Сонгуулийн үйл явцтай холбоотой байнга хөндөгдөж, өнөөг хүртэл шийдэгдэхгүй ужгирч ирсэн нэг асуудал бол гарааны тэгш бус байдал юм. Өрсөлдөөний гараа тэгш бус байх нь сонгуулийн санхүүжилттэй шууд холбоотой. Санхүүгийн боломж өндөртэй нам, нэр дэвшигчид давамгайлахын зэрэгцээ санал худалдан авах зөрчил гардаг ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна.
Тэрчлэн, эрх баригч намын хувьд төрийн нөөц, эх үүсвэрийг захиран зарцуулах эрх мэдлээ алсын хараатай хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд бус, сонгогчдын санал худалдан авах богино хугацааны зорилгод ашиглах байдал ажиглагдсаар ирснийг мөн дурдах нь зүйтэй. Тухайлбал, 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөв нь 2019 онтой харьцуулахад бараг 500 тэрбум төгрөгөөр өссөн байх ба 2019 оны энэ үзүүлэлтийг 2018 онтой харьцуулахад бараг хоёр дахин огцом өсжээ. Энэ хугацаанд төсвийн алдагдал тасралтгүй нэмэгдсэн байх аж.
Цаашид сонгуульд тэгш өрсөлдөх нөхцөлийг сайжруулахын тулд сонгуулийн зардлыг аль болох бууруулах арга хэмжээ авах, санхүүжилтийн ил тод байдал, хяналтыг нэмэгдүүлэх, эрх баригч хүчний зүгээс төрийн нөөц хөрөнгийг улс төрийн зорилгоор ашиглах байдлыг хянах, сонгуулийн санхүүжилтэд нэр дэвшигчдийн хувийн болон хуулийн этгээдийн хандив аль болох бага, харин сонгогч дэмжигчдийн хандив болон төрийн санхүүжилт аль болох түлхүү хувь эзлэхээр зохицуулах гэх мэт цогц арга хэмжээ нь авах нь зүйтэй.
Ардчилсан сонгуульд өрсөлдөөний тэгш гараа буюу сонгуулийн кампанит ажил явуулах нөхцөл тэнцвэртэй байх нь туйлын чухал юм. Сонгуульд оролцогч талуудын хувьд нэг талаас, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сонгогчдод саадгүй хүрч ажиллах бололцоо нөхцөл бүрдсэн байх ёстой. Нөгөө талаас, мэдээллийн экосистемд аль нэг тал хэт давамгайлахгүй, сонгогч бүх талын тэнцвэртэй мэдээлэл хүлээн авах бололцоо бүрдэх учиртай. Энэ нөхцөлийг хангахын тулд улс орнууд сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах асуудлыг нарийвчлан зохицуулж сонгогчдыг төөрөгдүүлэх мэдээлэл цацагдах, мөнгөтэй талууд хэт давамгайлахаас сэргийлэх, аливаа төлбөртэй мэдээллийн эх сурвалжийн ил тод байдлыг хангах гэх мэт янз бүрийн арга хэмжээг тусгасан байдаг. Европын цөөнгүй оронд сонгуулийн төлбөртэй сурталчилгааг нэг мөр хориглосон нь ч бий. Харин цахим орчинд сонгуулийн сурталчилгааг шударга сонгуулийн зарчимд нийцүүлэн хэрхэн зохицуулах асуудал олон улсад нэлээд маргаан дагуулж буй сэдэв болоод байгаа билээ.
Монгол Улсын Улсын Их Хурал (УИХ)-ын сонгуулийн тухай хуулиар уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах харилцааг нарийвчлан зохицуулж ирсэн байдаг ч цахим орчин ашиглах асуудлыг хангалттай хэмжээнд зохицуулалгүй өдий хүрсэн. Сүүлийн жилүүдэд цахим орчноор мэдээлэл дамжих хурд асар их нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн сонгуулийн үйл явц, үр дүнд тусах нөлөө нь ч тэлж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо тасралтгүй нэмэгдсэн байх ба тухайлбал, 3G хэрэглэгчдийн тоо 2018 онд 2.4 сая байсан бол 2019 онд 3.1 сая болж огцом өсжээ.
Түүнчлэн сошиал медиа буюу нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо байнга өсөх хандлагатай байна. Тухайлбал, Фейсбүүк хэрэглэгчдийн тоо 2020 оны эхний улиралд өмнөх онтой харьцуулахад 10 гаруй хувиар нэмэгдэж 2.2 сая хүрсэн ба Монгол Улсын хүн амын 70 орчим хувь нь Фейсбүүк хэрэглэдэг, үүнээс 2.1 сая буюу 95.4 хувь нь гар утаснаас ханддаг идэвхтэй хэрэглэгч байгаа талаар албан ёсны эх сурвалж мэдээлжээ. Нийгмийн сүлжээний хэрэглээ ийнхүү өсөх нь сонгуулийн сурталчилгаанд давуу болон сул талын аль алиныг бий болгоно. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харьцуулахад сонгуулийн үеэр мэдээллийг хурдан хугацаанд, хямд төсрөөр олон хүмүүст хүргэх давуу талтай тул ялангуяа жижиг намуудын хувьд ашигтай. Түүнчлэн сонгогчдын хувьд нэр дэвшигчидтэй шууд харилцах, хяналт тавих, мэдээлэл авах өргөн бололцоог нээж өгөх сайн талтай. Гэвч нөгөө талаас, сонгуулийн тэгш гарааны нөхцөлд ноцтой нөлөөлж болохоор сул талууд байгаа нь:
Агуулгыг шүүж хянах боломж бага тул сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилготой худал, хуурмаг мэдээлэл хурдацтай тархахаас сэргийлэхэд хүндрэлтэй.
Төлбөртэй мэдээллийн хяналт сул, мөнгөтэй хэсэг нь давуу талаа ашиглаж сонгуулийн үр дүнд нөлөөлөх боломж нээлттэй байх явдал юм.
Дээрх сөрөг нөлөөг арилгах зорилгоор нийгмийн сүлжээний Фейсбүүк, Твиттер зэрэг томоохон платформууд тодорхой журам гарган зохицуулах оролдлогууд хийхийн сацуу сонгууль зохион байгуулж буй зарим улстай харилцан шуурхай арга хэмжээ авч хамтран ажиллаж эхлээд байна. Тухайлбал, Твиттер 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн улс төрийн төлбөртэй сурталчилгааг бүр мөсөн зогсоосон ба гүйцэтгэх захирал Жак Дорс “улс төрийн суртал ухуулга хүнд хүрэх эсэхийг мөнгө бус мэдээлэгчийн өөрийнх нь чансаа, нэр хүнд тодорхойлох ёстой” гэж дурджээ. Фейсбүүкийн хувьд нийгмийн сүлжээгээр тарж буй мэдээллийн агуулгад хэт хяналт, хаалт тавих нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний үндсэн эрхийг зөрчих эрсдэл дагуулах тул ил тод байдлыг хангахад онцгой анхаарах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж ирсэн. Улмаар үүнтэй холбоотой нийгмийн асуудал, сонгууль, улс төрийн холбогдолтой төлбөртэй түгээгдсэн мэдээллийн санг (Ad Library) зарим улс оронд үүсгээд байгаа ба түүнд хэн, хэзээ ямар мэдээллийг, ямар хэмжээний төлбөр төлж нийтэлснийг хайлт хийх боломжтой байдлаар нэгтгэжээ. Ийм мэдээллийн санг УИХ-ын сонгуулийн үеэр Монгол Улсад мөн танилцуулж хэрэгжүүлсэн билээ. Гэвч ач холбогдол нь төдий л ажиглагдаагүй өнгөрсөн нь дотоодын хууль тогтоомжид ил тод байдлын чухал асуудлыг уялдаатай зохицуулалгүй орхисонтой холбоотой.
УИХ-ын 2020 оны сонгуулийн хувьд сонгуулийн сурталчилгаа албан ёсоор 6 дугаар сарын 2-ноос эхэлсэн ба сонгуульд өрсөлдөгч талууд журамд заасны дагуу бүртгэлтэй хаягаараа сурталчилгаа түгээх учиртай. Гэтэл бодит байдал дээр албан бус сурталчилгаа нийгмийн сүлжээнд хуульд заасан хугацаанаас өмнө эхэлдэг нь нууц биш билээ. Үүнд төлбөртэй мэдээлэл нэлээд хувийг эзэлдэг ба сурталчилгаа албан ёсоор эхлэхэд улам эрчимжих хандлагатай байдаг. Түүнчлэн нэр дэвшигчийн өөрийнх нь хуудаснаас гадна бусад хаягуудаар зохион байгуулалттай сурталчилгаа түгээх байдал ажиглагддаг ч түүнд тавих хяналт сул байж ирлээ.
Сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр өрсөлдөгчөө харлуулах, хуурамч мэдээлэл түгээх, үзэн ядах үг хэллэг ашиглах, үүнээс үүдсэн гэмт хэрэгт уриалан дуудах зэрэг төрөл бүрийн хэлбэрийн сөрөг мэдээлэл цацагдах тохиолдол мөн нэлээд гардаг бөгөөд үүнд зохих хяналт тавих нь тулгамдсан асуудал болоод байна. Эцэст нь сонгуулийн зардлын мэдээлэл бүхэлдээ ил тод бус байгаатай холбоотой нийгмийн сүлжээ сонгуульд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох боломжгүй нөхцөлд сонгууль явагдаж байгааг таслан зогсоох хэрэгтэй юм.