Монголчууд дөрвөн жил тутмын хоёрыг сонгууль тойрсон хэрүүл тэмцэл, хэлцэл талцал дунд өнгөрөөдөг. Ээлжит тэмцлийн гал энэ сард аслаа. Энэ бол ирэх зургадугаар сард болох тав дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонгууль. Парламентад суудалтай улс төрийн намуудын нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн хугацаанд өрнөн өндөрлөж, гурван өрсөлдөгч энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр болов. Гаднаас нь харвал эрх зүйт төр, ардчилсан засаглалтай улс оронд болж л байдаг үйл явдал. Том намууд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны нэгэн хэсэг болсон сунгаа, хурал хуйгаа хийв. Нэг нь нэр дэвшигчтэйгээ гэрээ байгуулж, нөгөө нь нэр дэвшигчээ магтан мандуулах ёслол зохион байгуулав. Жижгүүдийн зарим нь томыгоо дэмжиж оролцох нэрээр өрсөлдөөний гадна үлдэж, нөгөө нь томынхоо буюу томчуудынхаа шахаанд орон шаналж, тойргийн гаднах хэсэг нь улс орны ирээдүй, ардчилал, шударга ёс гэх мэт сэдвээр цэцэрхэж сууна. Бас л байдаг үзэгдэл. Гэхдээ гал асааж, тогоо тавих, юугаар, ямар хоол хийх бэлтгэлээ хангах үе буюу тавдугаар сарын улс төрийн үйл явцыг ажиглавал бантантай хараг даад болох биш.
ХҮЧИНДДЭГ БОЛСОН ШҮҮХ
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-нд Сонгинохайрхан дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгуулиар МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар илт давуу санал авч, ялсан. АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө очиж балиашиглаад ч нэр дэвшигч нь ялж чадаагүй. Л.Эрхэмбаяр ямар нэг аргаар өрсөлдөгчөө унагах эрэлд мордож, хагас жил илүү өөдөө уруугаа гүйсэн ч үнэнд гүйцэгдэж, бууж өгч байгаагаа зарласан. Энэ сонгууль салхи хаашаа эргэснийг, АН-ын Засгийн газар, парламентын үйл ажиллагаанд иргэд, сонгогчид ямаршуу дүн тавьж байгааг шулуухан илэрхийлсэн хэрэг байлаа. Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль гадаа ирчихээд байгаа энэ цаг үед АН нөхцөл байдалд дүгнэлт хийх болов уу гэтэл тэгсэнгүй. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх элдэв шалтаг олж, барьцаа улам лавшруулсаар улаан дээрэм хийдэг шалгарсан аргаа дахиад хэрэглэж, Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэхгүй байх гэж үзсэн нь олны дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Гэтэл тэд ичсэнгүйгээр үл барам Сумъяабазараар барьцаа хийж байгаад өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Өвөрхангайд навс ялагдсан Д.Зоригтыг УИХ-ын гишүүн болгоод, тангаргыг нь өргүүлчих нь тэр. МҮАН, ИЗНН, МАХН сонгуульд оролцох уу, нэр дэвшүүлэх үү, хэнийг дэвшүүлэх бол гэсэн элдэв таамаг өрнөж, олны анхаарал энэ зүг чиглэж байх сиймхийгээр ийм хачин явдал болоод өнгөрсөнд олон түмэн итгэж ядаж байна.

Өвөрхангайн сонгуульд гол хоёр намаас нэр дэвшсэн дөрвөн хүнээс хамгийн бага санал авсан нь Д.Зоригт. Угаасаа АН-ын хоёр аль ч талаас нь, ямар ч бичлэг тавиад харсан, гарцаагүй уначихсан юм билээ. Хамгийн олон санал авсан МАН-ын С.Чинзоригоос Г.Батхүү 3500, Д.Зоригт 6700 саналаар дутуу байсан нь АН-ын нэр дэвшигчдийг улайм цайм туг тойруулж болохгүй гол шалтгаан байв. Ер нь ч тэгээд 18 хүрэхэд ганц сар дутуу сургуулийн хүүхдээр сурталчилгааны материал тараалгачихаар 3000, 6000 санал илүү авчихдаг ч юм биш л дээ. Г.Батхүүг хүчиндэж байгаад гишүүн болгоход МАН аргагүйдээд АН-тай 1:1 гэсэн тохироо хийсэн байна гэсэн таамаг тархсан. Д.Зоригт ч гишүүн болох гэж нэг их зүтгээд байх юм алга гэсэн утгатай мэдэгдэл хийж байсан нь энэ таамгийг баталгаажуулсан. Гэтэл “чоно борооноор” гэмээр юм болчихдог нь юу билээ? Энэ гэнэтийн үйл явдлын дараа өнөөх шинэчлэгдэж буй, шударга шүүх маань хэнд үйлчлээд байна вэ гэсэн асуулт ахин босож ирэв. Өвөрхангайд болсон сонгуулийн талаарх гомдлыг Улаанбаатарын Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцээд л, шийдвэр гаргаад л. Захиргааны хэргийн шүүх, Давж заалдах шатны шүүх нь уг асуудалд анхаарлаа хандуулахаас татгалзаад л.
Шүүх иргэд, байгууллагуудад ялгаваргүй адил тэгш үйлчилж, хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг нь хамгаалах, хуулийг дээдлэх үүрэгтэй. Гэтэл лав л энэ удаад шинэчлэгдэн буй Шүүх маань зөвхөн Ардчилсан Намд, Ардчилсан Намаас нэр дэвшигчид үйлчлээд МАН, МАН-ын нэр дэвшигч нарыг хялайж ч харахгүй буй нь ил болов. Нэр дэвшигч С.Чинзориг “Төр, Шүүх нэг иргэндээ ингэж хатуурхаж болохгүй болов уу. Хариуцагч, эсвэл гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцохгүй, давж заалдах ч эрхгүй юм бол С.Чинзориг Монгол Улсын иргэн мөн үү, биш үү” хэмээн асуусан байна лээ. Гарцаагүй асуух асуулт мөн. Хэрвээ С.Чинзоригийг шүүх хуралд оролцуулж, түүний буруутай нь нотлогдсон бол шударга шүүхдээ талархаж, шийдвэрийг нь дагахаас өөр яах билээ. Харамсалтай нь тийм юм болсонгүй, шороотой бөхийнхөө шороог нь арчих ч үгүй туг тойруулчихсанд гайхахаас илүүтэй эгдүүцэл төрж байгааг нуугаад яалтай. Энэ ичгүүргүй байдал цааш улам лавширсаар иргэдийнхээ нэг хэсгийг үзэл бодлоор нь ялгаварлаж, Монгол Улсын иргэний эрхийг нь хүртэл эдлүүлэхгүй байх хэмжээнд хүрэх юм биш биз? Өнөөгийн шүүхийн үйлдэл тийм зам руу л хөтлөөд байна даа. Эв нэгдлийг хангах учиртай, “шүүхийн шинэчлэлийг эхлүүлсэн” хэмээх плакат барьж сонгуульд оролцох гээд байгаа Ерөнхийлөгч маань яагаад таг дуугүй сууна вэ? Арай өөрчилсөн шүүхдээ, байгуул сан намдаа хүчиндүүлчихсэн юм биш биз? Та энэ удаагийн сонгуулиар Өвөрхангайд АН-ын хоёр шиг далаараа цэвэр тавиулах нь ойлгомжтой болчихлоо шүү дээ. Өгсөн саналыг нь АН луйвардсаны хариуг Өвөрхангайнхан Танаас авах нь гарцаагүй биз ээ.
ШАХААНД ОРСОН НАМУУД
Тав дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонгуульд АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХНаас Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар нэр дэвшихээр болжээ. АН, МАН-ын хувьд сонгуульд оролцох нь ойлгомжтой. Гол өрсөлдөөн энэ хоёр намаас нэр дэвшигчдийн дунд өрнөх нь бүр ч тодорхой байв. Харин гуравдагч хүчнийхэн буюу энэ удаагийн парламентад суудалтай МҮАН, МАХН, ИЗНН сонгуульд хэрхэн оролцох нь таамаг төдий байв. Дүн гарсан энэ үед болж өнгөрсөн үйл явдлыг ухраан харвал тун хачирхалтай дүр зураг харагдаж байна. “Элбэгээ Ерөнхийлөгч энэ удаагийн сонгуульд ялна”. “Нэр дэвшигч болон түүнийг дэвшүүлсэн нам ялалтдаа итгэлтэй байна” хэмээсэн гял цал сурталчилгаа хуу дуутай, Элбэгээ халбага сэрээгээ барьчихаад хоолны ширээндээ сууж байна гэж далдыг харсан мэт айлдаад байсан нь худлаа болж таарав. ИЗНН-ын хувьд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Тэр нь ч зөв байх. Засагт эзэлсэн суудлаа хадгалж үлдэх, тарж бутарч буй гишүүдээ сатааруулах, доторх бужигнаанаа эмхэлж цэгцлэхэд анхаарлаа хандуулах нь Ерөнхийл өгчийн сонгуульд дэвшсэн нэр зүүж, ширээн дээрээс ширдэг дээр залрахаас хамаагүй үнэ цэнэтэй гэж үзсэн тэдний алхам буруу биш. Нөгөө талаар тэд АН-ыг дагаж байж л арайхийж юманд хүрдгээ бодолцсон байх.
МҮАН-ын хувьд М.Энхсайхан дэвшихээр боллоо хэмээн яаран зарласандаа донго хүртсэн сурагтай. Хөөрхий Н.Батцэрэг буруутнаар тодорсон юм уу даа. МҮАН-аас, тэр тусмаа М.Энхсайхан нэр дэвших нь Элбэгээд халгаатай байх нь хэнд ч илэрхий. Зарим нэг хүмүүс “Дарханд ч олигтой санал авч чадаагүй М.Энхсайхан нэг их нөлөө үзүүлэхг үй” гэж байсан нь юу л бол? Элбэгээд сэтгэл ханасан, итгэл алдарсан, угаасаа түүнд дургүй хэсгийн дор хаяж тал хувь нь М.Энхсайхан руу ханарахыг тааж ядах юмгүй. Монголын толгой улстөрчдийн нэг, сайн эдийн засагч гэдэг эерэг имиж, төмөр замын бүтээн байгуулалтыг АН болон хэсэг нөхөд ашиг хонжооны цонхоор харж байгааг илчилж, эсэргүүцсэн байр суурийг нь дэмжсэн сонгогчид тийм ч цөөнгүй. Тэгэхээр М.Энхсайханаас айдаггүй юмаа гэхэд жийрхэх нь Элбэгээгийн, АН-ынхны зөв. Үүн дээр М.Энхсайхан давхар нүүдэл хийж чадсан байна. Түүнийг Тавантолгойн цахилгаан станцын төслийн удирдагчаар энэ сонгуулийн хугацаанд ажиллуулах, Н.Удвал нэр дэвшсэнээс болж суларч мэдэх Эрүүл мэндийн сайдын квотыг намд нь өгөх болзолтойгоор нэрийг нь татуулсан гэх сураг дуулдав. Ийм давхар амлалт авсан түүнд хэн Ерөнхийлөгч болох нь тийм ч их ач холбогдолтой зүйл биш болов уу. Нөгөө талд МАХН-ын олонх нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхг үй байсан нь дээр гэсэн байр суурьтай байжээ.
Тэд МАН, АН-ын алиныг ч дэмжихгүйгээр, ердөө л “нэгэнт ялалт байгуулах боломжгүй тул” гэсэн энгийн шалтгаанаар хойш суух, битүүдээ МАН-ыг дэмжих бодолтой байсан гэнэ. Гэтэл Ерөнхийлөгч, АНын зүгээс “Заавал нэр дэвшүүл” гэсэн шахаа иржээ. Гэхдээ АН угшилтай Л.Цог, Ц.Цолмонг биш, МАН гаралтай Н.Удвал, Ч.Улаан нараа дэвшүүл гэсэн “үүрэг” өгсөн гэнэ. Д.Тэрбишдагва Засгийн газарт нэгэнт эзэлсэн байр сууриа хадгалахыг илүүд үзсэн бололтой юм. Уг нь намынхаа ирээдүйг бодвол Л.Цог илүү боломжтой кандидат байсан гэж тус намынхан үзэж байсныг эх сурвалж мэдээлэв. Товлосон хурлаа ч хийж чадахгүй дүлэгнээд байсны учир энэ аж. Ацан шалаанд орсон МАХН арга буюу АН-ын саналыг хүлээн авчээ. Сайд Н.Удвал дургүй байсан ч сахил хүртсэний шалтгаан энэ. Хэрвээ Цог, Цолмон нар нэр дэвшвэл угшлаа дагаж АН-ын нэр дэвшигчээс санал хумсалж магадгүй, харин Удвал, Улаан нарын тухайд бол МАН-ын саналаас хуваах нь тодорхой гэсэн хүчин зүйлүүдийг шахаа хийгчид иш үндэс болгожээ. Тавдугаар сар буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх бэлтгэл өдрүүд иймэрхүү болж өнгөрлөө. Гал асдагаа ассан. Тогоогоо ч тавьчихсан. Лавшаа л буцалж байгаа бололтой. Харин лавшаа бэлтгэгч тогооч нь юм бүхэнд гар, хөлөө дүрээд, нүүрээ амаа гурилдчихсан, тааруухан хоол хийж байх шиг.
Б.ТҮВШИН