Цагаан зээрийн нутагт анх удаа очсоных тэр амьтныг харах гэсэн хүсэл тээж явав. Харамсалтай нь Мэнэнгийн талаар хөндлөн гулд гурван цаг гаруй давхихдаа хоёр зээрийн барааг тээр холоос арайхийн олж үзлээ. Цагтаа газар хөдөлж буй мэт үелзтэл давхидаг байсан зээрийн сүрэг өдрийн од мэт ийн цөөрсөн нь газрын тос олборлож буй “Петрочайна Дачин Тамсаг” компанитай холбоотой юм. БНХАУ-ын “Соко интернэйшнл ЛЛС” компаниас лицензийг нь худалдан авч үйл ажиллагаа явуулснаасаа хойш долоон жил болж буй тус компани 2011 онд Бичигтийн боомт хүртэл тавина хэмээн үзэглэсэн замаа өнөөг хүртэл бариагүй. Засгийн газартай гэрээ хийсэн гээд аймаг, орон нутгийн захиргаа, байгууллагуудын шаардлагыг үл тоодог энэ компани өдгөө нефть тээвэрлэх явцдаа 31 салаа зам үүсгэжээ. Одоогоор 521 цооног өрөмдсөнөөс 449 тос усны цооногийг ашиглалтад оруулж, өнгөрсөн онд л гэхэд 3.067 сая баррель буюу 410 тонн газрын тос олборлосон байна.
БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ ХЭВЭЭР ҮРГЭЛЖҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭНГҮЙЛЭН ХҮСЛЭЭ
УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй Ажлын хэсэг зүүн аймгуудад ажилласны гол зорилго нь “Петрочайна Дачин Тамсаг”-ийн үйл ажиллагаатай танилцах байв. “Рио Тинто”-г бодоход хөрөнгө оруулалтын хэмжээ бага, түүхий эдээ хэдийнэ борлуулж, ашиг олоод эхэлчихсэн, урд хөршийн 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани “Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа урт, төслийн эдийн засгийн үр ашиг бага. Долоон жилийн хугацаанд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн боловч нөхөн төлөгдөөгүй хөрөнгө оруулалтын хэмжээ 1.83 тэрбум ам.доллар болж байгаа. 2007 оноос хойш Гаалийн татвар, Нэмүү өртгийн албан татварын тухай хуульд удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулснаар газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд ашиглаж буй тоног төхөөрөмж, бараа материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, шатахуун, ажилчдын хоол хүнс, ахуйн болон хувийн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах болсон.
2010 оноос гадаадаас оруулж ирсэн ажиллах хүчний тоогоор ажлын байранд төлбөр ногдуулах болсон. Ойрын үед Монгол Улсын Засгийн газар Газрын тосны тухай хууль болон Газрын тухай багц хуулиудад их хэмжээний татвар хураамж оногдуулах, ашигт тосны хувь болон рояалтийн хэмжээг өөрчлөхөөр бэлдэж байна. Хэрэв эдгээр хуульд дээрх өөрчлөлт орвол компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болж, алдагдал хүлээхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтаа нөхөн олж чадахгүй байдал үүсэхээр байна” хэмээн УИХ-ын даргад танилцуулж сууна. Газрын тосны салбарт хууль эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлж, хоёр талын харилцан ашигтай, эдийн засгийн өгөөжтэй, хамтын ажиллагаа явуулах үүднээс Бүтээгдэхүүн хуваах гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна хэмээн нэмж хэлэв. Ерөнхийдөө Монголын Засгийн газар янз бүрийн татвар авч, биднийг шулж, төслийг ашиггүй болгож байна. Энэ янзаараа үргэлжилбэл бид төслийг зогсооно гэсэн санааг илэрхийлэв. Тус компани байгаль орчинд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь гурван шатны шүүхээр орж, орон нутгийн талд шийдэгдээд багагүй хугацаа өнгөрч буй.
Гэтэл Дорнод аймгийн төсөвт нэг ч төгрөг төлөхгүй явсаар байгаа. Энэ талаар “Петрочайна Дачин Тамсаг” компанийн байгаль орчны асуудал хариуцсан хуульч Ван Юнаас тодруулахад “Одоогоор энэ асуудал шийдэгдээгүй, Дээд шүүх шалгаж байгаа. Ер нь нэг нотлох баримттай, нэг асуудлаар гурван шүүхэд хандсан нь хууль зөрчиж байгаа хэрэг. Эхлээд Матад сумын нэг иргэн, аймгийн Засаг дарга шүүхэд хандаад өргөдлөө буцааж авсан. Тиймээс энэ асуудал одоохондоо шийдэгдэх боломжгүй” гэсэн хачирхалтай хариулт сонслоо. Чухам ямар хуулийн заалтыг зөрчөөд байгаа тухай лавлахад хуулийнх нь нэрийг орчуулагч нь ч тайлбарлаж чадахгүй байлаа. Дээд шүүхийн шийдвэр хэдийнэ гарчихаад байхад Дээд шүүхийг хүлээж байна гэснээрээ сохор зоос ч төлөх сонирхолгүй байгаагаа харуулав. Хар зам тавиагүй, 31 салаа зам гаргаж Бичигтийн боомтоор өдөрт 80-100 машинаар нефть зөөж байгаа атлаа бас Баянхошууны боомтын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаард лагатай байна хэмээн УИХ-ын даргад хүсэлт тавьсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээг хэвээр үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна гэсэн үгийг хэд хэдэн удаа хэлээд авсан. Уг гэрээгээр бол олборлосон тосны 40 хувийг “Петрочайна Дачин Тамсаг” компани хайгуул, олборлолтынхоо зардалд, үлдсэн 60 хувийг 60:40-өөр тус компани болон Засгийн газар хувааж хүртдэг. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах нь амин чухал байсан үед хийсэн гэрээ учраас нөгөө талдаа хэтэрхий ашигтай болсон хэрэг. Харин одоо бол харилцан ашигтай байх нь гол бодлого учраас гэрээг дахин нягтлах шаардлагатай гэдгийг УИХ болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Г.Уянга онцолсон. Тус компани 2013 онд 313 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 650 мянган тонн газрын тос олборлохоор төлөвлөжээ. Хэ рэв энэ нь биелбэл олборлолтоос 537 сая ам.долларын орлого олохоос Засгийн газар 120 сая, “Петрочайна Дачин Тамсаг” 350 сая ам.долларыг хүртэх бөгөөд тус компанийн нийт алдагдлын хэмжээ 1.46 тэрбум ам.долларт хүрэх гэнэ.
ЗАМ БАРИХГҮЙ БОЛ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ГЭВ
Энэ бүх зовлон бэрхшээлийг сонссоны эцэст УИХ-ын дарга З.Энхболд “загатнасан газар маажиж”, даацтай хариулт өгсөн юм. Тэдний ярьсан хүндрэл бэрхшээл нь тус компанийн хүлээх эрсдэл, хариуцлага гэдгийг юуны өмнө анхааруулав. Долоон жилийн өмнө “Соко интернэйшнл ЛЛС”-тэй гэрээ байгуулахдаа тоглоомын дүрмийг хүлээн зөвшөөрсөн тул гэрээнд заасны дагуу ажиллахаас аргагүй гэд гийг сануулсан. “Жилийн өмнө ашиглалтад орох ёстой замыг одоо хүртэл бариагүй байгаа нь танай компанийн хариуцлагатай холбоотой. Цаашид зам барихгүй бол тээвэрлэлтийг зөвшөөрөх боломжгүй. Хуулиа мөрдөх ёстой. “Петрочайна Дачин Тамсаг” бол том компани. Тиймээс бизнесийн төлөвлөгөөгөө олон арван жилээр харж хийхийн оронд ойр зуурын юм ярьж болохгүй” хэмээн З.Энхболд дарга хэлэв. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тус компанийг зөвхөн зовлон тоочиж байгааг шүүмжилсэн бол Х.Болорчулуун гишүүн “Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орно. Гэрээ нь хуулийн дагуу харилцан ашигтай байж тогтвортой байх учиртай. Газрын тосны шинэ хуулиар орон нутагт үлдэх үр шим илүү нэмэгдэнэ. Өрмийг нь аваад, хусмыг нь үлдээж таарахгүй. Гэрээний зарим зүйл Монголд ашиггүй байгааг дахин харах шаардлагатай” гэв. Тус компанид ажиллаж буй 300 гаруй монгол ажилчид арван сар хөөцөлдсөний эцэст энэ оны эхээр цалингаа “нэмүүлсэн”.
Өөрөөр хэлбэл, өмнө нь олгодог байсан хээрийн нэмэгдэл гэх өдрийн 10 ам.долларын 7.5-ыг нь үндсэн цалин дээр нь нэмж тооцож байгаа аж. Иймд үндсэн цалингаас суутгасан, хээрийн нэмэгдлийг шууд олгосноос ялгаагүй болж, ажилчдын гар дээрээ авч байгаа мөнгө огт нэмээгүй талаар монгол ажилчид УИХ-ын даргад дуулгаж, учир зовлонгоо ярьсан. Түүнч лэн 40 хоног ажиллаад, 20 хоног амрах нөх цөл нь ганц бие залууст гэр бүл зохиоход тушаа болохын зэрэгцээ залуу хосуудыг салахад хүргэж байгаа аж. Өмнөд хөршид амьдрах өртөг харьцангуй хямд. Харин тэр өртгийг бодолцож бус, Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын жишгээр ажилчдын цалинг олгох, тохилог орон сууцны хороолол, цэцэрлэг сургууль байгуулж, цаашлаад, гэр бүлээрээ амьдрах орчинг бүрдүү- лэх шаардлагатайг УИХ-ын дарга З.Энхболд анхааруулсан. “Цаасан ээр байгуулдаггүй нийгмийн лиценз гэж байдаг. Энэ бол ард түмнээс танай компанийн хийж бүтээсэнд өгөх үнэлэмж” хэмээн нэмж хэлээд хэрхэн хөрөнгө оруулдгийг нь харъя гэвэл “Энержи Ресурс”-ийн кэмпэд зочлоорой хэмээн урив. Эцэст нь ямар нэгэн зүйлийг шаардуулалгүйгээр, өөрсдөө хэр санаачилгатай ажиллахаас тус компанийн Засгийн газарт тавьсан олон асуудал хэрхэн шийдэгдэх нь хамаарна гэдгийг хэллээ. Ингэснээрээ “Петрочайна Дачин Тамсаг” компанийг шахаж байгаа хэрэг биш. Тус компанийн ачаар Монгол Улс нефть экспортлогч орон болж, Монголд газрын тосны үндэсний мэргэжилтнүүд бий болж, уг салбар хөгжиж буйг З.Энхболд дарга дурдахаа мартаагүй юм. Тамсагийн сав газраас олборлосон тосыг Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрт боловсруулаад сар бүр 10 мянган тонныг авах гэрээ хийгээд ирэх сараас авч эхлэх тухай сайхан мэдээг УИХ-ын дарга дуулгасан. Ингэснээр нефтийн бүтээгдэхүүний үнийг бууруулахад онцгой нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.
“БАЯН ЭРЧ”-ИЙГ САНДАРГАСАН ГЭНЭТИЙН ЗОЧЛОЛТ
Дорнод аймгийн МСҮТ-д “Баян Эрч” хэмээн компани 800 монгол ажилтан сургах захиалга өгсөн тухай мэдээлэл УИХ-ын дарга З.Энхболдын анхаарлыг ихэд татав. “Оюутолгой” компаниас хавьгүй жижиг хэрнээ 1600 ажилтан авсан тус компанитай харьцуулахад олон хүний захиалга өгсөн нь түүнийг маршрутаа өөр чилж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Баян Эрч” компанийн зүг хөтөлсөн юм. Тус суманд байгаа ганц үлгэр жишээ олборлогч компани болохыг Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Зоригт ч дахин дахин дурдаж байсан юм. Цас их орсон байсан тул байсхийгээд л машинууд сууж, цас хүрздэн зам гаргаж, багагүй бартааг туулсны эцэст “Баян Эрч” компанийн уурхай дээр ирэв. УИХ-ын даргыг ирэх тухай мэдээ сонссон бололтой компанийн удирдлагууд том жижиг гэлтгүй бүхий л шагнал, өргөмжлөлөө ширээн дээр өрчихсөн хүлээж суув. Гүний хоёр, ил нэг уурхайгаар молибден олборлож, хөвүүлэн баяжуулах аргаар боловсруулах гэнэ. Нийт 17 сая тонн молибдений нөөцдөө тулгуурлан 20 жил ажиллах төлөвлөгөөтэй аж. Харин малын бэлчээрийн талбайгаас ус татаж ашиглах төлөвлөгөө нь иргэдэд таалагдахгүй байгаа учраас нутгийн олны эсэргүүцэлтэй тулгарч, ажлыг нь удаашруулаад байгаа юм байна. Ямар ч байсан усныхаа 85 хувийг дахин ашиглаж, нөхөн сэргээлт хийх, ажилчдын тохилог хотхон барих төлөвлөгөө боловсруулснаа товч танилцуулсан. Цаг бага байсан ч усны асуудал, ажилчдын нийгмийн байдалд анхаарч ажиллахыг УИХ-ын дарга үүрэг болгоод мордсон юм. Ийнхүү манай зүүн хязгаарын газар нутагт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудад УИХ-ын дарга З.Энхболд зочилсон нь нэгийг бодож, хоёрыг тунгаахад хүргэсэн буй за.