируулан амьдарч, зовлон жаргал, баяр гуниг гээд өөрийн мэдэрсэн бүхнээ бичихэд наад зах нь есөн боть ном болох юм билээ. Энэ бүтээлийнхээ араас үргэлжлэл болгож, найман цуврал ном бичих бодол бий.
Харийн нутагт аялахаар хөл тавьсан анхны өдөр, тэр үед төрж байсан бодол, блогоор минь зочилсон хүмүүсийн сэтгэгдлийг нэгтгэж эхний бүлэгт хэвлүүлнэ. Уншигчид, тэдний найз нөхөд, үр хүүхэд нь хэзээ ч, хэдийд ч нээж уншихад сонирхлыг нь үргэлж татдаг бүтээл байгаасай гэж бодож, өнгөрсөн зун номоо бичиж завгүй өнгөрүүллээ. Найзуудаас минь ном худалдаж авах захиалга ирсэн.
Хүүхдүүддээ хадгалж байгаад уншуулах тухай хоорондоо ярилцаж байна лээ. Аялах хугацаандаа би олон адал явдал, зориг, тэвчээр шаардсан бэрхшээлүүдтэй учирсан. Тэмдэглэл болгон аяллын минь тодорхой нэг хэсгийг илэрхийлж байгаа.
-Ойрын хугацаанд ямар ажил амжуулах вэ?
-Найзуудтайгаа хамтраад “Соёлын хөтөч” гэдэг төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Монголдоо ирээд залуусын амьдралыг нэлээд ажиглалаа. Манай залууст хийж байгаа зүйл алга. Чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа газар нь баар, диско болсон байна.
Залуусаа муулж байгаа юм биш шүү, би. Хамгийн гол нь завтай цагаа зөв боловсон өнгөрүүлж сурах хэрэгтэй. Бид ярих бус хийх цаг хэдийнэ иржээ. Тэгэхээр амьдралыг нь сонирхолтой, өрнүүн байлгах зорилгоор кино клуб, шатрын клуб нээн, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд нь зориулсан байгууллагуудыг нэгтгэж, мэдээллийн төвтэй болгон, соёлжуулах ажилд уриалж байгаа.
-Дөрвөн жилийн дараа ирэхэд Монгол маань хөгжиж үү?
-Өмнө нь Улаанбаатарт амьдарч байхдаа хаана юу нэмэгдэж, өөрчлөгдөж байгааг анзаардаггүй байжээ. Өдөр бүр харсаар байгаад нүдэнд дасал болчихсон байж. Дөрвөн жилийн дараа холоос ирсэн хүний нүдээр Монголоо харлаа. Сайн , муу зүйл аль аль нь хөгжжээ.
Энэ тухай би тэмдэглэлдээ бичсэн. Хэдийгээр би гэртээ ирсэн ч аялал минь үргэлжилсээр байгаа. Бид хөгжлийн гарцыг олохын тулд гудамжны буланг бус ямар замаар урагшаа алхах вэ гэдгээ хөндлөнгийн хүний нүдээр харах хэрэгтэй. Өнөөдөр, маргаашийн тухай саарал бодлуудаасаа түр боловч хөндийрч, бидний амьдралын утга учир юу юм гэдгийг мэдрэх хэрэгтэй байна.
-Залуусыг хараад танд ямар бодол төрсөн бэ?
-Манай залуус гутранги үзэлтэй, бухимдуу, уур уцаартай, нэг нэгнийхээ өөдөөс доромжлол хараал, зүхлийн үг шидэлцдэг болжээ. Алжаал тайлах тухтай орчныг хүмүүс үгүйлж байгааг анзаарлаа. Сэтгэл тавгүй үедээ гудамжинд гараад алхах гэхээр аятайхан цэцэрлэг ч Монголд алга. Өдрөөс өдөрт уур бухимдлын ангал руу хүмүүс өөрийн эрхгүй орж байна. Энэ бүхнээс ангижрах гарц бол байгаль. Монголчууд байгалиа хайрлаж хамгаалаагүйгээс амьдралын хүнд хүчрийг нийгмийн бухимдалтай давхар үүрч байна шүү дээ.
-Үнэнийг хэлэхэд гуниг, гутралаа тайлахын тулд залуучууд хатуу дарстай нөхөрлөж байна шүү дээ?
-Үүнийг учиргүй буруутгахгүй ээ. Энэ бол дэлхийн ямар ч улсад байдаг жишиг. Сархадыг муухай гэж муулах бус гагцхүү нийгмээрээ хэрхэн хэрэглэж байна вэ гэдгийг судлаад, яаж зөв хэрэглүүлэх вэ гэдгийг ярих нь чухал. Би нөхөдтэйгээ залуусыг чөлөөт цагаа зөв өнгөрүүлээсэй гэсэндээ club 21.mn гэсэн сайт нээсэн. Улаанбаатарт кино өдрүүдийн нээлт, уулзалт, хүлээн авалт гээд олон арга хэмжээ зохиогдоход тодорхой хүрээний, эсвэл танил талын гээд цөөн тооны хүмүүс очиж байна.
Бид хүрэх ёстой хүнд нь хүрэх гарцыг холбосон сүлжээг бий болгохоор зорьж байгаа. Тухайлбал, ном сонирхож уншдаг хүмүүс уулзаад, уншсан номынхоо тухай ярилцах, эсвэл кинонд дурлагсад нийлж суугаад дуртай киногоо сонгож үзэх, аялах сонирхолтой хүмүүс аяллаа хааш нь үргэлжлүүлэхээ төлөвлөх тухтай орчныг бүрдүүлэхийг хичээж байна.
-Блогоо үргэжлүүлж бичив үү?
-Түр хугацаагаар блогоо зогсоосон. Аялаад ирснийг минь зарим хүн таагүй хүлээж авч байгаа нь анзаарагдсан. Хааяа архи уучихаад, агсам тавьж, хараалын үгс шидэж байгаа хүнтэй таарах л юм. Саяхан найзуудтайгаа нэг газарт сууж байтал согтуу залуу ирээд “Манай эхнэрийн визийг чи авч өгөх ёстой” гээд бараг зодох шахав. Түүний төлөө амьдраагүй байхад ямарваа нэг зүйлийг надаас нэхэх эрхтэй гэдэг бодол тээж явааг тэр залуугаас сонсоод их гайхсан. Надаас нэхсэн зүйлийн шалтгааныг нь би дараа ойлгосон л доо. Амай олны хүндэтгэлийг хүлээсэн учраас ард түмний төлөө ажиллах ёстой гэдэг ойлголттой хүн олон байдаг юм билээ.
-Үсээ яагаад тайруулсан юм бэ. Өдөр бүр арчлах тээртэй санагдсан уу. Өөрт тань сайхан зохиж байсан юм биш үү?
-Би орчиндоо дасан зохицож, амьдралынхаа хэв маягт шилжсэн үедээ үсээ богиносгосон. Даяаршлын ертөнцөөр аялж явахдаа Монголоороо содон байх тусам надад боломж олдож байна гэдгийг ойлгосон. Хэрвээ саарал орчинтой адилхан болчихвол олон мянган хүний дунд би хэн ч биш болчихно. Тийм болохоор хаана ч үндэснийхээ өвөрмөц онцлогийг өөртөө шингээж явсан.
Африкын орнууд манайх шиг усны нөөцтэй биш. Халуунд хөлрөөд, дээр нь урт үсээ арчилна гэдэг нэг бодлын хэцүү санагддаг байлаа. Зарим үед гурван литр усаар усанд орох тохиолдол ч гарна. Тэр үед ус ямар их үнэ, цэнэтэй зүйл вэ гэдгийг сайн ойлгосон. Миний бадарчлах аялал үүгээр дуусахгүй. Очиж үзээгүй олон газар үлдсэн. Тэгэхээр Амайн үс дахиад л ургана гэсэн үг.
-Монголд ирээд ямар зүйлд хурдан дасав?
-Мэдээлэлд. Аялж байх хугацаанд хүмүүс надад хэрэгтэй мэдээллийг хүргэж байсан. Ерөөсөөө надад огт хэрэггүй мэдээлэл гэж байгаагүй юм чинь. Нэг зүйлийг сонирхуулж яримаар санагдлаа. Социализмын үед олон зүйл хаалттай, хяналттай байсан гэж хүмүүс ярьдаг.
Хэдий тийм ч гэлээ бухимдал, стресс өнөөгийнх шиг байгаагүй. Хяналт өндөртэй тул иргэддээ ямар мэдээлэл хүргэх вэ гэдгийг сайн мэддэг байж. Монголдоо ирсэн эхний өдрөөс хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл хүмүүсийг ядрааж байгааг анзаарсан. Гудамжинд явж байхад хүмүүсийн хов жив, хараалыг сонсох надад таатай санагддаггүй. Хүн өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч, хэрэгцээгүйг нь сонсохгүй, мэдэхгүй байвал зүгээр юм гэж хүртэл бодож байсан шүү.
-Нэг үеэ бодвол одоо хоол ундандаа дассан биз дээ?
-Эхэндээ махан хоол хүнддээд, идэж чаддаггүй байлаа. Боловсруулах гэж их энерги, хүч зарцуулдаг. Бууз, хуушуур идсэн үед тархины үйл ажиллагаа өмнөх шигээ хурдан биш, биеийн хөдөлгөөн удааширч, нойрмог, нозоорсон байдалтай болж байгаагаа анзаарсан.
-Хотын залууд үндэснийхээ хувцсаар гоёх бодол төрж байна уу?
-Эх орондоо ирсэн цагаас үндэснийхээ хувцсыг эрхэмлэх болсон. Өмнө нь өмсөөд явахаасаа хүртэл ичдэг байлаа шүү дээ. Одоо бол хэн нэгэн намайг зөв буруу хэлэх нь юу билээ, би Монгол хүн байж эх орондоо байгаагаасаа ичдэг нь юу билээ гэж бодох болсон. Баяр ёслолын үед монгол хувцсаараа гоёх дуртай. Монгол хувцас өдөр бүр өмсөх хувцас биш л дээ.
Гэхдээ ажиллах орчинд нь тохируулаад, өдөр тутмын хувцас болгох тал дээр монголын дизайнерүүд анхаарлаа хандуулна гэдэгт найддаг.
-Аав, ээж тань хүүгээ дөрвөн жил санаж, хүлээсэн. Монголдоо ирэх болсныг чинь сонсоод магнай нь тэнийсэн байх даа?
-Тийм ээ. Би аав, ээжийгээ их хүлээлгэсэн. Миний аялсан газрууд дардан байгаагүй. Дайн болж байгаа газраас гэр рүүгээ ярьж байсан тохиолдол ч бий. Ардхан талд минь бөмбөг унаад, дэлбэрч байгаа чимээг аав минь сонсоод санаа нь их зовдог байсан гэдэг. Дөрвөн жил хээрээр гэр хийж, нүүдлийн амьдралаар амьдарсан. Найз нөхөдгүй, ганцаараа бэтгэрнэ гэдгийг би их мэдэрсэн. Блог дээрээ өөрийн мэдэрсэн, ойлгосон зүйлүүдээ бичдэг байсан маань намайг ганцаардлаас аварсан.
Блогоор зочилсон хүмүүсийн сэтгэгдлийг уншаад, тэдэнтэй ярилцсан мэт санагддаг байлаа. Би одоо аав ээжтэйгээ байгаа болохоор халуун дулаан уур амьсгал, аз жаргал, эрх чөлөөг илүү мэдэрч байна. Аав маань насаараа эрдмийн мөр хөөсөн. Их сургуульд багшилдаг, профессор цолтой Ц.Жамбалсүрэн гэж сайхан хүн бий. Одоогоор миний номын ажилд тусалж, хэл найруулгыг нь редакторлаж байгаа.
-Таныг аялсан газруудынхаа өвөрмөц онцлогийг харуулсан зургуудыг гэртээ өлгөсөн байх гэж бодож байлаа?
-Үгүй ээ. Явсан газруудынхаа зургийг ханаараа дүүргэж наая гэсэн бодлоо гэртээ ирээд орхисон. Хэрвээ аяллынхаа зургуудыг тавьчихвал хуучны дурсамжууд бодогдож, нүдэнд минь харагдаад, бодит амьдралаас тусгаарлах юм шиг санагдсан. Одоо би ирээдүйн сайн сайхныг мөрөөдөх болсон.
-Таны мэдэрснээр амьдралыг юу утга учиртай болгодог юм бэ?
-Амьдралыг утга учиртай болгодог зүйл их энгийн. Амьдралаас мэдэрсэн таны хамгийн гоё мэдрэмж юм шүү дээ. Номныхоо сүүлийн хуудсанд “Хүний эдлэсэн зүйлээс бус, мэдэрсэн зүйлээс амьдралын утга учир хамаарна” гэж бичсэн. Аливаа зүйлийг мэдэрнэ гэдэг гайхамшиг. Хамгийн гол нь хүн өөрийнхөө мэдрэмжийг хөгжүүлэх хэрэгтэй. Би хүмүүст “Амьддаа газар үзэж, нүд тайлах хэрэгтэй” гэж хэлдэг.
-Монголоо санаад уйлсан удаа бий юу?
-Байлгүй яах вэ. Би ганц ч нулимс дуслуулахгүй юм шүү гэж өөртөө зоригтой хэлээд Монголоос явсан. Гэхдээ амласан амлалтадаа хүрч чадаагүй ээ. Хүний нутагт эх орон, аав ээжээсээ хол бадарчилж амьдарна гэдэг амаргүй. Египетэд хөл тавиад анх уйлж билээ.
Миний аяллын 18 дахь орон байлаа. Хордлого авчихаад буудлынхаа өрөөнд хоёр хоног хоол идэлгүй өвдөж, шаналж байхад өөрийн эрхгүй эх орон бодогдсон. Хэрвээ Монголд байсан бол өлсөж , цангаж байгаагаа хэн нэгэнд хэлэхэд хоол авчраад өгчихнө шүү дээ. Гэтэл хэлийг нь мэдэхгүй газар ганцаараа байгаа надад сүүдрээс минь өөр хэн туслах вэ дээ. Би өвдөхийн, бас өлсөхийн зовлонг үзсэн.
-Танд хамгийн сайхан дурсамж үлдээсэн орон?
-Байхгүй ээ. Өчигдөр газрын зураг харж суухдаа ямар ч орон надад сайхан дурсамж үлдээж чадаагүйг мэдсэн.
-Яагаад?
-Танихгүй хүмүүсийн орчинд амьдарч, хоолыг нь идэн, ямар хөгжим сонсдогийг нь мэдэрсэн учраас. Телевизээр олон улсын мэдээлэл үзэж байхдаа аялсан орныхоо нэрийг сонсоод л тэнд юу хйиж явснаа дурсдаг.. 69 орноор аялахдаа ертөнцийн гайхамшиг гэж юу байдаг юм бэ гэж хайж явсан асуултынхаа хариуг олж чадсан.
-Хариулт нь тэгээд юу юм бэ?
-Үүнийг ганц өгүүлбэрээр хэлэхэд багадна. Тухайлбал, хөгжил, соёл, хүн төрөлхтөн, өвчин, ганцаардал гэж юу юм гэдгийн хариултыг олж авах арга барилыг олсон. Энэ л миний хайсан зам, өөрийн минь олж харсан гарц байсан.
-Явсан орныхоо ард түмэнтэй ойлголцохын тулд хэлний бэрхшээл гардаг байсан биз?
-Очсон орныхоо хүмүүстэй голдуу англи хэлээр ярилцдаг байлаа. Явсан улс болгоныхоо хэлээр ойр зуурын зүйл яриад, хаана юу болох гэж байгааг ойлгочихдог байсан. Тухайлбал, Араб, Серби хүмүүсийн ярианаас аюул ойрхон байгааг гадарладаг байлаа.
-Та хэдэн нас хүрч байна вэ?
-31 настай.
-Гэр бүлийн амьдралд хөл тавих насанд хэдийнэ хүрсэн байна?
-Би энэ талаар маш их анхаарч байгаа. Гэр бүлийн амьдрал зохионо гэдэг чухал сэдэв шүү.
-Найз бүсгүйтэй гэл үү. Гэрлэхээр төлөвлөчихсөн биз дээ?
-Тийм ээ, найз бүсгүйтэй. Гэрлэх асуудлыг төлөвлөчихсөн. Уучлаарай, хувийн амьдралаа энэ удаа өөртөө үлдээе. Надад нээлттэй сэтгэдэг, ямарваа зүйлийг тал бүрээс нь хараад, гарцыг нь олж чаддаг хүн сонирхолтой санагддаг.
-Охид, бүсгүйчүүд уулзаж, ярилцах санал тавьдаг уу?
-Үнэнийг хэлэхэд энэ асуудал намайг багагүй зовоож байгаа шүү.
-Та хэзээ нэгэн цагт аав болно. Хэдэн хүүхэдтэй болъё гэж боддог вэ?
- Надад Араб хэл сонирхолтой санагддаг. Тэдний “Иншалла” гэдэг үг нь их таалагддаг юм. Орчуулбал “Бурхны ивээлд” гэсэн үг юм билээ. Надаас хүмүүс хувийн амьдралын минь талаар асуухад энэ үгийг хэлэх дуртай.
-Бурхан шүтдэг үү?
-Би тэнгэрист. Хөх тэнгэрээ шүтэж, дээдэлдэг. Хүмүүс тэнгэрийг дээдэлдэг гэхээр бөөгийн шашинтай холбож ойлгоод байдаг. Угтаа бол шашнаас ангид зүйл шүү дээ.
-Сэтгэл тавгүй үедээ дотоод ертөнцтэйгээ ярилцдаг уу?
-Ярилцдаг. Дотоод ертөнц минь намайг ганцаардлаас олон удаа аварсан. Дуртай үедээ ярилцаж, өөрийнхөө алдаа, онооны талаар дүгнэлт хийж суух сайхан санагддаг .
-Амай хэн юм бэ. Үнэнээр нь тодорхойлооч?
-Өөрийгөө даруухан гэж боддог. Ойр дотнын найз нөхөд минь баталж хэлнэ дээ. Ямар ч хүнийг хүндэлж харилцдаг. Ярилцаж байхдаа “Би” гэж цээжээ дэлдэх дургүй. Гудамжаар юм бодоод тайван алхах дуртай. Олны анхаарлыг аль болох татахгүй байхыг хичээдэг.
Энэ нь ч надад эрх чөлөөг олгодог. Аялж явахдаа хүссэн газраа майхнаа бариад, санаа зовох зүйлгүй амьдарч чаддаг байлаа. Монголдоо ирсэн цагаас тэр эрх чөлөө хязгаарлагдаж эхэлсэн. Олны дунд чөлөөтэй явж болохгүй, огт танихгүй хүн ирээд юм гуйх, дуугарахгүй болохоор их зантайг минь гайхаж, элдвээр хэлэх нь нэг бодлын дарамттай шүү.
-Алхаж явснаас машин, гар утсаар ажлаа амжуулаач дээ?
-Монголд машин барина гэдэг хэцүү. Хорин минут алхаад очих газарт цаг гаруй түгжирч, хамаг уураа барж, эрүүл мэндээ хохироодог хүн олон байна. Би өглөө ажил руугаа алхаж очдог. Орой гэртээ мөн л алхаж ирдэг. Надад машинтай болох хүсэл хэзээ ч төрөхгүй байх аа.
-Таныг залуусын дурлаж сонирхдог транс, электро данс хөгжмийн эхлэлийг тавьсан гэдэг юм билээ. Урлагаас хөндийрсөндөө харамсдаг уу?
-Хөгжмийн урлаг руу хуучин шигээ гүн орохгүй. Дөрвөн жил хөгжмөөс хол байсан болохоор сэтгэлгээ минь тэс өөр болсон. Залуустаа одоо өөрийн олж мэдсэн соёлоос түгээж амьдаръя. Урлагийн хүн цаг үеэсээ түрүүлж сэтгэж байж чанартай бүтээл гаргадаг. Бүтээлээрээ хүн төрөлхтнийг дагуулдаг байх хэрэгтэй. Магадгүй бичсэн ном маань өнөөдөр хүмүүст ойлгогдохгүй байж болно. Харин тав, арав, хорин жилийн дараа дахин уншаад тухайн үед өрнөж байсан зүйлүүдийг илүү ойлгох ч юм бил үү.
-Дэлхийг тойрон аялах хүсэлд аавын тань бэлэглэсэн ном хөтөлсөн гэл үү?
-Тийм ээ. Аав ах, бид хоёрт “Атлас мира” нэртэй дэлхийн газрын зурагтай ном бэлэглэсэн юм. Сонирхол татсан их гоё л доо. Тэр ном одоо ОУХДС-д хадгалагдаж байгаа. Би энэ сургуульд суралцаж, дүүргэсэн юм. Миний аялсан аялал мэргэжлээ дээшлүүлсэн нэг алхам байлаа.
-Бид ням гариг гэдгийг мартчихсан бололтой. Таны ажлын өрөөнд орж ирээд л амралтын тухай бодол минь сарничихлаа?
-Сүүлийн үед амралтын өдрөөр өөртөө зав гаргаж, үр дүнтэй өнгөрүүлж байгаа. Найзуудтайгаа салхинд гарч, кино үзэж, аятайхан газар сонирхолтой ярьж өрнүүлж суух дуртай. Номоо хэвлүүлэх хугацаа ойртсон болохоор өнөөдөр амралгүй ажиллаж байна. Амралтын өдөр амрах ёстой гээд юу ч хийлгүй, унтаж өнгөрөөгөөд байвал цаг хугацаа хүлээхгүй. Хааяа завгүй ажиллах сайхан шүү дээ.
-Хүний хүсэл, хязгааргүй гэдэг дээ. Яг одоо юу мөрөөдөж байна вэ?
-Аялахыг.
-Дахиад уу?
-Тийм ээ.Аялал бол миний ярих дуртай сэдэв. Найзуудтайгаа уулзаад явсан орнуудынхаа тухай сонирхуулж ярьдаг. Хүн өөрийн баярыг бусадтай хуваалцах сайхан. Түүнтэй адил аяллаа хүмүүстэй хуваалцах жаргал юм шиг санагддаг. Сүүлийн дөрвөн жил гэртээ төрсөн өдрөө тэмдэглэсэнгүй. Аялах хүсэл эрчүүдийн цусанд байдаг чанар. Монголчуудын “Эр хүний жаргал эзгүй хээр” гэдэг их учиртай үг шүү. Аяллын амтыг нь мэдэрчихсэн болохоор цаашид үргэлжлүүлнэ гэж боддог.
-Хөдөө явж амрав уу?
-Ээж минь Архангай аймгийн Өлзийт сумынх. Өнгөрсөн зун нутгийнх нь сургуулийн 80 жилийн ойн баяр болж байхтай санаандгүй таарсан. Тэндхийн Өгийн нуурын дэргэд хэд хоног амраад ирсэн. Хөдөөгийн цэвэр агаар, айдасгүй тайван орчин, анир чимээгүйд алжаал маань сайхан тайлагдсан.
-Хамгийн сүүлд ямар ном уншив?
-Аялал жуулчлалын тухай өгүүлсэн ном уншлаа. Орон бүрт өөрийн гэсэн өвөрмөц онцлог байдаг. Аялаагүй орныхоо түүх, соёлыг сонирхож унших сайхан санагддаг юм. Аливаа улсад хөл тавихаасаа өмнө ард түмнийх нь ёс заншил, сэтгэлгээ, хөгжлийг нь тодорхой хэмжээгээр судалсан байх шаардлагатай. Номноос гадна интернэтээр аялж, сонирхсон орноо тал бүрээс нь судалдаг.
-Та хүнд итгэдэг үү?
-Итгэдэг. Итгэл даахгүй алдана гэдэг хамаг зүйлээ гээсэнтэй адил. Хүнд итгэх итгэлийн боломж олгох хэрэгтэй. Харин итгэлийг минь алдсан хүнтэй би дахиж нөхөрлөхийг хүсдэггүй.
-Нууцыг чанд хадгалж чадах уу?
-Амай найзуудынхаа нууцыг хэнд ч дэлгэж байгаагүй. Зүйрлэж хэлбэл ямар ч түлхүүр таарахгүй цоож гэсэн үг.
Ням гариг сэтгүүл