Гавьяат холбоочин, зөвлөх инженер, эдийн засагч, сайд асан И.Норовжавтай ярилцлаа. Тэрбээр бага залуу наснаасаа төрийн албанд зүтгэн, тухайн үеийнхээр БНМАУ-ын Тээвэр, холбооны яаманд эдийн засагчаар ажлын гараагаа эхлүүлж, улмаар яамныхаа орлогч болон сайдын албыг 1976- 1989 онд нийт 13 жил хашжээ. Мөн олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллагад зөвлөх хийсэн бөгөөд холбооны салбарт 47 жил ажилласан нэгэн. Энэ хугацаандаа Монгол Улсын цахилгаан холбоо, радио, телевизийн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээг бий болгон, шуудан, холбооны салбарыг аж ахуйн тооцоот, эдийн засгийн өгөөжтэй систем болгон төгөлдөржүүлэх ажлыг удирдсан юм билээ. Түүнтэй улс орны эдийн засгийн нөхцөл, татварын орчин болон хөдөө аж ахуйн салбарын бүтээмж, орлогыг хэрхэн өсгөх талаар ярилцлаа.
-Манай улсад валютын буюу ам.долларын хамаарал улам нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй талаар та хөндсөн. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү.
-Монголчуудын өдөр тутмын амьдралд байнга өсөн нэмэгдэж буй гадаад валютын ханш, хамаарал, татварын дарамт нөлөөлж байна. Тухайлбал, бид нэг байшин барих төсөвт өртгийнхөө 70 гаруй хувийг буюу бүх төрлийн түүхий эд, машин, текник зэргийг импортоор авдаг. Мөн иргэдийн өдөр тутмын хэрэглээ болох мах, сүү, талх, гурил зэргээс бусдыг нь бүгдийг л гадаадаас импортолдог. Ариун цэврийн цаас, тос, үнэртэн, хүнс, ундаа, жимс, чихэр зэрэг бүх хэрэгцээний 60 гаруй хувь нь валютын төлбөртэй. Нийтийн тээврийн автобус, түүний сэлбэг, засвар үйлчилгээ, бүх төрлийн шатахуун, тослох материал, түлшний 90-100 хувийг мөн л ам.доллароор худалдан авдаг. Ер нь бүх төрлийн ажил, үйлчилгээ бүрээр валютын хамаарлыг тодорхойлбол маш таагүй, сонин дүр зураг гарна.
-Гадаад валютыг өөрсдийн бүтээмжээр олдог. Нөөцөлдөг бас хэрэглэдэг.
-Тийм ээ. Гэхдээ маш хязгаарлагдмал эх үүсвэрээс олдог. Уул уурхайн баялаг, эрдсийн экспорт. Бас мах, ноолуур зэрэг хүнс болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтаас л олдог. Нөгөө талаас олсон бага зэргийн хөрөнгөө маш олон зүйл худалдан авахад зарцуулаад дуусгаж байна. -Улс орон, иргэдийн амьжиргаанд ч худалдаа наймаанаас зайлсхийх аргагүй. Хөрөнгө мөнгө хуримтлуулна, мөн эргүүлж хэрэгцээт зүйлсээ худалдан авах шаардлага байна шүү дээ. -Цөөхөн эх үүсвэрээс бүрдүүлдэг валютаараа худалдан авах юм даанч их байдгийг л хэлээд байна. Өөрөөр хэлбэл, манай иргэд, компаниудын олон улсын зах зээлд нийлүүлж буй бүтээмж бага, харин хэрэглээ өндөр учраас ам.долларын нөөц хангалтгүй, ханш өндөр байдаг. Энэ нь бүх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг өсгөж, улмаар иргэдийн амьжиргааг доройтуулж буй юм.
-Валютын нөөцөө өсгөх ямар боломж байна вэ?
-Монгол улс үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, дотоодын түүхий эдээрээ хийх эцсийн бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулах, мөн валютын нөөцөө хямгатай зарцуулах хэрэгтэй. Ам.долларын нөөцийг нэмэгдүүлэх, эргэлтийг сайжруулахын тулд хийх олон ажил бий. Тухайлбал, борлуулалт удаантай, зах, худалдааны төвүүдэд ихээхэн нөөцтэй байдаг автомашин, гутал, хувцас, цахилгаан бараанд их хэмжээний валют үрж, түгждэгийг багасгах учиртай. Мөн дотоодын түүхий эдээр хийж болох гар, нүүрийн болон эдийн саванг гадаадаас худалдаж авмааргүй байгаа юм. Ургамлын тосоор хийдэг гадаад саванг хэрэглэснээс амьтны гаралтай уураг, аминдэмээр баялаг өөхөн тосоороо саван хийж, бүр орон даяар ашиглавал зохино. Орчин үеийн технологиор саван хийдэг жижиг үйлдвэрийг сум бүрд биш гэхэд аймгийн төвүүдэд байгуулах боломжтой. Хаягдал цаас боловсруулах үйлдвэрүүд олноороо бий болбол сайн. Хоногт нэг тонн хаягдал цаас боловсруулах чадалтай жижиг үйлдвэрийн шугамыг 40 000 ам.доллароор байгуулж, хөрөнгө оруулалтаа 6-12 сарын дотор нөхдөг гэсэн судалгаа байна лээ. Ийм жижиг үйлдвэрийг аймаг бүрд биш гэхэд хэдэн аймаг дунд нэгийг барин, ариун цэврийн цаас, хайрцаг саваа үйлдвэрлэмээр байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэд тодорхой жин дардаг сав, баглаа, боодлыг нь дотооддоо үйлдвэрлэдэг, ийм үйлдвэр нь 2-3 аймаг дунд нэг байвал эдийн засгийн өгөөж их гарна. Үүнээс гадна бид төрөл бүрийн ундаа, жимстэй цай худалдан авдаг. 1.5 литр ундаа, цайны 200-300 грамм нь л жимсний охь, элсэн чихэр бол 1.3 литр нь ус байдаг. Үйлдвэрлэгч орны усыг л өндөр үнээр авдаг хэрэг. Түүний оронд зөвхөн жимсний охь бусад хольцыг нь худалдан авч, дотоодын усаар найруулж бэлтгэвэл валют хэмнэнэ.
Сүүлийн жилүүдэд үзэмжтэй, чанартай цагаан идээ хийж, өндөр үнээр борлуулах болжээ. Гэхдээ улам боловсронгуй болгож, сүүгээр хийдэг зарим бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлж, экспортлох хэрэгтэй. Үүний тулд бог малаа саадаг уламжлалаа сэргээх шаардлагатай. Ялангуяа ямааны сүүний найрлага нь эхийн сүүтэй ойролцоо байдаг, монголчууд ямааны сүүгээ ардын эмчилгээнд хэрэглэж ирснийг бодууштай. Ийм сүү нь зүрх судас, тулгуур эрхтэн, элэгний эрүүл мэндийг дэмжин, бронхитоос сэргийлэх, тайвшруулах үйлчилгээтэй. Энгийн жишээ хэлэхэд л, Франц улс 400 орчим нэр, төрлийн бяслаг хийдэг бөгөөд түүний дотор 6.6 сая ямааныхаа сүүгээр хийсэн бяслаг хамгийн өндөр үнэтэй нь. Олон улсад алдартай үнээний сүүний “Едам“ бяслагийг Монголд кг-ыг нь 50 000 төгрөгөөр борлуулдаг бол ямааных нь багадаа л 108 000 төгрөг. Монголд ямааг хоногт хоёр удаа сааж, нийт 400 орчим грамм сүү авах боломжтой. Хэрэв 6-8 дугаар сард 90 хоног саана гэвэл нэг ямаанаас 36-40 литр сүү авч, 3-4 кг бяслаг хийж болно. Бяслагаа 300-400 мянган төгрөгөөр борлуулчихна. Харин самнахад 300-400 грамм ноолуур авч, кг-ыг нь 120-150 мянган төгрөгөөр зарна гэвэл нэг ямаанаас ердөө 35 000-60 000 төгрөг л олно. Улсын хэмжээнд өнгөрсөн жил 23.2 сая гаруй ямаа тоолуулсан, түүнээс ядахдаа 5-6 саяыг нь сааж, бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл хэчнээн хэмжээний орлого олохыг бодоод үзээрэй. Бас бид малынхаа хаягдал арьс, яс, шөрмөс зэргээр “Шар цавуу” хийж ирсэн уламжлалтай. Малын арьс, ширийг шохойн сүү, давсны, эсвэл хүхрийн хүчлийн уусмалаар боловсруулж чанартай цавуу гаргадаг. Техник, технологи хөгжсөн орчин үед илүү сайн цавуу хийж, импортын хамаарлыг бууруулах бүрэн боломж бий.
-Савангийн, сав, баглаа боодлын үйлдвэрүүд бий л дээ. Бас шинэ үйлдвэр барих зардал хөрөнгийг хаанаас, хэн гаргах вэ гээд асуудал үүснэ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе биш шүү дээ.
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам гээд бий дээ. Тэдгээр байгууллагаас зөв төсөл, хөтөлбөр, үйлдвэрүүдэд яагаад хөрөнгө оруулж болохгүй гэж. Валютаар худалдан авч болдог ч дотооддоо үйлдвэрлэчих, түүхий эд нь хямд, олдоцтой байдаг бүтээгдэхүүнийг өөрсдөө хийгээд сурчихвал үгүй мөн нэмэртэй дээ. Энэ талаар бүр нарийн судалж, зарим бараанд импортын хориг тавьж, дотоодын үйлдвэрүүдэд хөнгөлөлт үзүүлж, татварын бодлогоор нөлөөлж байж үр дүнд хүрнэ. Бас сүүлийн үед гадаадын банкны салбаруудыг Монголд нээх, ОХУ-ын шатахуун түгээгүүрүүдийг ажиллуулна гэх зэргээр ярих болсон. Энэ нь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боловч тухайн байгууллагууд их хэмжээний зээл олгож, бүтээгдэхүүн нийлүүлэлтээ өсгөхийн хэрээр л бид хүүгийн төлбөрт унаж, ам.долларын ханшийг өсгөнө гэсэн үг. Харин түлш шатахууныг импортлохдоо зөвхөн Улаанбаатараар биш, баруун, зүүн бүс нутгаар нийлүүлэх, хэмжээг өсгөн, дотоодын тээврийн зардлыг багасгах, шуурхай хүргэх хэрэгтэй юм. Орон нутагт барьж болох үйлдвэр, зохион байгуулах ажлыг аймгуудын удирдлагууд тодорхойлж, алсыг харж, бодлого зорилт болгон хэрэгжүүлэх учиртай. Аймаг, сумын дарга нар зоримог бөгөөд алсын хараатай байж, бүс нутагтаа хэрхэн үйлдвэрлэл хөгжүүлэх, хаанаас хөрөнгө оруулалт татах, хэдэн ажлын байр бий болгох вэ гэх зэргээр өрсөлдөж, ялангуяа мах, сүү, малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглах, илүү үнэ цэн бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаараасай. Даанч тийм зүйл анзаарагддаггүй. Өргөн уудам газар нутаг, хаягдал түүхий эд, саалиа ч бүрэн авдаггүй, ажилгүй хүмүүс л байдаг нь нууц биш.
-Татварын орчин, ялангуяа нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд ачаа дарамт болж буй талаар та ямар бодолтой байна вэ?
-Татварын ерөнхий газраас гаргасан татвар тооцох аргачлалд үйлдвэрлэгчийн 50 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг бөөний болон жижиглэн худалдааны байгуулагаар дамжуулан хэрэглэгчдэд НӨАТ-ын 10 000-ыг нэмсэн дүнгээр 110 000 төгрөгөөр борлуулж буйг дурджээ. Яагаад 50 000 төгрөгийн бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсөх болов. Үүнийг тодруулъя. Тухайн компани 50 000 төгрөгийн бараа үйлдвэрлэн нэмүү өртөг бүтээснийхөө төлөө 10 хувь буюу 5000 төгрөгийн татвар төлөх үүрэгтэй. Ингээд бөөний төвүүдэд бүтээгдэхүүнээ 55 000-аар борлуулжээ. Улмаар бөөний худалдааныхан авсан үнэ дээрээ зардал, НӨАТ-аа нэмж 70 000 төгрөгөөр жижиглэн худалдааныханд борлуулсан байна. Жижиглэнгийнхэн зардлаа нэмж 100 000 төгрөгөөр борлуулж дээр нь НӨАТ-ын 10 000-ыг шингээсэн гэж Татварын ерөнхий газрын сургалтын хүснэгтэд үзүүлсэн. Уг нь борлуулалтын үнийг зөвхөн оролцогч байгууллагуудын бий болгосон нэмүү өртөг, түүнд ногдох НӨАТ-ын нийлбэрээр тодорхойлох учиртай. Тодруулбал, үйлдвэрлэгчийн нэмүү өртөг 50 000, НӨАТ 5000 төгрөг. Бөөнийн худалдааны байгууллагын нэмүү өртөг буюу зардал 15 000, түүнд ногдох татвар 1500 төгрөг. Жижиглэн худалдааныхны нэмүү өртөг буюу зардал 16 000, НӨАТ 1600 төгрөг гэх мэтээр явна. Гэтэл худалдан авагчын төлөх 110 000 төгрөгт оролцогч гурван байгууллагын төлчихсөн НӨАТ-ыг ахин давхар төлүүлж буйг ойлгохгүй байна. НӨАТ-уудыг төлсөн дүнгээр тухайн барааг борлуулах үнийг нэмэгдүүлж байгаа бөгөөд жижиглэнгийн байгууллагын НӨАТ нь 1600 байхад худалдан авагчаас 10 000 төгрөгийн НӨАТ авч, түүнийг цаашаа хэнд төлдөг нь ч тодорхой биш. Жижиглэнгийн байгууллага нь худалдан авагчаас 10 000 төгрөгийн НӨАТ биш, зөвхөн жижиглэн худалдаанд ногдох 1600 төгрөгийг л авах ёстой. Дээрх тооцооноос харахад бүх татвар, нэмүү өртөг, зардлыг шингээсэн дүн 110 000 биш, 89 100 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, нийт борлуулалтын өртгийг 23 орчим хувиар илүү тооцож иргэдэд татварын дарамт учруулж байгааг Сангийн яам, Татварын ерөнхий газар залруулах шаардлагатай. Ер нь зарим ажил, үйлчилгээг үндэслэл муутайгаар татвараас чөлөөлснөөс НӨАТ-ыг тодорхойлдог, тооцдог аргачлалаа боловсронгуй болгон, ард түмнийг татварын дарамтаас бага ч гэсэн хөнгөлж, нийгмийн хөгжил, цалин хөлс, тэтгэмжийн сангийн эх үүсвэрийг өсгөн, найдвартай, шудрага системтэй болцгооё л гэж уриалж байна даа.