Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр “Хуучин хүү” зохиолдоо дүрсэлсэн “хөмөрсөн тогоо” мэт ХХ зууны эхэн үеийн харанхуй, буурай Монголд мэндэлж, ердөө 31 насалсан ч монгол хүний оюун сэтгэлгээ, эх хэлний дархлааг утга зохиолын суут бүтээлүүдээрээ дархлан үлдээсэн соён гэгээрүүлэгч билээ. Их зохиолчийн ойг хэрхэн тэмдэглэх, Нацагдорж судлалын өнөөгийн нөхцөл байдал болон түүний орчуулгын өвийн талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Д.Цэвээндоржтой ярилцлаа.
БАГАНУУРЫГ “Д.НАЦАГДОРЖ ХОТ” БОЛГОЁ
-Их зохиолчийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан танай хүрээлэнгээс ямар ажлууд хийхээр төлөвлөв?
-Шинэ цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний хоёр жаран, монгол сурагчид Герман улсад суралцахаар мордсоны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн мэндэлсэн өдөр (арваннэгдүгээр сарын 17)-ийг нь улс орон даяар уншигчдын баяр болгон тэмдэглэх уламжлал тогтсоны 60 жилийн ой давхцаж буй. Тиймээс манай хүрээлэнгээс Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Д.Нацагдоржийн уран бүтээл, орчуулгын хөгжилд оруулсан хувь нэмэр, туурвил зүйн онцлог” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
Энэхүү хурлаар зохиолчийн туурвил зүйн онцлог, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, Нацагдорж судлалыг шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлснээрээ онцлогтой. Мөн ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамтай хамтран Лайпциг хотноо гэрэл зураг, гар бич мэлийн үзэсгэлэн дэлгэхээр төлөвлөж байна. Түүнчлэн гар бичмэлүүдийг анх удаа нэгтгэн хэвлэх, зохиолын үгийн сангийн судалгааны ном болон зохиолуудын хэлний толь бичиг бү тээн, Нацагдорж судлалын цахим архив үүсгэнэ. Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг залуу хойч үедээ таниулах зорилгоор “Улаанбаатараас Берлин хүртэл” телевизийн нэвтрүү лэг, баримтат кино бүтээх төлөвлөгөө гаргасан. Зохиолчийн төрсөн буурийг сэргээж, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэн, задгай театр байгуулах чиглэлээр орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байгаа.
Түүнчлэн зохиолчдын зүгээс Багануурыг “Д.Нацагдорж хот” болгоё гэсэн санал гарч байсныг онцлох нь зүйтэй. Миний хувьд ч үүнийг дэмждэг. Учир нь Д.Нацагдорж бол зохиолч, ор чуулагч, сэтгүүлч, судлаач, төр, олон нийтийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч манлай сэхээтэн байсан шүү дээ. Тиймээс Багануур дүүрэг цаашид яруу найргийн наадмын өлгий нутаг болохыг үгүйсгэхгүй.
-Зохиолчийн бүтээлүүд зуун дамжин үнэ цэнээ алдахгүй гайхагдсаар буйн гол шалтгаан юунд оршиж байна вэ?
-Их зохиолч Д.Нацагдорж 31 насалсан ч түү ний уран бүтээл бидний дунд амьдарсаар байна. Шинжлэх ухааны хүрээлэнд Түүхийн болон Дуун ухааны тасгийн эрхлэгчээр ажиллахдаа “Монголын түүхийн товч” бүтээл туурвиж, латин хэлний дүрэм, толь бичиг, нэр томьёо зохиох суурийг тавьсан. Мөн “Пионерын дуу”, “Хэнз хурга”, “Хоёр ишиг” зэрэг бүтээлээрээ хүүхдийн яруу найргийг үндэслэсэн гэж үздэг. Түүгээр ч зогсохгүй орос, герман, латин, манж, төвөд зэрэг таван хэлийг төгс эзэмшсэн, англи, хятад хэл сурч байсан тул бүтээлүүд нь өрнө, дорнын нийлэмж бүхий сонгодог шинжтэй. Бас зохиолынхоо утга санааг гүнзгийрүүлэхийн тулд уран яруу зүйрлэл, эсрэг, ижил утгатай үгсийг гайхалтай шигтгэснээрээ онцлогтой юм. Жишээлбэл, “Цагаан сар ба хар нулимс”, “Өвлийн хүйтэн, янагийн халуун”, “Үүрийн жавар, уурын чимээ”, “Үзэсгэлэнт охин асан”, “Нэгэн сэтгэлийг бөмбөрүүлсэн үе” зэрэг өгүүлсэн шүлэг, шүлэглэлт өгүүллэг тэргүүтэн нь орчин үеийн уран сайхны дүрийн урлалд томоохон шинэчлэл авчирсан. Д.Нацагдорж бол орчин үеийн Монголын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий соён гэгээрүүлэгчдийн нэг юм. Тэрбээр “Хи хи хи”, “Аальгүйгээс хамаргүй”, “Ламбугайн нулимс” зэрэг хошин шог зохиолоороо дамжуулан нийгмийн ёс суртахууны доголдлыг хурцаар шүүмжилж байв. Мөн түүний эрүүл мэндийн сэдэвт шүлгүүд нь европ эмнэлэг, шинжлэх ухааны ололтыг сурталчлан, тухайн үеийн нийгэмд хүчтэй өөрчлөлт авчирсан гэдэг. Ийнхүү хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ дэлхийн сонгодог бүтээлүүдийг эх хэлнээ хөрвүүлж, үндэсний уран зохиолын санг баяжуулсан нь түүний бүтээлүүд зуун дамжин гайхагдах гол шалтгаан болжээ.
СУДЛААЧДЫН ЗАЛГАМЖ ХАЛААГ БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ
-Нацагдорж судлалд сүүлийн жилүүдэд ямар шинэ нээлт, ахиц гарав. Ер нь залуу судлаачид голчлон ямар өнцгөөс судалж байна вэ?
-Нацагдорж судлалын суурийг анх эрдэмтэн Б.Содном “Д.Нацагдоржийн намтар, бүтээл” бүтээлээрээ тавьсан түүхтэй. Түүнээс хойш Л.Балдан, С.Лочин, Д.Цэдэв, Ч.Жачин нарын эрдэмтэн энэхүү судалгааг дотооддоо гүнзгийрүүлэн хөгжүүлж ирсэн. Харин өдгөө эх бичиг судлалын залгамж халааг бэлтгэх, гадаад, дотоодын судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Анх 14 зохиол хэвлэгдэж байсан бол 1945, 1955, 1961 оны түүврүүд хэвлэгдэх бүрд их зохиолчийн гар бичмэл, шинэ бүтээлүүд нэмэгдсээр эдүгээ 100 гаруй шүлэг, 30 гаруй өгүүлэг, 20 гаруй нийтлэл, 10 гаруй орчуулга, жүжгийн зохиол гээд нийт 200 орчим бүтээл бүртгэгдээд байна. Тэмдэглэлийн дэвтэртээ шүлгээ герман хэл рүү өөрөө орчуулан бичсэнээр түүний бүтээлийн орчуулгын гараа эхэлсэн гэдэг. Тиймээс нэрт орчуулагчийнх нь хувьд түүний англи хэлний орчуулгуудад анхаарч, нэгдсэн эх, түүвэр бэлтгэвэл Монголын уран зохиолыг дэлхийд сурталчлах нүүр царай болох юм. Иймд бид Нацагдорж судлалыг олон улсын түвшинд гаргах зорилт тавьж буй тул гадаад хэлний өндөр мэдлэгтэй залуу судлаачдыг утга зохиол судлал, тэр дундаа Д.Нацагдорж судлал руу татан оролцуулахыг эрмэлзэж байна. Учир нь зохиолчийн нууц нэрээр бичсэн эргэлзээтэй бүтээлүүдийг нэг мөр болгох, “Хэлхээгүй сувд” тэргүүтэй дуусгаагүй зохиолуудыг бүртгэлд хамруулах, гар бичмэлийн хувилбаруудыг хооронд нь тулган нягтлах эх бичгийн шинжлэл болон орчуулагдсан бүтээлүүдийг нэгтгэн судлах нь өнөөгийн тулгамдсан асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, хараахан олдоогүй бүтээлүүдийг илрүүлэх, ялангуяа хилийн чанадад байхдаа туурвисан өвийг нарийвчлан тодруулахад олон улсын монгол судлаачид, Д.Нацагдорж судлалын эрдэмтэдтэй хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. Тэдний оролцоотойгоор судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, улс орнуудын Нацагдорж судлалын бүтээлүүдийг нэгтгэн тоймлох бодит эрэлт, хэрэгцээ бий гэсэн үг.
-Түүний зохиолуудаас хамгийн бага судлагдсан нь ямар бүтээл бол?
-Ер нь түүний шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр, соён гэгээрүүлэгч анхдагч шинж, төр олон нийтийн зүтгэлтэн, сэтгүүл зүйн болон орчуулгын бүтээлүүдийг нь илүү гүнзгийрэн шинжлэх шаардлагатай. Нэг ёсондоо цогц судалгаа дутмаг байна гэсэн үг. Үүнийг үндсэн хоёр чиглэлд хуваан үзэж болох юм. Нэгдүгээрт, Д.Нацагдоржийн өөрийнх нь орос, герман хэлнээс орчуулсан сонгодог болон судалгааны бүтээлүүдийг шинжилж, уран чадварыг нь илрүүлэх. Хоёрдугаарт, түүний зохиолуудыг дэлхийн 80 орчим хэлээр орчуулаад буйг харьцуулан шинжлэх шаардлагатай. Их зохиолчийн уран бүтээлүүд ийг анх орос хэлнээ бүрэн эхээр нь буулгасан ч англи хэлний орчуулгын хувьд судалгааны бүтээлд эш татагдахдаа өөр өөр хувилбар үүссэн нь ажиглагддаг. Гэтэл Д.Нацагдорж өөрөө шүлэг орчуулахдаа уг эхийн санааг гүйцэт буулгахыг эрмэлзэж хорей, ямба (Орос болон Европын яруу найргийн хоёр үетэй, өргөлтөд суурилсан хамгийн түгээмэл хэмнэл)-ыг чанд баримтлан яруу найргийн хэмнэлийг хадгалахыг хичээж байсан шүү дээ. Энэ нь эргээд дэлхийн сонгодог зохиолыг монгол хэлний шүлгийн тогтолцоонд дүйцүүлэн хөрвүүлэх анхны бүтээлч оролдлого, шинэчлэлд тооцогддог. Тиймээс их зохиолчийн өөрийнх нь гаргасан энэхүү өндөр босго, хариуцлагатай чанарыг үл хайхран, түүний бүтээлүүдийг дутуу дулимаг орчуулах эрх хойч үеийн бидэнд байх ёсгүй.
-Их зохиолчийн бүтээлийн орчуулгуудыг судалж, энэ чиглэлээр дагнан ажиллаж ирсний хувьд тодруулж болох уу?
-Д.Нацагдоржийн уран бүтээл, тэр дундаа орчуулгын өвийг судлах чиглэлээр миний бие хэдэн судалгааны өгүүлэл бичсэн. Тухайлбал, С.Буяннэмэхийн “Сонин бичиг”, Д.Нацагдоржийн “Хэвлэл” хэмээх хоёр шүлгийн тухай” болон “Их зохиолч Д.Нацагдоржийн орчуулсан бүтээлүүд”, “Д.Нацагдоржийн яруу найргийн орчуулгад ажиглалт хийх нь”, “Дөрвөн цаг” шүлгийн англи хэлний орчуулгын хувилбаруудыг харьцуулах нь” гэх мэт. Мэргэжлийн сайн орчуулагч бэлтгэхгүй бол өнөө цагт монгол хүний гадаад хэлний мэдлэг, харь хүний нүүдлийн соёл, ёс заншлын талаарх ойлголт бэрхшээлүүд буруу ойлгож ташаа онооход хүргэж байна. Жишээ нь, “Ерөөлтэй учирсан хүү минь Ёстой миний амраг аа” гэснийг үгчилж бус, утгачлах шаардлагатай. Гэтэл “амраг байх ёстой эр хүн” гэсэн утгаар үгчилж орчуулсан нь яах аргагүй миний амраг гэсэн санааг ухаараагүйнх юм. “Элсэн манхан далайнууд”-ыг үгчилж ор чуулснаар Монголын өмнөд хэсгийг олон далайтай улс мэтээр буруу ойлгогдоход хүргэсэн байна. Түүнчлэн араатныг чоно гэх мэтээр явцууруулан оноосон зэрэг нь уран зохиолын орчуулгад тайлбартай хөрвүүлэг хийх зайлшгүй шаардлага үүсгэж байгаа юм. Энэ мэт “таван зүйлийн тарианы хөрс шороо газар”, “энх улирал ханхлахад”, “өвсний толгой ногоороход”, “уул ус нь тэгш бол”, “хүний хүү эрдэнийг өвөрлөн ирнэ” гэх мэт ахуй соёлын ойлголтыг үгчилж орчуулсан нь утгын зөрүү нэлээд үүсгэжээ. Мөн “Миний нутаг” шүлгийн нэрийг л гэхэд дөрвөн янзаар орчуулсан байдаг. Тэгэхээр ажиглалт судалгааг гүнзгийрүүлэх зайлшгүй шаардлага бий.
-“Дөрвөн цаг” шүлгийг англи хэлээр орчуулсан олон хувилбар бий. Тэдгээрийг харьцуулж үзэхэд монгол ахуй, нүүдэлчдийн сэтгэлгээг хамгийн сайн буулгаж чадсан нь аль нь вэ?
-“Миний нутаг”, “Дөрвөн цаг” зэргийг гадаадын судалгааны бүтээлүүдэд нэлээдгүй эш татагддаг. Англи хэлний хувилбаруудаас үзэхэд Саймон Смитийн орчуулга харьцангуй сүүл үеийнхэд тооцогдоно. Харин 1980-аад оны сүү лээр гарсан Кристина Хабросын (Krystyna Chabros) орчуулга нь илүү утгачилсан шинжтэй байдаг. Мэдээж орос хэл дээрх орчуулгууд бусад хэлнийхээс илүү оновчтой байдаг нь манай ахмад үеийн эрдэмтэд орос хэлийг гаргууд эзэмшсэнтэй холбоотой болов уу. Түүнчлэн 1976 онд “Од”, “Ламбугайн нулимс” зохиолыг англи, орос, герман, франц хэлээр орчуулан хэвлэсэн нь Монголын уран зохиолын орчуулгын түүхэнд түүчээ болох томоохон баримт болон үлдсэн билээ.
ДЭЛХИЙН СОНГОДГУУДЫГ МОНГОЛ УНШИГЧДЫН ХҮРТЭЭЛ БОЛГОХОД ОНЦГОЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН
-Д.Нацагдорж бол Герман, Францад боловсрол эзэмшсэн, тухайн үеийнхээ сэхээтэн байсан. Тэрбээр барууны сонгодог бүтээлүүдийг Монголын хөрсөнд буулгахдаа эх хэлний дархлааг сайтар хадгалж үлдсэн гэх хүн олон юм билээ.
-Тэрбээр 1926 онд Д.Пагмадулам нарын 35 хүүхдийн хамт Герман улсыг зорьж, Берлин, Лайпциг хотод суралцсан түүхтэй. Энэ хугацаанд Европын уран зохиол, нийгмийн шинэ үзэл санаатай танилцсан нь түүний уран бүтээлд гүн ул мөр үлдээсэн бөгөөд алдарт “Улаанбаатараас Берлин хүртэл” найраглал нь үүний тод жишээ юм. Тэрбээр хоёр улсын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтохоос ч өмнө соёлын гүүр болж, 1920-иод оны Германы дүр төрхийг бичиж үлдээсэн нь өнөөдөр түүхэн баримт болон хадгалагджээ. Их зохиолчийн ардын аман зохиолоо сонсож өссөн ахуй соёл, ажигч гярхай зан, тэмдэглэл хөтөлдөг дадал болон төрөлхийн авьяас билиг нь өрнө, дорнын боловсролтой хослон, түүний найруулан бичих чадварт нь онцгой нөлөөлсөн. Түүгээр ч зогсохгүй Швед, Японд очиж суралцахыг эрмэлзэн зохиол бүрдээ нэг үгийг дахин давтахаас зайлсхийж эрэл хайгуул, шинэчлэлийг үргэлжлүүлсэн нь сурч, бүтээх хүсэл, зорилгын нь тод илрэл юм. Түүнчлэн Э.Погийн “Алтан цох”, А.С.Пушкины “Буудалцсан нь”, А.Чеховын “Төрөлх орноо хайрлагч” зэрэг сонгодог зохиолыг эх хэлээрээ бичсэн мэт утга төгс, уран яруу орчуулсан байдаг. Ингэж шинэ цагийн орчуулгын уран зохиолын үндэс суурийг тавьж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол уншигчдад өртөөлөхөд онцгой хувь нэмэр оруулсан гавьяатай.
-Орчин үеийн залууст их зохиолчийн туурвил зүйн онцлог, сэтгэлгээний цар хүрээг таниулахын тулд хамгийн түрүүнд ямар бүтээлийг нь уншиж, судлахыг зөвлөх вэ?
-Юуны өмнө “Одон” шүлгийг нэрлэнэ. Энэ бүтээл бол хүн төрөлхтний хөгжил дэвшилд тэмүүлсэн зохиолчийн зөнч сэтгэмж, шинжлэх ухаанч сэтгэлгээний цар хүрээг илтгэдэг гайхалтай туурвил. Мөн “Миний нутаг” шүлэг нь эх орны сэдэвт яруу найргийн суурийг тавьсан төдийгүй энгийн тоочсон дүрслэл мэт боловч үндэсний оюун санааны дархлаа, эх түүхээрээ бахархах үзлийн илэрхийлэл болсон бүтээл шүү дээ. Залуус маань бичгийн соёл, сэтгэлгээний боловсролоо дээшлүүлэхийг хүсвэл “Харанхуй хад”, “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэг болон “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг шимтэн уншаасай гэж зөвлөх байна. Эдгээр бүтээл нь хүний дотоод сэтгэл болон нийгмийн дүр төрхийг үгээр хэрхэн амилуулж болдгийн тод жишээ бөгөөд “Хойчийн шинэ ертөнцөд хүндтэй гавьяа” байгуулсан монгол ардын суут зохиолч гэдгийнх нь баталгаа юм. Англичууд Шекспирээрээ, оросууд Пушкинээрээ бахархдаг шиг бидний үндэсний соёлын үнэт зүйл, оюуны бахархал бол их зохиолч Д.Нацагдорж юм шүү дээ.
У.Цэцэг