Монголын үндэсний музейд өчигдөр “Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнг нээлээ. Сар шинийн баярыг угтсан уг үзэсгэлэнг дээрх музейнхэн “Дуут урлан” компанийнхантай хамтран зохион байгуулж буй аж. Тус компанийн урчууд уламжлалт өв соёлоо орчин үеийн инновац, техник, технологитой хослуулан урласан бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэснээрээ онцлогтой. Тухайлбал, Монгол орны алт, мөнгө, зэс, цайрын агууламжтай металлаар бүтээсэн “Чингис хаан”, “Нүүдэлчин Монгол”, “МЭӨ шатар”, “Хүннүгийн Атилла ба Ромын эзэнт улс”, “Мандухай сэцэн хатан ба цодгор хүү”, “Монгол наадам”, “Болдоггүй бор өвгөн”, “Уран бэрийн нүүдэл” зэрэг нэртэй 36 шатрыг олон нийтэд танилцуулж байна. Шатрын үүслийн судалгаанд тулгуурлан эдгээр бүтээлийг урласан гэнэ. Үүний зэрэгцээ монгол шатрын гарал үүслийг гэрчлэх археологийн олдвор, уран зохиолын дурсгалуудыг ч дэлгэсэн аж.
Мөн Цагаан сарын үеэр ашигладаг уламжлал эд, хэрэгслийг өнөө цагийн урлаачид хэрхэн бүтээснийг сонирхож болох нь. Жишээ нь, ууцны цар, дөрвөн хүчтэний дүрийг урласан мөнгөн халбага, эхнэр хүний толгойн гоёл зэрэг монгол дархчуудын ур ухаанаа шингээсэн бүтээлтэй танилцахын зэрэгцээ худалдан авах боломжтой. “Үзэгчдийн сонирхлыг татдаг, худалдаж авдаг бүтээлүүдийн нэг нь цацлын халбага буюу орбай. Мөнгөлсөн, алтадсан, энгийн, таван хошуу малыг дүрсэлсэн зэрэг төрөл бүрийн орбайг манай урчууд бүтээгээд байна. Энд дэлгэсэн бүх бүтээл уран нарийн хийцтэй. Манай компанийн урчууд, дархчууд дотоод, гадаадын 50 орчим үзэсгэлэнд оролцож, бүтээлээрээ монгол өв соёлоо сурталчилж байлаа. Жишээ нь, Франц улсын Нант хотын Түүхийн музейд зургаан сарын хугацаанд дэлгэсэн “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнд 20 гаруй бүтээлээрээ оролцсон. Мөн ирэх сард Чех улсын Прага хотын Үндэсний музей, аравдугаар сард Швейцарын Цюрих, 2026 онд Германы Берлиний Түүхийн музейд гаргах үзэсгэлэнгүүдэд оролцохоор бэлтгэж байна” гэж “Дуут урлан” компанийнхан танилцуулав.
“Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэн ирэх сарын 15-ныг дуустал үргэлжлэх аж. Энэ хугацаанд монгол шатрын үүсэл гарлын талаар хэлэлцэх эрдэм шинжилгээний бага хурал, монгол туургатны шатрын тэмцээн зэргийг Монголын шатрын холбооныхонтой хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.
М.Оч