Сонгох, сонгогдох эрхийг нь хүйс харгалзахгүйгээр Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулиар олгосон атал нэг л сонгуулиас бүсгүйчүүд халгасаар удав. Шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн оролцоог нэмэхээр ярьж, тэмцсээр ирэхдээ тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг л тойрч гүйгээд байсан байх юм.
Зөвхөн эр хүн гардаг уул, овоо Монголд цөөнгүй бий. Үүний нэгэн адил зөвхөн эрчүүд өрсөлддөг сонгууль нь Ерөнхийлөгчийнх болж хувирчээ. Өмнөх таван удаагийн сонгуульд иргэд зөвхөн эрчүүдийн тулаанд санал өгөхдөө эмэгтэй нэр дэвшигч байж болох тухай бодож үзсэн ч үгүй, бүсгүйчүүд нь ч өрсөлдөх гэж хичээж байгаагүй аж.
Гэхдээ цаг цагаараа байдаггүй гэдэгчлэн бүсгүйчүүдийн үүрэг, давуу талыг улс төрийн ертөнцөд мэдрэхийн хэрээр өнөөх “өргөстэй хаалга”-нд завсар гарах цаг ирсэн байна.
Н.УДВАЛ САЛХИ ХАГАЛАХ УУ
УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигчдийн 20 хувь нь бүсгүйчүүд байна” гэсэн заалт бий. Энэ заалтыг хуульчлахын тулд улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн болон төрийн бус байгууллагынхан 20 жил тэмцсэн. Олон улсад шийдвэр гаргах түвшинд буюу Парламентдаа бүсгүйчүүдийн эзлэх хувь дунджаар 20 байдаг гэх. Гэтэл манайд 2008-2012 онд УИХ-ын ердөө дөрвөн хувийг нь л бүсгүйчүүд эзэлж байсан. Одоо 11 бүсгүй сонгогдож, дээрх хувь 14 болж өсчээ. Олон улсын дундаж хэмжээнд хүрээгүй ч манай улсын түүхэнд чамлахааргүй тоо. Байр сууриа хүүхнүүдэд алдчихна гэсэн айдас эрэгтэй улстөрчдөд байсан учир дээрх заалтыг батлахын тулд тэгж олон жил халширсан хэрэг. Гэхдээ одоо бүсгүйчүүдийн эзлэх хувь Парламентад өссөнөөр гаргах хууль тогтоомж хөрсөн дээр буухад, уян хатан байхад эерэг нөлөө гарч буйг УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас эхлээд мэдрэх болжээ. УИХ-ын түвшинд энэ байдлаар ахиц гарч эхэлсэн нь улс төрийн намуудад ч нөлөөлөх болов. МАХН-аас уг сонгуульд өрсөлдөх боломжтой дөрвөн хүнийг нэрлэсний нэг нь тус намын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд Н.Удвал. Намаас нь албан ёсоор урьдчилсан сунгаанд ч болов эмэгтэй хүн сойж буй анхны тохиолдол энэ болж байна. Туршлагатай улстөрчидтэй түүний нэр хамт дуулдаж байгаа ч МАХН дотроосоо дэмжлэг аваад гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Ингэж чадвал тэр Монголын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн анхны эмэгтэй болж салхи хагалах юм.
С.ОЮУНД НАЙДЛАГА ТАСРААГҮЙ
2009 оны сонгуулиар ИЗНН-аас түүнийг нэр дэвших тухай яриа гарч байлаа. Бүсгүй хүн өрсөлдөх яриаг гаргасан анхны тохиолдол нь яах аргагүй энэ байв. Гэвч тухайн үед эрхэм гишүүн дөнгөж нярайлаад бай сан тул дээр яриа тэгсгээд замхарч, ИЗНН-ынхан АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцсон. Энэ бүсгүй 2000 оноос хойш УИХ-д тасралтгүй дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж буй. Түүнийг “Ахынхаа нэрээр л улс төрд орсон” хэмээн шүүмж лэх нь бий. Гэхдээ тасралтгүй дөрвөн удаа зөвхөн ахынх нь нэрээр сонгосон гэвэл хэтэрхий өрөөсгөл болно. Чигч шударга, элдэв асуудалд нэр орооцолддоггүй, олон нийтэд хүндтэй улстөрчдийн нэг болж ажилласан учраас түүнд сонгогчид итгэл хүлээлгэдэг. Тэгээд ч ИЗНН-ыг улс төрд төлөөлж буй ганц гол дүр, лидер нь С.Оюун учраас энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж мэднэ гэсэн найдлага байна. Магадгүй тэр өрсөлдөх юм бол олны итгэлийг Н.Удвалаас ч илүү хүлээх улстөрч мөн. Гэвч ИЗНН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжоо ашиглах эсэх талаар одоохондоо дуугараагүй. Хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа хийсэн гэрээ ёсоор бол ИЗНН, АН, “Шударга ёс” эвсэл дараа дараагийн шатны сонгуульд хамтарч оролцох ёстой. Эвслийг бүрдүүлэгч МАХН дээрх гэрээнд нэг их ач холбогдол өгөөгүй, нэр дэвшүүлэх хүмүүсээ зарласан. Одоо ИЗНН яах бол. Тэд гэрээндээ үнэнч үлдэх үү, эсвэл бие даан өрсөлдөж, “ногоон Ерөнхийлөгчтэй” болох боломжийг эдлэх үү. Юутай ч уг нам сонгуульд өрсөлдөнө гэж шийдвэл нэр дэвших хамгийн боломжтой, хүлээн зөвшөөрөгдсөн лидер нь С.Оюун.
ДЭЛХИЙН 10-ААД ОРОН ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БАЙНА
Манайхны сайн мэдэх, гэр бүл болгоноос шахам хэн нэгэн нь ажиллаж амьдардаг БНСУ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Пак Гён Хи хэмээх эмэгтэйг Ерөнхийлөгчөөрөө сонгосон. Бүсгүй хүн төрөө тэргүүлж буй ганц улс нь БНСУ биш. Өнөөдрийн байдлаар Аргентин, Коста Рика, Литвия, Бразиль зэрэг дэлхийн 10 орон эмэгтэй Ерөнхийлөгчтэй байгаа юм. Харин манайд Төрийн тэргүүнээр бүсгүй хүн сонгох нь байтугай нэр дэвшүүлэх сэтгэхүй бүрэн бүрдээгүй байна. “Эр хүйс”-тэй сонгууль бий болсны гол шалтгаан энэ. Зөвхөн Парламентад суудалтай намууд л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлдэг нь бас нэг хязгаар, хамгаалалт үүсгэжээ. Хэдийгээр эмэгтэй улстөрчдийн давуу талыг мэдэрч буй ч Ерөнхийлөгчийн суудал руу өрсөлдөх нууцхан хүсэлтэй олон улстөрч бүсгүйчүүдэд зайгаа тийм амар тавьж өгөхгүй. АН, МАН-ын хувьд өрсөлдөх лидер олон. Тиймээс энэ том намын бүсгүйчүүдэд нэг хэсэгтээ л боломж гарахгүй. Энэ оны сонгуульд АН Ц.Элбэгдоржийгоо сойхоо мэдэгдсэн. МАН-ын тухайд магадлалтай улстөрчид дунд нь нэг ч бүсгүй хүн сонсогдохгүй байгаа. Харин олонд танигдсан лидер цөөн, жижиг намууд чадалтай улстөрч бүсгүйчүүддээ боломж олгож чадна. Чухам ийм шалтгаанаар л 2012 оны УИХ-ын сонгуульд ИХН-ын нэр дэвшигчдийн 90 хувь нь бүсгүйчүүд байсан юм. Юутай ч Монголын улс төрийн түүхэнд “эр хүйс”- тэй сонгуульд анх удаа нэгэн нам бүсгүй хүн сойж байна. Чадвар, мэдлэгээ эн тэнцүү сойж, Ерөнхийлөгчийн сонгуульд бүсгүйчүүд өрсөлдвөл улс төр харин ч сонирхолтой болох биш үү.