Шинэчлэлийн Засгийн газар “Шинэчилж шийднэ” гэсэн амлалтандаа хүрч, шинэ, сонин стандартуудыг Монголд анх удаа “нутагшуулж” байна. Түүчээ нь Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг. Ард түмний сонголтыг эс тоох, хуулийг үл харгалзан томилж, халах жишиг тогтолцоог тэрбээр амжилттай үүсгэн туршиж, богино хугацаанд өргөн хүрээнд халдварлуулж чадлаа. Өндөрлөөд бараг хагас жилийн нүүр үзэх гэж буй орон нутгийн дуулиант сонгуулийн зарим үр дүн Ерөнхий сайдад огт таалагдаагүй гэхэд хилсдэхгүй биз. Ард түмний хийсэн сонголт Засгийн тэргүүний хувьд “буруу”, “шинэчлэх” зорилгод нь нийцээгүй тул тэрбээр иргэдийн “алдааг” засаж, Ерөнхий сайдаар томилогдохдоо “Би төрийн алба хаагчдаас хуулийн үндэслэлгүйгээр нэг ч хүнийг ажлаас нь халж, нэг ч орон тоо нэмэхг үй. Захиргааны зардлыг ч мөн нэмэхгүй. Хэрэв ийм үйлдэл хийвэл өөрөө сайн дураараа огцорно” хэмээн хэлснээсээ хүртэл буцахаас аргагүйд хүрсэн бололтой. Тиймээс Н.Алтанхуяг сайд 11 яамыг 16 болгон “шинэчилж”, төрийн албан хаагчдын цалин, үйлчилгээний зардлыг 400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байх. Үнэндээ түүний хууль бус томилгоо хэрээс хэтэрч, ард иргэдийн саналыг уландаа гишгэх үзэгдэл хаа сайгүй халдварлав.
Одоогийн байдлаар манай улсын зүүн хязгаар Дорнод аймаг, баруун хойд Хөвсгөл нутаг Засаг даргагүй байна. Дорнод аймгийнхны хувьд орон нутгийн сонгуулиар МАН-аар удирдуулахаар саналаа өгч, ИТХ нь хуралдан М.Бадамсүрэнг Засаг даргаар томилох шийдвэр гаргасан. Харамсалтай нь Ерөнхий сайд түүнийг батламжлалгүй хоёр ч удаа буцаагаад зогсохгүй, Дорнод аймгийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгчээр Д.Цэрэнчимэгийг томилох шийдвэр гаргах нь тэр. Хөвсгөл аймаг ч мөн өнөөг хүртэл жинхэнэ даргагүй явсаар ирлээ. Тэгвэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т, ИТХ эхний хуралдаанаар нэр дэвшүүлсэн Засаг даргыг Ерөнхий сайд батламжлахаас татгалзвал зохих шатны хурлыг 15 хоногийн дотор хуралдуулна гэж заажээ. Хуулийн энэ хугацаанд Хөвсгөл аймаг хоёр, Дорнод аймаг гурван ч удаа хуралдсан байдаг. Уг хуулиар бол Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн хүнийг томилох хурлын тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Ерөнхий сайд томилж, шийдвэрлэх үүрэгтэй. Дахин буцааж, батламжлахаас татгалзах эрх байдаггүй. Түүнчлэн Үндсэн хуулийн 60.3-т, дараагийн Засаг даргын бүрэн эрхийг өмнөх Засаг дарга хэрэгжүүлэх тухай заасан байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд тухайн Засаг даргыг томилохоос татгалзвал дахин нэр дэвшигчийг сонгон, томилтол өмнөх Засаг дарга тухайн орон нутагт бүрэн эрхээ хэвээр хадгална гэсэн үг.
Дахиад нэг хуулийн жишээ татъя. АН-ынхан төрийн албыг нийтийн алба болгож, шинэ хууль тогтоомж гаргана хэмээн ярьж буй ч одоогийн байдлаар тодорхой хууль санаачилж, өөрчлөлтийг эхлүүлсэн зүйл байхгүй. Тэгэхээр Төрийн албаны тухай хууль өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэсэн үг. Уг хуулийн 21 дүгээр зүйлд “Төрийн эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнхээ зэрэгцээ, эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж болно” хэмээн заасан нь түр орлон гүйцэтгэгч томилж болох цорын ганц зохицуулалт. Тэгэхээр дээр дурдсан хуулийн заалтуудыг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөрчсөөр иржээ. Энэ бол Ерөнхий сайдуудын түүхэнд байгаагүй практик. Байж боломгүй үйлдлийг нь харуулахын тулд баахан хуулийн заалт тоочиж, нуршихаас өөр арга байсангүй.
Ерөнхий сайд болохоосоо өмнө ч тэрбээр хууль бус томилгоо нэг биш удаа хийж байсныг дахин сануулъя. Тэрбээр Тэргүүн шадар сайд байхдаа 2010 онд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг хууль бусаар халж, өөрийн найз гэгдэх Г.Энхтайваныг оронд нь томилсон. Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын тогтоол хууль зөрчсөн болохыг тухайн үед тогтоож, түүнийг ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг шүүхээс гаргаснаар Тэргүүн шадар сайдын хууль бус үйлдэл ил болсон. Г.Гантөмөр ч ажилдаа буцаж орсон. Гэтэл тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн болсныхоо дараа СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийг гадаадад албан ажлаар явсан хойгуур нь халж, оронд нь өнөөх Г.Энхтайванаа ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр дахиад томилж орхисон. Энэ томилгоо бас л хууль бус болсныг гурван шатны шүүх баталж, Г.Гантөмөрийг эргүүлэн томилох шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хуудсыг ШШГЕГ болон сайд Х.Тэмүүжин нар Засгийн газарт хүргүүлжээ. Шадар сайд Д.Тэрбишдагва хүртэл энэ асуудалд санаа зовж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Ерөнхий сайдад зөвлөсөн байна.
Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Б.Ариунсангийн томилгоог ч дурдаж болно. Түүнийг томилсон шийдвэрийг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр шийдвэрлэмэгц Ерөнхий сайд Н.Алтанхуяг шийдвэрээ даруй цуцалсан. Дорнод аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон шийдвэр нь хууль бус болохыг аймгийн шүүх мөн өнгөрсөн даваа гаригт тогтоов. Энэ мэтээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хууль бус томилгоо буюу алдааг бичээд байвал урт жагсаалт гарч мэдэх нь. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараас эхлээд ах дүү, амраг садангаа төрийн албанд шургуулж байгаа тухай элдэв сөрөг мэдээлэл сонины нүүр дүүрэн гарах болсон. Шүүх гэдэг хэн нэгэн иргэн, дарга, сайдын ашиг сонирхлыг үл харгалзан хуулийн дагуу шийдвэр гаргадаг болохоор Ерөнхий сайдын хууль бус үйлдэл яалт ч үгүй илэрсээр байна. Цаашид ч олон асуудал сөхөгдөхийг үгүйсгэхгүй.
Ямар ч байсан Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж буй Ерөнхий сайд хууль зөрчиж болохгүй гэдэг л үнэн. Ерөнхий сайд нь хуулиа дагахгүй бол өөр хэн дагах вэ? Ерөнхий сайд, намын даргынхаа дур зоргын үйлдлийг аймгийн удирдлагууд ч дуурайж байгаа. МАН олонх болсон суманд сонгогдсон Засаг даргыг нь аймгийн дарга одоо болтол батламжлахгүй гэдийж байгаа жишээ олон бий. Ард түмний сонголтыг үл хүндлэх, өөрийн таалалд нийцүүлэх жишгийг ийнхүү Ерөнхий сайд тогтоолоо. Засгийн тэргүүн уг нь алдаа гаргах ёсгүй. Ганц нэг алдаагаа ухамсарлаад, шийдвэрээ цуцалсныг нь үнэлж болох юм. Гэсэн ч Н.Алтанхуяг хамгийн их алддаг, алдсан нь шүүх хяналтын байгууллагаар тогтоогдсон Ерөнхий сайд болж түүхэнд тэмдэглэгдэх нь.