УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг МАНынхан оруулаад санал хураахын өмнөхөн завсарлага авсан. Түүнийг огцруулах үндэслэлийг Та хэр бодиттой гэж үзэж байна вэ?
-Үндэслэлтэй нь танилцах шаардлага надад байхгүй. Надад Засгийн газрыг үнэлэх өөрийн үнэлгээ бий. Зөвхөн Засгийн газрыг хамтран байгуулсан ИЗНН-ын гишүүний биш, эдийн засагч хүний үүднээс байгуулагдсан цагаас нь хийж буй ажил, үйл ажиллагааг мэдэж байгаа. Бизнес, санх үүгийн үйл ажиллагааг сайжруулах реформд оролцоод явж байна. Ерөнхий сайдын хувьд дутагдал бий. Гэвч улсынхаа цаашдын эрх ашгийг бодох нь чухал. Гэхдээ энэ нь Засгийн газрын дутагдлын хажуугаар дуугүй өнгөрнө гэсэн үг биш. Ирэх долоо хоногт Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг үргэлжл үүлэн хэлэлцэх үед Засгийн газар юуг дутуу анхаарч байгаа, Ерөнхий сайдын хувьд Н.Алтанхуяг юун дээр анхаарах ёстой талаар бодол, саналаа хэлэхээр бэлдсэн.
-Ерөнхий сайд, Засгийн газарт Та ямар зөвлөгөө өгөх гэж байгаа юм бэ?
-Оны хоёрдугаар улирлын эцсээр макро эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө гарч, төсвийн орлого нэлээд хэмжээгээр дутахаар байгаа. Тиймээс төсвийн биелэлт, бодлогын реформ чухал. Ганц хөлтэй эдийн засгийг олон хөлтэй болгох талаар Засгийн газрын ажил жаахан удааширч байгаа. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжиж, баялаг бүтээгчдэд санхүүгийн эрх чөлөө, таатай орчин бүрдүүлэх ёстой. Зээлийн хүү, инфляцыг нэг оронтой тоонд барих талаар Засгийн газрын баримталж буй бодлогод ч алдаа бий. Өмнө нь инфляцын нийлүүлэлтийн тал дээр Засгийн газар, Монголбанк хоёр хамтарч ажилладаггүй байсан. Одоо бол санхүүжилтийн схемийг хамтарч боловсруулаад, нийлүүлэлтэд садаа болж буй зүйлийг арилгахаар ажиллаж байна. Гэхдээ ингэлээ гээд зээлийн хүү болон инфляц нэг оронд орчихгүй. Тиймээс мөнгөний бодлогоо өөрчлөх ёстой. Үүний тулд инфляцыг онилох зорилтоо зэрэгцүүлж, эдийн засгийн оролцоотой өсөлтийг анхаарах нь чухал. Бодлогын хүүг ямар хэмжээнд хүргэн бууруулж, банкны салбарт яаж өөрчлөлт хийх, заавал байлгах нөөцийн доод хэмжээг хэрхэн уян хатан байлгахыг ярина. Н.Алтанхуяг гэдэг хүний макро алсын хараа муу байна. Эдийн засгийн хөгжлийн бүх асуудлаа Н.Батбаярт, хууль эрх зүйн шинэчлэлээ Х.Тэмүүжинд, байгаль орчны асуудлыг С.Оюунд хариуцуулчихаад УИХ дээр асуулт тавихад тэд өмнөөс нь хариулдаг. Ядуурлыг бууруулахын тулд зөвхөн ажлын байр нэмэгдүүлээд болчихгүй. Үүнийг ганцхан Я.Санжмятавын яаманд даалгаад шийдчихгүй. Ядуурлын олон төрөл бий. Сэтгэлгээний ядуурал ярихаар халамжийн системтэй холбогдоно. Хавтгайрсан халамжаас татгалзсан ч гэсэн нуугдмал хэлбэрт шилжчихээд оршсоор байна. Хүүхдийн мөнгийг би нуугдмал халамжийн систем гэж үздэг. Халамжийг мод тарих, хүүхдээ вакцинд хамруул гэх мэтийн тодорхой нөхцөл тавьж, биелүүлсэн хүнд нь олгодог байх учиртай. Санхүүгийн салбар ч олон хөлтэй байх ёстой. Банкны салбар үүний 95 хувийг эзэлдэг байж таарахгүй. Тус салбарт өрсөлдөөн бий болгохын тулд гаднын хөрөнгө оруулалтыг хэрхэн татахыг ч Ерөнхий сайд анхаарах ёстой. Чуулган дээр гишүүд асуулт тавихаар Ерөнхий сайд макро түвшинд ярьдаггүй. Өмнөөс нь сайд нар хариулдаг. Үүнийгээ “Би сайд нартаа итгэдэг” гэж тайлбарлах байх. Уучлаарай, гэхдээ “Итгэ, бас удирд” гэж хэлмээр байна. Сайд нар сайн, гэхдээ Та илүү байх ёстой. Энэ талаас нь Ерөнхий сайдад зөвлөгөө өгөх шаардлага бий. Би сөрөг хүчин шиг огцруулъя гээгүй, сайжруулах юм ярина.
-Цалин, тэтгэвэр нэмэхг үйгээр аж ахуйн нэгж үүдээ дэмжих замаар үнийн хөөрөгдлийг зохицуулах Засгийн газрын бодлогыг буруу гэж сөрөг хүчин үзэж байгаа. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Төрийн албан хаагчдын бүтээмж, гүйцэтгэлийг нэмж байж энэ тухай ярина уу гэхээс гурван тал суугаад шийдвэр гаргадаг хуучны хандлагаас татгалзах ёстой. Одоо цалин нэмэх биш, хэмнэлтийн горимд шилжих цаг. Тодорхой хэдэн бүтээгдэхүүн дээр санхүүжилтийн схем бий болгох ёстой. Аливаа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах ганцхан арга бий. Энэ бол нийлүүлэлтийг чөлөөтэй, өрсөлдөөнтэй болгох. Санхүүгийн зах зээлд ч энэ зарчим хамаарна. Банкуудтай өрсөлдөх байгууллагууд гарч ирэхэд зээлийн хүү, инфляц буурна. Үүнийг би Ерөнхий сайдын алсын хараа гэж хэлээд байгаа юм.
-Гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт буурсныг МАН-ынхан Ерөнхий сайдын бодлого буруу байгаатай холбосон. Ерөнхий сайд болохоор “Анх хүлээж авсан эдийн засгийн нөхцөл хүнд, өмнөх Засгийн газрын үед тавьсан зээлийн ачааг одоо үүрч байна” гэсэн. Хэн нэгнийх нь буруу юү, эсвэл 50:50 хувьтай юу?
-Одоо улс төр л явж байна. Эдийн засгийн өсөлт 17 байснаа 10 хүртэл шалчийтал уналаа гэв. Унахад яадаг юм. Бидэнд бодит байдлыг мэдрүүлж байна шүү дээ. Ганц, хоёрхон бүтээгдэхүүн дээр суурилсан эдийн засгийн өсөлт дээр аз жаргалаа төсөөлөөд байна. Тэгвэл “Энэ худлаа, би өөрчлөгддөг” гэсэн сургамжийн дохио. Түүнээс хэн нэг хүн өсөлтийг 17-10 хувь болгоод буулгачихаагүй. Биднээс хамаарахгүй шалтгаан бий. Хамгийн том хөрш, БНХАУын дотоод зах зээлд болж буй үйл явцтай ч холбоотой. Ер нь алийн болгон Засгийн газар, улс төрийн намууд эдийн засгийн зөвхөн өсөлтийг харах юм. Дэлхий дахинд оролцоотой эдийн засгийн тухай ярьж байна. Эдийн засгийн чанар, агуулга чухал. Өсөлт 10 хувь байж болно. Түүнд жижиг бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хэр оролцож чадаж байна. Тэдний оролцоотойгоор баялаг бүтээж, үйлчилгээ хөгжиж, зах зээл идэвхжиж байгаа бол чанар. Үүнд анхаарч, баримтаа гарга, хариултаа өг гэж аль аль талд нь хэлье.
-Засгийн газрыг бүрдүүлж буй олонх болох АН-ынхан бодит ажил хийхээсээ илүү шоудах нь давамгайлж байна гэсэн шүүмжлэл бий. Нүүрсний үнийг буулгахдаа Ерөнхий сайд өөрөө шуудайтай нүүрс үүрч байгаа нь таатай харагдаагүй. Та энэ шүүмжлэлийг бодит гэж үзэх үү?
-Шоудах ч юм байгаа л даа. Гэхдээ би нүүрс үүрснийг шоудсан гэж үзэхгүй. Тодорхой зүйлийг барьж аваад, үнэ өссөнийх нь учрыг олох гээд буй “судлаач залуу” гүйгээд байгаа юм.
-Одоо сэдвээ танай нам руу хандуулъя. Ерөнхийл өгчийн сонгууль хаяанд ирлээ. ИЗНН-ын Үндэсний хорооноос энэ сонгуульд анх удаагаа дангаар оролцох шийдвэр гаргасан юм билээ. Нэр дэвших магадлалтай хүмүүсээр С.Оюун гиш үүн Та хоёрыг нэрлэж байгаа...
-Эцсийн шийдвэр гараагүй шүү дээ. Энэ сарын сүүлчээр Үндэсний хороо дахин хуралдаад эцсийн шийдвэр гаргана. Нэр дэвших тухайд би тодорхой хэлчихсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших түвшний хүн биш, тэр хэмжээнд хүрч боловсроогүй байна. Эхлээд УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийж суръя, би төгс төгөлдөр хүн биш. “Засгийн газарт орох уу” гэж надаас асуухад ч “Эхлээд энэ ажлаа хийж суръя” гэж хэлсэн. Одоо л энэ ажил минь гарт орж эхэлж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт манай намын 40 гаруй заалт орсон. Үүнийгээ 2016 он хүртэл хэрэгжүүлж, намынхаа үйл ажиллагааг бэхжүүлэхийн төлөө л ажиллана.
-ИЗНН-ынхан дотроо хагаралдаж эхэллээ. “Иргэний зориг” гэдэг жигүүртэй болсон байна лээ. Тэд намаа нэг хүнийх боллоо, шинэчлэх шаардлагатай гэж үзэж буй юм билээ.
-Аливаа намд дотоод ардчилал чухал. Саяхан Үндэсний хороо хуралдахад дэд дарга Х.Бат-Ялалт ажлаа хүлээлгэж өгье гэсэн, ерөнхий нарийн бичгийн дарга С.Жаргал гишүүдийн итгэлийг даагаагүй учир солигдсон. Тэр хүмүүс юу ч бодож болно. Гэвч гол дутагдал нь үргэлж арагшаа харсанд байсан. Нам урагшаа харж, цаашид юу хийхээ бодож ажилладаг. Мөрийн хөтөлбөрт тусгасан олон зорилтоо хэрхэн хэрэгжүүлэх талаар оюунаа уралдуулах ёстой. Гэхдээ хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь ногоон үзэл, эрх чөлөөг тунхагладаг намд хэвийн зүйл. Гэвч гүтгэх, шоудах байдлаар үндэслэлгүй зүйл ярьж болохгүй. Нэг хүний нам, сонгуулиар өөр намаас мөнгө авсан гэх мэт яриа нь тэдний л бодол. Намын олон гишүүн, дэмжигч үүнийг ялгаж, салгаад хүлээж авах байх. Энэ хоёр хүний хэлж буй үг намыг хөдөлгөөнд оруулсан нь сайн. Гэхдээ шударга үнэний шалгуурын хүрээнд л асуудал өрнөх ёстой.