Монголд ардчилсан хувьсгал хийсэн алтан, мөнгөн хараацайнууд хэмээн нэгнээ хөөргөдөг ардчилагчид 25 жилийн ойгоо тэмдэглээд ойрын өдрүүдэд сэтгэл хөөрлийн температур нь улайсчихсан яваа гэхэд болно. Харин энэ цаг дор “Глоб интернэшнл”-ийн захирал Х.Наранжаргал тэргүүтэй хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл алс холын Альпийн нурууны Женевт оччихсон, НҮБ-ын төлөөлөгчдийн өмнө нүүрээ улалзуулан явааг өнөөдүүл мэдэж байгаа болов уу. Ирэх тавдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн хорооны 102 дугаар хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар тайлан илтгэлээ танилцуулах учиртай. Түүнээс өмнө өөрийн орны илтгэлийг урьдчилсан байдлаар танилцуулах, 2011 онд Нью-Йоркт болсон хуралдаанаас манайханд өгсөн үүрэг, зөвлөмжийг хэрхэн биелүүлснээ тайлагнах зорилгоор тэд Женевийг зорьжээ.
Дөрвөн жилийн өмнө Монголын Засгийн газрын “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт” (ICCPR)-ын хэрэгжилтийн тайлан илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн хороо хэлэлцээд, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан 19 дүгээр зүйлийг хэрхэн хэрэгжүүлж байгаад доорх үнэлэлт дүгнэлтийг өгч байв. “Нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс хасаж, сэтгүүлчийг аливаа сүрдүүлэг заналхийлэл, халдлагаас хамгаалах, тийм тохиолдлуудыг хуулийн дагуу мөрдөн шалгаж, гэмтэнд хариуцлага хүлээлгэхэд Оролцогч улс анхаарах ёстой. Нэр төр гутаахтай холбоотой Эрүүгийн хуулийн зүйл заалтыг халах, сэтгүүлчдийн эсрэг өдүүлсэн хэргийг иргэний журмаар шийдэх нь зүйтэй” гэсэн зөвлөмж манай Засгийн газарт өгснийг нэг чихээрээ оруулаад, нөгөөгөөрөө гаргачихсан учраас өдгөө хүний эрхийн байгууллагууд бүх дэлхийн өмнө нүүр хийх газраа олж ядан тэвдэж буй нь энэ.
Уг нь 2012 онд шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан даруйд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Эрүүгийн хуулийг энэрэнгүй болгоно, шоронжсон улс байхаа болино” хэмээн зоригтой дуугарч, өнгөрсөн жил Гэмт хэргийн тухай хууль нэртэйгээр шинэчилсэн найруулгыг нь өргөн барихдаа гүтгэлэг, доромжлолтой холбоотой 110, 111 дүгээр зүйлийг Эрүүгийн хуулиас хасахаар болсон юм. Чухам энэ шинэчлэлийн үрээр л “Хил хязгааргүй сэтгүүлчид” төрийн бус байгууллагаас 2014 онд гаргасан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индекс”-ээр манай улс урьд жилүүдээсээ 34 байр урагшилсан билээ. Гэтэл шийдлийн Засгийн газар нь гарч ирэнгүүтээ Д.Дорлигжав сайд өнөөхийг нь татан авч, буцаагаад Эрүүгийн хууль нэртэйгээр төсөл оруулж ирэхдээ алдарт 110, 111 дүгээр зүйлийг дахин нэмж, олон хүнд “гэнэтийн бэлэг” барив.
Энэ бол зөвхөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ниргэсэн аянга биш билээ. Энэ бол хэнээс ч эмээлгүйгээр үзэл бодлоо илэрхийлсэн энгийн иргэд рүү, үнэн, худлыг нь дэнсэлж мэдэх гэсэн ард түмний эрх ашиг руу чиглэсэн аадрын хар үүл юм. Эцсийн эцэст 25 жилийн тэртээх цагаан морин жил тухайн үеийн улс төрийн удирдагчдад ардчиллынхны тавьж байсан хэдхэн үндсэн шаардлагын нэг болох чөлөөт хэвлэл рүүгээ, өөрсдийнхөө тохинуулсан ардчилал руугаа, түүнийхээ хамгийн чухал үнэт зүйл рүү ичих ч үгүй нулимсан үйлдэл энэ мөнөөсөө мөн. Энэ долоо хоногт нээлтээ хийсэн УИХ-ын хаврын чуулганаар уг хуулийг хэлэлцэх юм. Ардчиллын гол амин сүнс нь болох чөлөөт хэвлэлийн дуу хоолойг боомилж, сэтгүүлчдийг юм л бол барьж хорих, их хэмжээний мөнгөн дүнгээр торгох зэргээр хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдах гэсэн уг хуультай дөрөө харшуулан чуулганаар орох бас нэг эрхзүйн акт бол Зөрчлийн тухай хууль.
2012 оны сонгуульд оролцохдоо АН мөрийн хөтөлбөртөө “Ардчилсан нийгмийн зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн орчин үеийн эрүүгийн хуультай болно”, “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувь эзэмшил, орлогыг ил тод болгож, хэвлэлийн байгууллагуудын бие даасан байдлыг дээшлүүлж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулна” хэмээсэн ч ачир дээрээ ийн амнаасаа буцав. Мөн дээрх сонгуулийн үеэр “Сэтгүүлчид хэвлэн нийтэлснийхээ төлөө ял шийтгэл хүлээдэг хуулийн заалтыг хянан үзэж, өөрчилнө” гэж алтаар үнэлэгдэх үгс амнаасаа унагаж байсан МАН-ынхан өнгөрсөн хоёрдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хурлаар Эрүүгийн хуулийг хэлэлцэхэд өнөөх 110, 111 дүгээр зүйл дахиад “ороод” ирснийг харсан ч хараагүй мэт царайлж, мөрийн хөтөлбөрөөсөө мэлзэв. 2012 оны сонгуулийн өмнөхөн “Глоб интернэшнл” ТББ-аас “Асууя” кампанит ажил өрнүүлж, МАН, АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын эвсэл, Иргэний хөдөлгөөний нам зэрэг таван нам, эвслийн 170 нэр дэвшигчээс “Эрүүгийн хуулиас гүтгэлэг, доромжлолын заалтыг авч хаяхыг зөвшөөрч байна уу” гэсэн санал асуулга авахад ихэнх нь дуун дээр зөвшөөрчээ.
Харин одоо өнөөх төрийн түшээд эхнээсээ хэлсэн үгнээсээ буцаж, ямар нэгэн аргаар сэтгүүлчдийн амыг барьж, ард түмний үнэнийг мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг бүдүүлгээр зөрчих нөхцөл байдал дахин үүссэн тул “Глоб интернэшнл”-ийнхэн энэ сарын 6-нд гишүүдэд дахин санал асуулга хүргүүлжээ. Сонгуулийн өмнө хайлсан тугалга шиг аяглаж, саналын хуудас авсан өдөртөө л хариу өгөөд байсан хүмүүс өнөө харин бүлх залгисан юм шиг таг чиг байгаа гэнэ. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуультай зэрэгцээд хаврын чуулганаар хэлэлцэгдэх Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг санаачилсан М.Батчимэг гишүүн харин “Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлохтой холбоотой заалтыг дахин оруулж ирсэн нь ухралт” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна лээ. Яаж ч бодсон энэ бол ухралт байлгүй яах вэ.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 34 байр огцом урагшилсан амжилт хайран биш байлаа гэхэд ард түмэн маань ардчилсан төр засаг, улс орныхоо ирээдүйд итгэх найдвараа алдвал хэн түүнийг хаанаас олж өгөх юм бэ. “Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ. Дээд үүлийн сонорт юу ч хэлээд нэмэргүй дээ” гэдэг сэтгэхүй нийгэмд газар авсаар байвал юу болох вэ. Ард түмний ардчилсан нийгмээ харах нүд, сонсох чих нь байх учиртай чөлөөт хэвлэлийг чөдөрлөөд хаячихвал тэр улс хаашаа явах вэ. Чөдөртэй морь дэмий л дороо дэвхцэхээс өөрөөр газар хороохгүй. 2002 оноос эхлэн гүтгэлэг, доромжлолтой холбоотой хэргийг Эрүүгийн хуулиар шийддэг болсны үр дүнд манай ардчилал ийм түвшинд хүрсэн гээд хэлээдэх гэвэл та бүхэн юу гэх вэ. “Глоб интернэшнл”-ээс гаргасан судалгаагаар 2005 оноос хойш сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдсан 375 хэрэг зөрчил бүртгэгджээ.
Зөвхөн 2013- 2014 онд гэхэд л нийтдээ 57 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ, хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн 110 тохиолдол бүртгэсэн байна. Эдгээрээс 18-д нь Эрүүгийн хэрэг үүсгэж, гурван сэтгүүлч түр хорих ялаар шийтгүүлж, бусад 15-д нь мөнгөн торгууль ногдуулсан байх юм. Цахим ертөнц хүчээ авч, хэн дуртайгаа бичдэг болсон өнөө цагт нэгнээ элдвээр доромжилсон бүхнийг Эрүүгийн хуулиар шийдэж, ял үүрүүлээд байвал Монгол ёстой жинхнээсээ шоронжсон орон болох биз ээ. Гэхдээ “Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг” гэдэг үгтэй ард түмэн бол монголчууд. Тиймээс сэтгүүлч ч бай, хэн ч бай хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав байх ёстойг бүгд мэднэ. Сэтгүүлчид гэхээрээ юу ч хамаагүй бурах эрхтэй улс биш гэдгээ ч манайхан ухамсарладаг. Мэдээж хэн нэгнийг гүтгэн доромжилсон бол хариуцлага хүлээх нь ч зүйн хэрэг. Гэхдээ заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бус, Иргэний хуулиар шийддэг байхад юу нь буруу байх билээ.
Угаасаа дэлхийн олон оронд гүтгэлэг, доромжлолыг хувь хүмүүсийн хоорондын асуудал гэж үзээд иргэний хэргийн журмаар шийдвэрлэдэг. Тэр дундаа сэтгүүлчийг хэвлэн нийтэлснийх нь төлөө эрүүгийн хэрэгт татаж, амьдралынх нь турш хар толботой үлдээж болохгүй гэсэн НҮБ-ын тунхаглал ч буй. Олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангахын төлөө явдаг сэтгүүлчид хүн алж хүрээ талсан, хулгай, дээрэм хийсэн, улсын мөнгөнөөс хэдэн арав, зуун тэрбумаар нь залилсан нөхдийн адил ял шийтгүүлнэ гэдэг арай л шударга бус гэдгийг хүний эрхийн байгууллагууд ч олон жил ярьсаар ирсэн. Тиймээс манайх ч гэсэн олон улсын жишгээр гүтгэлэг, доромжлолын шинжтэй хэргийг Иргэний хуулиар, зарим боломжтойг нь Хэвлэлийн зөвлөлөөр нь дамжуулан шийдүүлэх боломжтой баймаар.
Тийм үүрэгтэй Хэвлэлийн зөвлөл ч манайд байгуулагдсан. Нөгөө талаас сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх дундаршгүй хүсэл тачаалтай хүмүүс бол төрийн дээд, дунд шатны албан тушаалтнууд, ард түмний нэрлэдэг “одууд”. Угтаа ардчилсан нийгэмд төрийн өндөр албан тушаалтнууд, олны танил эрхмүүд нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг учраас түмний хараа хяналт, шүүмжлэлд байнга өртөж байдаг. Тиймээс тэд ч бас ямбыг нь эдэлж байгаагийн хувьд ялыг нь үүрч, хариуцлагатай байх ёстой бус уу. Ийм ямбыг тэд л өөрсдөө эдэлье хэмээн нэрээ сонгуульд дэвшүүлэн, уралдаж өрсөлдөж, алалцан арсалдаж байж гарч ирсэн. Түүнээс биш ард түмэн тэднийг албан хүчээр улс төрд оруулаагүй, чадахгүй бол эцэст нь эргээд ад бол гэж хүчлээгүй. Олны нүдэнд ил байгаа хүн биеэ зөв авч явж, хэлэх үг, хийх үйлдлээ цэнэх ёстой. Гэтэл тэгж чадахгүй мунхаглаж, ард түмний өмнө “Хаан шалдан байна” гэж үнэнийг хэлсэн сэтгүүлчдийг “Хүн гүжирдлээ, доромжиллоо” гэж яллах нь яавч шударга биш.

БАЙР СУУРЬ
ЭНЭ ЗАРЧИМ ХЭВЭЭРЭЭ БАЙХ ЁСТОЙ
Г.УЯНГА (УИХ-ын гишүүн): -Сэтгүүлч шууд бус, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хариуцлага хүлээдэг байх ёстой. Мэдээж тодорхой баримтад түшиглэж, нэг бус нэлээд хэдэн эх сурвалжаар баталгаажсан мэдээлэл бол хариуцлага хүлээх үндэслэл болохгүй. Энэ зарчим хэвээрээ байх ёстой. Эмх замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд сэтгүүлчид бурууг тохоод өнгөрөх бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хариуцлагаа бүрэн даах хэрэгтэй.
УИХ-ЫН ГИШҮҮД ЭНЭ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АРАЙ Ч ДЭМЖИХГҮЙ БОЛОВ УУ
Г.ОТГОНБАЯР (Өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч):
-Хэвлэлийн эрх чөлөөг хангах гэдэг бол зөвхөн сэтгүүлчид хүртээлтэй асуудал бус, мэдээлэл авч байгаа иргэдэд ч хамаатай. Өөрөөр хэлбэл, ард түмэн үнэн зөв, бодитой мэдээллээр хангагдах эрх нь нээлттэй. Тиймээс сэтгүүлчийн үүрэг, хариуцлага гэж том юм бий. Гэхдээ хүчирхийллийн аргаар сэтгүүлчдэд хариуцлага тооцох нь өрөөсгөл. Миний хувьд дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүд арай ч баталчихгүй болов уу гэж найдаж байгаа. Учир нь тэнд эрүүл саруул ухаантай хүн олон байгаа учраас тэгж бодож байна. АН ч тэр, Д.Дорлигжав ч тэр үг хэлэх эрх чөлөөний төлөө л анх тэмцэж гарч ирсэн шүү дээ. Бүр муугаар бодож, гишүүд Эрүүгийн хуулийг яг энэ хэвээр нь баталлаа гэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавих болов уу. 20 гаруй жил улс төрд байхдаа энэ хүн үг хэлэх эрх чөлөөний тухай, сэтгүүлчийг хэвлэн нийтэлснийх нь төлөө ял тулгадаггүй болох талаар байнга ярьдаг байсан.
Тиймээс энэ тал дээр хатуу байр суурьтай байх болов уу. Энд нэг зүйлийг онцлоход, манайхан бусдын нэр төрд халдсан, гүтгэсэн, доромжилсон тохиолдлыг Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болчихвол сэтгүүлчид ёс зүйтэй болж, энэ салбар шинэчлэгдэх юм шиг ойлгодог. Нөгөө талаас гүтгэлэг, доромжлолыг Эрүүгийн бус Иргэний хуулиар шийддэг боллоо гээд хэвлэлийн эрх чөлөө хангагдаж байгаа хэрэг биш гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй юм. Монголын сэтгүүл зүйд шийдэх ёстой асуудал байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ арга зам нь өөр байх ёстой.
ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТАД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН ӨРТӨХ ГЭЭД БАЙНА
Д.САРАНГЭРЭЛ (УИХ-ын гишүүн):
-Ардчиллын үнэ цэнэ, үндсэн зарчим нь хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд оршдог. Үүнийг дэлхийн жишгийн дагуу Иргэний хуулиар зохицуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой асуудлаар мэргэжлийн байгууллага нь санал дүгнэлтээ гаргаж, үүнтэй тухайн сэтгүүлч санал нийлэхгүй байгаа бол хуулийн байгууллагад хандаж Иргэний хуулиар шийдүүлэх ёстой. Ер нь ганц Эрүүгийн хууль ч бус сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбогдох хандлага, хууль эрх зүйн орчин нэг л буруу тийшээ яваад байна. Тухайлбал, Эдийн засгийн хямрал хэвлэл мэдээллийнхнээс боллоо гэсэн улс төрийн дүгнэлт хийсэн нь юу гэсэн үг вэ. Сүүлийн үед хуулийн төсөл болгонд ямар нэг байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр заавал оролдсон, тодорхой хэмжээгээр дарамталж шахсан, төрөөс хамааралтай байлгах агуулга бүхий зүйл, заалт оруулж байна.
Хамгийн ойрын жишээ гэвэл, Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэ төлбөргүй сурталчлах тухай ярьж байсан. Энэ нь хувийн хэвшлийнхэн төрд үнэгүй үйлчилнэ гэсэнтэй утга нэг юм. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн төсөлд телевизүүд мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээ нэлээд урт хугацаанд архивлах үүрэг хүлээлгэхээр тусгасан байсан. Түүхэн, онцгой үйл явдлыг л архивлахаас бус өдөр тутам болж байдаг хэвлэлийн хурлын мэдээллийг хадгална гэдэг дааж давшгүй хүнд ачаа шүү дээ. Энэ мэтчилэн ялгаварлан гадуурхалтад хэвлэл мэдээллийнхэн өртөх гээд байна. Ингэснээр олон хаалттай сэдэв бий болж, хөшигний ард тэр хэмжээгээр хортой үйл ажиллагаа явуулах боломж нээгдэх аюултай. Хэвлэл мэдээллийнхэн өөрсдийнхөө эрхийг хамгаалж чадахгүй бол ард түмний үнэнийг мэдэх эрх ашигт үйлчилж чадах уу гэдэг ч бас асуудал.
ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛЛАСНЫХАА ТӨЛӨӨ ГҮТГҮҮЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ БАЙНА
С.БАТТУЛГА (“Инфо.мн” сайтын Ерөнхий эрхлэгч):
-Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд заасны дагуу сэжигтэн, яллагдагчаар татах нь тус хуулийн 139 дүгээр зүйл буюу сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх гэсэн хэсэгтэй зөрчилдөж байна. Сэтгүүлч тодорхой эх сурвалжаас авсан мэдээллээ нотлох баримтад түшиглэж бичдэг болохоос тухайн этгээдтэй хувийн өс хонзонтой болоод тэр хүнийг гутаан доромжлох зорилгоор мэдээ, нийтлэл бичдэггүй. Яг үнэндээ бусад салбарынхан, тэр дундаа хуулийнхан сэтгүүлчдийн мэргэжлийн онцлогийг бараг мэддэггүй. Тодорхой эх сурвалж, баримттай материал бичсэн, бүр эх сурвалжаа заасан байхад ялладаг. Гомдол гаргаж байгаа этгээд үнэхээр нэр төр, алдар хүндээрээ хохироод байна уу, эсвэл сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд санаатайгаар саад хийчихээд хууль бус үйлдлээ нуун дарагдуулж байна уу гэдгийг бодох ёстой.
АН 25 ЖИЛ ХАМГААЛЖ ИРСЭН ҮНЭТ ЗҮЙЛЭЭСЭЭ УХАРЧ БОЛОХГҮЙ
Х.ТЭМҮҮЖИН (УИХ-ын гишүүн):
-Гүтгэхийг гэмт хэрэг гэж үзэх нь иргэний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, шүүмжлэх, мэдэх эрхийг үгүйсгэдэг, албан тушаалтнуудын иргэнийхээ эсрэг тэмцдэг, хэвлэлийн эрх чөлөөг боомилдог хууль ёсны арга хэрэгсэл нь болоод байна. Нэгэнт ардчиллыг, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрсөн, дээр нь татвар төлөгч иргэд өөрийн сонгосон төрийг хянаж, хардах, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, хэвлэн нийтлэх эрхийг Үндсэн хуулиараа тунхагласан бол гэмт хэрэг гэхээсээ илүү зөрчил гэж үзэх нь зөв юм. Үнэхээр гүтгэсэн, худал мэдээлэл тараасан байх юм бол зөрчлийн хэмжээнд гэм буруугаа шийдүүлэн торгуулиа төлөөд, иргэний эрх зүйн арга хэрэгслээр хохирол барагдуулах нь шударга.
Харин шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шоронд ордог байж болохгүй. Гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх бол харин шүүхэд худал мэдүүлэх гэх зүйл заалтаараа хариуцлага хүлээж шийдвэрлэдэг байх ёстой. Үүнээс бусад тохиолдолд намайг гүтгэлээ гэж төрийн албан тушаалтан үзэж байгаа бол зөрүүлээд тайлбар хийдэг үүрэгтэй, ил тод ажиллах зарчимтай л байх ёстой. Ардчиллын энэ соёлыг Монголд оруулж ирэхийн тулд тээг болоод байгаа Эрүүгийн хуульд байгаа гүтгэх гэдгийг гэмт хэргийн зүйлчлэлээс хасах ёстой гэж үзсэн юм. Даанч буцаагаад оруулж ирсэнд харамсаж байгаа. АН сонгуулийн амлалт, өнгөрсөн 25 жил хамгаалж ирсэн үнэт зүйлээсээ ухарч болохгүй.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГАТАЙ
БОЛСОН ГЭДГИЙГ ХУУЛЬ ТОГТОООГЧИД АНЗААРААСАЙ
С.БАТБААТАР (“Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч):
-Асуудлыг нухацтайхан бодвол хоёр асуулт үүсдэг. Тэр нь ийм л дээ. Яагаад Үндсэн хуульд заасан хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхээ эдэлсэн сэтгүүлчийг Эрүүгийн хуулиар шийтгэж, ял оноон, хорьж шийтгэх ёстой гэж. Энэ зүйл ангийг яагаад зөвхөн сэтгүүлчдэд хамааруулаад байгаа юм бэ. Хоёрт, хүн гүтгэсэн, доромжилсон, нэр хүндэд нь халдаж сэв суулгасан, хохирол учруулсан сэтгүүлч хариуцлага хүлээхгүй, өөр хүн бол хариуцлага хүлээнэ гэсэн үг үү. Би хувьдаа сэтгүүлчийг ч, иргэнийг ч энэ хэргээр яллах хэрэггүй, асуудал үүсвэл Иргэний хуулиар шийдэж болно гэж үздэг. Эрүүгийн хэрэг биш, иргэний хэрэг гэж үзнэ гэсэн үг. Нөгөө талаар сэтгүүлч бидэнд асуудлаа тогоон дотроо шийдэж байх боломж нээгдсэнийг манайхан өөрсдөө хүртэл анзаарахгүй байх шиг байна.
Саяхан Монгол Улсад Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсан. Чөлөөт хэвлэлтэй улс орнуудад ийм байгууллага байдаг. Бас л олон жил ярьж байж, сая нэг юм байгуулагдаж байна. Энэ бол сэтгүүлчдийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, сэтгүүлчээ өмгөөлөх, эрх зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй байгууллага. Энэ байгууллага хоёр талыг эвлэрүүлнэ, буруу зүйл хийжээ гэж үзвэл уучлалт гуйлгана, бүр том асуудал үүсвэл сэтгүүлчдээ хариуцлага ногдуулж болно. Хариуцлагын хамгийн дээд хэлбэр нь сэтгүүлчийн мэргэжлээрээ ажиллах эрхийг хасах байдаг. Хэвлэл мэдээллийн зөвлөл ажлаа хийгээд эхлэхээр сэтгүүлч санаатай болон санамсаргүйгээр хүн гүтгэсэн, доромжилсон асуудал үүсвэл эрүүгийн хэргээр ял эдлэхгүй, өөрийнхнөөрөө буруу, зөвөө шүүлгээд, хариуцлагаа хүлээчихнэ. Монголын сэтгүүлчид өөрийн зохицуулалтын ийм байгууллагатай болсон гэдгийг хууль тогтоогчид маань анзаараасай, чиг үүргийг нь зөв ойлгоосой гэж хүсэж байна. Бид ч ойлгуулах талаар хүчин чармайлт гаргах шаардлагатай.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Г.ОЮУНБОЛД: Хэнийг ямар ч хэрэгт холбогдуулан шалгаж болдог зүй тогтолд учир бий
Засгийн газар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн өргөн барьсан төсөлд гүтгэх, доромжлох гэсэн заалт байгаагүй. Гэтэл Хууль зүйн сайд Д.Дорлигжавын өргөн барьсан дээрх төсөлд гүтгэх заалтыг дахин оруулжээ. Энэ заалтыг Эрүүгийн хуульд яагаад оруулсны учрыг Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Оюунболдоос тодрууллаа.
-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гүтгэх, доромжлох гэсэн заалтыг буцаагаад оруулчихлаа. Заавал үүнийг гэмт хэрэг гэж үзэн, Эрүүгийн хуульд оруулах шаардлага байгаа юм уу?
-Загнахаас авахуулаад хүний нэр төрд халддаг хамгийн багадаа 10 мянган үйлдэл байдаг. Хүний нэр төрд халдсан хамгийн бүдүүлэг хувилбар нь гүтгэх, доромжлох. Энэ хоёр үйлдлийг гэмт хэрэгт тооцох, үгүй нь шийдлийн л асуудал. Яг үнэндээ гүтгэх, доромжлох гэсэн гэмт хэрэг буй учраас сэтгүүлчийн эрх боогдоод байгаа юм биш. Эрүүгийн процессын ажиллагаанд л учир нь бий. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар гүтгэх, доромжлох хэрэг байхгүй боллоо гэсэн ч өөр ямар нэг хэргээр сэтгүүлчийг шалгаж болох юм. Хэргийг сэжигтнээр өөрөөр нь нотлуулах, дуудаж байцаан, эрүүгийн хэрэг үүсгэдэг энэ тогтолцоонд л асуудал байгаа юм. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан “Тухайн хүний зөвшөөрөлгүйгээр дуу, дүрс бичлэг хийх, хүний хувийн орон зайд халдах” гэсэн заалтаар сэтгүүлч шүүхэд дуудагдаж л таарна.
-Иргэний хуулиар зохицуулж болох асуудал шүү дээ.
-Эрүүгийн хуульд гүтгэх зүйл анги байгаа үгүй нь тийм ч чухал биш. Гол нь хэнийг ч ямар ч хэрэгт холбогдуулан шалгаж болдог тэр зүй тогтолдоо л учир бий. Гүтгэх, доромжлохыг Эрүүгийн биш Иргэний хуулиар зохицуулж болно. Хүний нэр төрд халдсан бол гэм хор учирсан гэж үзэн, иргэний журмаар шийдвэрлэх заалт одоогийн Иргэний хуульд ч бий. Ардчилсан нийгмийн үнэт зүйл нь хүний эрх чөлөө. Тиймээс гүтгэх гэмт хэргийг Х.Тэмүүжин сайдын үед Эрүүгийн хуулиас хассан. Эрүүгийн хуулийн одоогийн шинэчилсэн найруулгад гүтгэх гэмт хэрэг нь орсон, доромжлох гэсэн зүйл байхгүй. Гүтгэсний улмаас тухайн хүний нэр төр, алдар хүндэд хохирол учирч, сэтгэцийн өвчтэй болж, эхнэр хүүхэд нь ажилгүй, сургуулиас хөөгдсөн, ажлаасаа халагдсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульд тусгаад байна. Ийм хор уршиг учраагүй бол гүтгэснийг гэмт хэрэг гэж үзэхгүй.
-Тэгэхээр гүтгэснийг гэмт хэрэг гэж тооцохдоо гарах хохирлыг нь илүү нарийн, тодорхой харгалзахаар зааж өгсөн гэсэн үг үү?
-Тийм. Гүтгүүлсний улмаас гарах хохирол нь илт байвал гэмт хэрэг гэж үзнэ. Ардчилсан оронд хэвлэн нийтлэх эрх чөлөө олгосон ч хүний нэр төр халдашгүй байх эрхтэй. Үүнийг аль нэг хуулиар хамгаалах хэрэгтэй биз дээ. Гэхдээ Иргэний хуулиар уу, Эрүүгийн хууль уу гэдэг нь хууль тогтоогчдын бодлогын шийдлийн асуудал.
-Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар айлган сүрдүүлэх нь олон нийтийн мэдээлэл авах, сонсох, хуваалцах эрх чөлөөг нь давхар хязгаарлаж байгаа юм биш үү?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн байгууллагынхан дархлаа, хамгаалах эрх зүйн орчноо өөрсдөө шийдвэрлэх ёстой. Дэлхийн ихэнх улсад гүтгэх зүйлийг Хүний эрхийн тухай хуулиар зохицуулдаг. Манай улс Хүний эрхийн комиссын тухай хуультай болохоос Хүний эрхийн тухай хуульгүй. Зарим улс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиараа энэ асуудлыг шийдэж байна. УИХ-ын хэлэлцэх асуудалд Эрүүгийн хууль болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл багтсан. Энэ үеэр л сэтгүүлчид нийгэм, эдийн засаг, эрх зүйн баталгаагаа тодорхой болгох ёстой.
-Төрийн албан хаагч гэдэг статус, төрийн албан тушаал бол нийгмийн өмч. Тиймээс энэ хүмүүс нийтийн хяналтад байх ёстой. Тэднийг хардах эрх сэтгүүлчид, иргэдэд ч бий. Төрийн албан тушаалтан, алба хаагч өөрөө буруугүй бол түүнийгээ нотолж болно. Тэднээс нотолгоо, баримт шаардахгүй атлаа сэтгүүлчийг хорьж цагдаад байх нь шударга ёс мөн үү?
-Манай улс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиараа л энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүнийг хорьж, өөрөөр нь гэм бурууг нь хүлээлгэх гэж оролддог тогтолцоог өөрчлөх нь чухал. Тэгээгүйгээс хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь боогдож байна. Өнгөрсөн онд үзэл бодлоо илэрхийлснээс болж гүтгэх зүйлээр шалгуулсан хэрэг цөөнгүй гарсан.
Ч.БОЛОРТУЯА
ГАДНЫН ЖИШИГ
ЕВРОПТ ХАМГИЙН ХАТУУ хуультай нь УНГАР
Сэтгүүлчдийн эрхийг Европт хамгийн сайн хамгаалдаг гэдэг. Ялангуяа 1990-ээд оноос сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэснийх нь төлөө эрүүгийн хэрэгт татахыг хуулиар хориглох нь нэмэгдэж, 2000-гаад оны сүүлч гэхэд Европын цөөхөн улс л хэвлэл мэдээллийн чанга хатуу хуультай үлдсэн байна. Барууны орнуудаас Австрали 1919, Их Британи 2008, Норвеги 2009, Нидерланд 2014 онд тус тус гүтгэн доромжлох тухай тусгай хуульгүй болсон юм уу, эрүүгийн хуулиас холбогдох зүйл заалтыг хасчээ. Харин Үндсэн хуульдаа энэ тухай нэмэлт зүйл оруулсан байна. Тэнцвэргүй мэдээлэл тараасан юм уу, бусдын нэр төрд санаатай халдсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад эрүүгийн хариуцлага хүлээлгэн, их хэмжээний торгууль ногдуулдаг хуультай Унгар улсыг Европын холбооны гишүүн орнуудаас өдгөө хэвлэл мэдээллийн хамгийн хатуу хуультай нь гэж үздэг.
Уг хуулийг Европын холбоо эсэргүүцдэг бөгөөд 2010 онд батлагдахад нь тус улсын өдөр тутмын сонинууд эсэргүүцэл илэрхийлж, тэргүүн нүүрээ хоосон хэвлүүлж байв. 2009 онд дээрхтэй төстэй хууль баталсан Ирландын парламент мөн ихээхэн шүүмжлэлд өртсөн. Аливаа ялгаварлан гадуурхалтын эсрэг гэгддэг, тус улсын Гутаан доромжлохын эсрэг хуулийг хүний эрхийн байгууллагууд хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан гэж үздэг байна. Уг хуулийг зөрчсөн этгээдийг 25 мянга хүртэлх еврогоор торгодог. Иймэрхүү тусгай хуультай орнуудын дийлэнх нь Африкийн болон исламын шашинтай орнууд байна.
АНУ-ын “Эрх чөлөөний ордон”-ы судалгаагаар хэн нэгнийг гүтгэсэн, доромжилсон гэх этгээдийг орон нутгийн хуулиар захиргааны хариуцлага хүлээлгэдэг, торгоод өнгөрдөг журамтай, эрүүгийн хуульдаа зүйл заалттай ч бодит байдал дээр тэр бүр хэрэгжүүлдэггүй орнууд дэлхийн улсуудын дийлэнх хувийг эзэлж байна. Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудаас Япон, Тайванийг энэ тал дээр хамгийн зөөлөн бодлоготой гэдэг бол хаант засгийн нэр хүндийг хамгаалах тусгай хуультай Тайландыг хамгийн хатуу, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд ноцтойгоор халддаг гэж үздэг аж.
Г.ЛХАГВА