Бахархал төрүүлэм хүмүүс хорвоод бишгүй олон. Авьяас, ухаанаараа ард түмэндээ үнэлэгдэн алдар хүндийн
оргилд хүрсэн нэгэн байхад өөрийн замналаараа даруухан урагшилж, хүрээлсэн нөхөддөө хүндлэгдэж, үүргээ нэр төртэй биелүүлж яваа хүн ч байх юм. Тэдний нэг нь манай хойморт зочилж буй Ц.Туул гуай. 70 насны босгон дээр ирээд байгаа ч тэрбээр залуусаас дутахгүй цоглог, тун дэгжин харагдах юм. Түүгээр ч зогсохгүй тэт гэврийн хөгшин гэж ажлаас хойш суулгүй дуулж, бүжиглээд урлагийн тогоонд “буцалж” явна. “Ган замчдын алдар” чуулгын ахлагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Туул ирэх сарын 1-нд хүү, ач, зээ нартайгаа хамтран тайлан тоглолт хийх гэж байгаа юм. Түүний ханийг Б.Чулуунцэнд гэдэг.
Гэхдээ энэ нэрийг сонсоод таних хүн ховор ч “Өглөө”, “Тэмцэл” уран сайхны киноны Гүржав гэвэл эртний танил шигээ төсөөлж, “аан” гэж танимхайрах байх. Урлагт хайртай хоёр зүрх нийлж дөрвөн сайхан хүүхэдтэй болсноос ууган хүү Ч.Хатанбаатар нь циркийн алиалагч, бага хүү Ч.Манлайбаатар нь телевизийн найруулагч, уран барималч мэргэжлийг эзэмшжээ. Өдгөө ууган хүү нь “Circus Mongolia Khadgaa” циркийг байгуулж, захирлаар нь ажиллаж байгаа бол бага хүү нь “TV5” телевизийн найруулагч, нэвтрүүлэгчээр ажиллаж байна.
-Таныг тэс өөр мэргэжлээс урлагт урвасан хүн гэх юм.
-Би уран бүтээлч болоод 16- 7 жил болчихлоо. Долдугаар ангиа төгсөөд хөдөлмөрийн гараагаа Дорнод аймгийн хөгжимт драмын театраас эхэлж байлаа. Хоёр жил гаруй жүжигчин, дуучнаар ажиллаж байгаад эх, эцгээ даган хотод ирж, улмаар гэр бүлийнхээ хүнтэй танилцаж, охиноо төрүүлсэн. Тухайн үед амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан урлагийн мэргэжлээр ажиллаагүй. Төмөр замын худалдаанд орж, хожим нь Төмөр замын коллежийн аж ахуйн нярваар ажиллаж байгаад 1991 онд тэтгэвэртээ гарсан. Хэдий өөр мэргэжлээр ажиллаж байсан ч үргэлж л урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй байлаа.
1968 онд Төмөр замын 30 жилийн ойгоор зохион байгуулагдсан урлагийн үзлэгт оролцож, шалгараад 1968- 1970 онд Төмөр замын соёлын ордонд ажилласан. Хөгшин настай ээжийгээ асарч, үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн эх хүн учраас би амьдралын шаардлагаар дахиад л урлагаа орхисон. Гэхдээ 21 жил аж ахуйн эрхлэгч хийхдээ Төмөр замын техникумын дотуур байр, Төмөр замын ТМСийн байрыг шинэчлэн бариулж, Баянбууралын амралтын дэргэд туслах аж ахуй байгуулж ч үзсэн.
Харин тэтгэвэрт гарсныхаа дараа 5-6 жил жижиг бизнес хийж байтал Төмөр замын “Ахмадын өргөө”-ний захирал Жанчив гэж эмэгтэй дуудаж “Урлаг, уран сайханд яв” гэснээс гадна миний найз “үелзүүр” Оюунгэрэл намайг дагуулан энд авчирснаар эргээд урлагт хөл тавьсан даа. Манай Оюунгэрэл Дэлхийн залуучууд, оюутны их наадмын алтан медальтай, мундаг бүжигчин. Ингээд 1998 онд Монголын төмөр замын Ахмадын хорооны дэргэд ахмад уран бүтээлчдийн “Ган замчдын алдар” чуулгыг байгуулаад ажиллаж байна.
-Та урлагийн төлөө залуу насаа зориулж чадаагүй ч хүүхдүүд тань урлагт хөл тавьж амжилттай ажиллаж байна, тийм үү?
-Угаасаа эх, эцэг минь намайг урлагийн хүн болгон төрүүлсэн юм шиг ээ. Харамсалтай нь би тэр замаар явсангүй. Бүр гуравдугаар ангийн сурагч байхдаа нугардаг байлаа. ЦэндАюуш, Доржпалам, Норовсүрэн нарыг ид нугарч байхад, 1955- 1956 онд Хуучин циркийн дугуйланд сурдаг байв. Тэгээд аавыгаа Дорнод аймгийн тоосгоны үйлдвэрийн дарга болж шилжихэд нь гэр бүлээрээ дагаад явсан.
Залуудаа хийж бүтээгээгүйгээ нөхөх гээд энэ чуулгыг байгуулж, нэг, тав, арван жилийн ойг нь тэмдэглээд байна. Хоёр жилийн дараа бид 15 жилийн ойгоо тэмдэглэнэ. Манай чуулгыг Төмөр замын соёлын ордонд ажиллаж байсан ахмад уран бүтээлчид байгуулсан юм. Манай өвгөн бас гай хамшигтай олон авьяастай, ясны урлагийн хүн. Ийм хүний хүүхдүүд урлагт элэгтэй, авьяастай бололгүй яах вэ. -Урлагийн өөр, өөр салбарт уран бүтээлээ туурвидаг юм байна.
-Ууган хүү Хатанбаатарыг зургаахан настай байхад аав нь хөтлөөд МҮЭСТОны дэргэдэх циркийн дугуйланд оруулж, Хишигт багшийн шавь болгосон. Хоёр охин минь ч гэсэн сайхан дуулж, бүжиглэдэг. Бага хүү минь найруулагч, хөт лөгчөөр ажиллаж байна.
-Танай чуулгынхан байнга аялан тоглолт хийдэг гэв үү?
- З а м ы н - Ү ү д э э с Сүхбаатар хүртэлх 1700-1800 км замаар аялж, ахмадууд болон замчдадаа дуу, хуурынхаа дээжийг хүргэдэг. Бид 2004 онд ардын жүжигчин Баярмагнайгийн хамт урд хилээс Улаанбаатар хүртэл нэг ч цэг орхилгүй тоглолт хийж ирсэн. 2005 онд гавьяат жүжигчин Пүрэвдоржтой хамт Замын даргынхаа тушаалаар бүх замчдадаа хүрч, тоглолтоо үзүүлсэн. Мөн 2004 онд Бээжин хотноо болсон Олон улсын ахмадуудын урлагийн их наадамд оролцож байсан зураг хананд өлгөөтэй байна. Энэ наадамд 14 улсын ахмад авьяастнууд ирж оролцож байсан юм. Түүнээс хойш 2003 онд Япон, Сингапур, Сөүлд болсон наадамд оролцож, Япон, Солонгос, ОХУ-д аялан тоглолт хийж байлаа. Монголын төмөр замынхаа ач буянаар бид ийм их анхаарал халамжинд бөмбөрч, эндээ уран бүтээлээ хийж байдаг юм.
-“Ган замчдын алдар” чуулгад хэдээс хэдэн настай уран бүтээлчид байдаг вэ?
- 56-73 настай уран бүтээлчид байна. Бүгдээрээ Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цолтой. Мөн манай Ахмадын өргөөний дэргэд “Ган эгшиглэн” гэж хамтлаг бий. Тэнд мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаагүй ч хүсэл тэмүүллээрээ нэгдсэн бидний үеийнхэн байдаг юм. Тэдний 14 нь соёлын тэргүүний ажилтан цолтой.
-Гуравдугаар сарын 1-нд “Ээждээ өргөх аялгуу” тоглолт хийх гэж байгаа юм байна. Тоглолтод ямар, ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Би нэг шавьтайгаа хамт “Ээждээ өргөх аялгуу” гэдэг тоглолт хийх гээд бэлтгэж байна.
-Шавь гэв үү?
-Тийм ээ, цахилгаанчин мэргэжилтэй бүсгүйг өөрийн шавиа болгож, хамтран уран бүтээлээ хийж явлаа. Одоо миний шавь дуулж, бүжиглэж, хөгжимдөж байна. Миний ээж 90 настайдаа бурхан болсон, харин шавийн ээж 86 настай буурай байна. Тэгэхээр ийм сайхан ээж нартаа зориулахын зэрэгцээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан бүх бүсгүйчүүддээ бэлэг барихаар энэ тоглолтыг хийж байгаа юм. Тоглолтод дэлхийн олон орноор аялан тоглосон миний хүүгийн циркийн уран бүтээлчид оролцохоос гадна зээ охин маань цагаригаар наадахын гайхамшгийг үзүүлж, ач охин маань уран нугарна.
-Хүүхдүүд тань таны уран бүтээлийг их дэмжих юм аа?
-Бүгдээрээ урлагийн сэтгэлгээтэй болохоороо дээд зэргээр дэмждэг шүү.
-Та ханьтайгаа хэрхэн танилцаж байсан бэ?
-Төмөр замын соёлын ордонд манай хүн бүжигчин, би дуучнаар ажилладаг байхдаа та нил цаж 30 жил ха нил сан. Хань минь билиг тан хай авьяастай хүн байсан юм шүү дээ. 15-хан настай гуравдугаар хорооны клубт орж ажиллаад Эстрад концертын товчоо, Улсын төв театр, Дуу бүжгийн чуулга, Драмын театр, Кино үйлдвэр, Төмөр замын соёлын ордон, Хүүхэлдэйн театрт хүртэл ажиллаж байсан. Дуучин, жүжиг чин, уран барималч хүн байлаа.
-Кино үйлдвэрт байх даа “Өглөө”, “Тэмцэл” кинонд тоглосон уу?
-Үгүй ээ, Төмөр замын соёлын ордонд байхдаа буюу 1968 онд нэгдүгээр ангид тоглож, кино нь 1969 онд дэлгэцнээ гарсан юм. Харин хоёрдугаар ангийг нь Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор гаргаж байсан.
-Эрэгтэй хүүхдүүдийг хүмүүжүүлэх амаргүй гэж ярьдаг. Та хөвгүүдээ хэрхэн хүмүүжүүлж байсан бэ?
-Хатуу шаардлагаар дэг журамтай хүн болгосон. Харин манай өвгөн хүүхдүүдээ их эрхлүүлдэг байж билээ.
-Таны амьдралын хамгийн хүнд хэцүү үе нь хэзээ байсан бэ?
-Нэг сайхан эгчийгээ бас хүргэн ахыгаа бурхан болоход хэцүү байлаа. Дараа нь цэл залуухан байхдаа ханиа алдаж, охинтойгоо хоцорч байсан үе хатуу байсан. Гэхдээ би амьдралын хатуу, хөтүүд шантардаггүй. Эх, эцгийн минь олгосон хүмүүжил. Тэрний хүчинд одоо жаргаж байна. Том охин маань хувийн бизнес эрхэлж, бага охин маань гадаад хэлний багшаар ажиллаад, хоёр хүү минь олондоо хүндлэгдээд сайхан байна аа.
Ж.СОЛОНГО