Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

6.4 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолжээ

Манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ энэ оны эхний долоон сард 11.2 орчим тэрбум ам.долларт хүрснийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 1-7 дугаар сард 6.4 тэрбум ам.долларын үнэ бүхий бүтээгдэхүүн экспортлон, 4.7 тэрбум орчим “ногоон”-ыг импортод зарцуулж, гадаад худалдааны тэнцэл 1.7 тэрбумын ашигтай гарчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс экспортын хэмжээ 1.7 тэрбум, импортод зарцуулсан хөрөнгө 924.4 сая ам.доллароор нэмэгдсэн дүн бол бараа эргэлтийн хэмжээ 2.6 тэрбум, гадаад худалдааны тэнцлийн ашиг 798.6 сая “ногоон”- оор өссөн үзүүлэлт болов. Эл хугацаанд экспортолсон бүтээгдэхүүний 84.2 хувийг БНХАУ руу нийлүүлсэн бол импортын барааны 34 хувийг тус улсаас татан авсан байна. Нийт экспортын орлогын 47.9 хувийг чулуун нүүрс, 27.8-ыг нь зэсийн баяжмал, найман хувийг нь боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтнаас бүрдүүлжээ. Харин импортод зарцуулсан хөрөнгийн хамгийн ихийг буюу 19.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 11.2-ыг нь суудлын болон ачааны автомашин, 2.2 хувийг нь эрчим хүч худалдан авахад зарцуулсан аж. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өнгөрсөн баасан гаргийн байдлаар 137 226 тонн газрын тосны бүтээгдэхүүнтэй байсан нь бүх төрлийн шатахууны дунджаар 35 хоногийн нөөц гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өчигдөр мэдээлэв.