Одоогоос 25 жилийн өмнө “Үнэн” сонины босгыг алхсансан. Олон ах, эгч нар орж гарсан, хэзээ ч хаалттай байдаггүй байх гэмээр хаалгаар орвол сонины нарийн бичгийн дарга нар гэж дөрвөн хүн сууна. Нухацтайгаар үгээ зөөж тавьсан шар хүнийг Р.Чулуун гэх. Хэлж байгаа үг нь цаанаа жинтэй. Илүү дутуу үг яривал ороолдож мэдэхээр. Хожмоо тэр хүнийг Алтайн хөх харчуудын нэг гэдгийг нь сонсоод үг хэл, ааш араншин, хүнийг явуулж байгаа нь арга гүй л тэр нутгийн яггүй эрчүүдийн нэг мөн юм даа гэж бодсон.
Харин зүс царай нь л Алтайнх биш мэт. Хандгайтын цасны баярт оролцоод анхны сурвалжлагаа бариад ортол олон дахин давтсан “цаначин” гэдэг үгийг байхгүй болгочихсон байж билээ. Манийн санаанд оромгүй “зандан хөлөгтнүүд” гэхчлэн тансаг сайхан үгс оруулчихаж. Тэгснээ “За дүү, спортоор бичих санаатай юу” гэв. Би ч халтайтал сараачсан мэдээгээ барьсан чигээрээ “Тийм” гэв. Мань эр олон юм ярьсангүй. “Орой ирээрэй” гээд гэрээ заав. Гэрт нь орвол элдэв гял, цал зүйлгүй хэрнээ хана дүүрэн номтой юм.
Спортын сурвалжлагч больё гэж бодож байгаа бол энэ чиглэлийн ном цуглуулахаас л ажлаа эхэлнэ дээ гээд тэр үеийн спортын бүхий л номын цуглуулгыг үзүүлж билээ. Мань эр надад сэтгүүлч болох цагаан толгойг заасан юм. “За хө, чи архи тааруулж ууна шүү. Цалингийн мөнгөнөөсөө нэг ч төгрөг зарж болохгүй. Тэр бол гэрийн чинь мөнгө. Наргиж цэнгэхдээ хүрвэл сайн бич, шагнал чинь хүрнэ. Сэтгүүлч хүн сонинд гарсан мэдээгээ хүртэл хадгалдаг юм шүү. Дараа хэрэг болно” гэж билээ.
Өөрөө ч надад материалуудаа үзүүлсэн. Хэзээ ийм их материалтай болох бол гээд л үлдсэн дээ. Хожим би түүнийг тухайн үед Монголд бараг ганц гэж хэлж болох “Спортын сурвалжлагч Р.Чулуун” хэмээх зартай нэгэн байсныг мэдсэн юм. Тэр цагт үндэсний бөх, чөлөөт бөх, шатрын спортыг Чулуун ах л нэвт мэддэг байлаа. Тэр байтугай наадам нэг тийм л болно гэдгийг Чулуун ахын бичсэнээр тодорхойлдог байсныг бодоход бас ч үгүй яггүй “бөх” байсан юм шүү.
Цаг хугацаа улиран өнгөрсөөр бид хоёр “Үнэн” гэдэг их айлаас хойш хэд хэдэн сонинд хамт алба хашжээ. Одоо ч гэсэн хаалгаар орж ирэхэд нь хэдэн үг сонсчих санаатай түүнд дөхдөг юм. Саяхан ах маань “Алтайн хөх харчууд” номынхоо тав дахь ботийг барьсаар орж ирлээ. Нэг ботид 14 хүний тухай бичдэг энэ ном уншигчдын танил болжээ. Мань эр хэзээ ч өөрийгөө нас ахилаа гэж ярьдаггүй. Харин ч цаг хугацаа өнгөрөх тусам хүний оюун ухаан задардаг, бас залууждаг гэж хэлэх дуртай. Нээрэн ч тийм бололтой. “Алтайн хөх харчууд” номын таван ботид 70 хүний хөрөг зураастай.
Цаашид хэд хүрэхийг хэн ч мэдэхгүй. Сүүлийн үед хүн хүнийхээ тухай бичихээ больж. Харин Чулуун ах л эрчимтэй бичиж байх шиг байна. Түүний номыг уншаад энэ Чулуун ах барилдсан бол аатай суйлдаг нэгэн байхсан гэж бодогдоно. Тэрбээр Алтайн хөх эрийн яс чанарыг хадгалж, тэр нэгэн цагт “Дүү хүү бичсэн зүйлээ сайн хадгалж бай” гэж захисан нь учиртай байж гэж бодогдоно. Одоо бодоход мань эр олон хүнтэй нүүр тулсан сэтгүүлчийн ажлыг хийж суухдаа алсдаа хэрэг болно гэсэн сонин содон зүйлээ цэвэрхэн “суйлж” байжээ. Басхүү энэ Чулуун ах үйл мэтгэсэн гэхэд муу ч үгүй шаглах байсан даа гэж бахадлаа.
Монгол уран үйлийн арга дотроос хамгийн бат бөх хэрнээ гоёмсог нь шаглаа. Хүн өөрөө цаг хугацааны үргэлжлэл мөн юм бол нэг хэсэг зай орхиод түүнийгээ эргүүлэн дарж, мэтгээд байгаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун ахын бүтээлийг уран шаглаатай зүйрлэж болмоор. “Гишгэсэн мөрөө эргэж хар” гэдэг нь Алтайн хүний нэг шинж юм болов уу.
Б.НАЦАГ