
БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сон Ким Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан БНСУ-ын тусгай төлөөлөгч Но Гю Доктой Сөүлд уулзсан тухай YTN телевиз мэдээллээ. Тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох яриа хэлэлцээг сэргээх, тус бүс нутгийн түгшүүртэй байдлыг намжаах талаар гаргах хамтын хүчин чармайлтаа хэлэлцжээ. “Би Өмнөд Солонгост айлчилж буй нь Умард Солонгостой холбоотой өргөн хүрээний асуудлаар Вашингтон Сөүлтэй нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх шийдвэр төгс байгаагийн нотолгоо юм” гэж Сон Ким уулзалтын эхэнд мэдэгдсэн аж.
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрмөсөн ангижруулах, тус бүс нутагт бат бэх энх тайван байдал тогтооход чиглэсэн хүчин чармайлтад ахиц дэвшил гаргахын тулд уян хатан бөгөөд идэвх санаачилгатай хандлагыг талууд гаргана хэмээн найдаж буйгаа Но Гю Док хариуд нь тэмдэглэв. Энэ уулзалтын дараа Сон Ким Сөүлд айлчилж буй ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Моргуловтой уулзах аж. Америкийн тусгай төлөөлөгч Пёньянтай яриа хэлэлцээгээ сэргээхэд туслахыг Москвад уриалж, Умард Солонгосын эсрэг авах хориг арга хэмжээний сэдвийг хөндөх бололтой.