Католик шашны ертөнц шинэ хамбаа 2013 оны гуравдугаар сарын 13-нд 13.03 цагт хүлээн авлаа. Харин Аргентиний
хамба Хорхе Марио Бергольог сүмийн сэхээвч дээр гарч ирэхэд Ромын гэгээн Петрийн талбайд шавагсад хийгээд Ватиканаас шууд дамжуулж буй теле нэвтрүүлгийг сонирхогчид тэнд чухам хэн байгааг таньсангүй. Учир нь үнэнийг хэлэхэд Ромын Папын сэнтийд өрсөлдөх магадлалтай хү мүүсийн дотор Буэнос-Айресын хамба Хорхе Марио Бергольогийн нэр байгаагүй юм. 1300 жилийн түүхэнд анх удаа еврей биш үндэстэн Ромын пап ламаар сонгогдсон нь ганцхан Латин-Америкт л их баяр хөөр авчрав.
Уго Чавесыг залгамжлагчаар тодроод буй Николас Мадуро Ромын шинэ хамбыг Венесуэлийн өөд болсон удирдагчийн заавраар бурхан илгээсэн гэж хэллээ. Тэрбээр “Манай удирдагч тэнгэр өөд нисээд тэнд Ийсүстэй нүүр тулан уулзаж “Өмнөд Америкийн үе ирж байх шиг байна. Тэндээс хамба ламыг тодрууллаа шүү дээ” гэж хэлжээ” хэмээн эх орон нэгтнүүддээ айлдсан байх юм. Түүнийг ийн хэлж байхтай зэрэгцээд Ромын шинэ тэргүүн хамбын төрсөн эх орон-Аргентиний парламент католик шашинтнуудад хандаж хамбын хэлэх үгийг сонсохын тулд талийгаач Уго Чавесын дурсгалд зориулсан ёслолын ажиллагааг тасалдуулах шаардлага байна уу үгүй юү гэх төвөгтэй асуудлыг нэг тийш болгов. Тэгээд гэгээнтний үгийг бид дахиад сонсож болно, харин Чавестай эцсийн удаа салах ёс гүйцэтгэх гэж буй тул тэр арга хэмжээг тасалдуулахгүй байх нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргав.
Ийнхүү Хорхе Марио Бергольо гэгч ламтан Ромын 266 дахь тэргүүн хамба болсноор өөрөө хүсээгүй байлаа ч улс төрийн сонирхлын гүнд ороод ирлээ. Түүний нэрээр зарим нь сүсэгтнүүдийн сэтгэлийг татах, удахгүй болох сонгуульд олигтойхон санал авчих гэж, нөгөө хэсэг нь та шашны удирдагч гэлээ ч улс төрийн дээдчүүдэд өөрийн гэсэн эрх ашиг бий шүү гэдгийг хамба ламд ойлгуулахыг хичээх нь эргэлзээгүй. Католик шашинтнуудын 40 хувь нь буюу 432 орчим сая хүн Латин Америкт аж төрж байна. Тийм болохоор латин америк гаралтай хүн тэргүүн хамбаар сонгогдсон нь эцсийн эцэст нэг их гайхах зүйл биш. Латин Америкийн орон Мексикт очилгүй долоон жил хүлээлгэлээ гэж түүнд халаагаа өгсөн XVI Бенедиктийг нэг бус удаа шүүмжилж байсан юм. Гэтэл католик шашны өмөг түшиг болсон энэ газар сүм хийдийнхний хувьд тун төвөгтэй, энд баруунтан, зүүнт ний хооронд улс төрийн сөргөлдөөн байнга буцалж, баян, ядуугийн ялгаа дэлхийн аль ч өнцгөөс илүү гүнзгий байдаг юм.
Саяхан болтол Арген тиний нийслэл Буэнос-Айресийн тэргүүн хамба байсан Хорхе Марио Бергольо Ерөнхийлөгч агсан Нестор Киршнер, суудлыг нь залгамжилж авсан түүний гэргий Кристина Киршнер нарын хувьд хүндэлж дээдэлдэг хүн нь байв. Нестор нэгэнтээ Бергольо бол “жинхэнэ сөрөг хүчний төлөөлөл” гэж хэлсэн байдаг. Харин тэргүүн хамба нэг удаа эрх баригчдыг хатуухан шүүмжилж нийгмийн яр шархны талаар ил тод хэлчихсэнээс хойш тэдний харилцаа нэлээд хөндийрсөн гэдэг. Ламтан хувиршгүй хуучинсаг үзэлтэй хүний ёсоор ижил хүйстнүүд хоорондоо гэрлэх, үр хөндөх мэт либералуудын эрхэмлэдэг зүйлсийг нь илт эсэргүүцдэгт нөхөр, гэргий хоёр Киршнер ихээхэн дургүйцдэг байв. Хэрэв лавшруулан харвал Хорхе Марио Бер гольо нь Хуан Доминго Пе ро ноос аваад одоогийн Ерөн хийлөгч хатагтай Кристина Киршнер хүртэлх зүүний удирдагчдыг бүгдийг эсэргүүцдэг хүн юм.
Дашрамд хэлэхэд Кристина Киршнер нь Уго Чавесын адил, хүмүүст юу хэрэгтэйг бусдаас илүү мэддэг хүн мэтээр ханддаг гэгддэг. Одоогийн Ромын тэргүүн хамбыг католик шашны дээд зиндааны бусад хүмүүс шиг зүүний зүтгэлтнүүдийн, юуны урьд 1976-1983 онд Аргентинд засаглаж байсан цэргийн харгис диктатурын хийсэн гэмт үйлдлийн дэргэдүүр нүдээ аниад өнгөрдөг гэж буруутгадаг аж. 1977 онд Дела Кудра гэх аргентин залуу эмэгтэйг цэргийн дарангуйллын дэглэмийн ажилтнууд хулгайлсан байна. Жирэмслээд таван сар болж буй энэ эмэгтэйг суллуулахад туслахыг хүсэж гэр бүлийнхэн нь Ватиканд ханджээ. Ватикан нь болохоор аргентин гэр бүлд туслаач хэмээн Бергольо ламтнаас хүсжээ. Гэтэл хамбатан энэ гуйлтад ёс төдий хандсан гэж хүний эрхийг хамгаалагчид үздэг. Тэрбээр нэг өргөдөл бичээд чимээ алдарч. Тэгтэл хагас жилийн дараа цэргийн эрх баригчдаас нэг захидал ирж, нөгөө охин хүүхдээ төрүүлсэн бөгөөд түүнийг нь “маш өндөр албан тушаалтны” гэр бүлд өргүүлсэн тухай өгүүлсэн байв гэнэ. Гэр бүлийнхэн нь охиноо тэр цагаас хойш олж харсангүй. Тэр охин 20 мянган аргентин хүний адил дарангуйлагч засгийн шоронд тамаа цайсан нь мэдээж. Гэтэл нөгөө хамба Бергольо маань тухайлбал цэргийн дэглэмийнхэнд хулгайлагдсан хүүхдүүдийн талаар тухайн үед нь юу ч мэдээг үй бөгөөд Аргентинд иргэний Засгийн газар бий болсны дараа дуулсан хэмээн 2012 онд л сая ам нээдэг байгаа. Тэгтэл Ромын хамба ламын түүхийг бичдэг Серхио Рубинд үүнээс огт өөр баримт байдаг аж.
Цэргийн дэглэмээс зугтсан хүмүүсийг сүмдээ нэг бус удаа нууж, тэр ч бүү хэл нэгийг нь амь мэнд улс орноосоо явахад нь тусалж хуурамч бичиг баримт хүртэл бүрдүүлж өгч байсан гэж Бергольо өөрөө намтар бичигчдээ ярьсан гэнэ. Бергольо 1998 онд Аргентиний нийслэлин тэргүүн хамба лам бо лохоосоо өмнө уран зохиол, философи, шашны ном лол нэлээн судалжээ. Аргентин улс эдийн засгийн гүнзгий хямралд орж, гүн ангал руу унаж явах үед түүнийг хамба ламаар томилсон байна. Тэрбээр сая сая аргентин хүнийг ядууруулсан гэж үздэг капи тализмыг эрс ширүүн шүүм жилж, хүмүүсийн талархлыг ихэд хүлээж байв. Дараа нь хямрал өнгөрсөн ч өргөн олныг уруу татсан авлига, Киршнерүүдийн хуурмаг сүржин яриа, хязгааргүй эрх мэдэл рүү тэдний тэмүүлэх цаг үе ирсэн байна. Иймээс Киршнерүүд нь ОУВС-гийн адил Бергольогийн дайсан болж хувирлаа. Франциск урьд нь байсан II Иоанн Павелын шийрийг хатаах бо лов уу, польш хүн Кароль Войтыла Дорнод Европын орнуудад үзүүлсэн шигээр Латин Америкт нөлөөлж чадах уу хэмээн түүнийг одоо хамбын сэнтийд залраад байгаа үед нь шинжээчид асууж байна.
Америкийн Флоридагийн Олон улсын их сургуулийн шашны дэг ёсны багш Даниель Альварес “Франциск эхлээд Венесуэл, Эквадор, Боливи улсын популист Засгийн газрыг шүүмжилж гараагаа эхэлж болох юм. Урьд нь Аргентинд хийсэн шигээ эрх баригчдынх нь талаар юу бодож явдгаа эдгээр орны хүн амд ярьж, католик шашинтнуудад нь дорвитой нөлөө үзүүлэх боломжтой” гэж үзэж байна. Гэтэл Францискад ямар ч хувьсгалч төлөвлөгөө байхг үй байж ч болно. Латин Америкийн зүүний хүчнийхэнтэй тэмцэлдэх нь түүний үүрэг биш шүү дээ. Тэрбээр харин энд шашныг сэргээх үүрэгтэй. Сүүлийн үед латин америкчууд католик шашны сүмүүдээс олноор нүүр буруулах болоод буй. Бразилд хийсэн санал асуулгаас үзэхэд тус тивийн энэ томоохон оронд 124 сая хүн буюу нийт хүн амынх нь 65 хувь нь католик шашин шүтэж байна. Тэгвэл 10 жилийн өмнө 74 хувь нь, 1970 онд 92 хувь байсан аж. Энэ байдалд судлаачид хэд хэдэн тайлбар хэлдэг. Протестант шашны нөлөө энд жилээс жилд нэмэгдэж байна. Тэр хэрээр католик шашны байр суурь алдагдаж буй. Католик шашинд дургүйцэх болсон өөр нэг шалтгаан нь сахил санваартнуудтай нь холбоотой. Тэд хормой хотны явдалд их орооцолдох болсон. Сан Паулу хотын Католикийн их сургуулийн шашны номлолын багш Фернандо Алтемейер болохоор “католик шашны сүм хийдийн нөлөө суларч буй гол шалтгаан нь сая сая хүмүүс аливаад итгэхээ больж, бодит байдлыг танин мэдэж болно гэдэгт итгэхээ байж буйтай холбоотой” гэсэн байр суурьтай байна.
Нууц баримтууд алга болсон, дотоод зөрчил ихэссэн, төсвөөс нь хууль бусаар их хэм жээгээр ашигласан гэх мэт дуулиан шуугиан сүүлийн үед дуулдаад байх болсон Ватиканы дотоодод Франциск өөрчлөлт хийх болов уу хэмээн хүмүүс хүлээж байна. Тэгэхдээ өргөн далайцтай өөрчлөлт хийх нь түүний хүчрэхгүй ажил байж ч болно. Гэхдээ II Иоанн Павел энэ суудалд залрахдаа ердөө 58 настай байсан юм, тэгвэл Францискийн нас сүүдэр одоо 76 болоод буй. Өндөр сэнтийд залраад удаагүй байхдаа Франциск яг гүй дипломат болохоо харууллаа. Ватиканд түүний хүлээн авсан анхны зочин нь Аргентиний Ерөнхийлөгч хатагтай Кристина Киршнер байв. Урьд байсан санал зөрөлдөөн алга болсон шинжтэй. Киршнер хамбад хамгийн дуртай аргентин цайг нь бэлэглэв. Хамба Франциск хатагтай Ерөн хийлөгчийг үнсэв. “Ромын хамба лам намайг хэзээ ч үнсэж байгаагүй” гэж нөгөөх нь сэтгүүлчдэд хөөрөн хэллээ. Тэгэхдээ шинэ хамбад Арген тиний Ерөнхийлөгчийн өгсөн даал гаврыг биелүүлэхэд төвөгтэй байж мэднэ. Фолкленд (Мольвиньт)-ийн арлыг Латин Америкийн энэ орны эзэм шилд байхад дэмжлэг үзүүлэхийг Аргентиний эрх баригчид хамбаас хүсжээ. Энэ арлаас үүдэлтэй маргаан 1982 онд Аргентин, Их Британи хоёрын хооронд томоохон дайн үүсэх шалтгаан болж байсан юм. Тэргүүн хамба Бергольо урьд нь Фолклендийн арлыг Аргентинийх байх ёстой гэж дуугарч байсан ч одоогийн суудал дээрээс ингэж хэлэхэд хэцүү байж болно. Тэгээд ч энэ оны гуравдугаар сард тус арал дээр санал асуулга явуулахад оршин суугчдын 91 хувь нь Фолклендийг Лондоны мэдэлд байхыг дэмжсэн байдаг юм.
Р.ЖАРГАЛАНТ