“Нисванис” хамтлаг өнгөрсөн баасан гарагт 28 жилийн ойн тоглолт буюу ээлжит “Нис нис” фестивалиараа фэнүүдтэйгээ уулзлаа. Харамсалтай нь, хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаа гэх агуулга бүхий зүйл хэлсэн нь олон фэнийх нь урмыг хугалав. Үзэгчид 100- 120 мянган төгрөгөөр тасалбар худалдан авчхаад улс төрийн ухуулга сонслоо хэмээн дургүйцлээ илэрхийлж байгаа юм. Сонгууль дөхсөн өнөө үед ийм маягаар иргэдийн “тархийг угаах”, түүндээ соёл урлаг, спортынхон болон нийгэмд нэр хүндтэй бусад хүнийг татан оролцуулсаар байгаад иргэд илүүтэй бухимдах болсон билээ. Өмнө нь сагсан бөмбөгийн тамирчин Т.Санчир, үүрэн телефоны тав дахь оператор ONDO-г үүсгэн байгуулагч Ч.Анар нар Ерөнхий сайдыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь иргэдийн шүүмжлэлтэй тулгарсан. Тэгвэл энэ удаад “Нисванис” хамтлаг тэдний “эгнээнд нэгдсэн”-ийг олон нийт хэрхэн хүлээж авсан нь нийгмийн сүлжээн дэх зарим сэтгэгдлээс тодорхой харагдах биз ээ.
Гонгоржавын ГАНБАТ: “Ковид”-ын үед Австралиас “Хү” хамтлагийнхан нислэгийн дараалал дайрч ирцгээсэн. Тэр үед олон хүн УОК-ынхонд 5-20 саяын хахууль өгч дараалалгүй ирж байсныг мэднэ. “Хү”-д дарааллаа дайруулсан хөгшин хожим ирэх замдаа онгоцонд нас барсан. Миний хувьд “Хү” тэгэхэд үхсэн. Өчигдөр “Нисванис” үхэв.
Дашдондогийн Үүрцайх: Миний хувьд “Хү” бас У.Хүрэлсүхэд пялдагадаж, “ковид”-ын концерт тоглох гэж санаархаад талийгаач болсон доо. Уг нь ивээн тэтгэгч, сайн менежменттэй бол иймэрхүү фолк рок хамтлаг түм бумаараа төрнө. Манай урлагийнхан нийтээрээ түүчээлэгч биш, аялдан дагалдагчид.
iNews.mn: “Нисванис” хамтлаг 28 жилийн ойн дээрээ үзэл суртлаа худалдаж, дэмжиж ирсэн фэнүүдээ доромжиллоо. Залуучуудын, тэр дундаа чөлөөт уран бүтээл сонирхогчдын дунд хамгийн хүчтэй байсан нэгэн хамтлаг бидний нүдэн дээр үхлээ. Бүхэл бүтэн 27 жил босгосон карьер хэдэн төгрөгөөр үнэлэгдэх бол. “Нисванис” хамтлагийн дуучин Амгаа үзэл бодлоо илэрхийлэх нь түүний эрх. Тэр хувийн сошиал платформ дээр үзэл бодлоо илэрхийлбэл ямар ч асуудал байхгүй. Гэтэл фэнүүд нь тоглолт үзэх мөнгө төлөөд, үзэл суртлын долоолтыг мэдэрлээ. “Нисванис”-ийн Амгаа тархиа, фэнүүдээ, мөн хэнийг ч үнэлдэггүй, хүндэлдэггүйг эндээс харж болохоор.
Danna Adiyadorj Ross: Яагаад “Нисванис” сонсохгүй гэсэн залуучуудыг илт даапаалж, эсвэл “Та нар ч гэсэн мөнгө өгвөл тэгэх л байсан” гэж өмөөрөөд байгаа юм. Асуудал нь ганц хамтлагт биш, үнэхээр энэулс болохоо байгаад, залуучууд арга ядсандаа дуртай хамтлагаа хүртэл сонсохоо больж байна. Үнэхээр бүх салбар нь асуудалтай, стресстэй байгааг мэдсээр байж залуучууд “Энэхүн л худалдахгүй байх” гэсэн хонгилын үзүүрийн гэрэл нь унтарчихлаа. Бачимдаад, аргаа ядаж байгаа залуучуудыг битгий муул.
Үнэн яриа: Улс төр судлаач Ц.Чинбат: Багын найз гээд бахархаж үзэж байлаа. “Нисванис” хамтлаг Монголын анхны эрх чөлөөний рок хамтлаг” гээд л онгирч зогслоо. Гэтэл би ч нүүр хийх газаргүй болчихдог юм байна. Хүний өмнөөс ичих ч лүд юм аа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт найз минь баяртай.
Zandan Bilegt: “Нисванис” минь даанч яав даа. Амгаа ах данхыг дэмжинэ үү, Трампыг дэмжинэ үү, хамаагүй. Мөнгө төлж тоглолт үзэж байгаа фэнүүддээ сонгуулийн сурталчилгаа хийчихлээ, муухай л юм даа. Мөнгө хүчтэй юм. Ерөнхий сайд даанч яав. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад баахан хүмүүст мөнгө өгч, сурталчилгаа хийж байна. Энэ чинь хууль бус. Бүх сайд, дарга бүсийн чуулган нэрийдлээр татвар төлөгч бидний мөнгөөр сонгуулийн сурталчилгаа хийж буйг эсэргүүцэж байна.
Galmandakh Davaajav: Коммунистууд монголчуудыг бүхнээ худалдахад бэлэн гуйлгачин болгож, бүрэн төлөвшүүлж чадлаа. Монголчуудад худалдахгүй зүйл үлдсэнгүй. Рокеруудад “Нисванис” худалдагдсан гэж, сагс сонирхогчдод Т.Санчир худалдагдсан гэж, бизнесийн салбарынханд Ч.Анар худалдагдсан гэж, гэр бүлээ хайрладаг хүмүүст Б.Булган худалдагдсан гэж үзүүлж байна. Зорилго нь “Чи эсэргүүцээд нэмэргүй шүү!” гэсэн санаа. Харин гуйлгачин бишүүдийг нь дээрэмдэж байгаа. “Чамд мөнгө байдаг л юм байгаа биз. Надад буутай цэрэг байна” гээд л шууд дээрэмддэг. Гэвч хэн нь ч “Эрх чөлөө” гэж хашхирахгүй байна.