Сонгуулийн санал хураалтын зарга, хэрүүл он дамжин үргэлжилж, Парламент бүтэн жил, жил хагасын дараа 76 гишүүнтэй болох тохиолдол 2004 оны УИХ-ын сонгуулиас хойш ердийн үзэгдэл болтлоо хэвшив. 2012 оны УИХ-ын сонгуульд энэ жишиг давтагдаж, Өвөрхангай, Увс аймгийн тойргоос УИХ-д нэр дэвшигчдийн дунд үүссэн маргаан бүтэн жил дуншиж байна.
Хэд хоногийн өмнө УИХ шүүхээр хэлэлцэгдэж буй маргааныг үл тоон, Өвөрхангайн тойргоос өрсөлдсөн Д.Зоригтод УИХ-ын гишүүний тангараг өргөх эрх олголоо. Олонхийн санал аваагүй нэр дэвшигчид УИХ-ын босгыг алхаж байхад, санал хулгайлсан нэр дэвшигчдэд хариуцлага тооцож, сонгогчдыг өмгөөлөх газар олдсонгүй. УИХ маргаанаа эцэслэн шийдүүлээгүй Д.Зоригтод тангараг өргөх боломж олгохдоо сонгогчдоос нь огт эмээсэнгүй.
УИХ-ын 2012 оны сонгуулийн санал хураалтын дүнгээс харвал МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг 23493, Н.Төмөрхүү 21267, АН-аас нэр дэвшигч Г.Батхүү 19939, Д.Зоригт 16795 санал авч, Өвөрхангай аймгийн Сонгуулийн тойргийн хороо С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгосон байдаг. Гэвч Г.Батхүү, Д.Зоригт нар тойргийн хорооны дүнг таалаагүй юм. Тэд МАН-ын нэр дэвшигчдийг сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан хэмээн Хан-Уул дүүргийн шүүхэд зарга мэдүүлсэн билээ. Угтаа бол маргааныг зөрчил үүссэн нутаг дэвсгэрт шийдэх учиртай. Гэтэл энэ заргыг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцэхдээ хариуцагч этгээд буюу МАН-ын хоёр нэр дэвшигчээс ямар ч тайлбар аваагүй нь олны анхаарлыг татсан. Сонирхолтой нь, аливаа маргааныг хуулийн хүрээнд шийдэх учиртай дүүргийн шүүхийн шүүгчид Өвөрхангайд өрсөлдсөн нэр дэвшигчдийн маргааныг хуудуутай шийдсэн нь гал дээр тос нэмсэн юм.
Шүүх АН-ын нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт хоёрт илт үйлчилж, Өвөрхангайн тойргийн маргааныг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр дахин хэлэлцэх боломжгүй, шүүхийн онцгой ажиллагааны журмаар шийдэн, олны дургүйцлийг төрүүлээд авсан. Нэг аймгийн 80 гаруй мянган сонгогчийн итгэл үнэмшил сүүдэр шиг дагалдаж буй эл маргаан Улсын Дээд шүүх хүртэл үргэлжилж, УИХ-д суудалтай АН, МАН хоёрын тэмцлийг хурцатгасан. Гэвч өнгөрсөн өвөл тус намууд Өвөрхангайн хоёр суудлыг хувааж авах тохироо хийж, АН-аас нэр дэвшигч Г.Батхүү оны өмнө УИХын гишүүний тангараг өргөсөн юм. Тухайн үед хийгдсэн тохироогоор Г.Батхүү тангараг өргөснийхөө дараа, Өвөрхангай аймгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж, хэргийг шүүн хэлэлцсэн шүүгчээр маргааныг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргуулна хэмээн амласан гэдэг юм. Гэвч Г.Батхүү тохиролцсон ёсоороо шүүхэд өргөдөл илгээгээгүй. Түүнийг УИХ-ын тойргийн хэрүүл, зарга хийж байх үед Ардчилсан нам Засгийн газраа бүрдүүлж, Г.Батхүүд ямар нэгэн албан тушаал санал болгоогүй байсан. Үүнд дургүйцсэн тэрбээр УИХ-ын босго давахдаа намынхандаа нэлээд гомдсон тухайгаа ярьсан гэж эх сурвалжууд мэдээлж байв. Үүнтэй зэрэгцэн Г.Батхүүгийн тангараг өргөх ёслолоор барьцаалж, УИХ-д албан ёсны бүлэгтэй болсон МАН-ын УИХ дахь гишүүд чуулган даргалагчаа дарамтлаад авсан юм.
Тэд “МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы ирц бүрдүүлэх үүрэх хүлээхгүй. АН-ын гишүүдийг нэгдсэн хуралдаандаа оролцуул” хэмээн шаардаж, Засгийн газраас гаргасан бондын зарцуулалтыг хүчтэй шүүмжилсэн нь эрх баригчдын дургүйг хүргэж, УИХ-ын маргаантай тойргийг хувааж авах тохиролцоо нуран унах эхлэлийг тавьсан байдаг. Юутай ч хэсэг зуур намжсан УИХын 76 суудлыг бүрдүүлэх асуудал Сонгинохайрхан дүүрэгт болсон УИХын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтад ялсан МАН-ын нэр дэвшигч Д.Сумъяабазарын нэрийг Сонгуулийн ерөнхий хороо УИХ, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр эргэн хурцадсан билээ. УИХ дахь АН-ын бүлэг “Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтыг дуусгах ёстой цагаас өмнө зогсоосон тул хууль зөрчсөн. Нэр бүхий иргэн энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан учраас Д.Сумъяабазарын асуудлыг хэлэлцэхээс татгалзаж байна” гэсэн үндэслэлээр хойшлуулж, МАН-ын бүлгийг сандаргаад авсан.
УИХ-ын 75 дахь гишүүнийг хүлээн зөвшөөрөх асуудал бүдэрсэн шалтгаан нь АН-ын Д.Зоригтын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх санаархалтай холбоотой байжээ. Тодруулбал АНынхан “Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээр хүлээн зөвшөөрөхдөө тулбал УИХ-ын аравдугаар тойрогт Өвөрхангай аймгаас нэр дэвшсэн Д.Зоригтыг хамт тангараг өргүүлнэ” гэсэн тулгалтыг МАН-ын бүлэгт тавьсан гэдэг. Анхандаа АН-ын энэ саналыг даварсан үйлдэл гэж үзэж байсан МАН-ын бүлэг сүүлдээ бууж өгөхөөс өөр гарцгүй болж, Д.Зоригт УИХ-ын гишүүн болоод байгаа. УИХ-ын сонгуулийн дүн эргэлзээтэй гарах эхлэлийг тавьж, маргааныг хамгийн ихээр хурцатгаж, олныг бухимдуулдаг нэг газар нь Сонгуулийн ерөнхий хороо болчихоод байгаа. Улс төрөөс ангид байх учиртай СЕХ-ны даргын албан тушаалд мэдэн будилж, олныг төөрөгдүүлэх далд авьяастай нэгэн томилогдож ирсэн. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үед СЕХ-г Б.Баттулга гэх, амьтны эгдүү хүртэл манаргадаг нөхөр тэргүүлж байсан бол, Ч.Содномцэрэн дарга Б.Баттулгаас дутахгүй гэдгээ нотлоод авсан.
УИХ дахь суудлынхаа тоог нэмэгдүүлэх гэсэн улс төрийн намуудын энэ улайрал хууль тогтоох дээд байгууллагыг хууль зөрчдөг хэсэг хүмүүсийн бөөгнөрөл болсныг харуулж байгаа ч эрхэм гишүүд мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж байгаа нь сонин. Улс төрийн намууд Парламентын суудлыг сонгуулийн дүн ямар гарсан нь хамаагүй тохироод л хуваагаад авчих юм бол мөнгө үрж, олны сэтгэлийг хувааж, сонгууль явуулаад хэрэггүй биш үү гэсэн асуулт хариугаа нэхэж байгаа.
Хачирхалтай нь, улс төрийн намуудын хууль зөрчсөн үйл ажиллагаа, хууль бус тохиролцоог шүүх таслан зогсоох нь бүү хэл, өөгшүүлэн дэмжиж, Засгийн эрх барьж буй улс төрийн намд илэрхий тал зассан шийдвэр гаргаж гаршив. Улс төрийн хүрээнд цөөнгүй жил хэлэлцэгдсэн шүүх засаглалыг мөнгө, эрх мэдлээс ангид байлгах мессеж үнэ цэнээ хэрхэн алдсаныг энэ бүхэн гэрчилж буй юм.
Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оноос хойш нэр хүнд нь унасан энэ салбарын нэр хүндийг аварч, иргэддээ ойртуулахын тулд шүүх эрх мэдлийн бие даасан шинэтгэл хийхээр зүтгэсэн. Тэрбээр энэ ажлаа эрх зүйн орчноос эхлүүлэх ёстой гэж үзэн Шүүхийн тухай багц хууль санаачилж, УИХ-аар батлуулсан нь саяхан. Гэвч шүүх байгууллага шинэчлэгдэх нь бүү хэл, улс төрийн нөлөөнд улам бүр орсоор буйгаа УИХ-ын сонгуулийн маргааныг хэлэлцэх явцдаа харуулаад авав. Ийм халуухан өдрүүдэд шударга байхыг үргэлж сануулж, шүүхийн шинэчлэлд сэтгэлээ чилээж, хууль санаачлан батлуулсан Ерөнхийлөгч маань байр сууриа илэрхийлээгүй нь олон хүнд таалагдаагүй юм.
2012 оны УИХ-ын сонгуулийн маргаантай тойргийн асуудлыг нэр дэвшигчид нь хүлээн зөвшөөрөхг үй гэдгээ мэдэгдэж, шүүх, Үндсэн хуулийн цэц рүү цаас шидэлсээр байгаа ч эцсийн шийдвэр хэзээ гарахыг хэлж мэдэх хүн алга. Өдгөө УИХ-ын танхимд суугаа хоёр гишүүний бүрэн эрх баталгаатай биш байгаа. Увс аймгийн тойрогт өрсөлдсөн МАН-ын нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг тойргийн сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан гэх хэргийг шүүхийн байгууллага хянаж буй. Энэ тойргийн маргаан эхэн үедээ УИХ-д бусдаасаа илүү олон суудалтай АН, МАН-ын тохиролцооноос гадуур өнгөрөөгүй. Харин сүүлийн үед улс төрд үүссэн нөхцөл байдал, сөрөг хүчин МАН-ын хатуу байр сууринаас болж аль аль нь шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээх тал руу эргэжээ. Увсын тойргийн маргааныг Ерөнхийлөгчийн сонгуулийн ард гарч байж л шийдэх болов уу. Сонгуулиас наана маргааныг хэлэлцэх цаг байхгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нам маргааныг өөрийн талд шийдүүлэх эрхтэй болно гэсэн яриа улс төрийн хүрээнд өрнөж байна.