Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн бямба гаригт салбарынхаа бодлого, үйл ажиллагаа, зорилтын
талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон уулзалтын өмнөхөн Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн үйл ажиллагаа, Афганд үүрэг гүйцэтгэх дайчдын бэлтгэл сургуулилалт, ХБНГУ-ын сургагч багш нарын ажилтай сэтгүүлчдийг танилцуулсан юм. Тус төвд дэд хурандаа С.Самдангэлэг захирагчтай ротынхон Афганистаны Макар-э-Шариф хот дахь “Мармал” баазын хамгаалалт, хотын эргүүлийн үүрэг гүйцэтгэх бэлтгэлээ базааж байв.
Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн сургалтын танхимд Батлан хамгаалахын сайдтай уулзлаа. Эл уулзалтад ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Батлан хамгаалахын аж үйлдвэрийн нэгдлийн захирал Л.Ариунболд нар оролцсон юм.
Сайд Д.Бат-Эрдэнэ: -Монгол Улсын анхны яамдын нэгийг тэргүүлж ажиллах эрхэм үүргийг хүлээгээд найман сар гаруй болж байна. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулна гэж тангараг өргөсөн хүмүүс энэ салбарт зүтгэдэг. Энд ирээд салбараа мэддэг, дадлага, туршлагатай хүмүүстэй гар нийлж ажиллаж байна. Монголын түүх бол цэргийн түүх. Тиймээс энэ салбараа нандигнан хайрлах ёстой.
-Зэвсэг, техникийн шинэчлэлийг хэрхэн хийж байна вэ. Та ОХУ-д айлчлаад ирэхдээ энэ асуудлаар нэлээд үр дүнд хүрсэн гэж ярилцлагадаа дурдсан байсан. Өнөөгийн манай зэвсэгт хүчний зэвсэг, техникийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Энэ үеэр зэвсэглэл, техникийн шинэчлэлийн асуудлаар ярилцсан. Гэхдээ манай Зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг гадаад улсынхтай харьцуулаад би дотроо сэтгэл хангалуун байсан. Хэдийгээр 1911 оноос хойш манай улс өөрийнхөө хөрөнгөөр зэр зэвсэг аваагүй боловч ОХУын зэвсэг техник, тэнд бэлтгэгдсэн боловсон хүчин, гуравдагч хөршүүдтэйгээ явуулж буй цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд манай өнөөгийн Зэвсэгт хүчний бэлэн байдал, зэвсэг техник хангалттай хэмжээнд байгаа.
-Манай энхийг сахиулагчдыг олон улсад маш өндрөөр үнэлдэг. Энхийг сахиулагчид маань улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хамгаалахад хувь нэмрээ оруулж байгаа гэж хэлж болох уу?
-Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс цэргээ илгээснээс хойш 11 дэх жилтэйгээ золгож байна. Өнөөдрийн байдлаар цэргийн 1400 алба хаагч гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа. Манай цэргүүд Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалахаас гадна дэлхийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад тусалж, дэмжих ажилд оролцож байна. Тэдний нэр хүнд Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаанд онцгой байр эзэлж байгаа юм. Манай дайчид гадаадын олон орны цэргүүдтэй хамтран үүрэг гүйцэтгэж ирсэн. Гадаадын цэргийн багийн удирдлагууд монгол цэргүүдээр бахархаж байсан. Монголчууд нутгаасаа хол байх тусам эх орноороо бахархах сэтгэлтэй болдог. Үүнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй цэргүүд илүү их мэдэрдэг.
-Цэргүүд бүтээн байгуулалтын ажилд оролцоход бэлэн байна уу?
-“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд батлан хамгаалах салбарынхан үндсэн үүргээ биелүүлэхийн сацуу бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна. Цэргийн албанд татагдан ирсэн залуус мэргэжилтэй болж байгаа нь тэдний амьдралд нэн чухал алхам болсон. Манай залууст аливаа ажлыг хийх чадвар дутагдалтай байдаг. Тиймээс ажлын дөртэй болгохын тулд цэргийн албанд ирсэн залуусыг мэргэжилтэй болгохоор зорьж байгаа юм. Бид батлан хамгаалах салбарын хүрээнд хийгдэх бүх ажлыг өөрсдөө хийхийг зорьж байна. Сайдын зөвлөлийн гишүүн 15 хүн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, хяналт тавьж байхаар болсон. Гаднаас ямар нэгэн тусламж дэмжлэг харахаас илүү өөрт байгаа нөөц бололцоо, боловсон хүчинд голлон анхаарч ажиллахаар төлөвлөсөн.
-Цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Түүгээр зогсохгүй “Оюутан цэрэг” хөтөлбөрийг залуус их сонирхож байгаа. Цэргийн алба хаах хугацаанд өөрчлөлт оруулах уу?
-Цэрэгт хүүгээ явуулчих юмсан гэсэн хүсэлт, идэвх санаачилга илт сэргэсэн. Цэрэгт явж чадалгүй, нас нь өнгөрсөн хүмүүс харамсах явдал байна. Цэргийн алба хаагаагүй 40 хүртэлх насныхны дунд ядаж 45 хоногоор, гурав таслаад ч хамаагүй алба хаах боломж байна уу гэх яриа ч байна. Түүнчлэн цэргийн албаны хугацааг 2-3 жил болгох талаар санал гардаг. Иймд холбогдох байгууллагууд энэ талаар судалж байгаа. Хугацааг сунгахад улсын төсөв, боловсон хүчин, байр сууц гээд хүндрэлтэй асуудал бий. Цэргийн алба гэдэг хүчээр хаадаг, дарамт шахалт зодуур үздэг биш, монгол залуус ихийг сурч мэддэг, өв тэгш хүмүүжил олж авдаг газар болоосой гэж хүсэж байна. “Оюутан цэрэг” хөтөлбөрийн талаар нэлээд судалж байгаа. Манай эрчүүд бүгдээрээ цэргийн алба хааж амжихгүй. Тиймээс дунд сургуульд цэрэгжилтийн хичээл оруулах талаар бас судалж байна.
Г.ЦОЛМОН