Улсын филармонийн дууны инженер, “Friends” продакшны үүсгэн байгуулагч, морин хуурч Б.Энххүүтэй ярилцлаа. Тэрбээр үндэсний урлагийг орчин үеийнхтэй хослуулсан уран бүтээлүүдээ “Khuurch Kcalm” нэрээр туурвиж, сонсогчдынхоо хүрээллийг хэдийн бүрдүүлсэн нэгэн юм.
-Монголчууд аливаа хүндэтгэлийн арга хэмжээ, найрыг морин хуурын аялгуугаар эхлүүлдэг уламжлалтай ард түмэн. Мөн үндэсний хөгжмөө хоймортоо залж, хүндэтгэн, дээдэлдэг шүү дээ. Үүний цаана ямар утга, бэлгэдэл агуулагддаг юм бэ?
-Миний хувьд морин хуурыг өөрийн гэсэн увдистай хөгжим гэж хэлнэ. Бидний өвөг дээдэс ч үүнийг мэддэг байж. Тиймээс морин хуураар аливаа арга хэмжээг нээж, айл гэрийн жаврыг үргээдэг. Тэгэхээр өөрийн гэсэн увдистай, яруу тансаг, сонсголонтой хөгжим яах аргагүй мөн.
-Морин хуур хөгжмийн юу нь хүний сэтгэлийн утсыг илүүтэй хөнддөг юм бол оо. Ялангуяа хуурч хүнд энэ хөгжмийн “ид шид” нь илүү мэдрэгддэг байх?
-Хөгжмийн зохиолч, судлаачид үүнийг тал бүрээс нь тайлбарладаг юм. Миний хувьд морин хуур хөгжимтэй анх амьдралаа холбоход үгээр илэрхийлэмгүй сайхан мэдрэмж авсан. Омогших, догдлох мэдрэмж зэрэг зэрэг л төрж байлаа. Магадгүй энэ нь намайг морин хуурч болоход нөлөөлсөн байх. Эрт дээр үеэс л бидний өвөг дээдэс морин хуурыг амьтай хөгжим гэлцдэг байсан. Адууны хялгасыг хялгасаар нь хөрөөддөг дэлхийд цор ганц хөгжим шүү дээ. Хуур урлахад ашигладаг бүх материал байгалийн гаралтай. Үүнд л гол нууц нь оршдог гэж боддог. Хүн байгалийн хүйн холбоо болдог юм уу даа.
-Эл хөгжимтэй амьдралаа холбосон түүхээсээ хуваалцахгүй юу. Аав тань ч бас урлагийн хүн юм билээ. Энэ нь таныг урлагийн хүн болоход нөлөөлөв үү?
-Аав маань аймгийн театрын дуучин хүн. Намайг тавдугаар ангид байхад анх морин хуурын дугуйланд хөтөлж аваачсан юм. Тэр үеэс л энэ хөгжимд эргэлт буцалтгүйгээр дурлаж, гайхамшгийг нь одоо хүртэл мэдэрсээр л явна.
-Та СУИС-ийг хөгжмийн багш мэргэжлээр төгсөж, өдгөө морин хуурч, бас дууны инженерээр ажилладаг юм билээ. Гэхдээ оюутан болохоосоо ч өмнө ажлын гараагаа эхэлсэн гэж сонссон.
-Би 2012 онд СУИС-ийг хөгжимчин, хөгжмийн багш мэргэжлээр төгссөн. Оюутан байхаасаа буюу 2008 оноос “Түмэн эх” чуулгад ажиллах болсон. Тэнд 10 гаруй жил ажилласан юм. Үүний дараа 2016 оноос СУИС-д дууны инженерээр ажиллаж байлаа. Харин одоо Улсын филармонид ажиллаж байна.
-Улсын филармони, тэр дундаа “Баянмонгол” чуулгынхан дэлхийн болон Монголын хөгжмүүдийг, үндэсний урлагаа эх орондоо төдийгүй олон улсад сурталчлан таниулж байгаа хамт олон шүү дээ. Таны хувьд хувийн уран бүтээлээ хийх, продакшн, чуулгын ажил гээд их завгүй байдаг бололтой.
-2022 оны гуравдугаар сард надад Улсын филармонийн “Баянмонгол” чуулгад дууны инженерээр ажиллах санал ирсэн юм. Тухайн үедээ эл саналыг маш сайхнаар хүлээн авсан. Үнэхээр л үндэсний урлагаа тив, дэлхийд сурталчлан таниулж буй чадварлаг хамт олон шүү дээ. Тиймээс эдгээр уран бүтээлчтэй нэг гэр бүл болж, хамтран ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Тэгээд л одоог хүртэл эл чуулгадаа ажиллаж байна. Би олон зүйлийг зэрэг амжуулах гэж хичээдэг төрлийн хүн. Тэр нь ч надад сайхан байдаг юм. Заримдаа аль нэг нь цалгардах үе бий. Гэхдээ аль болох л бүгдийг нь амжуулахаар хичээдэг. Завгүй цагийн хуваарьтаа хэдийн дасчихсан.
-Судлаачид морин хуурыг хийлийн дэргэд далайц, чадавх нь хязгаарлагдмал хөгжим гэлцдэг юм билээ. Харин та энэ ойлголтыг эвдэх гэж хичээдэг юм шиг санагдсан.
-Хийлийг морин хууртай харьцуулах нь өрөөсгөл ойлголт. Хоёулаа өөрийн гэсэн онцлогтой, олон жилийн түүхтэй, цаг хугацааны шалгуурыг даван туулаад ирсэн хөгжим. Хийл дөрвөн утастай учраас тухайн тоглоочийн техникийг илүү харуулдаг юм шиг санагддаг. Харин морин хуур маань хоёрхон утастай. Гэхдээ хийл хөгжмөөр тоглодог ихэнх зохиолыг тоглох боломжтой. Үүгээр нь эл хоёр зэмсгийг адилтгаж болох юм. Гэхдээ өөрсдийнхөө цар хүрээг аль хэдийн тогтоочихсон учраас шууд л харьцуулахад хүндрэлтэй санагддаг. Миний хувьд уран бүтээлээ залуучуудад илүүтэй зориулдаг юм. Тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан уран бүтээлээ туурвих үе ч бий. Мөн морин хуур ч гэсэн гитар, төгөлдөр хуур, хийл шиг хүмүүсийг доргиож, сэргээж чаддагийг л олон нийтэд ойлгуулахыг хүсдэг.
-Морин хуурын талаарх хэвшмэл ойлголтыг эвдэж, орчин үеийн, шинэ түвшинд гаргах гэж оролддог нь таны уран бүтээлүүдээс ч ажиглагддаг. Ер нь хөгжмөөс гадна залуусын амьдралын хэв маяг, хандлагаас юуг нэн тэргүүнд өөрчилмөөр санагддаг вэ?
-Морин хуурыг залуучууд ч бас мэдэрч, ойлгоосой гэсэндээ бусдаас өөр, илүү шинэлэг байх гэж хичээдэг юм. Зөвхөн уртын дууны ард суугаад тоглохоос илүүтэйгээр орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүссэн. Дэлхийд таниулах үүднээс сонин содон, өвөрмөц байж, шинийг эрэлхийлэхийг эрмэлздэг юм. Бас залуус үндэсний хувцсаа илүүтэй өмсдөг байгаасай. Манайд үндэсний дээл, хувцас урладаг “Язгуур” гэж брэнд бий. Би эл байгууллагынхантай хамтран эртний монголчуудын хувцсыг нэлээд судалсан. Үүнд үндэслэн ууж, монгол цамц зэргийг голчлон өмсдөг. Энгийнээр хэлбэл, эрт үеэс уламжлагдан ирсэн хувцас, хэрэгслээ л өмсөж байгаа гэсэн үг. Зүгээр л хэсэг хугацаанд хүмүүс тэр бүр өмсөхөө больж, мартагдчихсан байсан хувцас, хэрэгслийн соёлыг дахин сэргээж байна гэсэн үг.
-Таны саяхан олон нийтэд толилуулсан “Mянга мянган хүсэл” гэх клипнээс үзэгчид үндэсний урлагийг орчин үеийнхтэй хэрхэн хослуулж болдгийг харсан байх. Энэхүү бүтээлээрээ дамжуулан үзэгч, сонсогчдодоо юуг “хэлэх”-ийг зорив?
-Уран бүтээлч илэрхийлэхийг хүссэн санаагаа сонсогчдод шууд мэдрүүлнэ гэдэг маш хэцүү, хүнд даалгавар юм шиг санагддаг. Гэхдээ мэдээж энэ бүхнээс айгаагүй. Монгол язгуур урлагаараа дамжуулан үзэгч, сонсогчдодоо маш сайхан мэдрэмжийг түгээн, дэлгэрүүлье л гэж бодсон. Тиймээс маш зоригтойгоор шинэ уран бүтээлүүдээ олны хүртээл болгож байна. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, гэрэл гэгээтэй ертөнцийг бүтээж, аз жаргалтай байгаасай гэдэг үүднээс энэ аялгууг хийсэн. Тиймээс их эрч хүчтэй, золбоолог бүтээл болсон гэж бодож байна.
-Эл бүтээлийг энэ сард л дүрсжүүлсэн болохоос өмнө нь “Хөг тэгширлээ” эвентийн үеэр олны хүртээл болчихсон байх аа?
-Бараг нэг жил орчим хадгалчихсан юм. Саяхан л дүрсжүүлж, албан ёсоор олны хүртээл болголоо.
-Морин хуур хөгжмийг тоглож сурахын давуу тал нь юу бол?
-Морин хуур хөгжим хүний төлөвшилд сайнаар нөлөөлдөг. Тухайлбал, зан ааш дөлгөөн, даруухан, тайван, төвшин болдог. Мөн сууж сурахын зэрэгцээ хуруу гар уян хатан, хурдтай болж, төсөөлөн бодох чадвар хөгждөг давуу талтай. Үүнээс гадна тоглож байгаа аяа төсөөлөхөд яг л тэр газарт очсон мэт мэдрэмж төрдөг. Нэг талаар сэтгэл зүйн эмчилгээ болдог юм болов уу. Тоглоод дуусахад их л амьсгаадсан, зүрх түргэн цохилсон, ам цангасан байдаг.
-Ер нь эл хөгжмийг төгс эзэмшихэд хэр хугацаа шаардлагатай бол?
-Төгс эзэмшинэ гэдэг нь харьцангуй ойлголт юм. Тухайлбал, би одоо хүртэл цаг ямагт суралцсаар л байна. Мэдээж тухайн хүнээс шалтгаалах боловч мэргэжлийн тоглооч болоход багадаа 10 гаруй жил шаардлагатай.
-Уран бүтээлчид зөв, сайн зэмсэг сонгох нь маш чухал байх. Та морин хуураа хэрхэн сонгож, ямар шаардлага тавьдаг бол?
-Манайд сайн урлаач цөөнгүй бий. Тэгэхээр хөгжмийн зэмсгээ сонгоход хүндрэл учрах нь харьцангуй бага гэж хэлнэ. Ер нь тоглоочид өөрсдийн онцлогт суурилан тухайн урлаачтайгаа ярилцаж байж хөгжмөө хийлгэдэг. Миний хувьд 2007 оноос хойш Б.Баярсүрэн урлаачаар хөгжмөө хийлгэж байна. Тухайлбал, одоогийн хуурынхаа санааг би зүүдэндээ олсон юм. Монголчууд эрт үеэсээ дөрвөн хүчтэнтэй хуурыг хүндэтгэн дээдэлдэг байсан. Үүнд нь хангарди, арслан, бар, заан багтдаг. Харин би дөрвөн хүчтэнд яагаад хүн багтаж болохгүй гэж тухайн үед бодсон. Тэгээд л хуураа урлуулахдаа дөрвөн хүчтэний нэг болгож нүдээ аньсан зүүдний хүнийг дүрсжүүлж байлаа. Хуураас минь гарч буй эгшиг, аялгуу бүр тухайн хүний дотоод ертөнцөд хүрч, гайхалтай мэдрэмжийг бусдад үргэлж түгээдэг байгаасай гэж хүссэн.
-Сүүлийн үед морин хуурыг сонгон суралцах хүний тоо нэмэгдсэн шүү дээ. Эл хөгжмөөр анхлан хичээллэх гэж буй хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Нэгдүгээрт, хөгжмөө зөв сонгох нь маш чухал. Тухайлбал, массын, тоглоочийн, мастер гэх мэт олон төрлийн морин хуур бий. Нэгэнт л эл хөгжмөөр хичээллэнэ гэж бодсон бол хамгийн чанартай, сайныг нь сонгох хэрэгтэй. Тэгж байж дуугаралт, эдэлгээ нь сайн байна. Түүнчлэн олон жил тоглох тусам хууртайгаа улам бүр нийцтэй болдог гэдэг. Тиймээс зөвхөн өөртөө тохирсон мастер морин хуурыг сонгох нь чухал. Хоёрдугаарт, тууштай байдал чухал. Зөвхөн морин хуур бус, ер нь ямар ч хөгжмийн зэмсгийг тоглож сурахад тууштай байдал хамгийн чухал. Тэгж байж л амжилт гаргана шүү дээ.
-Морин хуурын бусад хөгжмөөс ялгарах гол онцлог нь таны хувьд юу бол?
-Мэдрэмж маш их шаардсан хөгжим гэж хэлнэ. Төгөлдөр хуур гэх мэт бэлэн хөгтэй хөгжимтэй харьцуулахад мэдрэмж их шаарддаг юм. Морин хуурын утсан дээр чанга, сул дарахаас хамааран тухайн өнгөний интернаци алдагддаг. Мөн утсыг утсаар хөрөөддөг цорын ганц хөгжим шүү дээ. Энэ нь л морин хуурын бусад хөгжмөөс ялгарах онцлог нь юм.
-Найзуудтайгаа хамтран “Friends” гэх продакшн үүсгэн байгуулсан гэж сонссон.
-Бид продакшнаа байгуулаад нэг жил болж байна. Хөгжмийн зохиолч, дуучин, хөгжимчинд гэх бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Зөвхөн өөрсдийн бус, бусад хүний уран бүтээл дээр ч ажилладаг.
-Танд урлагийн хүн байхын тулд өөртөө тавьдаг шаардлага бий юү?
-Олон зүйл бий. Би морин хуурчаас гадна дууны инженер хүн. Тиймээс хэчнээн их ажилтай байсан ч хөгжмөө аль болох орхигдуулахгүй байхыг хичээдэг юм. Тогтмол давтдаг. Хааяа ажил ихтэй үед давтаж амжихгүй байх нь бий. Тэр бүрд их гэмшиж, зориуд цаг гаргаад давтах сан гэж хүсдэг.
-Нууц биш бол дараагийн уран бүтээлээ хэзээ олон нийтэд хүргэх вэ?
-Шинэ цомгийн ажилдаа орсон. Ойролцоогоор 8-9 дуу багтахаар төлөвлөсөн. Одоогоор 70 хувьтай үргэлжилж байна.
У.Цэцэгсүрэн