Ерөнхий сайд Н.Алтанхуяг ядарсан монголчуудынхаа буян заяаг төрийн тахилгат Бурхан Халдун ууланд даатгах гэж яваад золтой л осолдчихсонгүй. Хөөрхий минь бидний төлөө л тэр шүү дээ. Манай Төрийн тусгай хамгаалалтын газрынхны байж байгаа царайг. Бүхэл бүтэн улсынхаа Ерөнхий сайдыг урьд нь арав гаруй удаа гарч байсан гэх шүтээн ууланд нь төөрүүлээд, үр хүүхэдтэй нь өөр зүг рүү хөтөлж оджээ.
Монголчууд бид хэзээнээсээ төрөө дээдэлж ирсэн ард түмэн. Буурал болсон ээж минь цайныхаа дээжийг өргөхдөө төрдөө сүсэглэж байхыг өглөө бүр сонсдог байлаа. Мэргэн бодлогоороо ард түмнээ залуурдах учиртай төрийн түшээ, Ерөнхий сайд маань ажлаа сайн хийхийн оронд өөрийнхөө үүрэх ачааг ууланд даатгаж явсан болох гээд байна. Төрийн алба, төрийн хүний үйлдэл гэдэг өнцгөөс нь харвал инээдтэй гэхээсээ өрөвдөлтэй хэрэг. Н.Алтанхуяг гэдэг бие хүн өөрийнхөө итгэл үнэмшил, сүсэг бишрэлээрээ явсан бол өөр. Гэтэл “Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, ард түмнийхээ тусын тулд явсан” гэж өөрөө мэдэгдэв. Их хайрхныг Ерөнхийлөгчийн зарлигаар дөрвөн жил тутам тахиж, Төрийн тэргүүн ард түмнийхээ буян заяаг даатгадаг уламжлалтай. Гэтэл Ерөнхийл өгчтэй барьцаж байгаа юм шиг Ерөнхий сайд ч бас юу ч билээ. Эсвэл Н.Алтанхуяг сайд ийм жишиг тогтоох гэж байгаа юм болов уу. УИХ-ын хаврын чуулган жагсаал цуглаантай, хэл амтай эхэлсэн. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайдын хувьд шүүмжлэл түүн рүү чиглэсэн. Чуулганы нээлтийн маргааш нь тэрбээр Засгийн газрын хуралдаанаа хийчихээд Хэрэг эрхлэх газрын дарга тэрг үүтэй дагуулуудаа авч тахилгат уулыг зорьсон нь тодорхой болов. Эндээс харвал монголчуудын гэхээсээ өөрийнхөө буян заяаг даатгаж, хэл амнаас холуур өнгөрөөхийг хүсэхээр явсан юм биш үү. Шинэчлэлийн Засгийн газар амсхийлгүй ажиллаж байгаа гэж Н.Алтанхуяг сайд очсон газар бүртээ, уулзсан хүн болгонд ярьж явдаг. Сайдын ажил энэ удаа лав ярьдгаасаа алд дэлэм зөрөв. Салхинд гарч малгайн утаа сэргээх нь хувь хүний хообий байхыг үгүйсгэхгүй. Гэтэл жар, далан хүн дагуулаад явж байсныг нь дуртай ажил гэхээсээ зугаалга, эсвэл салхинд гарангаа “хор найруулах” гэж явсан гэж үзэж болохоор.
Ерөнхий сайдыг дагаж явсан хүмүүсийн олонх нь төрийн алба хаагч байна лээ. Тэд хувийнхаа унаагаар явсан нь юу л бол. Бас болоогүй, уулын өвөрт нэлээд хэдэн гэр, майхан урьдчилан бариулж, хоол унд зэхүүлсэн гэж байгаа. Энэ ажилд хэчнээн сая төгрөг зарцуулсан бол. Гэр, майхан ачсан машин тэрэгний бензин шатахуун, хотоос ирэх дарга нарын хоол хүнсний зардал, томилолтын мөнгө гээд урсаж өгсөн нь лавтай. Дагаж явсан хүмүүс унааныхаа шатахууны мөнгийг халааснаасаа гаргасан нь юу л бол? Ойрын үед манай орны ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга хаа сайгүй болох тухай Ус цаг уур, орчны хүрээлэнгээс өдөрт хэдэн удаа анхааруулж байсан. Ялангуяа, зүүн аймгуудын нутгаар хаваржилт хүндэрч, зарим суманд гамшиг болсныг хэвлэлээр хангалттай мэдээлсэн. Яг ийм таагүй үед Ерөнхий сайд их хайрхныг зорьсон нь ямар учиртай юм бол.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, түүний зөвлөхүүд, Төрийн тусгай хамгаалалтын газрынхан, Ерөнхий сайдын хамгаалалтын албаныхан хаана, юу хийж байсан байх вэ. Цаг агаар өнөө, маргааш ямар байх нь вэ гэдгийг өнөөдөр захын малчин ажиж, жирийн иргэн өглөө ажилдаа явахдаа сонсож, хувцас хунараа тохируулж өмсдөг шүү дээ. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайдын хамгаалалтын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар ийм байж болох уу. Хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагагүй нь харагдлаа. Ерөнхий сайд нь ч, төрийн алба нь ч тэр нэг л учир замбараа муутай байх болсныг дээрх явдал бодитоор харуулав. Аз болж таагүй явдал холуур өнгөрлөө. Хэрэв муу юм болсон бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Ерөнхий сайдаа ойд төөрүүлчихдэг тусгай алба манайхаас өөр газар байдаг болов уу. Хацар нь бага зэрэг хайрагдсан Ерөнхий сайдаа ойгоос олсон нь их юм. Их хайрхан харин Ерөнхий сайдыг хүлээж авааг үй нь жаахан тоогүй юм боллоо.
Цасан шуурганд ойд төөрсөн Ерөнхий сайдын багийнхныг аврах ажиллагааг Ерөнхийлөгч удирдаж, хилчид, онцгой байдлын газрынхан, цагдаа, тагнуулынхан, Төрийн тусгай хамгаалалтын газрынхан, эмнэлгийнхэн, Цусны төвийнхөн, Төв аймгийн Мөнг өнморьт сумынхан, тэр бүү хэл дулаан хэвтэртээ унтаж байсан эрэлч нохой гээд бараг л орон даяараа хөдлөв. Дал шахам хүнтэй багийнхан гурав тасарсан байсныг эрлийн хэсгийнхэн олж, нийслэлд авчирлаа. Ууланд гарах хообийтой Н.Алтанхуяг гэдэг хүний балгаас болж төсвөөс дор хаяж 100 шахам сая төгрөг зарцуулсан гэдэг мэдээ байна. Энэ мөнгөөр хаваржилт хүндэрсэн сумын малчдад хэдэн тонн өвс, тэжээл авч, өвчиндөө шаналсан хэчнээн хүүхдэд эм, тариа залгуулах байсан бол. Өнгөрсөн жилийн хавар Орхон голын мөсөн дээгүүр гарч явсан хүмүүс осолдож, нялх үрээ тэвэрсэн бүсгүй урсан одсон. Хоёр иргэнийхээ төлөө Монголын төр хуруугаа ч хөдөлгөөгүй гэхэд болно. Онцгой байдлын газрын хэдэн аврагч голын эрэг даган хэдэн өдөр хашхирч яваад эрлээ зогсоосон. Аврагчид нь голын бургасанд гар утасныхаа гэрлээр урдах замаа харж явсан гэсэн. Монголын төр, төрийн алба жирийн иргэнд ингэж л ханддаг аж. Эрлийн ажиллагааг Ерөнхий сайдыг хайсан шигээ хийсэн бол эх, хүү хоёр голын нэг тохойд, бургаснаас зуураад байж байсан ч юм бил үү, хэн мэдлээ.
Ер нь бодоод байх нь ээ, Ерөнхий сайд маань “Намайг олоорой” гэдэг тоглоом тоглосон юм биш байгаа. Манай улстөрчдийн дунд нэг тиймэрхүү тоглоом дэлгэрээд байгаа бололтой юм. УИХ-ын гишүүд нь чуулгандаа суухг үй хэдэн долоо хоногоор алга болно. УИХ-ын Тамгын газрынхан, чуулган зохион байгуулагчид хайгаад олдогг үй. Гэтэл хаа холоос сураг нь гарч байсан жишээ захаас аван бий. Хэдэн жилийн өмнө Л.Гүндалай УИХ-ын гишүүн байхдаа булан тохойг нь ч андахгүй гэгддэг Хөвсгөл далайдаа хувийнхаа завиар зугаалж яваад сураггүй болсон нь тухайн үед хөөрхөн дуулиан тарьсан. Тэр үед Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан У.Хүрэлсүх нисдэг тэрэг хөлөглөн хайж, Хөвсгөл далайн булан тохой бүрийг нэгжсэн. Арай л шумбаагүй байх. Гэтэл эрхэм гишүүн хувийнхаа амралтын газарт ч бил үү оччихсон байсан гэдэг. Өчнөөн сая төгрөг зарлагадаж, эрэл сурал болгосныхоо төлөө Л.Гүндалай уучлалт ч гуйгаагүй өнгөрсөн. Нүүр, нүдгүй балбах шуурганд уруудсан малынхаа араас явж байгаад төөрч, хөдөө хээр осгосон хүн манайд жилдээ хэдэн арваараа гардаг. Тэр бүхэнд тухайн нутаг орныхон, үсрээд л хэдэн аврагч томилогдож эрдэг. Эрлийн ажиллагаа дээд тал нь долоо хонодог юм уу, үгүй юм уу. Хэдхэн хоноод л эрлийг зогсоолоо гэдэг юм билээ. Ер нь бол үхсэнд тооцож байгаа нь тэр. Эрх мэдэлтэн, иргэн хоёрын ялгаа нэг иймэрхүү л байна даа. Тэгэхээр төр минь намайг аварна, гараа сунгана гэж найдахын хэрэггүй. Өөрөө өөртөө эзэн байх нь аминд өлзийтэй.