Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өчигдөр уралдааны гараанаас гарлаа. Таван удаагийн сонгуулиар монголчууд дөрвөн Ерөнхийлөгч тодруулсан.
Анхны Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч П.Очирбат “гүндүүгүй” гэх тодотголоор гоёж байсан бол 47 насандаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, ээлжит сонгуулийн ялалтыг дараалан хоёр удаа авсан Н.Багабандийг “хийгүй” гэх тодорхойлолт дагалдсан юм.
Н.Энхбаяр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 47 настайдаа ялалт байгуулсан бол, 2009 онд Ц.Элбэгдорж 46 настайдаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Эрчүүдийн ширүүн өрсөлдөөний талбар болж ирсэн сонгуулийн тогтсон хэв маяг энэ удаа эвдэгдэж, бүсгүйчүүдийн төлөөлөл Ерөнхийлөгчийн сонгуульд эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөх эрх олж авлаа.
Мөн анх удаа үндэсний бөхийн дархан аварга нэр дэвшиж байгааг сонгуулийн онцлогт тооцож болно. Энэ удаагийн сонгууль улс төрийн тогоонд олон жил чанагдсан, “хатуу самар”-т тооцогддог эрчүүдийн өрсөлдөөний загварыг өөрчилсөн шигээ сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн зарим салбарынханд тулган шаардлага дагуулав. Эрх баригч АН-ын санаачлан УИХ-аар зүтгүүлэн байж батлуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн “бай”-гаа оноогүй тулган шаардлагыг хамгийн түрүүнд Монголын сонинууд хүлээж авлаа. Энэ хуулиар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг зөвхөн телевиз, радио, цахим хуудас ашиглаж явуулна хэмээн зааж, сонинуудын хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хязгаар тавьжээ. Эрх баригч АН 2012 оны арванхоёрдугаар сард энэ хуулийг УИХ дахь МАН-ын бүлэггүй дангаараа төрүүлсэн юм. Энэ үеэр сөрөг хүчнийхэн УИХ-д албан ёсны бүлэгтэй болох тухай асуудлаа хүчтэй тавьж байсан санагдана. Сөрөг хүчний шахалтад эрх баригчид түүртэхдээ нэг улс төрийн намын ашиг сонирхол шингэсэн хуудуутай хууль төрүүлж орхисон бололтой. Өдгөө хуудуутай хуулийн горыг хамгийн түрүүнд Монголын тогтмол хэвлэлүүд амсаж, сонгуулийн сурталчилгааг дамжуулах, хэвлэн нийтлэх эрхээ хязгаарлуулав.
Нэгэнт сонгуулийн сурталчилгаанд оролцох эрхгүй л юм бол сонинууд жишээ нь “АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны нээлтээ Сүхбаатар аймагт хийв”, “МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Баян-Өлгийн сонгогчидтой уулзлаа” гэх мэдээг дамжуулж, уншигчдаа хуураад яах юм. Хэн нэгэн сонгогч Н.Удвалыг дэмжсэн захидал барьж ирээд нийтлүүлэхийг хүсвэл яах вэ. Уншигчдадаа хуудуутай хуулийн хэвлэх эрхгүй болон ил, далд сурталчилгаатай холбоотой заалтыг үзүүлж, Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хязгаарлаад суух уу. Аль эсвэл иргэдийнхээ үзэл бодлыг чөлөөтэй нийтэлснийхээ төлөө шүүхэд дуудагдах уу. Мөрдөж байгаа хууль сонинуудад ийм тулгалт хийжээ. Сонгуулийн хяналтыг СЕХ тун чанга хийх гэнэ. Тэнд ил, далд сурталчилгааг хянах Хэвлэл, мэдээллийн орон тооны бус Зөвлөлийг байгуулаад байна. Зөвлөл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй намууд болон нэр дэвшигчдийн хэвлэл, мэдээллийн сурталчилгааны тэнцвэрт байдлыг хянаж, нам, нэр дэвшигч, хуулийн этгээд, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан үзэж, санал дүгнэлтээ СЕХ-нд танилцуулах гэнэ.
Хуулиндаа алийг нь далд, ямрыг нь ил сурталчилгаа гэж нэрлэх вэ гэдгийг тодорхойлоогүй учраас Зөвлөлийн ажил мөн л хүндхэн нөхцөлд явагдаж таарах болов уу. Зөвлөл сонгуулийн зарга хийж гаршсан улс төрийн намын хэдэн арван өргөдлийг хүлээж авах нь тодорхой. Үр дүнд нь сонгуулийн дүнг шүүхдэх аргаар луйвардаж гаршсан улс төрийн намын захиалгаар хэсэг сонин тодорхой хугацаанд тусгай эрхээ цуцлуулж, үүд хаалгаа барихдаа тулж мэдэх нь. Үүний ард хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боомилох арга нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй. Сонин хэвлэлийг тоглоомын дүрмээс хассан сонгуульд СЕХ тун ч давуу эрх эдэлж буй юм билээ. Тодруулбал тус хороо шатлан захирагдах эрхтэй прокурорын байгууллага шиг ажиллана. Сонгуулийн хэсэг, тойргийн хороод СЕХ-ны өгсөн үүргийг заавал биелүүлэх бөгөөд Ч.Содномцэрэн дарга доод шатны сонгуулийн хорооны хууль бус гэж үзсэн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй гэсэн үг. Түүнчлэн санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин болон нэмэлт санал хураалт, дахин сонгууль явуулах нөхцөлийг заасан 61 дүгээр зүйлийн 13 заалт СЕХ-ны мэдэлд бий. Үүнд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан бол, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, хуульд заасан цагаас өмнө нээсэн бол гэх зэрэг заалт багтаж буй. Гэвч эрх нь данхайсан СЕХ сонгуулийн бэлтгэл ажлыг хангалттай хийж чадаагүй байна.
Сонгууль зарлагдчихаад байхад улс орны хэмжээнд сонгуулийн санал хураалт явагдах 33 хэсгийн хорооны байршил тодорхойгүй байгаа. Санал хураалтын нэг хэсэг нь суманд 2000, аймгийн төвд 2500, нийслэлийн дүүрэгт 3000 хүртэл сонгогчтой байхаар тогтоогдож, нэг хэсэгт санал өгөх сонгогчийн тоо хамгийн багадаа 200-гаас доошгүй байх ёстой бол Дорнод аймагт ердөө найман сонгогчтой хэсгийн хороо ажиллахаар болсон байх юм. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагч ажиллах ёстой Сонгуулийн тойргийн хороодод СЕХ Ерөнхий сайдын хууль зөрчин томилсон үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгчдийг ажиллуулах шийдвэр гаргасан билээ. Нэр дэвшигчид иргэнээс дээд тал нь арван сая, аж ахуйн нэгжээс 50 сая төгрөгийн хандив авах эрхийг хуульчилсан нь энэ удаагийн сонгуулийн бас нэг онцлог. Аж ахуйн нэгжүүдийн хандивыг заавал Гүйцэтгэх захирал болон ТУЗийн шийдвэр дагалдах ёстой аж. Нэг банк, нэг дансаар нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг хянахад хялбар ч сонгуулийн кампанит ажлын бүх гүйлгээг хийхэд хүндхэн байх. Түүнчлэн нэр дэвшигчид ердөө 33 хоногт амжиж сонгогчидтойгоо уулзах ёстой.
Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн сонгогчидтой нүүр тулах учиртай нэр дэвшигчид нэгээс нөгөө рүү хуй салхи шиг зүтгэхгүй бол 33 өдөр хаанаа ч хүрэхгүй. Нисэх онгоц хөлөглөхгүй л бол энэ даваа Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал хоёрт хүндхэн тусах биз ээ. Харин хуулийн таатай нөхцөлийг эдэлж, сонгуулиас өмнө айдгаа авдартаа хийсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эмээх зүйл байхгүй болов уу. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа тун содон өнгөтэй байх аж. Сонгуулиар аймаг, нийслэлийн дүүрэг бүрт нэр дэвшигчийн 30 шадар туслах ажиллаж, СЕХ тэднийг баталгаажуулсан үнэмлэх олгох юм. Улс төрийн намууд аймаг, орон нутагт танигдсан, нэр нөлөөтэй гэсэн хүнийг шадар туслахын албанд томилж байгаа гэнэ. Нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулсан шадар туслахад 2016 оны УИХ-ын сонгууль тун ойрхон байж болохоор байгаа. Мөн ижил таних тэмдэг зүүсэн “ихэр” ухуулагчид энэ сонгуулийн гоёо болох юм байна.
Шинэ хууль ухуулагчдыг энгэрийн тэмдэгтэй байхыг шаардсан байгаа. Юутай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зан чанарын хувьд тэс өөр гурван нэр дэвшигч өрсөлдөж буй. Ц.Элбэгдорж сэтгэлийн хөдөлгөөнтэй, хурц талдаа хүн бол, Б.Бат-Эрдэнэ тайван, няхуур нямбай, Н.Удвал нийгмийн идэвх сайтай, намын даргынхаа төлөө тууштай тэмцэгч гэдгээ харуулсан нэгэн. Энэ сонгуулийн санал хураалтаас нэр дэвшигч нэрээ татах боломжгүй байгаа. Гурван өөр өнгө хосолсон Ерөнхийлөгчийн сонгуулийн гол хөзөр нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр байх төлөвтэй. Хэдхэн өдрийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Л.Цог, Ц.Цолмон нар Өршөөлийн тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд буй. Энэ хуульд Монгол Улсын хэмжээнд ял эдэлж байгаа 7000 гаруй хоригдлын 3000 орчмыг хамруулах асуудал багтаасан байгаа. Шүүхийн шийдвэрээр анх удаа ял сонсон, түүнийгээ эдэлж байгаа, ингэхдээ улсад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан иргэд хамрагдана. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч багтана гэдгийг хууль санаачлагчид нь шууд хэлсэн.
Ерөнхийлөгчийн сонгуулийн халуун тулаантай зэрэгцэн Парламентаар хэлэлцэх эл хуулийн төслийг улс төрийн намууд дэмжихгүй бол нэр дэвшигчдийнх нь нэр хүнд унах муу талтай. Нэр дэвшигчийг “Та Ерөнхийлөгчөөр сонгогдвол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх алхам хийх үү” гэсэн асуулт отож буй энэ үед Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нарын зүгээс “тийм” гэсэн хариултыг ядах юмгүй өгөх байх. Өрсөлдөгчдийнх нь энэ найр тавилт, Өршөөлийн хууль хоёроос өрсөж Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх шийдвэр гаргахад хүрнэ гэж ажиглагчид үзэж байна.