Хэдхэн хоногийн өмнө Японы Ерөнхий сайд манай улсад айлчилсан нь дэлхийн анхаарлыг бидний зүгт хандуулав. Олон улсын зах зээлд “Чингис” бонд гаргаж халаасаа зузаалсан “хөрөнгөтэй” Засгийн газар Шинзо Абэг угтсан боловч нөгөө талаар хөрөнгө оруулагчид тал нутгаас зарим талаар нүүр бууруулж байгаа дүр зураг үзэгдээ болов уу. Нүүрсний салбарын экспорт унаж, хэрэгжүүлэх бэлэн төсөлгүйгээс бондын мөнгөө банкинд хав дарсан, хоёр хөршийн төдийгүй бусад улс орны анхаарлыг татаж асан төмөр замын төсөл нь амьсгалахтай үгүйтэй болж, Оюутолгойн гэрээгээ “самарч” эхэлсэн монголчуудын хувьд Шинзо Абэ авралын од байв.
Юутай ч Японы Засгийн газрын тэргүүн Монголыг стратегийн түнш улс хэмээн мэдэгдэж уул уурхайн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, технологийн хувьд дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн. Түүнчлэн тус улсын зүгээс Тавантолгойн төсөлд Японы компаниудыг оролцуулах санал тавиад буцлаа. Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослын дараа хилийн чанадаас түүхий эдийн нөөц хайж эхэлсэн япончуудтай манай Ерөнхий сайд нүүрсний салбарт хамтран ажиллана гэж амлаад байгаа. Хэрвээ манайхан бусад түнш орон болон хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэсэн арга барилаа япончуудад хэрэглэчихгүй л бол хоёр улсын хамтын ажиллагаа чамгүй үр дүнд хүрэх биз ээ.
Харин Шинзо Абэгийн айлчлалаас монголчууд Дарханы нефтийн үйлдвэр болон Хөшигийн хөндийд барих олон улсын нисэх буудлын төслийн хувь заяаг нэлээд сонирхож байв. Эл сонирхлын хариуд тэрбээр Монголын газрын тосны үйлдвэр, Төв аймгийн Хөшигийн хөндийд байгуулах олон улсын нисэх онгоцны буудлын төслийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлнэ гэж мэдэгдлээ. Эцсийн шийдвэр хараахан гараагүй дээрх төслүүд энэ хавар хэрэгжиж эхэлнэ гэж хэлэхэд эрт. Учир нь Шинзо Абэгийн айлчлалаас хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Дарханы нефть боловсруулах үйлдвэрийн гэрээг Японы Засгийн газартай байгуулахдаа дараа үйлдвэрлэх бүтээгдэхүүнээр барьцаална” хэмээн мэдэгдсэн. Энэ оны эхээр Шинэчлэлийн Засгийн газар 2015 он гэхэд жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, төрийн өмчийн оролцоотой үйлдвэр барина. Эл бүтээн байгуулалтыг Японы “Тоёо инженеринг” корпорацын технологиор байгуулах шийдвэр гаргаж, үйлдвэрийн нийт өртөг 600 сая орчим ам.долларыг Засгийн газар боломжийн үнэ гэж тооцсон нь нефтийн үйлдвэрийг дотоодын түүхий эдийн нөөц газраа түшиж, хувийн хэвшлийнхний дэмжлэгтэйгээр байгуулж болно гэж үздэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн.
Ийнхүү үйлдвэр Дарханд суурьшихаар болсонд дургүйцэж буй мэргэжилтнүүд “Японы Засгийн газар дараа үйлдвэрлэх түүхий эдээр барьцаалж зээл олгох нь эргэлзээтэй” хэмээн мэдэгдэх болов. Түүнчлэн Японы Засгийн газар хэдэн жилийн хугацаатай, хэдэн хувийн хүүтэй зээл олгох вэ. Зардлаа удаан хугацаанд нөхдөг нефть боловсруулах үйлдвэр хэдэн жилийн дараа ашгаа өгөх бол. ОХУ-ын Засгийн газар Монгол Улсад түүхий нефть импортлохыг дэмжих үү гэсэн эргэлзээтэй олон асуултыг эцэслэж амжаагүй яваа Засгийн газарт талуудтай хэлэлцэж тохирох, төслийн багийн ТЭҮЗ-ийг хүлээх амаргүй ажил тулгарч байгаа нь бүтээн байгуулалт энэ хавартаа багтахгүйг харуулав.
Түүнчлэн 2008 оны хавар зээл нь бүтэж, Японы Засгийн газар санхүүжүүлэхэд бэлэн болсон ч өнөөдрийг хүртэл ажил нь эхлээгүй олон улсын шинэ нисэх буудлын төсөл мөн л энэ хавар эхлэхгүй нь бололтой. Нисэх буудлыг барьж байгуулах зээл нь бэлэн болж, гүйцэтгэгч нь тодорсон уг төсөл зургаан жил цаасан дээр хэвтэж буй. Энэ хооронд үнийн өсөлтөөс шалтгаалж, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болж гацсан эл төсөл өнгөрсөн намраас яльгүй ахиж, манайх Японы Засгийн газраас нисэх буудал барих зориулалтаар авах зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэх санал тавиад байсан юм. Одоогоор шинэ нисэх буудал руу авто зам, төмөр зам, шугам хоолой, эрчим хүч зэрэг дэд бүтэц татах зардлыг сүүлчийн хувилбараар тооцож гаргах ажлыг эдийн засагчид хийж дуусаагүй байна.
Төслийн шинэ тооцоо бэлэн болмогц Засгийн газар танилцаж, УИХ-ын хэд хэдэн байнгын хороо хэлэлцэж, УИХ баталсны дараа нэмэлт зээлийн гэрээнд гарын үсэг зурах юм. Энэ мэт үргэлжлэх шат дамжлагыг давах гэж мөн л чамгүй цаг хугацаа туулах учраас Хөшигийн хөндийн нисэх буудал хавартаа багтаж эхлэхгүй нь тодорхой болсон аж. Уг нь эл ажлыг хийе гэж зүтгэвэл Японы компаниуд олон улсын нисэх буудлыг 2016 оны аравдугаар сард ашиглалтад өгнө гэдгээ мэдэгдсэн. Харин Засгийн газар улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх төслүүдээ ахиулж амжихгүй бол монголчуудын мөрөөдөл дахин нэг жилээр хойшлох төдийгүй япончуудын итгэл буурах хандлага ажиглагдаж магадгүй юм.
Д.ЦАЦРАЛ