“УЛААНБААТАРЫН ҮДЭШ НАМУУХАН, НАМУУХАН
Учирсан хоёрын яриа аядуухан...” гэсэн үгтэй дууг мэдэхгүй хүн үгүй биз. “Улаанбаатарын үдэш” дууны шүлгийг нь соё- лын гавьяат зүтгэлтэн П.Сандуйжав, аяыг хөгж мийн зохиолч Г.Пүрэвдорж зохиожээ. Хөгж мийн зохиолч Г.Пүрэворж 26 жилийн өмнө сургуулиа дүүргэж эх нутагтаа ирээд энэ дууг анх бичсэн. Анхны уран бүтээл нь ийн урт “на салж” буйгаар түүний уран бүтээлийн чанар чансааг хэмжиж болох. “Олон хүнд гайхуулах зүйлгүй, би хөгжмийн зохиолчийн хувьд хүлээсэн үүргээ л биелүүлж явна” хэмээн ярих даруухан эрхэмтэй уншигч та бүхнийг уулзуулъя.
-Удахгүй “Морин хуур” наадам болох гэж байна. Хөгжмийн зохиолч нар тэр дундаа дууны аялгуу зохиодог хүмүүс энэ наадамд бүтээлээ сойдог. Харин таны хувьд...
-Би Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн. Уржнан “Морин хуур” наадамд оролцож хоёрдугаар байрын шагнал хүртсэн. Наадамд зориулж хөгжим зохиогоод байдаггүй л дээ. Нэг жилд хийсэн бүтээснээ тайлагнаж байгаа хэрэг. Одоо ч наадам өргөжиж, төрөл зүйл нь нэмэгдээд сайхан болжээ. Энэ жил оролцоно гэж бодож байсан ч амжсангүй.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай надад нэг үг өгсөн юм. Түүгээр нь том хэлбэрийн хөгжмийн бүтээл гаргасан. Өнгөрсөн жил бүтээлээ дуусгасан ч дуучнаас шалтгаалан олонд хүргэж амжаагүй. Гоцлол дуучин, найрал дуу хөгжимтэй тоглох ёстой юм. Б.Лхагвасүрэн гуайд бүтээлээ сонсгоно гээд амжаагүй л байна. Энэ долоо хоногт багтааж сонсгоно доо.
-Таны урын санд том хэлбэрийн хөгжмийн зохиол хэр олон байдаг вэ?
-Биднийг залуу байхад том хэлбэрийн хөгжмийн бүтээл үнэхээр том байсан юм. Өнөөгийн нөхцөлд бол өөр болж. Тэгээд ч нийт сонсогчийн хүрээнд том хэлбэрийн мэргэжлийн бүтээл хүндэддэг. Надад хөгжмийн том бүтээл бий. Одоо бол дуу, найруулга талдаа ажиллаж байна. -Ихэвчлэн эстрад дуу юу? -Сонсогчдын хамгийн их сонирхдог төрөл бол поп.
-“Улаанбаатарын үдэш” дууны хөгжмийг бичсэн тухайгаа дурсвал...
-Хөгжмийн зохиолч бүрийн ажиллах арга барил өөр. Би ихэвчлэн үгийг нь харж байж зохиодог. Харин “Улаанбаатарын үдэш”-ийн хөгжмийг нь эхлээд бичсэн юм. П.Сандуйжав гуайн сайхан шүлэгтэй хоршоод өдий хүртэл дуулагдаж байна. Төрсөн нутгийнхаа тухай зохиосон дуу минь юм шүү дээ. (инээв)
-Бүтээн туурвих эрч хүчийг юунаас авдаг вэ?
-Өөрийнхөө хийхийг хүссэн бүтээл дээр ажиллах нь ховор юм даа. Хамтарсан болон захиалгын уран бүтээл л хийж байна. Би хүмүүсийн сонсохыг хүсэж байгааг л хийхийг хичээдэг.
-Урлаг үзэгчдээ дагуулах үүрэгтэй гэдэггүй бил үү?
-Үзэгч, сонсогчийг хөтөлж явах бүтээл гэж байна. Сонгодог урлагийг хүмүүст ойлгуулж, хүргэх зорилгоор ч юм уу. Манайхан нийтийн дуу гэж хэлдэг шүү дээ. Нэг үе дуу их хүчтэй байлаа. Тухайн үед би хөгжимчин Дээгийд “Манайд хөгжмөөр тоглосон бүтээл ховор байна” гэж ярьж байсан юм. Тэгээд хийлээр хүмүүсийн сайн мэдэх бүтээлийг хөгжимдөж хүргэсэн нь анхных болсон.
-Рок, поп урлагийнхны тогоо руу өнгийе. Хөгжмийн зохиолчид дуучдад өөрийн бүтээлээ өгөхөөс илүүтэй дуучид захиалж зохиолгодог уу?
-Аль аль нь бий. Нэг хэсэг зохиогоод дуучиндаа өгдөг байсан бол одоо захиалга гүйцэтгэж байна.
-Нэг дууг ямар үнээр зохиох вэ?
-Дуучнаасаа л хамаарна. Нэр хүндтэй, байр сууриа олсон хүн дөнгөж гарч ирж буй залуу дуучин хоёр өөр шүү дээ.
-Та хөгжмийн ямар төрлийг илүү шимтэн сонсдог вэ?
-Бүх төрлийн хөгжимд дуртай. Залуу байхдаа рок хөгжмийг шимтэн сонсдог байсан. Одоо миний насан дээр сонсож болохоор рок хөгжим ч бий.
-Хөгжим таныг юугаараа татсан бэ?
-Хөгжмийн увьдис. Оросын нэг хөгжмийн зохиолч “Хөгжимгүйгээр нэг өдөр байгаад үз дээ” гэж хэлсэн байдаг. Хөгжим бол ус, агаар шиг хэрэгтэй. Энэ тал руу жаахан авьяас байсан учраас уран бүтээлч болсон байх. Аав маань урлагийн хүн биш ч хөгжим их сонсдог байсан нь надад нөлөөлсөн. Дөрвөн настайдаа акордион тоглож байлаа. Нэгэнт ингээд хөгжмийн урлаг руу ойртоод байгаа хүн хаа хүрэх нь тодорхой шүү дээ.
Хөгжмийн сургууль руу л явна. Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд ЗХУ-ын Уралын консерваторид сурсан. С.Гончигсумлаа багш намайг хөгжмийн зохиолч болгож өгсөн. Тухайн үеийн хөгжмийн зохиолчид Монголд төдийгүй дэлхийд байхгүй шилдэг бүтээл туурвиж байсан юм. Өнөөдөр Монголын урлагийн түвшин боломжийн хэмжээнд байгаад, гаднын улс оронд болсон уралдаан тэмцээнд амжилт гаргаж байгаа нь тоглооч хүүхдүүдийн авьяасаас гадна багш нарын боловсролтой холбоотой. Орос школын тусаар нэлээн хэдэн үеийн уран бүтээлчид “төрлөө” шүү дээ.
-Та өөрийнхөө дуунаас дуулах уу?
-Үгүй. 500 граммын дараа бол магадгүй. Билэгжаргал, Б.Шарав гээд ихэнх хөгжмийн зохиолчид өөрийнхөө дууг сайхан дуулчихдаг хөгжмийн зохиолчид байна. Би ч тэдний дэргэд ичмээр золиг доо.
-Саяхан зохиолч, хөгжмийн зохиолчид хамтран холбоо байгуулж эрхээ хамгаалахаар болжээ. Та ер нь зохиогчийн эрхийн асуудлаар ямар бодолтой байдаг вэ?
-Манайд ч уран бүтээлийг маань ашиглаад орлого ашиг олоод байх зүйл бараг байхгүй дээ. Угаасаа хүн ам цөөтэй, зах зээл жижиг болохоор тэр биз.
-Таныг урлагийнхан “Сахал” Пүүжээ л гэх юм. Хэзээ ийм хочтой болчихсон юм бэ?
-“Буян”-гийн Жагаа нэг буянтай ажил хийж хөгжим тоног төхөөрөмж авчирснаар “Хөх тэнгэр” хамтлаг байгуулагдаж байлаа. Тэр хамтлагт байх үеэс сахлаа авахгүй уран бүтээл хийсээр яваад ийм хочтой болсон. Олон Пүрэвдорж байдаг учраас ялгах гэж тэгж дууддаг биз дээ.
-Танай гэр бүлд уран бүтээлийг тань үргэлжлүүлэх хүн бий юү?
-Зарим уран бүтээлчийн хүүхэд сайн уран бүтээлч болдог. Хоёр хүүхдээ урлагийн хүн болгох гэж үзсэн ч болоогүй. Харин үе алгасаж ач нар маань урлагийн авьяастай болох төлөвтэй. Гадаадад байдаг л даа.
-Зав чөлөөтэй үедээ юу хийх дуртай вэ?
-Кино үзэх дуртай.
-Нийгэм болон байгаль экологийн асуудалд хэр их санаа зовнидог вэ?
-Уран бүтээлээрээ л дамжуулж бодлоо илэрхийлж байна. “Цэвэр агаар” төслийн хүрээнд нэг дуу хийсэн. Удахг үй клип нь дэлгэцээр гарах байх. “Чингис хаан” хамтлагийн ахлагч Жагаа, дуучин Отгоо гээд олон уран бүтээлчийн хамтын бүтээл болсон.
-Нэг үе рок, поп урлаг маш хүчтэй байсан. Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Камертон”, “Номин талст” гээд бүгдээрээ тоглолт хийгээд л. Харин одоо нам жим болжээ.
-Цаг үедээ таарсан уран бүтээлүүд гарсаар байгаа.
-Гэхдээ хэтэрхий хөнгөн, хялбар болоод байгаа юм биш үү?
-Хялбар болоод байгаа нь үнэн. Гаднын улс орнуудын жишиг ч иймэрхүү байна. Нэг талаараа өөрчлөлт юм уу даа. Захиалгын дуун дээр ажиллаад хүмүүст нь сонсгохоор “Үгүй ээ арай өөр” гээд нөгөө л хялбар зүйлийг хүсээд байдаг.
-Өдрийн ихэнх цагийг хаана өнгөрүүлдэг вэ?
-Өдрийн 30 хувийг coffee shop-т, 50 хувийг ажил дээрээ, үлдсэн хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Coffee shop-т ч гэсэн зүгээр суухгүй ажлаа хийнэ. Кофе гэж сархдыг орлох сайхан ундаа байна шүү дээ. (Бид “Улаанбаатар” зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах coffee shop-т ярилцсан юм.)
-Та ер нь сархад хэр их сөгнөдөг вэ?
-Тэрний чинь доктор профессор. Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж хэн нэгний дууг онцгойлон сонсохоос илүүтэй таалагдсанаа л сонсохыг хүсдэг. Амандаа дуу аялдаггүй ч сэтгэлд нь үргэлж хөгжим эгшиглэсээр л явдаг нэгэн.
Тэрбээр “Чи надаас улс төрийн талаар асуусангүй шүү дээ” хэмээн хошигнож яриагаа өндөрлөсөн юм. Пүүжээ ах өөрийгөө “Бетховений нам”-ын гишүүн гэж тодорхойлсон шүү.
Ж.Солонго