Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эрүүл” бизнесийн үзэсгэлэн

2022-09-23

Орхон аймагт үйлдвэрлэл эрхэлдэг “Ора металл” компани “Оюутолгой”-н ханган нийлүүлэгчээр ажилладаг. Тус компани “Оюутолгой”-д тээрмийн бөөрөнцөг нийлүүлж буй. Ингэхдээ хамгийн жижиг буюу 16 мм-ийн диаметртэй ган бөмбөлөг нийлүүлдэг аж. Тэдний бөөрөнцөг өндөр хромт гэдгээрээ онцлогтой. Ийм бөөрөнцөг хатуу байдаг агаад удаан ашиглах боломжтой гэнэ. “Ора металл” компани анх 2004 онд байгуулагджээ. ОХУ, БНХАУ-ын стандартын дагуу ган бөмбөлөг үйлдвэрлэж, “Эрдэнэт үйлдвэр”, “Бороо гоулд” компанид нийлүүлдэг байж. Эдгээр компанитай хамтран ажиллах гэрээ байгуулдаггүй учраас үйл ажиллагаа нь ч, орлого нь ч тогтворгүй байсан гэнэ. Үйл ажиллагаагаа тогтворжуулах зорилгоор “Оюутолгой” компанид тээрмийн бөөрөнцөг нийлүүлэх талаар 2014 оноос судалж эхэлсэн байна. Ингэхэд тэдний үйлдвэрлэлийн стандарт “гологдов”. 

Улмаар тоног төхөөрөмжөө шинэчилж, олон улсын стандартын дагуу тээрмийн бөөрөнцөг үйлдвэрлэж эхэлжээ. “Оюутолгой” компанитай анх 2016 онд гэрээ байгуулж, тээрмийн бөөрөнцөг нийлүүлэх болов. Одоо жилд 3000 тонн тээр мийн бөөрөнцөг нийлүүлж буй гэнэ. Энэ нь “Оюутолгой” компанийн 16 мм-ийн диаметртэй, өндөрт хромт тээрмийн бөөрөнцгийн хэрэгцээг 100 хувь хангах үзүүлэлт аж. Тус компанийн ерөнхий захирал С.Бат-Эрдэнэ “Оюутолгой”-той хамтарч ажилласнаар манай үйлдвэрлэл, санхүүгийн үзүүлэлт 2-3 дахин нэмэгдсэн. Жилд 2-3 тэрбум төгрөгийн татвар төлж байна. Ажлын байр хоёр дахин нэмэгдэж, 150-д хүрсэн. Хоёр жилийн хугацаатай, тогтвортой гэрээ байгуулдаг учраас бизнес төлөвлөгөөгөө хийхэд хялбар байдаг” гэж ярив.

“Оюутолгой”-ынхон ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниуддаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан, байгаль орчинд ээлтэй, ёс зүйг баримталж, авлигаас ангид үйл ажиллагаа явуулах шаардлага тавьдаг. Эл шаардлагыг хэрэгжүүлснээр “Ора металл” компанийн соёл олон улсын түвшинд хүрсэн гэнэ. Тус компани бүтээгдэхүүний чанарын удирдлагын ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны ISO 45001:2018, Монгол Улсын үндэсний MNS 6907:2021 тээрмийн хромоор сайжруулсан, цутгамал ширмэн бөөрөнцгийн техникийн шаардлага стандарт нэвтрүүлжээ. С.Бат-Эрдэнэ захирал “Олон улсын стандартууд нэвтрүүлсэн нь “Оюутолгой” компанитай урт хугацаанд хамтран ажиллах зорилготой холбоотой” гэж онцоллоо. ОХУ-д “Хүдэр нунтаглах оновчтой горимын сонголт, судалгаа” сэдвээр док торын зэрэг хамгаалсан тэрбээр “Оюутолгой”-н шалгуур, шаардлагыг хангаж, хамтран ажиллаж буй компаниудын бизнес “эрүүл” болсон. Үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргээгүй компани “Оюутолгой”-той хамтарч ажиллах боломжгүй” хэмээсэн юм. С.Бат-Эрдэнэтэй манай сурвалжлах багийнхан “Mongolian mining week-2022” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2022”-ын үеэр уулзсан нь энэ. 

“Ора металл” компанийн ерөнхий захирал С.Бат-Эрдэнэ
 

Уг үзэсгэлэнд “Ора металл”-тай адилаар “Оюутолгой”-д бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлдэг 100 гаруй компани оролцож байв. Уур хайн бүтээн байгуулалтад шаардлагатай зуурмаг, бетон хавтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гэх мэт бүтээгдэхүүн нийлүүлэгчид компанийнхаа танилцуулгыг дэлгэжээ. Уурхайчдын хувцас хунар, хоол хүнс нийлүүлэгчид, тэдэнтэй хамтран ажилладаг банк, даатгалын компаниуд ч танилцуулгаа дэлгэсэн байв. Өмнөговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Хасуд бат” компани “Оюутолгой”-д ажлын арьсан бээлий, нурууны хамгаалалтын бүс, гагнуурын иж бүрэн хувцас нийлүүлдэг. Өмнөговь аймагт гараар гутал оёдог байсан Б.Ганбат “Оюутолгой” компанид арьсан бүтээгдэхүүний нийлүүлэх боломжийг “шүүрэн авчээ”. Ингэснээр орон нутагтаа 100 гаруй ажлын байр бий болгон, бизнесээ хөл дээр нь босгон, “Khasud” брэндээ хөгжүүлж байна. Үзэсгэлэнгийн үеэр уулзсан ханган нийлүүлэгч бүр л “Оюутолгой”-той хамтран ажилласнаар бүтээгдэхүүнийх нь чанар, компанийнх нь соёл сайжирсан, ашиг орлого нь өсөж, ажлын байр нь нэмэгдсэн тухай ярьж байв.

“Оюутолгой” компани ханган нийлүүлэгчдийнхээ үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Харин цар тахлаас шалтгаалж гурван жил завсарлажээ. Энэ удаагийн үзэсгэлэн ханган нийлүүлэгчид өөр хоорондоо бараа, бүтээгдэхүүнээ солилцож, хамтарч ажиллах талбар болох зорилготой. Мөн ханган нийлүүлэгчдийнхээ бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг уул уурхайн салбарт ажилладаг бусад компанид танилцуулан зах зээлийг нь тэлэх зорилготой гэнэ. Ерөнхийд нь дүгнэвэл дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болгох алсын зорилгынх нь үргэлжлэл юм байна. “Оюутолгой” компанийн Худалдан авалтын стратегийн менежер Д.Батбаатар “Манай ханган нийлүүлэгчдийг олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаатай гэж ярьж байна. Энэ бол ерөнхий дүгнэж буй хэрэг. Харин олон улсын тэргүүлэх түвшний стандартыг мөрдөж ажилладаг гэвэл зохино” хэмээв. Тэгэхээр бусад компани “Оюутолгой”-н ханган нийлүүлэгчидтэй хамтарч ажиллавал олон улсын тэргүүлэх түвшний стандартад нийцсэн үйлчилгээ авах нь ээ.

Монголын өмнийн говьд дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэх зэс, алтны гүний уурхай байгуулахаар ажиллаж буй “Оюутолгой” компани жилд 800 орчим ханган нийлүүлэгчээс бараа, бүтээгдэхүүн худалдан авдаг аж. Ханган нийлүүлэгчдийн 600 нь үндэсний компани. Тэднийх жилд ойролцоогоор 700 сая ам.долларын худалдан авалт хийж байгаа гэнэ. Ирэх жил гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр худалдан авалтын хэмжээ улам нэмэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл, ханган нийлүүлэгчдийнх нь тоо, бараа, бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Дотоодын ханган нийлүүлэгчдийн 100 нь Өмнөговь аймгийн компани юм байна. Анх Өмнөговь аймгийнхнаас жилд 0.5 сая ам.долларын худалдан авалт хийж байжээ. Тэгвэл 2021 онд 212 сая ам.долларын худалдан авалт хийсэн аж. “Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгчид 40 мянган ажлын байр бий болгосон гэнэ. Д.Батбаатар “Манай компанийн худалдан авалт хийж буй 10 төгрөг бүрийн ес нь дотоодын зах зээлд шингэдэг. Дотоодын зах зээлд зарцуулсан нэг ам.доллар эдийн засгийн үржүүлэгч нөлөөгөөр дөрөв болж үрждэг” гэв.

“Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2022”-ын үеэр “Оюутолгой” компани “Голомт”, “Капитрон”, ХААН, Худалдаа, хөгжлийн банктай “Хангамжийн сүлжээний санхүүжилтийн хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурав. Дээрх банкуудтай эл гэрээг 2016 оноос хойш байгуулж, хамтран ажиллаж байгаа аж. Эл гэрээг байгуулснаар банкууд “Оюутолгой”-н ханган нийлүүлэгчдэд авлага барьцаалсан шимтгэл хураамж, хүү багатай зээл олгодог юм байна. Нийт 927 ханган нийлүүлэгч 2016 оноос хойш 900 гаруй сая ам.долларын зээл авчээ. Хөнгөлөлттэй санхүүжилт авах механизмаар дэмжиж буй нь ч дотоодын ханган нийлүүлэгчдийн сүлжээ бий болгох зорилгынх нь нэг хэсэг юм санж.

“Ора металл” компанийн ерөнхий захирал С.Бат-Эрдэнэ “Оюутолгой” компанид тээрмийн бөөрөнцөг нийлүүлэх гэрээгээ үзүүлээд л дурын банкнаас хүрэлцээтэй хэмжээний зээл авч чаддагаа ярьсан. Тэрбээр “Оюутолгой”-н ханган нийлүүлэгч болохыг хүсвэл олон улсын стандартын дагуу “эрүүл” бизнес хийх хэрэгтэй. Олон улсын стандарт гэдэг бол “тоглоомын дүрэм” нь. “Тоглоомын дүрэм”-ээ ойлгохгүй бол та ялагдана” гэсэн нь Монголын бизнесмэнүүдэд ихийг бодуулах үг байв.