АН-д шинэ улс төр өрнөж эхлэв. Тэд фракц хэмээх “зовлон”-гоосоо салах гэнэ. Тус намын 25 жилийн ойн баярын хурлын үеэр З.Энхболд дарга нь фракцлагдсан улс төрд баяртай гэж хэлсэн юм. Мэдээж түүнийг хэлсэн даруй фракцууд шууд алга болоод л хамаг юм цэмцийгээд ирэхгүй. Ердөө л эхлэл төдий байна. Эрх ашиг, албан тушаалыг эрхэм зорилгоо болгосон хэд хэдэн фракц АН-д бий. Албан тушаалын томилгоо, Засгийн газар байгуулах, огцруулах эсэхийг энэ хэдэн фракцын хүрээнд шийдэх болсоор удсан. Ер нь шийдвэр гаргах бүртээ Ерөнхий сайд нь тэдний амыг харж, саналыг сонсож, “бялуу”-ны хуваарилалтад оруулахгүй бол ажил нь явахаа байсан. Энэ тухай хангалттай ярьж буй. Г.Батхүү, А.Бакей тэргүүтэй таван гишүүн жилийн өмнө фракцгүй амьдрах санаачилга гаргасныг одоо З.Энхболд “хөгжөөж” буй нь энэ. Тэр өмнө нь “Шонхор” фракцын тэргүүн байсан.
“Шонхор”- ууд гэрээ мөргөж, шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад голлон оролцсон. Ингэж байж тэр тус намын дарга болсон нь нууц биш. Ингээд анх удаа Ерөнхий сайд, намын даргаа салгаж “эзэмших” болов. Өмнө нь Н.Алтанхуяг аль алийг нь хийж, нам доторх олон толгойтой фракц, Засгийн газрыг бүрдүүлж буй намуудын учрыг олох гэж багагүй ур чадвар гаргадаг байсан. Төрийн дээр нам, намын дээр фракц гарсан хэмээн АН-ын гишүүд өөрсдөө ярих болсон байна лээ. Тэгэхээр тийм “том” фракцуудыг маллахын зовлонг, бас горыг нь З.Энхболд ойлгож эхэлсэн бололтой.
ФРАКЦЛАХААС “ЗАЛХСАН” ГИШҮҮД
Н.Алтанхуягийн танхим огцорсны дараа АН-д олон жилийн турш чиг заасан “Алтангадас” фракцын зөрчил ил болсон юм. Уг нь энд УИХ-ын долоон гишүүн данстай. Гэвч тэднээс Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар өрх тусгаарлаж, “Соёмбо” фракц байгуулав. Г.Батхүү, А.Бакей нар Монголын ардчиллын төлөө нийгэмлэгтэй болсон. Эхний хоёр гишүүн нэлээд дээрээс “хор найруулж”, фракцын тэргүүнээ огцруулах үйлсэд далдуур зүтгэсний эцэст өнөөдрийн албан тушаалд хүрсэн байна. Тэгвэл сүүлийн хоёр нь фракцын улс төрөөс “залхсан” гэнэ. Тэр ердөө л фракц өөрийнх нь болоод Монголын улс төрд нийцэх хувилбар бишийг ойлгосон аж. Түүнтэй нэгдсэн хүмүүс нь МоАХ буюу Х.Баттулгын фракцаас “зугтсан” Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж, Л.Болд нар. Тэд МоАХ-ноос татгалзах болсон шалтгаан нь бас л албан тушаал. Үгэнд нь орохоо байсан Ц.Оюунгэрэлийг сайдаас нь огцруулах гэж Х.Баттулга үзсэн.
Нөгөөх нь эсэргүүцсэн. Харин Ш.Түвдэндорж бараг л овог нь болох шахсан МоАХ-гоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудлаар сольсон. Албан тушаалд илгээсэн, гэхдээ тэрийгээ буцаагаад авчихсан учраас л “гомдоод” фракц хэрэггүй гээд байгаа ч юм шиг эрхмүүд нэгдчихэж байгаа юм. Эхлэл нь буруу ч өрнөл нь зөв замд хөтлөхийг үгүйсгэхгүй. Тэд намын тулгуур нь фракц биш, үнэт зүйл хэмээн тодорхойлжээ. Бас юу юу ардчиллын үнэт зүйл болох вэ гэсэн бяцхан судалгаа хийж, жагсаалт гаргаад гишүүддээ танилцуулсан гэсэн. Эрхэм гишүүдийн санаачилгыг УИХ дотор 10, ҮЗХ-ны түвшинд 60 орчим хүн дэмжээд буй юм билээ.
ӨӨР НЭГ ӨНЦӨГ
Намын даргаа шахаанд оруулж албан тушаалаа өгөхөд хүргэдэг, нөлөө бүхий фракцыг тэргүүлж “ач тусыг” нь хүртэж явсан З.Энхболд гэнэт л улс төрийн энэ хэлбэрээс татгалзсан нь бас сонин. Зөв зүйл хэдий ч тэр хэлсэн учраас бяцхан хардлага төрж буй юм. Шийдвэр гаргахдаа фракцуудын тэргүүний амыг харж, аясыг нь дагалддаг байдлыг халж, аливааг фракцын биш, намынхаа бүтцийн байгууллагаар гаргуулах зарчмаар ажиллахаа тэр баярын хурлын индэр дээрээс мэдэгдсэн. Гаргасан санаачилгыг намын дарга нь дэмжсэнд Ц.Оюунгэрэл гишүүн маш их баяртай байгаагаа илэрхийлээд “Фракцгүй болно гэдэг нь намын дарга аливаа шийдвэр гаргахдаа фракцуудын дарга нараас санал асуухгүй гэсэн үг” хэмээн тайлбарлажээ.
Өмнө нь муу ч сайн ч 5-6 хүнтэй зөвлөөд байж. Харин одоо бүхнийг З.Энхболд шийдчихдэг болохыг хүсээд буй юм биш биз. Бас энэ талаар АН-ын фракцыг тэргүүлэгчид юу ч дуугарахгүй байна. “Алтангадас”-ын шинэ тэргүүн Я.Санжмятав, “Шонхор”- ын Д.Ганхуяг, МҮДН-ын Б.Гарамгайбаатар, МоАХ-ны Х.Баттулга дуугүй сууна. Тэд зөвшөөрсөн хариу өгчихөөгүй л байх. Тэдний хувьд фракцын улс төр нь илүү ашигтай байгаа. Харин намын дарга индрээс шууд л “АН фракцгүй боллоо” хэмээн мэдэгдэж, нэг ёсондоо тулгачихсан. Тавантолгойн гэрээг Засгийн газрын түвшинд шийдэхээр зэхчихээд байсан өдөр тэр хэдэн үг хэлээд л хориг тавьж орхисон. Ер нь энэ намд түүний “ноёрхол” тогтчих гээд байгаа юм биш үү гэсэн хардлага нэлээд гарах боллоо. Яг ийм мэдээллийн халуун мөр дээр фракцгүй нам байх мэдэгдэл хийсэн нь эргэлзээ дагуулаад буй юм.
АН ТҮҮНГҮЙГЭЭР АМЬДАРЧ ЧАДАХ УУ
АН бол олон намын нэгдэл. Тиймээс ч олон үзэл бодол байдаг. Энэ нь фракц байгуулах эхлэл болсон. Бас асуудлыг олон талаас нь хэлэлцэхэд эхэндээ хэрэгтэй байсан нь үнэн. Гэвч шийдэл байсан фракцуудын хөгжил буруу тийш хазайж, төрөөр тоглох хүчтэй, эрх мэдэлтэй болтол газар авсан. Тиймээс л одоо тэднийг устгах аян өрнөхөд хүрэв. Даварсан бүлэглэлүүдийг дэгэнд нь оруулах ёстой. Төрийн дээр нам ч, фракц ч байх учиргүй. Гагцхүү хуулийн хүрээнд бүгдийг ил тод шийддэг байх нь чухал. Хэн нэгний ноёрхол тогтох биш, энэ замаар явж чадвал фракцаас салах нь зөв мөрөөдөл.
Гэвч тийм амархан биелэх мөр өөдөл байж чадахгүй. Дээр дурдсанчлан энэ намын гол фракцынхан огт дуугарахгүй байна. Хэзээд эрх ашгаа нэгд үгээрт эрэмбэлж ирсэн, тэгж хөгжсөн улс төрийн арга барил учраас тэр. Жилийн өмнө гаргасан санаачилгыг нь энэ намын удирдах түвшинд ердөө 70 орчим хүн л дэмжсэн байгаа нь үүний баталгаа. Буруу булхайн эх үүсвэр болсон фракц хэмээх бүлэглэл АН-аас тийм ч амар салж өгөхгүй л болов уу.
С.ТУУЛ