Монгол шаазан урлалын их мастер гэгддэг Х.Хадхүү Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулан “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнгээ Богд хааны ордон музейд энэ сарын 14-нд дэлгэх нь. Эл үзэсгэлэнгийн хүрээнд Өндөр гэгээний хийцээр урласан 21 дарь эхээс гадна Янжилхам бурхан болон Богд Жавзандамба хутагтуудын дүр бүхий шаазан баримлуудыг олны хүртээл болгохоороо онцлогтой юм.
Х.Хадхүү Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1991 онд керамик, ваар урлалын чиглэлээр төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй бүтээлээ туурвиж буй бөгөөд “Өндөр гэгээн Занабазарын хийцийг шаазангаар урлахуй” сэдвээр 2015 онд магистрын зэрэг хамгаалжээ. Ингэхдээ Өндөр гэгээн Занабазарын дүр бүхий шаазан баримал, Ногоон дарь эх бурхан, Чингис хааны хөрөг зурагтай ваараас гадна уламжлалт гангар шаазангаар аяга, таваг, айргийн хул урладаг аж. Мөн түүний монголчуудын ахуй амьдрал, урлаг, ёс заншлыг дүрсэлсэн бүтээлүүд нь Монголд төдийгүй олон улсад ч өндрөөр үнэлэгддэг юм байна. Тэрбээр бүтээлүүдээ урлахдаа Британи болон Германаас тусгай бодис авчирч монгол шавартай холин гурил шиг маш нарийн “нанги” буюу “каолин” шороо гарган авч ашигладаг гэнэ.
У.Сүрэн