Энэ Парламентад бие даан сонгогдсон гурван гишүүн бий. Тэд хамтран Бие даагч гишүүдийн зөвлөл байгуулснаа нэлээд хэдэн сарын өмнө мэдэгдэж байсан юм. Тэгвэл уг Зөвлөл намын Бүлгийн адил тухайн долоо хоногт УИХ-аар ярих асуудлыг хэлэлцээд сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлж байхаар болжээ. Бие даагч гишүүдийн зөвлөлийн анхны “бүлгийн хурал” өчигдөр болж, гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар мэдээллээ хийв. Энэ долоо хоногт Иргэний эрүүл мэндийн, Компанийн тухай хуулиудыг УИХ-аар хэлэлцэнэ. Үүнд бие даагч гишүүд анхаарч ажиллах гэнэ. Гишүүн Ц.Даваасүрэн “2014-2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг үргэлжл үүлэн хэлэлцэнэ. Хөрөнгө оруулалтын хэмжээнд төсвийн санхүүжилтийг бууруулахгүй, эдийн засаг, бизнесийн салбараа идэвхтэй байлгах бодлого баримтална. Хэлэлцүүлгийн явцаас ажиглахад улсын хөрөнгө оруулалтын хэмжээ ялимгүй буурсан. Тиймээс 2013 оныхтой харьцуулахад бууруулахгүй батлуулах бодлоготой байгаа. Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороонд Л.Гантөмөр сайд мэдээлэл хийнэ. Боловсролын салбарт ямар шинэчлэл хийх талаар бид саналаа илэрхийлнэ” гэлээ. Тэднээс зарим зүйлийг тодрууллаа.
-“Чингис” бондыг тойрсон шүүмжлэлийг сөрөг хүчин хэлдэг. Улс хоёр төсөвтэй болчихлоо гээд байгааг Та бүхэн юу гэж үзэж байна вэ?
Ц.Даваасүрэн: -Бие даагч гишүүдийг төлөөлөөд би Бондын зөвлөлд ажиллаж байгаа. Тиймээс холбогдох мэдээллийг бид авдаг. Бонд манай улсын санхүүгийн чадавхийг гадаад улсад илэрхийлсэн гэж үзэж байна. 2000 оны эхэн үед бид дэлхийн зах зээл дээр 20 сая доллар босгох гэж зовдог байсан бол одоо хоёр тэрбум доллар гаргаж чадлаа. Гэхдээ бонд бол өр, зээл учир өрийн удирдлагыг сайжруулах ёстой. 1990- ээд оны үед өрийн асуудлыг Худалдаа, үйлдвэрийн яам хариуцсанаар хяналт суларсан. Сая яг энэ алдааг давтсан. Зээлийн бодлогыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байна. Өрийн удирдлагыг сулруулж байгаадаа анхаарах ёстой. Дунд, урт хугацаанд хянах чиглэлийг манай Зөвлөлөөс байнга өгч байгаа. Бондыг Хөгжлийн банкаар дамжуулан гаргаж байгаа. Гэтэл уг банкийг хоёр нам Засагт хамтарч байх үедээ байгуулсан шүү дээ. Тэгчихээд өөрсдөө эрх баригч байхаа болимогц “Төсвийн гадуур төсөвтэй болчихлоо” гээд буй нь инээдтэй хэрэг. Ингэж шүүмжлэх байсан юм бол бодлогоо урт хугацаанд, нарийн тооцож батлах ёстой. Бонд бол Хөгжлийн банкны гаргаж буй үнэт цаас. Үүнийг буруу тайлбарлаад байна лээ. Хөгжлийн банк Засгийн газрын нэрийн өмнөөс баталгаа гаргаж байгаа юм. Хөгжлийн банктай болсноор төсвөөс гадуур санхүүжүүлдэг болсон. Энэ тийм сайн зүйл биш ч дэлхийн улс орнууд хөгжлийнхөө эхэн үед дэд бүтцийн томоохон төслийг хэрэгжүүлэхээр ийм банк байгуулдаг туршлага бий. Банкаа байгуулчихаад үр дүнг үзээгүй байж буруушаах нь зохисгүй.
-Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байна вэ?
С.Ганбаатар: -Үнэт цаасны засаглалд онцгой анхаарах ёстой. Үүнийг худалдаж авах гэж байгаа, дамжуулан зарж буй талуудын төлөөлөл засаглалдаа орж чадсан уу, хамтын шийдвэр гаргаж чадах уу гэдгийг онцолно. Ийм засаглал байхгүй бол хадгаламж зээлийн хоршооны жишгээр орох аюултай. Бидний санал болгосон зарим заалтыг тусгасан байна лээ. Нийгмийн даатгалын 500 тэрбум, эрүүл мэндийн даатгалын 166 тэрбум төгрөгийн үлдэгдэл үнэт цаасны арилжаанд орох уу. Үүнийг хэн нэгэн сайд мэдэж банкинд хадгалж, “хүүлээд” байгаа юм биш биз гэдгийг анхаарч саналаа оруулсан.
Ц.Даваасүрэн: -Монголд шууд зээллэгийн тогтолцоо байдаггүй учир хүү өндөр байдаг. Үнэт цаасны тогтолцоо бол шууд зээллэгийн тогтолцоо юм. Бид хэзээ нэгэн цагт хуримтлалтай болно. Уг мөнг өө банкинд байршуулахын оронд тухайн компанийн үнэт цаасыг худалдаж авдаг зээллэгийн тогтолцоо шүү дээ. Улмаар үнэт цаасныхаа ногдол ашгийг авч амьдрах нь хамаагүй үр дүнтэй. Тиймээс ийм эрх зүйн орчин бүрдүүлэхийг дэмжинэ. Гэхдээ үнэт цаасны зах зээлээр дамжуулаад 1998-1999 онд тэрбум гаруй төгрөгийг дампуурч буй банк руу хийж, мөнгө угаасан хэрэг гарч байсан учраас итгэл суларсан юм. Энэ байдлаас хамгаалсан баталгааг хуульд нарийвчлан тусгах ёстой. Хүн мөнгөө оруулавч эргээд баталгааг нь сайн байлгахгүй бол мөнгө угаах хэрэг гарч болзошгүй.
-УИХ-аар Үндсэн чиглэл хэлэлцэж эхэлсэн. Үүнд зэсийн үнийг хэр бодитоор тооцсон бол?
Ц.Даваасүрэн: -Гишүүд жил бүр Үндсэн чиглэл баталдаг атлаа төсөв нь үүний 10-20 хувийг л дагадаг гэж шүүмжилдэг. Үүнийг цэгцлэхийн тулд Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж, дунд хугацааны бодлого боловсруулж, энэ хүрээндээ төлөвлөе гэсэн. Мөнгөний болон төсвийн бодлого бол айлын хоёр багана. Үүнийг зангидах тооно нь Эдийн засгийн хөгжлийн яам. Ханш, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ янз бүр байгааг нэг мөр болгох асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж, холбогдох бүх судалгааг хийдэг байх ёстой.
С.Ганбаатар: -Бие даасан шинжээчийн дүгнэлтийн тухай би их ярьдаг. Ирэх онд алт, зэсийн үнэ ямар байх, орлого хэрхэн бүрдэх вэ гэдгээс ямар зарлага гаргахаа төлөвлөнө. Үүнийг хэдэн улстөрч л тааж, мэдрэмжээрээ яриад байдаг. Тиймээс Төсвийн байнгын хорооноос санаачилга гаргаад, Төсвийн шинжилгээний 10 хүнтэй алба байгуулъя гэсэн. Тэгвэл ирэх онд зэсийн үнэ хэдэн доллар байх талаар уг алба дүн шинжилгээ хийгээд УИХ нь түүнийг үндэслэж, Засгийн газарт үүрэг болгодог зарчимд шилжих ёстой.
С.УУЛ