Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн банкны бүсийн захирлаар Мара К.Уорвикийг томилжээ

Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан буюу бүсийн захирлаар Австралийн иргэн, хатагтай Мара К.Уорвикийг томилжээ. Тэрбээр байгаль орчны инженер мэргэжилтэй бөгөөд Монгол, Хятад, Филиппин, Малайз, Тайланд зэрэг оронд 20 гаруй жил хөгжлийн эдийн засгийн чиглэлээр ажилласан туршлагатай юм байна. Хамгийн сүүлд Танзани, Малави, Замби, Зимбабвийг хариуцсан захирлаар ажиллаж байгаад дээрх албан тушаалд томилогджээ. Мара К.Уорвик нь үерийн менежмент, хот байгуулалт, хотын байгаль орчны үйлчилгээ болон гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн нэгэн гэнэ. Дэлхийн банк нь Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэх, уур амьсгалд тэсвэртэй байдлыг хангахад онцгой анхаарч, цар тахлын дараах эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлж буй юм. Харин Солонгос дахь төлөөлөгчийн газраар дамжуулан хөгжиж буй орнуудын санхүүгийн салбарын менежментийг сайжруулах, ногоон хөгжлийн инновацыг дэмжих, мэдээлэл, харилцаа холбооны технологи нэвтрүүлэхэд анхаарч буй бол Хятадад далайн хуванцар хаягдал болон усны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй хөдөө аж ахуйг хөгжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа аж.