![]()
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Улсын хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцлээ. Аудитын тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа.
Төрийн аудитын байгууллагаас улсын хөгжлийн бодлогын дөрвөн тэргүүлэх чиглэлийн зургаан шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 20.9 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үйл ажиллагааны 29 үр дүнгийн 47 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 63.7 хувь, хэрэгжүүлэх хөтөлбөрийн 63 үр дүнгийн 91 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 62.0 хувь, төлөвлөсөн нийт 328 төсөл, арга хэмжээний 373 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 58.1 хувьтай үнэлжээ.
Тэргүүлэх чиглэлийн үр дүнгийн хувьд 2025 онд эдийн засгийн өсөлт зорилтот түвшиндээ хүрээгүй, хариуцагч байгууллагын зохион байгуулалт хамтын ажиллагаа хангалтгүй, шалгуур үзүүлэлтээр батлагдсан индексийг тогтоогоогүй, статистик тоон үзүүлэлт гараагүй, мэдээллийг тараах хугацаа болоогүй зэрэг шалтгаанаар зарим асуудлыг үнэлэх боломжгүй байсныг Ерөнхий аудитор танилцууллаа.
Тэрбээр, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд тэргүүлэх чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн үр дүн, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн үе шат бүрд тоон болон чанарын үзүүлэлтээр хэмжиж, салбар хоорондын уялдааг нэгтгэн удирдах шаардлагыг заасан боловч шалгуур үзүүлэлт оновчгүй, хэмжих нэгж уялдаагүй, суурь болон зорилтот түвшин хэмжигдэхүйц бус, алдаатай тодорхойлсон зэрэг төлөвлөлтийн алдаа, зөрчлүүд давтагдсаар байгааг Улсын Их Хурлын анхааралд хүргэж байна гэв. Түүнчлэн улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 7,336.4 тэрбум төгрөг зарцуулсан нь батлагдсан төсвийн 37.9 хувийг эзэлж байна. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэх төсөл, арга хэмжээний 4,463.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээгүй нь хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгаад дүгнэлт хийж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу судалгаа, шинжилгээнд суурилан урьдчилсан үнэлгээ хийж, төлөвлөх шаардлагатайг онцоллоо.
Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн хөгжлийн төлөвлөгөөг хуульд нийцүүлэн боловсруулах чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн сайдад хоёр зөвлөмж, улсын төсвийг хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглүүлэх талаар Сангийн сайдад нэг зөвлөмж, төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагналтыг сайжруулах чиглэлээр тус бүр гурван зөвлөмжийг төсвийн ерөнхийлөн захирагчдад, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүргээ үр нөлөөтэй болгох чиглэлээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт 1 зөвлөмж, нийт долоон зөвлөмжийг хүргүүллээ.