УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
1925 оны БНМАУ-ын Засгийн газрын 18 дугаар хурлаар "Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм" нэртэй 21 зүйл бүхий эрх зүйн баримт бичгийг батлан гаргаснаар манай улс анх Замын хөдөлгөөний дүрэмтэй болж байжээ. Улс орны хөгжлийн явцтай уялдуулж энэхүү хууль дүрмийг шинэчлэн баталсаар ирсэн бөгөөд энэ удаад УИХ-ын гишүүн Г.Батхүү болон бусад найман гишүүн тус шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлжээ. Уг шинэчилсэн найруулгад замын хөдөлгөөнд оролцож буй жолооч гар утсаа ашиглахгүй байх тухай заалт орсон байна. Учир нь жолооч замын хөдөлгөөнд оролцож буй тохиолдолд гар утсаа ашиглаж байвал осол гарах нөхцөл 42 хувьтай байдаг гэсэн судалгаа байдаг аж. Мөн шинэ хууль баталснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлөөд, жолоо барих эрхээ 2 жилээр хасуулах бөгөөд давтан үйлдвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж, жолоо барих эрхээ 3 жилээр хасуулахаар заажээ. Түүнчлэн сургуулийн орчимд хүүхэд ямар ч тохиолдолд давуу эрхтэй оролцохоор тусгасан байна. Өнөөгийн нөхцөлд жилд 300-400 хүн автын ослоор нас бардаг, тэдгээрийн нэлээдгүй хувийг хүүхдүүд, тэр дундаа бага насны хүүхэд зонхилдог байна. Иймд сургуулийн орчмыг хуулиараа хамгаалалтад авч байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Дүрэм журмаараа замын хөдөлгөөнд оролцдог сайн жолооч нар олон байна. Тэдгээр жолооч нарыг урамшуулах системийг тусгаж өгсөн үү” гэсэн асуудлыг тодруулсан. Ажлын хэсгээс, "Өнөөдрийн нөхцөлд нэг удаа улаан гэрлээр орсон, 10 удаа улаан гэрлээр орсон хоёр жолоочид адил арга хэмжээ авч байгаа. Энэхүү хуулийн төсөлд олон зөрчил гаргасанд нь илүү шийтгэл ноогдуулдаг байхаар хуульчилсан" гэлээ. Үүний зэрэгцээ гишүүд олон улсад манай улсын жолооны үнэмлэх хүчин төгөлдөр үйлчлэхгүй шалтгааныг тодруулж байлаа. Энэ асуудлыг хуулинд тусгаж өгсөн гэдгийг ч ажлын хэсгийнхэн тайлбарласан юм.