Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Амар баясгалан” үзэсгэлэнг Уран зургийн галерейд өнөөдөр толилуулна. Үзэсгэлэнгийн үеэр Монголын уран зургийн галерейн сан хөмрөг болон Ү.Ядамсүрэн сангийн архивт хадгалж буй ховор нандин бүтээлүүдийг олны хүртээл болгох аж. Мөн нэрт зураачийн хэрэглэж байсан хувийн эд зүйлсийг дэлгэн үзүүлэх юм. Энэхүү үзэсгэлэнг Монголын уран зургийн хөгжилд ул мөрөө тодоор тамгалан үлдээсэн эрхэм зураачийн ур ухаан, өв уламжлалыг нийтэд таниулах зорилгоор дэлгэж буй бөгөөд “Өвгөн хуурч” эх зургаас эхлээд галерейн сан хөмрөгөөс тэр бүр үзэгчдийн хүртээл болгодоггүй ховор, содон бүтээлээр олны мэлмийг мялаахаараа онцлогтой юм. Тухайлбал, монгол болон уран зураг, цоморлиг, бурхны шашны зан үйлийн эд хэрэгслээс бүрдэх хувийн цуглуулга зэргийг энэ үеэр дэлгэн үзүүлэх гэнэ. Дүрслэх урлагийн салбараас төрөн гарсан анхны Ардын зураач Ү.Ядамсүрэн нь уран бүтээлийн гараагаа 1941 онд эхлүүлсэн байдаг. Тэрбээр 50 гаруй хөрөг, ардын гар урлал, эдийн соёлтой холбоотой 400 гаруй зураг зурсан нэгэн.
У.Цэцэг