Хан-Уул дүүргийн нутаг, Туул гол дагуу барьж буй хурдны замыг эсэргүүцсэн иргэд өнгөрсөн баасан гарагт жагсаал зохион байгууллаа. Баянзүрхийн товчоо болон Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх тус хурдны зам нь зургаан эгнээ бүхий 32 километр урттай байх аж. Энэхүү бүтээн байгуулалтын барилгын ажлыг энэ сарын 15-нд албан ёсоор эхлүүлсэн юм.
Тэгвэл иргэдийн төлөөлөл уг бүтээн байгуулалтыг түгжрэлийг сааруулах оновчтой гарц биш хэмээн үзэж, 2.3 их наяд төгрөгийг үр ашиггүй зарцуулж буйд шүүмжлэлтэй хандав. Тэд “Туул гол Улаанбаатар хотын урд хэсэгт оршдог тул төвийн бүсийн ачааллыг бууруулахгүй, харин ч байгаль орчныг сүйтгэх эрсдэлтэй. Мөн дэлхийн жишгээс хоёр дахин өндөр өртөгтэй атлаа нарийвчилсан зураг төсөл, тооцоолол нь олон нийтэд нээлттэй бус байна. Татвар төлөгчдийн асар их мөнгийг ийм үр дүнгүй ажилд цацаж болохгүй. Транзит тээвэр голчлон зорчих эл замын оронд хүн амын төвлөрөл ихтэй Толгойт, Баянхошуу, Зурагт чиглэлд дэд бүтэц барих шаардлагатай” гэв. Түүнчлэн иргэд гүйцэтгэгч компанийн туршлагад эргэлзэж буйгаа энэ үеэр илэрхийллээ. Тодруулбал, тендерт шалгарсан “ХаоЮань” групп нь Хонконгт 2012 онд байгуулагдсан бөгөөд өмнө нь зам, гүүр барьсан туршлагагүй гэнэ. Уг байгууллагыг Хятад, Малайз, Серби зэрэг улсад дэд бүтцийн томоохон төсөл хэрэгжүүлсэн туршлагатай гэж мэдээлсэн ч бодит байдалд үндсэн үйл ажиллагаа нь цахилгаан тоног төхөөрөмж болон үйлдвэрлэлийн шугам экспортлох аж.
Үүсээд буй асуудалтай холбогдуулан Усны газрын дарга З.Батбаяр “Туул голд ямар нэгэн барилга, тохижилтын ажил явуулах гэж буй бол эхлээд усан сан барьж, усаа хуримтлуулан, үерийн даланг бэхжүүлэх зэргээр хамгаалах ажлаа бүрэн дуусгах учиртай. Өөрөөр хэлбэл, бид эхлээд голоо хамгаалж, бүрэн аюулгүй болгосныхоо дараа л барилга, байгууламжийн асуудлыг ярих нь зүйтэй. Усны тухай хуульд зааснаар бид усны барилга, байгууламжийн зурагт мэргэжлийн дүгнэлт гаргах ёстой. Гэтэл бидэнд эхний байдлаар ирсэн 2025 оны зураг өөрчлөгдсөн. Тиймээс шинэ зураг төслийг хүлээж байна. Нарийвчилсан зураг ирсний дараа л голын урсацад нөлөөлөх, эсэхийг тогтооно. Харамсалтай нь, одоогийн төлөвлөсөн 32 км замын 11 км нь Туул голын татам буюу ус урсдаг хэсэг рүү орж ирээд байна” хэмээв.
Тэгвэл нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Тус хурдны зам нь долоон орц, гарцтай бөгөөд Эмээлт болон Дархан чиглэлээс холбогдох боломжтой. Ямар нэг гэрэл дохиогүй, бас олон замтай холбогдохоороо онцлогтой. Ингэснээр Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцаж, түгжрэлийг сааруулахад чухал нөлөө үзүүлнэ. Хурдны замын нийт талбай 43.2 га, үүнээс мод бут дайрч буй хэсэг нь 10 га. Харин түр зам барих хэсэгт мод бут тайрч байгаа талбай нь 3.4 га юм. Өөр талбайд мод, бут тайрахгүй. Нөхөн сэргээлтийн зардлыг нийт талбай буюу 43.2 га гэж тооцсон. Туулын хурдны замыг барихдаа голын голдирлыг өөрчлөхгүй, экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.
Харин гүйцэтгэгч компанийн төлөөлөл “Туулын хурдны замын барилгын ажил хэвийн үргэлжилж байна. Эрдмийн зөвлөлийн хурлаар уг төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг өнгөрсөн арванхоёрдугаар сард баталсан. Үүний хүрээнд нийслэлийн Байгаль орчны газраас зөвлөмж авч, экологи-эдийн засгийн хохирлын хэмжээг тогтоолоо. Мэргэжлийн болон төрийн захиргааны төв байгууллагын тайлангийн дагуу БОУАӨ-ийн санд трасст өртөж буй 43.2 га талбайн эрсдэлийн хөрөнгийг шилжүүлсэн. Бүтээн байгуулалтын явцад 10.5 га талбайн модыг зайлшгүй чөлөөлөх шаардлага тулгарсан. Нарийвчилсан үнэлгээгээр бидэнд таван жилийн хугацаа өгсөн бөгөөд уг ажлыг 2026-2030 онд хийж гүйцэтгэнэ. Ингэхдээ Туул голын экологийн тэнцвэрийг алдагдуулахгүй байх чиглэлээр усны мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэсэн юм.
У.Цэцэг