Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Видео: Солонгос улс руу явах хүсэлтэй иргэд виз мэдүүлэхээр олноор дугаарлажээ

2022-06-09

БНСУ Ковид-19 цар тахлаас үүдэн гадаадаас орж ирэх урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн виз мэдүүлгийг түр хугацаагаар зогсоогоод байсан. Тэгвэл аяллын зорилготой богино хугацааны (С-3) ангиллын визийг 2022 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж, визний мэдүүлэг авч эхэлсэн.  Үүнтэй холбоотойгоор иргэд виз мэдүүлэх дугаар авахаар олноор цугларчээ. Тодруулбал, Солонгос улс руу аяллын виз мэдүүлэхээр өглөөний 7 цагаас хойш оочерлож байгааг иргэд хэлэв.

Харин манай улс аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн. Энэхүү шийдвэр 2022 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжинэ.

Сонирхуулахад, Монгол Улсыг зорих иргэдийн тоогоороо БНХАУ, ОХУ-ын дараа гуравдугаарт ордог, Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.

Гэрэл зургийг: О.Алуунгуа