Морин хуурт дурлагсдын “Хөг тэгширлээ” цугларалт, үндэсний урлагийн “Найр” энтертайнментыг үүсгэн байгуулагч Х.Өлзийсайхантай ярилцлаа. Тэрбээр морин хуур хөгжмийн гайхамшгийг үеэс үед өвлөн уламжлуулах зорилгоор цахим хичээл бэлтгэн, олон нийтэд хүргэдэг билээ. Түүнчлэн “Хөг тэгширлээ” төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм.
-Морин хуур хөгжимтэй амьдралаа холбосон түүхээсээ хуваалцахгүй юу?
-2012 оноос хойш морин хуураар хичээллэж байна. Хамгийн анх нийтийн урсгал буюу сургалтын төвөөр дамжуулан энэ хөгжимтэй амьдралаа холбосон. Ахлах ангид байхдаа “Хаан хуур” сургалтын төвд бүртгүүлсэн юм. Тухайн үедээ ямар ч төсөөлөлгүй байв. Морин хуур гэхээр хүмүүсийн олонх нь “Жалам хар” аяар төсөөлдөг шүү дээ. Би ч гэсэн тийм л төсөөлөлтэй, юу ч гэсэн энэ аяыг л суръя гэж бодсон. Би энэ төвд гурван жил гаруй суралцсан. Энэ хугацаанд нэлээд хэдэн уралдаанд оролцож, өөрийгөө сорилоо. Тэгээд л мэргэжил сонгох үе ирэхэд надад хамгийн ойр, миний маш сайн хийж чадах зүйл бол морин хуур тоглох гэдгийг ойлгосон юм даа. Ингээд л СУИС-д элссэн. Гэтэл нэг л мэдэхэд энэ хөгжим миний хувьд маш үнэ цэнтэй, салж хагацахын аргагүй, амьдралын минь нэгээхэн хэсэг болжээ. Хүний хувь тавилан гэдэг их сонирхолтой байгаа биз.
-Хамгийн анх тайзан дээр гарсан дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Анх уралдааны тайзан дээр гарч байлаа. Монголын ард түмний сайн мэдэх “Үлэмжийн чанар” хэмээх аяыг тоглосон. Айх, сандрах, догдлох гээд л их олон мэдрэмж зэрэгцээд сонин байв. Одоо л ингэж тайван ярьж байгаа болохоос биш, тэр үед юу болоод өнгөрсөн, хаана хэн дугараад байгааг ч ойлгож, сонсдоггүй юм билээ. Тухайн үед морин хуур тоглож эхлээд гурван сар орчим л болж байсан юм. Тэгээд л хамгийн анхны уралдаандаа оролцсон. Сайн бэлдэж амжаагүй учраас юу ч гэсэн өөрийгөө сориод үзье гэж бодсон юм. Гэтэл нэгдүгээр шатнаасаа хасагдчихсан. Гэхдээ миний хувьд уралдаанд оролцож, өөрийгөө сорьж, хаана яваагаа мэдэх нь л чухал байлаа. Нэг ёсондоо өөрийгөө бэлдсэн гэх юм уу. Харин түүнээс хойш аливаа уралдаанд оролцохдоо бэлтгэл сургуулилалтаа тултал нь хийдэг болсон. Анхны уралдаан, тайз намайг их хөглөсөн юм шиг санагддаг.
-“Хөг-Жим” сургалтын төв болон “Хөг тэгширлээ” төслийн талаар мэдээлэл өгөхгүй юү. Энэ үйл ажиллагааг хэрхэн санаачилж, хэзээнээс хэрэгжүүлэв?
-Манай сургалтынхан ах нь дүүдээ сурсан мэдсэнээ зааж, багшийнхаа гарыг амраадаг сайхан уламжлалтай байлаа. Би ч тэр зарчмаар хичээллэсээр байгаад заах арга барилын талаар шаггүй ойлголттой болсон. Үүнийгээ ашиглаад морин хуурын сургалтын төвөө 2018 онд нээж, зургаан жил тогтвортой үйл ажиллагаа явуулжээ. Үүний дараа хувийн шалтгаанаар сургалтын төвөө “Хөг-Жим” сан буюу төрийн бус байгууллага болгож, үйл ажиллагааныхаа чиглэлийг нь өөрчилсөн юм. Үүнээс гадна манай төв зөвхөн морин хуур бус, төгөлдөр хуур, гитар зэрэг хөгжмийн олон төрлийн сургалт явуулдаг байв. Бас О.Мөнх-Эрдэнэ багштайгаа хамтран морин хуурт чиглэсэн цахим хичээл болон контент хийдэг. Тухайн үед бие даан суралцаж буй хүмүүст зориулсан цахим хичээл, дүрс бичлэг их ховор байсан шүү дээ. “Хөг-Жим” сургалтын төвийг дөрвөн найзтайгаа хамтран байгуулсан юм. Одоо бодоход үнэхээр л шинэ зүйл туршиж үзье, сонирхъё гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд байж. Энэ хугацаанд олон ч хөгжмийн эвент болон сургалт зохион байгууллаа. Алдаж, онох үе ч бишгүй тохиосон байх. Мөн цөөнгүй тоглолт, арга хэмжээ зохион байгуулсан. Ерөнхийдөө ингэж “Хөг-Жим” сангийнхан хамтран “Хөг тэгширлээ” морин хуурт дурлагсдын уулзалт хийвэл сайхан даа гэж ярилцсан юм. Тэгээд л 2021 оноос хойш энэ арга хэмжээг зохион байгуулж буй.
-“Хөг тэгширлээ” морин хуурт дурлагсдын цугларалтын гол зорилго, ач холбогдол нь юу бол?
-Бид “Хөг тэгширлээ” төслийн хүрээнд энэ арга хэмжээг 2021 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулж буй. Морин хуур хөгжимд хайртай, үндэсний язгуур урлагаа хүндэтгэн дээдэлдэг хүмүүс зориод л ирдэг. Зарим нь гэр бүлээрээ ирнэ. Энэ арга хэмжээний хүрээнд бид хөгжмийн үүсэл, түүх зэргээс эхлээд морин хуур урлаач болон өдгөө салбартаа амжилттай яваа хүмүүсийг урьж, ярилцдаг юм. Бас хамтдаа суралцаж, туршлагаа хуваалцан нэг өдрийг морин хуур хөгжмийн түүхээр “аялж” өнгөрөөдөг гэсэн үг. Мэдээж морин хуур анхлан сурч буй хүмүүст маш хэрэгтэй. Мөн “Хөг тэгширлээ” морин хуурт дурлагсдын групп фэйсбүүкт бий. Тэнд бид алдаа, оноо, сурсан, мэдсэн зүйлээ нэгэнтэйгээ харамгүй хуваалцана. Ингэж суралцсан хүмүүс ядаж жилдээ нэг удаа ч болов цугларч уулздаг байя гээд энэхүү эвентийг зохион байгуулахаар шийдсэн юм. Ерөөсөө л морин хуур сонирхсон хэн бүхнийг алдаад явуулчихгүйгээр энэ хөгжимд дурласан хэвээр нь үлдээх юм сан гэх хүслээр энэ төсөл, бас уулзалтыг санаачилсан.
-Та үндэсний урлагийн “Найр” энтертайнментыг үүсгэн байгуулсан юм билээ. Голчлон монгол бүжиг, дуу, хөгжимд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулдаг байх аа?
-“Найр” энтертайнментыг 2022 оны нэгдүгээр сард үүсгэн байгуулсан. Манай уран бүтээлчдийн олонх нь 10 гаруй жилийн туршлагатай. Одоогоор бид үндэсний урлаг буюу монгол бүжиг, дуу, хөгжим зэрэг үндсэн гурван төрлөөр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ихэвчлэн сэвлэгийн найр, хурим зэрэг үндэсний хэв шинжтэй арга хэмжээнд ажилладаг. Ер нь үндэсний урлагаараа л дагнасан тоглолтын байгууллага гэсэн үг. Манайхаас өмнө мэдээж хурим, найр зохион байгуулдаг, хавсарга байдлаар үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага байсан. Тухайлбал, театр, чуулгынхан байна. Харин бид бол бие даасан үндэсний урлагийн үйлчилгээ үзүүлдэг арилжааны байгууллага гэдгээрээ онцлогтой. Одоогоор есөн дуучин, 12 хөгжимчин, зургаан бүжигчний бүрэлдэхүүнтэй ажиллаж буй. Мөн ирэх дөрөвдүгээр сард бид Япон Улсад тоглолтоо хийхээр төлөвлөсөн.
Морин хуур үндэсний урлагийн бусад хөгжмөөс хамаагүй өндөр түвшинд хөгжиж байна. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь олон нийтийн дэмжлэг. Тухайлбал, Цагаан сар, үсний найр зэрэг уламжлалт баяраар гэртээ морин хуурч урьж гэрийнхээ жаврыг үргээлгэдэг шүү дээ. Энэ нь бидний хувьд маш том дэмжлэг. Нэг ёсондоо тухайн хүн өв соёлдоо хөрөнгө оруулж, ирээдүйн баталгааг нь хангаж байна гэсэн үг. Ингэж л нийтээрээ хайрлаж хамгаалж ирсэн учраас өнөөдөр морин хуур мөхөлгүй, аль нэг соёлд уусалгүй хадгалагджээ.
-Танай байгууллагын хамгийн эрэлттэй үйлчилгээ нь юу бол?
-Сэвлэг болон Гавьяат цолны найр зохион байгуулах үйлчилгээг хамгийн түгээмэл авдаг. Сэвлэгийн найр нь монголчууд бидний ертөнцийг үзэх үзэл, соёлын өвөө сурталчлан таниулж, өвлөн уламжлуулдаг арга хэмжээний нэг. Хүүхдийн үсэнд анхлан хүрэхдээ ингэж хүндэтгэлтэй ханддаг уламжлалтай орон тийм ч олон биш байх.
Тухайн хүүхэд энэ арга хэмжээний үеэр суурь мэдлэг олж авдаг. Уртын дуу, морин хуур гэдгээс эхлээд гэр бүлийнхэн нь түүнийг хэрхэн, яаж ерөөж байгааг харж, мэдэрдгээрээ онцлогтой. Тэгэхээр энэ нь нэг талаас уламжлалт зан заншлаа өвлүүлэн үлдээж буй нэг хэлбэр гэж ойлгож болох юм. Уг нь би морин хуурч мэргэжилтэй. Гэхдээ энтертайнмент салбар луу орохоор яах аргагүй л соёл судлал, өвлөн уламжлуулах арга ухаанд суралцах шаардлага тулгардаг юм байна. Үүсэл хөгжлөөс нь эхлээд орчин цагт хэрхэн өөрчлөгдөж байна, үүнийг бид дараа дараагийн үедээ хэрхэн зөв өвлүүлэн үлдээх ёстой вэ гээд л их зүйл судална. Энэ хэрээр эрхэлж буй ажил маань их сонирхолтой санагдах боллоо.
-Цахим орчинд үйл ажиллагаа, арга хэмжээний угталтын хөгжимтэй холбоотой хэл ам дагуулсан асуудал нэлээд хөндөгдлөө шүү дээ. Та энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Угталтын дөрвөлийн талаар саяхан нэгэн иргэн цахим хуудсандаа бичжээ. Ингэж олон хүнд хүрнэ ч гэж тухайн үедээ бодоогүй байх. Гэтэл нэлээд газар авч, хэдэн зуун хүн хуваалцаж, сэтгэгдлээ илэрхийлж. Миний хувьд үүнийг хараад сэтгэл эмзэглэж л явлаа. Олон нийтэд маш буруу ойлголт өгч байна шүү дээ. Улс орныг хамарсан том сэдэв биш боловч хүмүүс маш их сонирхлоо. “Угталтын дөрвөл үүдэнд суух муухай, гутлын алчуур шиг хөглөрч харагдаж байна” гэсэн. Тухайн хүн өөрийн байр сууриа илэрхийлсэн бол нөгөө талд мэргэжлийн хүмүүс ч бас үүнд ул суурьтай, баримттай тайлбар өгөх нь зүйтэй гэж бодсон юм. Энэ утгаараа бид санал бодлоо илэрхийлсэн. Тэрбээр үндэсний хөгжмөө дээдлэх хэрэгтэй гэдэг утгаар үүнийг хэлсэн байж болох ч нөгөө талаас тухайн соёлыг үгүйсгэж буй хэлбэр шүү дээ.
Анх Европын орнуудад сонгодог хөгжим үүсэж, угталтын дөрвөл гэх состав бий болсон. Тухайлбал, хийлийн төрлийн дөрвөн зэмсэг нийлээд чавхдаст хөгжмийн төрөл гэх ерөнхий бүрэлдэхүүн үүсгэж байгаа юм. Ер нь хөгжим ямар ч бүрэлдэхүүнтэй байж болно. Зөвхөн хийл бус, төгөлдөр хуур ч байх боломжтой. Дөрвөл гэдэг нь дөрвөн хөгжмийн нийлбэрийг л хэлж буй. Гэхдээ эдгээрээс хийл, эрдүү хийл, виолончель нь харьцангуй сонгодог хэлбэр юм. Анхандаа үнийг хаад, ноёдын хэмжээнд нэлээд тансаг дээд зиндааныхан ашигладаг байж. Хүндэт зочдоо таатай, тухтай орчинд угтахын тулд шүү дээ. Бас энгийн жишээ дурдахад, томоохон дэлгүүрийн нэгдүгээр давхарт ихэвчлэн үнэртэй усны тасаг байдаг. Энэ нь нэг талаас хүнийг үнэрээр хуурах гэсэн шийдэл. Үүний адилаар найр, хүлээн авалт зэрэг нь хүний амьдралын маш онцгой үйл явдал. Тиймээс хүрэлцэн ирсэн зочдоо хүндэтгэлтэй хүлээн авч буй нь энэ. Энэ соёлыг үгүйсгэж болохгүй. “Ээ хөөрхий, дөрвөн Чилүгэн үүдэнд сууж байна” гэж харах нь маш өрөөсгөл. Тэдгээр хөгжимчин дуртай ажлаа хийгээд, хэн нэгэн хүний чухал үйл явдлынх нь гэрч болж буйдаа маш талархалтай ханддаг юм шүү дээ. Ер нь угталтын хөгжим зочдыг тайвшруулж, орчноо мэдэрч, хоорондоо танилцахад нь туслах зориулалттай. Хэтэрхий нам гүм орчинд хүмүүс тэр бүр ярилцаж чаддаггүй юм билээ. Энгийнээр хэлбэл, хүмүүст зүгээр л таатай мэдрэмж өгөх ёстой. Түүнээс биш тайз шиг бүх анхаарлаа хандуулах шаардлагагүй. Үүдэнд суулаа гээд буруудах зүйл байхгүй шүү дээ. Харин ч танд илүү ойртож байна. Тиймээс аливааг эергээр хараасай гэж хүсье.
Хөгжмөөр угтахдаа хийл, морин хуур, саксафон гэх мэтээр тухайн үйл ажиллагааны уур амьсгал, утга, бэлгэдэлд нь тохируулан хүссэнээрээ зохиомжилж болно. Тухайлбал, хурим, Гавьяат цолны найрт ирж буй зочдын олонх нь үндэсний уламжлалт хувцсаа өмсдөг. Тэгэхээр угталтын хөгжим нь морин хуур байвал илүү зохимжтой. Нөгөө талаас шинэ жил, төрсөн өдөр зэрэг арга хэмжээнд саксафон, хийл, төгөлдөр хуур зэрэг сонгодог хөгжим тохирно.
-Сүүлийн үед монголчууд үндэсний хөгжмөө гэртээ залж, хүүхдүүдээ морин хуурын сургалтад явуулах болжээ. Энэ хөгжмийг сонгон суралцаж буй залууст хандан зөвлөгөө өгнө үү.
-Хамгийн энгийн зөвлөмж нь эрэл хайгуул хийх юм. Техник, технологи хөгжсөн өнөө үед сурч, мэдэхийг хүссэн зүйлээ хайж олох хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Тэр хэрээр нүд нээгдэж, юу сурах гээд байгаагаа ойлгож эхэлнэ.
-Энэ хөгжмийн бусад зэмсгээс ялгарах онцлог нь юу бол?
-Морин хуурын онцлог гэхээр хүмүүс илүүтэй зэмсэг талаас нь ярьдаг. Тухайлбал, чавхдас нь ишнээсээ хөндий, хялгасан утастай гэх мэт. Харин миний хувьд энэ хөгжим, бас үүгээр дамжуулан тоглож буй эгшиг, аялгуу бүхэн Монголын түүх, соёл, уламжлалт зан заншил, монгол хүний ертөнцийг үзэх үзэл, баримтлалыг илэрхийлдгээрээ онцлогтой гэж хэлнэ.
У.Цэцэгсүрэн