Нуусан татвар 500 тэрбум биш 1.2 их наяд хүрчээ
Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчид НӨАТ-аас бултсан хэргийн мөрөөр мөшгөөд жил гаруй боллоо. 2010-2011 оны татварын шалгалтаар 1000 гаруй компанийг НӨАТ-ын падаан ашиглан, татвар ногдуулах орлогоо нуусан хэмээн сэжиглэн шалгаж эхэлсэн. Тэгвэл энэ тоо өдгөө 2500-д хүрчээ. Энэ олон компанийн ерөнхий захирал, нягтлан бодогч 3000 гаруй хүнийг аавын хаалга татахад хүргээд буй эл хэргийн мөрдөн байцаалт дуусах болоогүй байна. Тэднийг шалгаж эхлэх үед 500 тэрбум төгрөгийн татвараас бултсан гэж сэжиглэж байсан бол энэ тоо өдгөө хоёр дахин өсөж, 1.2 их наяд орчим төгрөг болжээ. Манай улсад 71.6 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагийн 39.8 мянга буюу 55.6 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Тэдний 97.1 хувь нь 50 хүртэлх ажиллагсадтай. Үлдсэн нь хөл дээрээ босож чадаагүй, ашиг олох нь байтугай ажилладаггүй. Дээрх 2500 компани үүний араас орох янзтай.

Ямар зөрчил илэрсэн бэ
-НӨАТ-ын хасалт, буцаан олголт хийх хуулийн заалтад хамааралгүй ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг бизнесийн үйл ажиллагааны зардлаар тооцож, төсөвт төлөх НӨАТ-ыг багасгах
-Импортын барааны НӨАТ ногдуулах үнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ үйлдэж, гаалийн мэдүүлэг бүрдүүлэх замаар төлөх татвараа бууруулах
-Бусдаас НӨАТ төлж бараа, ажил үйлчилгээ худалдан авсан мэтээр НӨАТ-ын падаанд худал бичилт хийж, их хэмжээний хасалт хийх
-НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа ажил, үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр падаан хуурамчаар бичих
-НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан авсан бараа, бүтээгдэх үүний үнэд төлсөн НӨАТ-аа төсөвт төлөх НӨАТ-аас хасаж тооцох
-Татварын албанд бүртгэлгүй, бүртгэлтэй ч тухайн борлуулагчийн бүртгэлтэй бус НӨАТын падааныг өөр хоорондоо наймаалцах замаар анхан шатны баримтыг хуурамчаар бүрдүүлэх
-Дулаан, цахилгаанд төлсөн НӨАТ-ын падаанаар түрээслэгч, түрээслүүлэгч давхар хасалт хийх
-Нэг жил ба түүнээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулалгүй “Х” тайлан гаргаж, НӨАТ төлөгчөөс хасагдах болзол хангасан компанийг худалдан авч, НӨАТ төлөгч бус этгээдийн хайгуулын ажлын худалдан авалтад төлсөн НӨАТ-аа шилжүүлэн бүртгэж, хасалт, буцаан авалт хийхээр худал тайлагнах
Татвараас бултагчдын дийлэнх нь барилгын компани
УМБГ-т шалгагдаж буй “Пума констракшн”, “Хосбар констракшн”, “Рокмон констракшн”, “Силикат констракшн”, “Байдраг констракшн”, “Тэнгэр уул”, “Бүргэд”, “Танан”, “Номин тал”, “Булган хангай” хэмээн цааш хөврөх эдгээр компанийн дийлэнх нь барилгынх. Барилгын томоохон компаниуд Хятадаас барилгын материалаа оруулж ирдэг бол жижиг компаниуд Зуун айл, 44, “Гурвалжин” зэрэг барилгын материалын захаас материалаа авдаг аж. Тэнд барилгын материал зарж буй хүмүүс бүгд хувиараа бизнес эрхлэгч. Тиймээс НӨАТ төлөгч биш тул падаангүй. Барилгын материал хүнсний бүтээгдэхүүнтэй ижил биш тул ганцхан сард 10 сая байтугай төгрөгийн борлуулалт хийдэг нь ойлгомжтой. Гэтэл тэд татвар төлөхгүйн тулд аж ахуйн нэгж байгуулдаггүй. Барилгын материалын ченжүүд хуулийн энэ цоорхойгоор мөнгө олж байхад хэн ч тэднийг анзаардаггүй.
Нэгэнт хувь хүнээс бараа худалдан авч байгаа тул барилгын компаниуд тэднээс НӨАТ-ын падаан горьдолтгүй. Баримт шаардахаар нэг цаас сарвайдаг ч тэр нь хууль ёсных биш тул авах ч хэрэггүй. Худалдагч талыг ингэж татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхийг төр өөрөө өгчихөөд, зөвхөн худалдан авагчаас НӨАТ нэхэж, хариуцлага хүлээлгэхээр ханцуй шамлаж байгааг буруутгах хүн олон байна. Энэ дарамтаас ангижрахын тулд компаниуд борлуулалтын орлого багатай жижиг компанийн захирал, нягтлантай тохиролцон, падаан бичүүлж авдаг болжээ. Тэр нь санхүүгийн шалгалтаар илэрч, баригдсан компани цөөнгүй. Хуурамч падаан ашиглан, татварт төлсөн мөнгөө буцааж авдаг болсон компани ч байна.
УМБГ 11.2 тэрбум төгрөгийн хохирол төлүүлжээ
Одоогоор 37 аж ахуйн нэгж НӨАТ-ын падаанд худал бичилт хийн, 47.8 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийснийг тогтоогоод байгаа аж. Тэдний захирал, нягтлан бодогчдод Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин тайлангаа үнэн зөв гаргаагүй 572 аж ахуйн нэгж бий. Тэд 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийснээс 11.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
175 саяас доош төгрөгийн татвараас зайлсхийсэн компаниудын хэргийг Татварын ерөнхий газар Татварын тухай хуулийн хүрээнд шийдвэрлэж байна. Харин үүнээс дээш төгрөгийн татвараас зайлсхийсэн компаниудад УМБГ эрүүгийн хэрэг үүсгэжээ. Татвараас зайлсхийх нь хүндэвтэр гэмт хэрэгт багтдаг тул Өршөөлийн хуульд хамруулах боломжгүй аж. “Эко констракшн” гэхэд улсад 12 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийжээ. Мөн “Түм хишигт сайхан”, “Тэсрэлт гал цог”, “Хаан шилтгээн” компанийг падаанаа 5-8 сая төгрөгөөр зардаг байсан хэмээн сэжиглэж буй. “Танан импэкс” компани хамгийн их буюу 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан бол хамгийн бага татвар нуусан нь “Хомын тал”. Тус компани 130 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн аж. Өршөөлийн хуульд хамруулахгүй гэвэл татвараа нөхөн төлөхгүй гэж энэ хэрэгт холбогдоод буй компаниудын удирдлагууд гүрийж байгаа гэнэ. “Татвараа төлчихөөд 5-8 жил хоригдох утгагүй. Тэгээд ч шууд гаргаад төлөх мөнгө байхгүй тул бизнесээ үргэлжлүүлэн хийгээд хохирлоо барагдуулах тодорхой хугацаа өгөөч” гэж тэд хүсчээ.
НӨАТ төлөх босгыг 200 сая болгох нь
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Б.Гарамгайбаатар нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын даргад өргөн барьсан. 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж буй уг хуулиар жилд 10 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, иргэнд НӨАТ ногдуулдаг. Өнгөрсөн хугацаанд байнга өссөөр ирсэн инфляц, бараа бүтээгдэхүүний үнэ, төсвийн орлогын хэмжээтэй харьцуулахад энэ нь мөнгө биш болж, жижиг аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт үүсгэжээ. Тиймээс дээрх гишүүд НӨАТ-ын босгыг 200 сая төгрөг болгохоор төсөлд тусгасан байна.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар жилд 10 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлого олдог 21470 аж ахуйн нэгж Монголд байв. Тэдний орлого нь нийлээд ердөө 82.2 тэрбум төгрөг. Харин 200 сая хүртэлх төгрөгийн орлоготой 15389 аж ахуйн нэгж байна. Тэд 612.8 тэрбум төгрөгийн орлого олжээ. Нэг компани жилдээ 39.8 сая төгрөгийн орлоготой гэсэн үг. 200 саяас дээш төгрөгийн орлоготой 5731 аж ахуйн нэгжийн нийт орлого нь 24907 тэрбум төгрөг болжээ. Үүнээс харахад 200 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж нийт татвар төлөгчдийн 36.1 хувийг бүрдүүлж байгаа хэрнээ нийт борлуулалтын ердөө 2.4 хувийг бий болгодог аж. НӨАТ-ын босгыг өндөрсгөснөөр улсын төсөвт төдийлэн хувь нэмэр оруулдаггүй эдгээр компанийг татварын дарамтаас чөлөөлж, бага, дунд орлоготой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, ханшийн өөрчлөлт, инфляцаас үүссэн ялгааг арилгах, үйлдвэрлэлийг сэргээх, аж ахуйн нэгжүүд томрох зэрэг олон давуу талтай гэж төсөл санаачлагч гишүүд онцлов.
Төр алдаагаа засах ёстой
Энэ хэрэгт дэндүү олон компани холбогдоод буй тул асуудлыг аль болохоор хүндрүүлэлгүй шийдвэрлэх шаардлагатай гэж МҮХАҮТ үзэж байна. Учир нь төр өөрөө НӨАТ төлөх босгыг 10 сая хэмээн дэндүү багаар тогтоож, аж ахуйн нэгжүүдийг татварын дарамтад оруулсан. Бас НӨАТ-ыг худалдан авагч л төлдөг гажуудал бий болгосон. Энэ алдаагаа төр нэн даруй засаж, эдийн засгийн реформ хийх шаардлагатай гэж эдийн засагчид үзэж байгаа аж. Маш олон компанийн захирал, нягтлангуудыг барьж хорьсноор цаана нь мянга мянган хүн ажилгүй болж, ар гэрийнхэн нь хүнд байдалд орно. Хэрвээ тэднийг өршөөвөл НӨАТ-ын нөхөн төлбөрөөс их наядаар тоологдох мөнгө улсын төсөвт нэмэгдэнэ. Үүнээс сургамж авсан компанийн захирал, нягтлангууд дахин алдаа гаргахгүй, олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихгүй байх боломж бүрдэх гэнэ.
НӨАТ-ын тухай хуулийг 1998 онд анх баталсан ч худалдааны татварын нэрийг өөрчилснөөс хэтрээгүй гэнэ. Худалдааны татвар, нэмүү өртгийн албан татвар гэх хоёр өөр ойлголтыг нэг хуулийн дор багтаачихаад, бизнес эрхлэгчдийг түүгээрээ дэгээдэн унагаж, шоронд хийх үүдийг төр өөрөө нээсэн гэж эдийн засагчид ярив. Олон улсын валютын сан манай улсад НӨАТ-ын босгыг 15 саяар тогтоон, инфляц, бусад хүчин зүйлтэй уялдуулан босгоо өөрчилж байхыг зөвлөжээ. Гэсэн ч манай улс 2001 онд энэ босгыг 10 сая болгон “намсгасан” хэрнээ эдийн засгийн орчинтойгоо уялдуулж өөрчлөхөө мартчихаж. Үүний уршгаар компаниуд 10 саяд орлогоо багтаахын тулд компаниа томруулахгүй байх бодлого баримтлан, олон жижиг охин компани байгуулж байгаа. Үүний уршгаар үндэсний компаниуд томордоггүй. Тэгээд татвар төлдөггүй. Монгол Улсад бүртгэлтэй 71.6 мянган аж ахуйн нэгжийн 39.8 мянга нь үйл ажиллагаа явуулж, түүний 21 мянга нь НӨАТ төлж байгаа нь үүнийг харуулна. НӨАТ төлөгчийг олшруулснаар улсын төсөвт мөнгө ордоггүйг гадаадын орнуудын туршлага ч нотолно. Монгол Улсын төсвийн 20-35 хувийг НӨАТ-аар бүрдүүлдэг. Энэ хэмжээг өсгөхийн тулд тоонд биш чанарт анхаарах ёстой болжээ.
НӨАТ болон эдийн засгийн орчинд реформ хийхгүй бол Монголд бизнес эрхлэхэд үнэхээр хүнд байгааг бизнес эрхлэгчид хэлж байна. Компаниудын эзэд асуудлаас хол байж, ашигтай ажиллахын тулд УИХ-ын гишүүн, сайд, томоохон дарга нарын нөмөр нөөлөгт багтахыг эрмэлзэх болжээ. Ингэж чадахгүй бол илэртлээ бултах, баригдвал авлига өгөх замаар асуудлыг шийдэхэд хүрдэг аж. Үнэхээр ч УИХ-ын гишүүн, сайдын компани сайн явж байхад бусад нь элдэв хяналт шалгалт, татвар, татааст дарамтлуулан өндийж чадахгүй байгаа нь үнэн. Улсад хохирол учруулсан гэж 1000 гаруй компанийн захирал, нягтланг яллах нь буруу. Харин ч төр өөрөө тэдэнд хохирол учруулсан. Тэднийг Өршөөлийн хуульд хамруулах биш харин ч урагшгүйгээсээ болж, үндэсний аж ахуйн нэгжүүдээ бөөн бөөнөөр нь ийм байдалд хүргэсэндээ уучлалт гуйж, татварыг нөхөн төлүүлээд, хэргийг хааж, татварын хуулиа засаж залруулах ёстой гэж үзэх эдийн засагч ч байна.
Аудит, ня-бо хоёрын алинд ч итгэлтгүй болжээ
Аудитын компаниар санхүүгээ шалгуулсан олон компани УМБГ-т шалгагдаж байгаа нь хачирхалтай. Санхүүгийн хөндлөнгийн шалгалтыг хараат бусаар хийдэг гэх аудитын байгууллагууд худал дүгнэлт гаргадаг болж таарав. Аудитын шалгалт хийж өгсөн нэрээр мөнгө олдог байх нь. Тэгэхэд “Хөндлөнгийн хяналтын байгууллагаар шалгуулаад зөрчил илрээгүй тул манай санхүү асуудалгүй” хэмээн компанийн эзэд, нягтлангууд тайван явж байгаад УМБГ-ын шалгалтад бүдэрчихжээ. Энэ бол үнэхээр том эмгэнэл юм. Аудитын байгууллагуудыг буруу дүгнэлт гаргасан гэж буруутгаагүй хэрнээ тайланд нь итгэсэн захирлыг яллах гэж байх юм.
Компаниудад нягтлан ч тогтохоо байжээ. Ажилд ороод санхүүгийн байдлыг нь гадарламагцаа гарын үзүүрээр тайлан гаргаж өгчихөөд ажлаас гарчихдаг. Тогтвортой ажиллах нягтлан олддоггүйгээс компанийн захирлууд улирлын эцэс болохоор зарын сонин эргүүлж, “Тайлан гаргаж өгнө” гэсэн зар өгсөн нягтланг залж авчран, мөнгө төлж тайлангаа гаргуулдаг. Зарын дагуу ирсэн нягтлан хариуцлага хүлээдэггүй, араас нь заргалдах ч аргагүй тул тайлан гаргах гэж гурилдчихаад явчихна. Ажилчдынхаа цалинг яаж тавих вэ гэж байгаа компанийн захирлууд тэр дутуу хагас тайланг нь татварын албанд аваачиж өгөөд балардаг явдал сүүлийн үед ихсэж байгаа гэнэ. Энэ нь нэг талаас захирлууд нягтлан бодох бүртгэлийн мэдлэггүй, нөгөө талаас нягтлангуудын мэдлэг, чадвар дулимагтай холбоотой аж. УМБГ-т шалгагдаж буй компаниудын дийлэнх нь үйл ажиллагаа явуулаад хэдхэн жил болж байгаа жижиг компаниуд байгаа нь үүний нэг нотолгоо юм.
Жижиг компаниудыг үгүй хийснээр чөлөөт өрсөлдөөн үгүй болж, монополь хэдэн компани л үлдэнэ. Ингэвэл дахин компани байгуулах, бизнес хийх зүрхтэй хүн үгүй болж, хүмүүс нэг газарт тогтмол цалинтай ажил хийхийг илүүд үзэх биз. Тэр хэрээр үйлдвэрлэдэг биш, алгаа тосдог хүн олширч, монголчууд хэзээ ч үйлдвэрлэгч болохгүй, үүрд импортлогч хэвээр үлдэнэ гэсэн үг. Монголын эдийн засгийн салбарт үүсэж, олон жилийн турш томорсоор ирсэн хатгийг УМБГ-аас хийж буй НӨАТ-тай холбоотой шалгалт хагалж, бугшсан идээ бээрийг нь гаргаж эхэллээ. Хатгийг сайн эмчлэхгүй бол долоо гардаг гэдэг дээ.