Монгол Улсын Ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн товыг УИХ энэ сарын 22-нд зарлана. Тов зарласнаас хойш 10 хоногийн дараа намууд нэр дэвшигчдээ тодруулах учиртай. Ирэх сарын дунд гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд аль намаас хэн нэр дэвших нь эцсийн байдлаар тодорно гэсэн үг. Тэр болтол урьдчилсан сунгаа, таамаг үргэлжилнэ.
СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх хүртэл улс төрийн намуудын байр суурь яаж ч эргэж болно. Одоогийн байдлаар АН, МАН-аас гадна МАХН, ИЗНН уг сонгуульд оролцохоо мэдэгдээд байгаа юм. МАХН-ын адил дангаараа сонгуульд оролцох уу, Засгийн газрыг хамтарч байгуулсан гэрээгээ мөрдөх үү хэмээн эргэлзэж байсан ИЗНН-ынхан өнгөрсөн баасан гаригт Үндэсний хорооныхоо хурлыг хийж, “Сонгуульд дангаараа оролцоно” хэмээн шийдсэнээр 2005 оны туршлагыг хэлбэр талаас нь давтах нөхцөл үүсэв.
НАМТАР НЭМЭХЭЭС КАРЬЕР ӨСӨХГҮЙ
1997, 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус бүр гурван намаас нэр дэвшиж байжээ. Харин 2005 онд түүхэндээ хамгийн олон буюу дөрвөн нам хүнээ сойсон юм. Энэ мэтээр хоёроос илүү нам сонгуульд өрсөлдөж байсан ч АН, МАНаас л Төрийн тэргүүн төрж байв. Ерөнхийлөгчийн төлөө нэр дэвшиж мэдэх горилогчдын дотроос АН-ын Ц.Элбэгдорж ялах магадлал өндөр байгаа. Тиймээс гуравдагч хүчнийхэн сонгуульд оролцлоо ч намтартаа “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, дэвшиж байсан” гэсэн өгүүлбэр нэмэхээс хэтрэхгүй, тэдний карьер нэмэгдэхгүй юм. Гэвч олон нам өрсөлдөхийн хэрээр санал олон хуваагдана. Энэ бол АН, МАН-ын хувьд том хохирол.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас М.Энхсайхан, МАХНаас Н.Энхбаяр, “Эх орон” намаас Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жар гал сайхан нэр дэвшсэн. Тухайн үед Н.Энхбаярын нэр хүнд өндөр байсан учир ихэнх аймаг, дүүрэгт 50-иас илүү хувиар ялалт байгуулсан юм. Тэр үед санал яаж хуваагдсаныг эргэн нэг сануулъя. АН-аас өрсөлдсөн М.Энхсайханы хувьд 25-40 хувийн санал авч байжээ. “Эрэл”-ийн Б.Эрдэнэт УИХын сонгуульд нэр дэвшин сонгогдсон Хөвсгөл аймагтаа хамгийн өндөр буюу 40.32 хувийн санал авсан байгаа юм. Түүний хүрч чадах дээд цэг ердөө л энэ байв. Тэгвэл нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Б.Жаргалсайхан тэндээс 17.96 хувийн санал “зулгаасан” байна. Булганчууд БНН-ыг дэмжиж, түүний хувьд хамгийн өндөр болох 34.8 хувийн санал өгч байжээ. Нийт 30 хэсэгт дүн гаргасан аж. Үүнээс Б.Жаргалсайхан 10, Б.Эрдэнэбат 17 газар нь 10-аас доош хувийн санал авчээ. Хаа очиж Б.Жаргалсайханы нэр хүнд нөгөөхөөсөө илүү байв. Нийслэлийн дүүргүүдэд ноён Жагаа харьцангуй гайгүй “давхисан” юм билээ. Гэхдээ л тэд нийлээд АН, МАХН-аас 20 гаруй хувийн саналыг дүйвүүлж чадсан байна.
Цаг үедээ тухайн нам, нэр дэвшигч хэр үнэлэгддэгээс хамаарч “зулгаах” саналын тоо хэлбэлзэх нь мэдээж. УИХ-ын сонгуулиар 10 гаруй хувийн санал авч, УИХ-д 11 суудалтай болсон МАХН-аас удахгүй болох сонгуульд өрсөлдөх боломжтой хүнээр Д.Тэрбишдагва, Л.Цог, Ч.Улаан, Ц.Цолмон, Н.Удвал нарыг нэрлэсэн. Эдэн дотроосоо Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг дэмжих сонгогчийн тоо багагүй. ИЗНН-аас дарга С.Оюуныг нэр дэвшүүлэх магадлалтай байна. Түүний чансаа ч чамлахын аргагүй. Тиймээс энэ удаагийн сонгуульд МАХН, ИЗННаас оролцох хоёр эрхэм МАН, АН-д багагүй түвэг удна. Хуваах саналынх нь тоо тус бүртээ 10-хан хувиар зогсчихгүй л болов уу. Энэ нь удахгүй болох сонгуульд 2005 оных шиг илт тасархайгаар сонгогдох нэр дэвшигч гарахгүй гэсэн дүр зургийг бий болгож байна. МАН-аас дарга Ө.Энхтүвшин, гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нарыг хамгийн “хурдтай” өрсөлдөгч хэмээн үнэлж буй. Тэгвэл тэдэн дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын нэр нэмж дуулдах болжээ. Тэдний хэн нь ч нэр дэвшсэн туршлагатай, чансаатай түшээ учир хэцүүхэн өрсөлдөгч байх нь мэдээж.
С.Оюуны чадлыг бага “дооз”-оор үнэлж, Б.Жаргалсайханы 2005 онд авсан саналтай дүйцүүллээ гэхэд МАХН-ын нэр дэвшигчийн чансаа түүнийхээс давах нь бараг тодорхой. Тэгэхээр хэн нь ч 50 хувиас илүү буюу нийт сонгогчийн олонхийн санал авахгүй нөхцөл үүсэх нь. Ийм тохиолодолд хамгийн олон санал авсан хоёр эрхмийн дунд хоёр дахь шатны сонгууль явуулах ёстой. Нэг ёсондоо олон намаас хүчтэй нэр дэвшигч өрсөлдсөнөөр түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болох нөхцөл үүсэв. Уг хуулийн 62.1-д “Нэр дэвшигчдийн хэн нь ч санал хураалтад оролцсон нийт сонгогчийн олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна” хэмээн заажээ. Ингэх юм бол АН, МАХН ба АН, МАН гэсэн гэсэн хувилбар тунаж үлдэх тухай зарим хөндлөнгийн судалгааны байгууллагын таамаг дүн гарсан. Улс төрийн намууд дор бүртээ сонгуульд бэлтгэж, нэр дэвшигч тодруулах аянд гараад байна. Өмнөх сонгуулиудаас илүү ээдрээтэй, ширүүн өрсөлдөгчтэй, хүчтэй санал хуваагчидтай, хоёр шаттай өрсөлдөөнд тэдний хэн хэн нь сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй болжээ.